Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 208/МА2026/00013

 

М.Т*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 150/ШШ2025/00387 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч М.Т*******,

Хариуцагч Д.Б*******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн ******* сумын *-р баг ******* ******* * гудамж *** байрын ** тоот * өрөө ******* ******* орон сууцнаас албадан нүүлгэж, чөлөөлүүлэх тухай

Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн М.Т*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д******* /цахим/, нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

Миний бие М.Т******* 2020 оны №27 шүүхийн шийдвэрээр хариуцагч Д.Б******* гаас гэрлэлт цуцлуулж дундын өмчлөлийн 3 өрөө байрыг охин бид 2 үлдээн шийдвэрлэсэн. Хариуцагч Д.Б******* д оногдох хувь 9,000,000 төгрөг болон байран дахь тавилгаа аван суллаж өгөхийг гуйсан боловч өдийг хүртэл 9,000,000 төгрөгөө авахгүй байраа суллахгүй охин бид 2 хотод байр түрээслэн амьдарч охиныхоо оюутны сургалтын төлбөрийг дангаараа өөрөө төлж охиноо бүрэн асарч амьдарч байна. Хариуцагч Д.Б******* д удаа дараа байраа суллан өгөхийг шаардан гуйж үзсэн боловч намайг болон охиныг минь элдвээр доромжлон мессеж бичиж охиныг минь эхийнхээ талд орсон энэ тэр гэж элдвээр доромжлон нэр төрд нь халдан дарамтлан занаж зүхэн хувийн өс хонзонгоор хандан өдийг хүрлээ. Иймд охин бид 2-ын өмчлөлд шилжсэн 3 өрөө байрыг хариуцагч Д.Б******* гаас албадан чөлөөлж тусална уу гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбартаа:

Бид 2020 онд тус шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан юм. Тухайн үед байрыг Т******* болон ******* нарт үлдээж надад 9,000,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Гэрлэлт цуцлуулахаас өмнө М.Т******* нь У хотод амьдарч байсан, одоо ч У хотод амьдардаг байна. Бид 2 харилцан тохиролцоод **-р байрны *-р орцны ** тоотын 3 өрөө байраа зарж надад 1 өрөө байр авч өгөөд үлдэх мөнгийг нь Т******* авахаар ярилцсан. Бид дээр дурдсан байдлаар байрны асуудлыг шийдвэрлэсэн тул байрыг албадан чөлөөлүүлэх асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. М.Т******* нь байр зарах зараа Хөтөл зар, Хөтөл сита зар зэрэгт байршуулсан би үүнийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 150/ШШ2025/00387 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б овгийн Д Б******* /РД:/-г Сэлэнгэ аймгийн ******* сумын *-р баг, Дөмбөн Хөтөл * гудамж *** байрны ** тоотод байрлалтай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 3 өрөө, ******* ******* орон сууцнаас албадан нүүлгэж, орон сууцыг чөлөөлүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Т******* ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б******* гаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдэн, ...гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэгч М.Т******* нь Хөтөл ийн ХХК-ийн Зуухан цехэд хамт ажиллаж байсан Б гэдэг залуутай хувийн харилцаа тогтоож, улмаар 2019 онд тэд У хот руу хамтдаа шилжиж амьдарч байхдаа М.Т******* нь шүүхэд гэрлэлт цуцлуулах дундын өмч хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байсан. Миний хувьд хоёр охиноо бодоод гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрөөгүй учраас шүүх бидэнд эвлэрэх хугацаа олгосон ч М.Т******* нь эвлэрэх хүсэлгүй байсан болохоор бид эвлэрч чадаагүй тул шүүх бидний гэрлэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 27 дугаартай шийдвэрээр цуцалсан юм. Охин ******* ыг ээжийнх нь асрамжид үлдээж, тухайн үед зах зээлийн ханшаар 27,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан 3 өрөө байрыг гэр бүлийн 3 гишүүнд тэнцүү хувааж байрыг М.Т******* болон охин ******* нарт үлдээж надад 9,000,000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч М.Т******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө Хөтөлөөс шилжиж яваад Ут Б тай хамт амьдарч байсан, шүүхийн шийдвэр гарснаас хойш Д.Т******* байраа зарна, чөлөөл гэж надад хэлээгүй тул түүнийг байраа зарахыг, надад оногдох мөнгийг өгөхийг нь хүлээгээд би байрандаа амьдарч байна. Тодруулбал 2020 оны 1 сараас 2025 оны 6 сар хүртэлх хугацаанд М.Т******* нь намайг байраа чөлөөлж өг гэж шаардаагүй надад оногдох 9,000,000 төгрөгийг ч гаргаж өгөөгүй, өөрөө байраа авах, зарах гэж ирээгүй юм. Харин 2025 оны 5-6 сард шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандаж байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс миний нэрийг хасуулж хоёр өмчлөгчтэйгөөр бүртгүүлж гэрчилгээ гаргуулсан юм байна.

