Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 1031

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны Б.Сосорбарам, улсын яллагч Б.Ундрах, шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газраас Ш овогт П-ийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 03712 1208 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Ш овогт П-ийн Э, Монгол улсын иргэн, **** оны ** сарын **-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Дэнжийн **** тоотод оршин суудаг, регистрийн дугаар **********, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

            Шүүгдэгч П.Э нь 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Дэнжийн **** тоот болох иргэн Т.Б-ийн “гэрт орж чи намайг зодлоо” гэх шалтгааны улмаас гартаа барьсан байсан хутгаараа түүний зүүн гарын бугалганд 1 удаа хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “...шүүгдэгч Ш овогт П.Э нь 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Дэнжийн **** тоот болох иргэн Т.Б-ийн “гэрт орж чи намайг зодлоо” гэх шалтгааны улмаас гартаа барьсан байсан хутгаараа түүний зүүн гарын бугалганд 1 удаа хутгалж, бие махбодод нь “зүүн бугалганы шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч П.Э-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;

            2. Хохирогч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 14-ний шөнийн 00 цагийн үед гэртээ орж ирээд хүүхдээ унтуулчихаад байж байтал гадаа хүн орилоод байхаар нь гартал Э хашаа түшчихсэн нүүр ам нь цус болчихсон байхаар нь би Э ахыг гэртээ орж унт гэж хэлээд буцаж гэртээ орж унтсан. Маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 15-ны өглөө 07 цагийн үед хадам ах Э гэрийн хаалга нүдээд байхаар нь би босоод хаалга тайлж өгсөн. Тэгэхэд гаднаас хутга барьсан орж ирээд үгийн зөрөөгүй чи намайг ийм болголоо гээд хутгалах гэж дайраад хутгийг нь авах гэтэл Э шар өнгийн иштэй хутгаараа зүүн талын булчингийн ар тал руу хатгачихаад манай гэрээс гараад явчихсан...” гэсэн мэдүүлэг (хх-14, 19 дүгээр хуудас);

            3. Гэрч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Дэнжийн **** тоотод нөхөр, 2 хүүхдийн хамт 2019 оны 07 сарын 15-ны өглөө 07 цагийн үед унтаж байхад манай гэрийн хаалгыг нэг хүн цохиод байсан. Манай нөхөр Т.Б босоод гэрийн хаалга тайлтал авга ах Э орж ирэхдээ ард талдаа шар өнгийн иштэй хутгатай байсан ба манай нөхөр лүү хутга аваад дайрахдаа зүүн талын гарын булчингийн арын хэсэг рүү 1 удаа хатгасан. Тэгэж дайрахдаа чи намайг ингэж зодох юу юм бэ гэж хэлээд хутгаар хатгасан. Өөр зүйл яриагүй шууд гараад явсан. Манай нөхрийг зодсон гэж бодоод андуурсан, өөрөө хэнд зодуулсан гэдгээ мэдэхгүй байна гэж хэлж байсан. Тэгээд бид нар гэмтлийн эмнэлэг орж 2 оёо тавиулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32 дугаар хуудас);

            4. Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед би жоохон хорхог бас баярын юм гээд 0.5 литрийн Ерөөл архи аваад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт дэнжийн 2-15 тоотод байрлах хадам ах П.Э-гийн гэрт нь ирсэн. Тэгээд бид 2 юм ярьж, авсан архиа ууж дуусгаад 22 цагийн үед гэр лүүгээ харилаа гээд хадам ахын гэрээс гараад явсан. Тухайн үед бид хоёр л байсан. Э ах нэлээн их согтолттой байсан. Бид 2 хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Б Э-гийн хүргэн юм. Бид хоёрыг архи ууж байхад Б орж ирээгүй, наадам үзэх гээд явсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 40-41 дүгээр хуудас);

            5. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их наран 12-4 тоотод оршин суух Т.Б бусдад хутгалуулсан...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 2 дугаар хуудас);

            6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 8754 дугаартай шинжээчийн: “...Т.Б-ийн биед зүүн бугалганы шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт (хх-24 дүгээр хуудас);

7. Шүүгдэгч П.Э-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 46 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 54 дүгээр хуудас);

8. Шүүгдэгч П.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 14-ний орой 18 цагийн орчимд гэртээ хүргэн болох Г-тай хамт 0.5 литрийн Ерөөл архи хувааж уусан. Манай хүргэн Г орой 22 цагийн орчимд харилаа гээд яваад өгсөн. Би хэсэг байж байгаад 00 орох гээд явсан тэгээд салхинд цохиулаад хашаандаа тасарсан байсан. Хэнд яаж зодуулснаа санахгүй мэдрэлгүй болсон байсан. Нэг сэрсэн чинь гэртээ унтаж байсан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 07 дугаар сарын 15-ны өглөө 07 цагийн үед босож ирээд ширээн дээр байсан шар өнгийн иштэй хутга аваад хажуу хөрш айл болох Б-ын гэрт ороод ахыгаа яагаад зодчихвоо гэж хэлээд барьж байсан хутгаараа зүүн талын булчин хэсэг рүү нь нэг удаа хатагчихаад гэр лүүгээ ороод унтаад өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан. Би Г-тай архи ууж байхдаа маргалдаж хэрэлдсэн зүйл байхгүй. Би тэр шар иштэй хутгийг гэрээсээ авсан. Харин яах гэж авсанаа санахгүй байна. Тэгээд тухайн үед согтуу архи гараагүй байсан болохоор хутгаа хаана тавьснаа мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 68 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

 

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Д.Э-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Т.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч П.Э-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Бямбадорж нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч П.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-г 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдлүүлэх саналтай байна. Хохирогч хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар: “...тусгайлан хэлэх саналгүй...” гэв.

Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-д дөрвөн зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ш овогт П.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-д дөрвөн зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч П.Э-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Э-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                ДАРГАЛАГЧ                           Б.БАТАА