Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 208/МА2026/00014

 

А.Н*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 316/ШШ2025/00945 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч А.Н*******,

Хариуцагч Т.С*******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлүүлсэн 50,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлүүлсэн 150,000 рубль, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зээлүүлсэн 8,000,000 төгрөг нийт 64,150,000 төгрөг гаргуулах тухай

Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г*******, хариуцагч Т.С*******, хариуцагчийн өмгөөлөгч оролцуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нарыг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга:

Би хариуцагч Т.С******* тэй дунд сургуульд байхдаа нэг ангид сурч байсан, их дотно сайхан найзууд, сургуулиа төгссөн хойноо ч дотно найз нөхдийн холбоотой байсан. Намайг нэг л өдөр энэ их хэмжээний мөнгөний асуудалд оруулаад, сэтгэлийн зовлонд унагана гэж бодож байсангүй.

1.2024 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Т.С******* нь Солонгосоос бараа авах гэсэн юм, мөнгө дутаад байна гээд Иргэд хоорондын гэрээ гэсэн гарчигтай Т.С******* би А.Н******* ээс 50,000,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай зээлж байна, энэ мөнгийг Т.С******* гийн хаан банкны ******* тоот дансаар авч байсан болно гэж бичиг бичээд, гарын үсэг зураад өгсөн. Тэгээд мөнгийг нь шилжүүлэх гэсэн чинь миний данс хаалттай байгаа, удахгүй нээчихнэ, тэр болтол миний солонгос руу барааны мөнгөө шилжүүлдэг Б******* гэдэг хүний данс руу шилжүүлчих гэж хэлсэн. Би дансаа яагаад хаалгасан бэ гэж асуусан чинь би хэлмэгдээд, удахгүй нээгдчихнэ гэж учир битүүлэг зүйл хэлээд, чи бид хоёр хар багийн найзууд, би чамайг юу гэж хуурах вэ, тийм биз дээ гэж гуйсан. Нээрээ тийм дээ, С******* гийн нөхөр бид 3 нэг анги, манай нөхөр С******* ийн нөхөртэй хамт аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд байдаг юм чинь гэж бодоод Т.С******* гийн хэлсэн данс руу нь шилжүүлсэн.

2.Мөн удалгүй 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн өглөө Т.С******* нь над руу залгаад барааны мөнгө дутаад байна, яаралтай мөнгө зээлээч гээд гуйгаад утасдсан. За би ээжээс асууя гээд, ээж Ц.О******* аас мөнгө асуутал цөөн хэдэн рубль байна гэсэн. Т.С******* д би манай ээжид 150,000 рубль байна гэхэд очоод авъя гээд Т.С******* нь манай ээж дээр гэрт нь очоод 150,000 рубль авсан.

3.2025 оны 02 дугаар сарын 24-ны өдөр Т.С******* нь өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа авчирч, баталгаа гэсэн зүйл бичиж өгөөд, 8,000,000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай зээлээд аваад явсан. Тэрээр миний данс нээгдээгүй байна гэж хэлээд өөр дансаар шилжүүлж авсан.

Ийнхүү Т С******* нь надаас 3 удаагийн гүйлгээгээр нийт 50,000,000 +8,000,000+6,150,000=64,150,000 төгрөг авсан. Зээлж авсан мөнгөө өнөөдрийг болтол өгөхгүй байгаа тул Т.С*******гээс 64,150,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Жич: 150,000 рубль-ийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Монгол банкны валютын ханшны дагуу 1 рубль-ийг 41 төгрөгөөр тооцож 6,150,000 төгрөг гэж тооцсон болно гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

Тус шүүхэд А.Н******* ийн хариуцагч Т.С******* надад холбогдуулан 64,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Миний төрсөн эгч Т.С******* Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж, амьдардаг бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр надаас 50,000,000 төгрөг олоод өгөөч бараа авах гэсэн юм хэмээн хүссэний дагуу би өөрийн найз А.Н******* ээс 50,000,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай зээлсэн. Энэхүү зээл нь миний биш, эгч Т.С******* гийн хэрэгцээнд зориулагдсан бөгөөд энэ талаар А.Н******* нь сайн мэдэж байсан. Мөн тэд өөрсдийн Фейсбүүк хаягаар байнгын харилцаатай байж мөнгө өгсөн авсан тухайгаа бичилцэж байсан.