Шүүхийн шийдвэр гарснаас хойших энэ хугацаанд У хотод амьдарч байгаа хирнээ байраа зараагүй байсан шалтгааныг би үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг банкны зээлийн барьцаанд тавиад зээл авсан учир байраа зарж чадаагүй юм байна гэж баттай эх сурвалжаас сонссон. Энэ хугацаанд байр үзье гэж нэг ч хүн ирж байгаагүй, М.Т******* ч надад ийм тийм хүнд байраа зарахаар боллоо байр чөлөөл гэж хэлж байгаагүй учир би байрандаа одоо хүртэл амьдарч байна. Үүнээс гадна гэр бүлийн асуудлаас болж нойргүйдсэн мөн сэтгэл санааны тайван бус байдлаас болж ажил дээрээ алдаа гаргаж 2018 онд үйлдвэрлэлийн хүнд осолд орсон одоо хүртэл хөлөндөө олон тооны хадаастай тэр нь байнга өвддөг бүрэн эдгээгүй хадаасаа ч авхуулаагүй олон сар эмчийн магадалгаатай байж байгаад ажилд орсон, одоо ч гэсэн ойр ойрхон акт авдаг тул цалин хөлс орлого муу байсан учир өөр байр авч чадаагүй юм. Харин 2025 оны 5-р сард ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэстийн шийдвэр гүйцэтгэгч гэдэг хүн намайг дуудаж уулзаад байрны асуудлаа зохицуул гэж хэлсэн. Үүний дагуу би өөрийн төрсөн ах Д.Б хамт У хотод М.Т******* тай уулзаад Хөтөлд байрны үнэ өссөн 3 өрөө байр тэр тусмаа үйлчилгээний зориулалтай ашиглаж болох нэг давхрын байр 180 саяд хүргэж зарах боломжтой болсон тул байраа зараад би нэг өрөө байрны мөнгө авч үлдээд нэг өрөө байр аваад хамтран өмчлөгчөөр охин Мөнхзул ыгаа оруулаад үлдсэн мөнгөө Т******* т өгье гэж ярилцаж тохиролцсон боловч Т******* нь шүүх хурал дээр бид нар ярилцаад уулзалдсан үнэн, яг ингэж тохиролцоогүй гэж худлаа мэдүүлээд байсанд гомдолтой байна. Би тухайн үед Т*******т итгээд бичиг баримт үйлдээгүй нь миний буруу болсон. Миний хувьд саналаа ийм байдлаар шүүх хурал дээр тавьсан ч М.Т******* хүлээж аваагүй. Үүнийг би бусдын ятгалагт орсон гэж үзэж байна.

Миний хувьд биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хүнд ажил хийх боломжгүй байгаа тул 2026 оны зун 6-7 сард хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гараад Ховд аймаг руугаа явж амьдарна нэг өрөө байраа охиндоо үлдээнэ гэсний үүднээс ингэж шийдвэрлэсэн байсан. Гэтэл М.Т******* шүүх хурал дээр охин оюутан Хөтөлд ирж амьдрахгүй гээд миний саналыг хүлээн авахгүй байгаад гомдолтой байна.

