Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 678

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Давст сумын 2 дугаар баг, 2-7 тоотод оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ56092713, Хонкон овогт Шийтэвийн Очирсүрэнгийн,

     Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Очирсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

      Нэхэмжлэгч Ш.Очирсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1956 онд төрсөн, 60 настай. Би 1975 онд Өвөрхангай аймгийн техник мэргэжлийн сургуульд элсэн орж тус сургуулийг 1977 онд төгсөөд, улмаар Увс аймгийн Усны аж ахуйн удирдах газрын гүн өрмийн бригадад мастераар анх ажилд ороод ажиллаж байгаад 1978 онд цэргийн албанд татагдан явсан. 1981 онд цэргийн албанаас халагдаж ирээд үргэлжлүүлэн Увс аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1981 оны 9 дүгээр сараас 1992 он хүртэл ажилласан билээ. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтрийг анх нээхдээ миний төрсөн оныг 1956 гэхийг 1957 гэж, овгийг Шийтэв гэдгийг Шийдэв гэж буруу бичсэний улмаас шүүхэд хандаж байна. Иймд миний бие 1956 онд төрсөн, эцгийн нэр Шийтэв гэдэг тул Өвөрхангай аймгийн техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1975 оны 10 дугаар сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ш.Очирсүрэн нь Өвөрхангай аймаг дахь техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1975 оны 10 дугаар сарын 30-ны өдөр олгосон, Шийдэвийн Очирсүрэн гэх нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

        Өвөрхангай аймаг дахь техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1975 оны 10 дугаар сарын 30-ны өдөр олгосон, Шийдэвийн Очирсүрэн гэх нэртэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1975 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн сурагчаар элсүүлэв, 1977 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн техник мэргэжлийн сургуулийг өрөмдөгч мэргэжлээр төгссөн тул Баянхонгор аймгийн Усны аж ахуйг удирдах газрын мэдэлд шилжүүлэв, 1977 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Ар гэрийн гачигдлаар Увс аймгийн Усны аж ахуйг удирдах газарт гүн өрмийн бригадад мастераар авч ажиллуулав, 1978 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Цэргийн албанд явсан учир ажлаас нь чөлөөлөв, 1981 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Цэргийн албанаас халагдан ирсэн учир гүн өрмийн мастераар авч ажиллуулав, 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Усны аж ахуйг удирдах газар нь Усны аж ахуйн трест болон өргөтгөсөн учир тус трестэд гүн өрмийн мастераар ажиллуулав, 1992 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Давст сумын Алдар компаний мэдэлд өөрийнх нь хүсэлтээр шилжүүлэв” гэжээ.

        Түүнчлэн Шийтэвийн Очирсүрэнгийн Ардын Армийн бага сургуулийн төгсөгчийн үнэмлэх болон онц буудагчийн тэмдэгийн үнэмлэхийн хуулбар, түүнийг Увс аймгийн Усны аж ахуйг удирдах газраас шагнаж байсан баярын бичиг, аваргын диплом зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

      Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ш.Оюунаас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ш.Оюуны “Манай аавыг Батын Шийтэв гэдэг. Бид нар эцэг эхээс гурвуулаа. Би нэг ах, нэг эгчтэй. Ахыг минь Ш.Очирсүрэн гэдэг. Ш.Очирсүрэн ах 1956 онд төрсөн. Би ахаасаа 6 насаар дүү бөгөөд би 1962 онд төрсөн. Эгч Ш.Энхтайван маань 1953 онд төрсөн. Дээр үед манай аавын нэрийг хүмүүс Шийдэв гэж сонсоод дуудлагаар нь Шийдэв гэж бичдэг байсан. Ийм тохиолдол миний бичиг баримтан дээр ч гарч байсан юм. Миний аавын нэрийг Шийтэв гэдэг” гэх мэдүүлгийг шүүхэд өгчээ.

        Ш.Очирсүрэн нь 1956 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, регистрийн дугаар ОЮ56092713 болох нь иргэний үнэмлэхийн хуулбараар нотлогдож байна.

      Нэхэмжлэгч Ш.Очирсүрэнд Өвөрхангай аймаг дахь техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас олгосон хөдөлмөрийн дэвтэрт түүний овгийг Шийдэв, төрсөн оныг 1957 он хэмээн зөрүүтэй бичсэн бөгөөд түүний иргэний үнэмлэхэд бичигдсэн овог, төрсөн онтой тохирохгүй байх тул иргэний үнэмлэхийн хуулбар, Ардын Армийн бага сургуулийн төгсөгчийн үнэмлэхийн болон онц буудагчийн тэмдэгийн үнэмлэхийн хуулбар, гэрч Ш.Оюуны мэдүүлгийг үндэслэн Хонкон овогт Шийтэвийн Очирсүрэнгийн Өвөрхангай аймаг дахь техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1975 оны 10 дугаар сарын 30-ны өдөр олгосон, төрсөн он 1957, Шийдэвийн Очирсүрэн гэх нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

      Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.                  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хонкон овогт Шийтэвийн Очирсүрэнг Өвөрхангай аймаг дахь техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1975 оны 10 дугаар сарын 30-ны өдөр олгосон, төрсөн он 1957, Шийдэвийн Очирсүрэн гэх нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.  

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Ш.Очирсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