Ингээд эгч Т.С******* нь өөрийн авга эгч Б******* Б******* ийн ХААН банк дугаар данснаас 16 удаагийн гүйлгээгээр нийт 29,470,000 төгрөгийг, Бүгд Найрамдах Солонгос Улсаас BOH/ korea won/-ы гүйлгээг төгрөг рүү хөрвүүлж шилжүүлэг хийдэг хүмүүсийн данснаас А.Н******* ийн ХААН банк дугаар данс руу нийт 44,630,000 төгрөгийг, нийлбэр дүнгээр 74,100,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Хамгийн сүүлд 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мөн 4,000,000 төгрөгийг А.Н*******ийн данс руу үлдэгдэл төлбөр хэмээн шилжүүлэг хийсэн байна.

Мөн нэхэмжлэлд 150,000 рубль болон 8,000,000 төгрөг зээлсэн талаар бичсэн байна. Энэ мөнгийг мөн би аваагүй эгчид олж өгсөн. Гэхдээ эдгээр мөнгөнүүд бүрэн төлөгдсөн байгаа. 8,000,000 төгрөгийг би 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн Хаан банк дугаар данснаас А.Н******* ийн Хаан банк тоот дансанд шилжүүлсэн. Харин рублийг эгч Т.С******* мөн шилжүүлсэн гэж надад хэлсэн.

А.Н******* бид 2 ямар нэгэн байдлаар зээлийн гэрээ байгуулаагүй, мөн нотариатаар ороогүй байхад хүү нэхэж, үндэслэлгүйгээр 28,100,000 төгрөгийг эгч Т.С******* гөөс илүү авсан байж одоо надаас дахин ямар үндэслэлээр 64,150,000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлд дурдсан 64,150,000 төгрөгийг би тухайн үед эгч Т.С******* гөөс надад өгч байсан данснууд руу хийж байсан ба тухайн мөнгийг би авч захиран зарцуулаагүй, төлөгдсөн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 316/ШШ2025/00945 дугаартай шийдвэрийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Н******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зээлүүлсэн 8,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж,

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т С******* /РД:*******/-гээс 55,130,000 /тавин таван сая нэг зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А Н******* /РД:************/-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487,700 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 433,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, ...гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Н******* ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.С******* д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 64,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 316/ШШ2025/00945 дугаар шийдвэр гарсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. 40.2-д заасныг үндэслэн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг Шүүгч тал бүрээс нь үнэн бодитоор үнэлээгүй гэж үзэн дараахи гомдлыг гаргаж байна.

1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч А.Н******* нь М.Баттулгын тоот данс руу сэлэнгээ эгчид гэсэн утгаар шилжүүлсэн байх тул дээрх мөнгө Т.С*******гийн өмчлөлд мөнгийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэл байна... гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. ИХ-ийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ., 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. гэж хуульчилсан байх бөгөөд хүсэл зоригийн илэрхийллийг ИХ-ийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна., 41.2-д Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана. гэсэн байхад Шүүгч дээрх заалтыг үл харгалзан нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Т.С******* гээр Т.С******* зээлдүүлсэн 50,000,000 төгрөгийг төлүүлэх зорилгоор Зээлийн гэрээ гэх бичгийг байгуулсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Т.С******* нь Т.С******* гийн зээлдэн авсан 50,000,000 төгрөгийг төлөх зорилгоор Зээлийн гэрээ гэх бичгийг үйлдээгүй бөгөөд Т.С******* болон А.Н******* нарын гуйлтаар дээрх бичгийг хийж өгсөн болохоо удаа дараа шүүхэд илэрхийлсэн байдаг.

2.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр... гэж тодотгож өгсөн байдаг. Т.С******* гийн хувьд анхнаасаа Т.С******* гийн зээлдэн авсан 50,000,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээх хүсэл сонирхол байгаагүй ба хэрвээ байсан гэж үзвэл зээлийн гэрээ бус батлан даалтын эсхүл баталгааны бичиг хийж өгөх боломжтой байсан. Энэ талаар нотлох баримтаар А.Н******* ийн Фейсбүүк мессенжер чатанд 2024 оны 12 сарын 09-ний өдрөөс 2025 оны 04 сарын 28-ны өдрийг хүртэлх Т.С******* тэй харилцсан бичлэгт үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргаж, хүсэлтийг шүүх хүлээн авсан. Гэвч Шүүхийн техникийн шаардлага хангаагүй байдлаас болж тухайн үед хийгдэж байсан үзлэгийн бичлэг устсан. Хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасанчлан өөрийн зүгээс гарган өгсөн нотлох баримтыг үнэлүүлэх ажиллагаа нь Шүүхийн буруутай үйл ажиллагаанаас болж устсан байх тул туйлын гомдолтой байна.