Шүүх хурлын явцад Хөтөлд байрны үнэ 2020 оныхоос хойш хэд дахин өссөн одоо 3 өрөө байрны үнэ ханш хамгийн багадаа 180 орчим сая болсон талаар яригдсан ч байраа авна надад гэрлэлт цуцлах үеийн ханшаар 9,000,000 төгрөг өгнө гээд байгаа нь шударга бус байна. Өнөөг хүртэл байраа зарахгүй удаасан нь өөрийнх нь буруу мөн надад шүүхээс олгуулахаар шийдвэрлэсэн 9,000,000 төгрөгийг 2020 ондоо өгөөгүй байж асуудалд ингэж хандаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ надад байхгүй, Т******* аваад явчихсан байсан ба шүүхийн шийдвэрээр би өмчлөгч биш болсон тул надад байраа зарах ч эрх байхгүй ш дээ. Надад 9,000,000 төгрөгөө өгөөгүй байхад би яаж байр авч хаана амьдрах байсан юм бэ? Энэ маргаан өнөөг хүртэл явагдаж байгаад би ганцаараа буруутай гэж үзэхгүй байна. Энэ хугацаанд надад 9,000,000 төгрөгөө барьж ирээгүй, өгөөгүй хэрэв шүүхийн шийдвэр гарсан даруйд бол би 9 сая төгрөг авсан бол дээр хэдэн төгрөг нэмээд ч болов нэг өрөө байр авчих боломжтой байсан Одоо бол боломжгүй. Үүнийг М.Т******* мэдсээр байж, ярилцаж тохиролцсоноосоо шал өөр байдал гаргаж байгаад нь гомдолтой байна.

Мөнгөний ханш жил бүр өөрчлөгддөг үүнтэй холбоотой хамгийн наад зах нь хөдөлмөрийн хөлсний болон амьжиргааны баталгаажих түвшин ч өсөж, өргөн хэрэглээний бараа болон үл хөдлөх хөрөнгийн үнэ жилээр биш сараар шахам өөрчлөгдөж байгаа нийгмийн харилцаанд бид орж байгаагаа мэдсээр байж 2020 онд гарсан шүүхийн шийдвэрийн дагуу надад 9,000,000 төгрөг өгөөд маргааныг дуусгана гэсэн байр сууринаас миний тавьсан байраа 180 саяас доош буулгахгүй зараад нэг өрөө байр аваад охинтойгоо хамтран өмчлөгчөөр гэрчилгээгээ гаргуулъя гэсэн саналыг хүлээн авахгүй байгаад гомдолтой байна. Тэгээд ч Т******* өөрөө болон охиныг Хөтөлд амьдрахгүй гэдгээ шүүх хурал дээр илэрхийлсэн уг байрыг зарна гэж байгаа тул түүнтэй адилхан би байраа аваад 18,000,000 төгрөгийн Т******* т өгөх саналтай байна. Бид хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй биз дээ.

Миний зүгээс аль алиндаа ашигтай хэн аль нэгнийгээ хохирохгүй саналыг тавьсан, шүүгч ч хуулийн дагуу тохиролцох боломжийг хангаж, тохиролцох боломжтой гэдгийг тайлбарлаж байсан боловч М.Т******* надад 9,000,000 төгрөг өгөөд байраа авна гэсэн байр суурин дээрээ хатуу байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Бидний гэрлэлт цуцлуулсан шийдвэр гарснаас хойш 5 жил өнгөрсөн ч шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаа нь дан ганц надаас шалтгаалаагүй нэхэмжлэгч өөрөө шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, надад оногдох мөнгийг өгөөгүй, байраа суллаж аваагүй, авах талаар надад мэдэгдээгүй, хэлэлгүй 2025 оны 6 сар хүртэл Энэ хугацаанд орон сууцны үнэ өссөнтэй холбоотой үүссэн маргааныг зохицуулсан хуулийн зохицуулалт байхгүй байна. явсан.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10-р зүйлд зааснаар бидний хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх хууль зүйн зохицуулалт байхгүй байгаа тул Монгол банкны тухай хуулийн 10-р зүйлийн 1.2 дах хэсэгт заасан Монгол банк Монгол улсын төрийн мөнгөний бодлогыг боловсруулж хэрэгжүүлсэн байдал, мөнгөний маштабын өөрчлөлт, инфляц, зах зээл дээрх үл хөдлөх хөрөнгө болох орон сууцны үнийн өсөлттэй харьцуулж маргааныг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна.