3.Шүүхээс А.Н******* ээс Б.Б******* ийн данс руу 220,000,000 төгрөг, Д.Ар данс руу 20,000,000 төгрөг, М.Баттулгын данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд эдгээр иргэдийн данснаас буцааж түүн рүү шилжүүлсэн мөнгө дүн нь дээрх хэмжээнээс бага байх тул 50,000,000 төгрөг төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна... гэж дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийг хүлээдэг бөгөөд хэрэгт зөвхөн өөрөөсөө шилжүүлсэн баримтыг гарган өгсөн байдаг. Шүүхээс хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нь дээрх Т.С******* д зээлдүүлсэн гэх 250,000,000 төгрөгийг буцаан ямар нөхцөлтэйгөөр шилжүүлэн авах талаар нотолгоо гаргаж өгөөгүйг анхааран үзэхийг хүсье.

4.Хариуцагчийн тайлбар нь 2024 оны 12 сарын 09-ний өдөр нэхэмжлэгч А.Н******* нь М.Б******* гэх хүний тоот данс руу 50,000,000 төгрөгийг Сэлэнгэ эгчид гэх утгатайгаар шилжүүлсэн бөгөөд 2025 оны 12 сарын 10-ны өдрөөс 2025 оны 04 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 1,300,000 төгрөгөөр нийт 86,392,682 төгрөг, 2025 оны 01 сарын 18-ны өдөр рубльд 7,308,500 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулганы гүйлгээгээр нотлогддог. Мөн нэхэмжлэгч А.Н******* нь Т.С******* г Бүгд Найрамдах Солонгос Улсад байгаатай маргадаггүй бөгөөд Т.С******* д зээлдүүлсэн 50,000,000 төгрөгийг хүү болох 36,392,682 төгрөгийн хамт буцаан авсан атлаа Т.С******* надаас нэхэмжилж байгаа нь өөрөө үндэслэлгүйгээр хөрөнгөжих санаа сэдэлтэй байна.

5.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж хуульчилсан байдаг. Миний хувьд хэн нэгний өмнөөс үүрэг хүлээх, мөн хэн нэгнээс мөнгө зээлэх хүсэл сонирхол анхнаасаа байгаагүй ба жинхэнэ хариуцагч эгч Т.С*******, А.Н******* нарын гуйлтаар бичиг хийж өгсөн болохыг шүүхээс анхааран үзэж анхан шатны Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.С******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Надад мөнгө шилжиж ирээгүй, би өөрөө зээлэх хүсэл сонирхол байгаагүй, нотлох баримтаар бол үндсэн бодит зээлдэгчийн авсан мөнгө болох хүүгийн хүү дээр буцаан мөнгө орсон нь хавтаст хэрэгт баримтаар нотлогдож байгаа. Энэ нь дансны хуулгаар нотлогдож байгаа гэж үзэж байна. Миний гаргаж өгсөн чухал баримт бол шүүгчийн техникийн саатлаас болоод процессын алдаа гарсан гэж үзэж байна. Тиймээс нотлох баримт бүрэн үнэлэгдээгүй гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Т.С*******, А.Н******* нарын хооронд хийгдсэн иргэд хоорондын гэрээ гэх утгатай гэрээнд Т.С******* гийн хаан банкны дансаар энэ мөнгийг шилжүүлнэ гэсэн хэлцэл хийгдсэн байдаг. Гэтэл энэ 12 дугаар сарын 09-ний өдөр Т.С******* гийн дансанд 50,000,000 төгрөг шилжигдээгүй М.Б******* гэж хүний данс руу шилжүүлсэн байдаг. Т.С******* нь М.Б******* гэж хүнийг танихгүй, би энэ хүн рүү мөнгө шилжүүл гэж хэлээгүй, А.Н******* өөрөө зээлийн гэрээний хэлцэл хийхээр чатаар холбогдож хэлцэл хийсэн байдаг. Үүнийгээ гадны хүн надад туслах гээд байхад чи очоод зураад өгөөч гэсэн эгчийнхээ гуйлтаар гарын үсэг зурсан нөхцөл байдаг. Энэ хооронд чатаар харилцсан гол нотлох гол баримтаа үзсэн, С*******, Н******* нарын хоорондын чатыг ярилцсан тохиролцсон хэлцлийг нотлох баримтаар гаргуулж үзлэг хийхэд техникийн саатлаас болж баримт устаж үгүй болсон. Энэ алдаанаас болж хариуцагч хохирсон шийдвэр гарахад нөлөөлсөн. Мөн анхан шатны шүүх ...Иргэний хуулийн 186.1, 39, 40.1 дэх заалтуудыг хүчээр хүсэл зоригоо илэрхийлсэн байна гэж тайлбарлаад байгаа нь энэ хүний эрх ашгийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж байгаа байдал харагдаж байна. С*******, А.Н******* нарын хооронд хийгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагддаг. ...Нэхэмжлэгч давхардуулж эгч дүү хоёроос мөнгө авч, эгчээр нь төлүүлж дууссан байгаа байдал харагддаг. Дансны хуулгыг харахад 86,000,000 төгрөг нь 1,300,000 төгрөгөөр төлөгдсөн байгаа нь харагддаг. Давхардуулж иргэд хоорондын гэрээ гэсэн баримтыг үндэслэж Т.С******* гээс нэхэмжилж байгаа нь заль хэрэглээд байгаа байдал харагдаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг шүүхийн процессын алдаа гаргаж шүүгчийн захирамж биелэгдээгүй байна. Үзлэг хийх шүүгчийн захирамж гарсан байгаа энэ захирамж биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч А.Н******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний өгсөн бараг 300,000,000 төгрөг гарсан орж ирсэн мөнгө нь эгч нь авсан мөнгөө өгөөд Т.С******* авсан мөнгөө өгөөгүй байхад би өгсөн гээд байна. Анхан шатны шүүх дээр сайн нарийн гаргаж тайлбарлаж өгсөн. Төлсөн гээд байгаа мөнгөнийх нь хугацааг харвал эгч нь төлөөд явж байгаа. Эгч нь өөрийнхөө дуу хоолойгоор миний дүүгийн авсан мөнгийг дүү өөрөө төлнө надад хамаагүй шүү гэж явуулсныг нь би анхан шатны шүүхэд өгсөн байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлийн гэрээний тухай зохигчид ярилцсан тухай мэдээллийг шалгахаар гар утсанд өдөржин үзлэг хийсэн, гэтэл утас гацаад боломжгүй нөхцөл байдал үүсээд орой 22 цаг болоод А.Н******* хөхүүл хүүхэдтэй гээд үзлэгээ зогсоосон.