Иймд миний гомдлыг хүлээн авч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.12-т зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж орон сууцыг өнөөгийн зах зээлийн үнээр худалдан борлуулж өөрт ноогдох хэсгээ авах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Д.Б******* гийн хувьд 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 387 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь уг байрыг анх бидний гэрлэлт цуцлах шүүх хуралдаанаар гэр бүлийн дундын хөрөнгийг 3 гишүүнд хувааснаас хойш энэ асуудалд анхаарал хандуулахгүй байсан. Байрны үнэ өссөний дараа ингэж байгаа нь надад хохиролтой байна гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн үед нэхэмжлэгчийн зүгээс байрыг заръя гэх зүйлийг хүлээгүй. Шүүх хуралдааны дараа ковидын нөхцөл байдлаас шалтгаалж байраа зараагүй. Гэтэл 2020 онд 27 саяар үнэлэгдэж байсан байр одоогийн ханшаар 170-180 сая төгрөг болчихсон учраас миний бие 9,000,000 төгрөг аваад нэг өрөө байр авах боломжгүй гэх байдлаар маргаж байна. Өөрийнх нь тавьж байгаа санал нь юу вэ гэхээр 1 өрөө байрны мөнгө аваад үлдье. 1 өрөө байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээр охиныгоо оруулъя. Цаашдаа охиндоо байраа өгье гэх байр суурьтай байгаа. Хамгийн гол нь Д.Б******* гийн тавиад байгаа шаардлагыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэн хэлэлцэх боломжтой гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хэн ч шүүхээр явж төвөг удахыг бодохгүй. Би эвлэрэх боломжгүй татгалзлыг нь хүлээн зөвшөөрөхгүй. Д.Б******* 6 жил маргаан бүхий байранд амьдарсан. Хүүхдэдээ нэг ч төгрөг төлсөнгүй. Ямар зардал чирэгдэлгүй, хөдөө орон нутагт ажлаа хийгээд явж байна. Үйлдвэрийн осолд ороход би хөөцөлдөж хэдэн төгрөг авч өгч байсан. Хүүхдэдээ сэтгэл гаргах хэрэгтэй. Шүүхийн шийдвэрээр гарсан 9,000,000 төгрөгийг өгөөд байраа авах хүсэлтэй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй М.Т******* ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Нэхэмжлэгч М.Т******* нь хариуцагчид холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагч Д.Б******* нь давж заалдах гомдлын үндэслэлээ гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө хувааж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарснаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өөрчлөгдсөнтэй холбоотой хөрөнгийг дахин үнэлж хуваалгах хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй гэж тайлбарлажээ.

3.Хэргийг судлан үзвэл Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 27 дугаартай шийдвэрээр хэргийн зохигчийн гэрлэлтийг цуцалж, гэр бүлийн дундаа хамтран өмчлөх үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн гишүүн М.Т******* болон түүний охин нарын өмчлөлд үлдээж үл хөдлөх хөрөнгөөс ногдох хэсэг болох 9.000.000 төгрөгийг хариуцагч Д.Б*******д олгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу маргаан бүхий орон сууц нь нэхэмжлэгч М.Т******* болон түүний охин ******* нарын өмчлөлд шинэчлэн бүртгэгдснээр тухайн хөрөнгийн захиран зарцуулах эрх үүссэн байх ба хариуцагчийн хөрөнгө эзэмших эрх дуусгавар болсон байна.

Хэдийгээр хариуцагч Д.Б******* нь үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч байсан боловч түүний хөрөнгө өмчлөх эрх дуусгавар болсноор тухайн хөрөнгийг эзэмшиж эзэмшил нь хууль бус болно.

Иймд нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс хөрөнгөө чөлөөлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

Хариуцагч Д.Б******* нь давж заалдах шатны шүүхэд гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгийг өнөөдрийн зах зээлийн ханшаар үнэлүүлж дахин гэр бүлийн гишүүдэд хуваалгах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалтгүй түүнчлэн зохигчдын хооронд үүссэн хөрөнгийн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх тул нэгэнт шүүхээс тогтоогдсон үйл баримтын талаар дахин дахин шийдвэрлэхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 1-т зааснаар түүний давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 150/ШШ2025/00387 дугаартай шийдвэрийн хэвээр үлдээж хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 1-т зааснаар түүний давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН

 

 

 

Bottom of Form