Бичлэг хийсэн гээд байгаа утсыг үзэхэд нэг ч энэ хүмүүсийн харилцаатай холбоотой асуудал гарч ирээгүй. Огт тийм зүйл байхгүй, дэгсдүүлж байна, Шүүх үзэж байсан чинь процесс нь шатсан юм шиг яриад байна, тийм зүйл байхгүй. Сүүлд үзлэг хийлгэсэн чат байгаа эгч нь энэ хүмүүст огт чатны нууц кодыг өгөөгүй, Т.С******* тэй холбоотой мөнгөө өөрөө нэхэмжлээд аваарай чи бид 2-н өгдөг юмаа би өгнө гэсэн агуулга бүхий зүйл байдаг. Энэ утсанд нь үзлэг хийлгэе гээд иртэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь итгэмжлэлээсээ татгалзаад алга болсон.

Тиймээс энэ нөхцөл байдал дээр шүүх зөв дүгнэлт хийсэн гэж харж болно. ....Н*******, С*******, С******* нарын хооронд тухайн сарын 50,000,000 төгрөг өгөхөөс өмнө ч гэсэн зээлийн гэрээтэй харилцаа байсан. Хэлцэл хийж гарын үсэг зурсантай холбоотойгоос хойш нийлээд 280,000,000 орчим төгрөг өгчихсөн. Харин Монголд байгаа өөрийнхөө хамаарал бүхий хүнээр дамжуулаад тодорхой хэмжээний мөнгө аваад гэмт хэргийн шинжтэй үйлдэл авсан байхыг үгүйсгэхгүй, бид нар юунд хүсэлт гаргаж байна вэ гэхээр хэлцлийнхээ дагуу 50,000,000 төгрөгөө иргэд хоорондын гэрээний маргаан байна гэж дүгнээд энэ төлбөрөө гаргуулах асуудал тавьж байгаа.

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх үүрэг хүлээдэг. Энэ хүмүүс 8,000,000 төгрөгийг аваагүй, 50,000,000 төгрөг аваагүй, 150 рублийг ч аваагүй гэж хэлдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гараад ирэнгүүт өөрийнхөө нэр дээрээс энэ хүн аваагүй гээд байсан 8,000,000 төгрөгөө төлчихсөн. Бид нар татгалзсан. 150,000 рублийг өгсөн гэсэн нотлох баримт байхгүй байсан учраас шүүх үүнийг гаргуулж шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны тэмдэглэлд анхаарлаа хандуулаарай. ...Анхан шатны шүүх зөв шийдсэн, хууль зөрчөөд ганц байгаа нотлох баримтыг нь шүүх устгасан мэтээр тайлбарлаж болохгүй, тийм нөхцөл байдал үүсээгүй. Анхан шатны шүүх нэг зүйлд маш зөв дүгнэлт хийсэн. Энэ хүнд өгсөн мөнгө нь гадагшаа гаргаж өгсөн мөнгөнөөс илүү байна. Ойролцоогоор 300,000,000 орчим төгрөг байна тэрийгээ авч чадаагүй. Бид нар тодорхой хэмжээгээр С******* тэй холбоотой асуудал дээр гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж магадгүй, хамтран оролцогчоор нэр бүхий хүмүүс оролцсон гэдэг агуулгаар гомдол гаргах гэж байсан боловч С******* одоо хүртэл энэ төлбөртэй холбоотой асуудлыг төлөөд явж байгаа. 12 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө ч авсан сүүлд ч авсан өөрийнхөө авсан мөнгийг төлөөд явж байгаа агуулгаа Н*******ийн чат руу өөрөө илэрхийлдэг гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй А.Н*******ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Нэхэмжлэгч А.Н******* нь хариуцагч Т.С******* д холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлүүлсэн 50,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлүүлсэн 150,000 рубль, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зээлүүлсэн 8,000,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт нийт 64,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн зээл 8,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа хариуцагч төлсөн гэсэн үндэслэлээр тус шаардлагаасаа татгалзжээ.

Хариуцагч Т.С******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба татгалзлаа А.Н******* нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр миний төрсөн эгч Т.С******* д 50,000,000 төгрөгийг зээлүүлсэн харин би тэдгээрийн хооронд байгуулсан бичгийн гэрээнд нь гарын үсэг зурсан, эгч авсан зээлээ өөрөө төлж байгаа гэж тайлбарлажээ.

3.Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд зээлийн гэрээ харилцаа үүссэн, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч Т.С******* анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Хэргийг судлан үзвэл:

4.Нэхэмжлэгч А.Н******* болон хариуцагч Т.С******* нар нь найз нөхдийн харилцаатай бөгөөд өөр хоорондоо олон удаа бие биедээ мөнгө зээлдүүлэх зорилгоор мөнгө шилжүүлж, зээлийн гэрээ байгуулагдаж байжээ.

Нэхэмжлэгч А.Н******* нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өөрийн Хаан банк дахь данснаас иргэн М.Баттулгын Хаан банк дахь тоот данс руу 50,000,000 төгрөгийг Сэлэнгэ эгчид гэсэн утгаар шилжүүлж,

Нэхэмжлэгчээс зохигчдын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж хариуцагчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Иргэд хоорондын гэрээ гэж бичгийн баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч А.Н******* нь хариуцагч Т.С******* гийн зээл авах хүсэлтийн дагуу түүний өгсөн данс руу мөнгийг шилжүүлсэн, хариуцагчийн татгалзал үндэслэлгүй Т.С******* эгч бид хоёрын хооронд байгуулсан зээлийн гэрээ 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээтэй хамааралгүй гэж тайлбарладаг бол хариуцагч Т.С******* нь А.Н******* ээс зээл авсан тохиолдолд утга дээр нь /Сарака/ гэж бичдэг би тэр 50,000,000 төгрөгийн зээлийг аваагүй, харин миний төрсөн эгч болох Солонгос улсад амьдардаг Т.С******* гийн хүсэлтээр мөнгөө шилжүүлсэн байсан. Нэхэмжлэгч А.Н******* ийн хүсэлтээр эгч Т.С******* гийн өмнөөс иргэд хоорондын гэрээ гэдгийг бичиж өгсөн. Эгч мөнгө авснаасаа хойш тохиролцсоныхоо дагуу өдөр бүр 1,300,000 төгрөгийг нь төлж байхад надаас нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй, би авсан зээлээ төлөхдөө мөн утга дээр нь Сарака гэж бичдэг гэж тайлбарлажээ.

5.Дээрхи үйл баримтаар 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар зохигчдын хооронд маргаан үүссэн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

Хэрэгт авагдсан А.Н******* ийн Хаан банк дахь тоот данснаас иргэн М.Баттулгын Хаан банк дахь тоот данс руу 50,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ эгчид гэсэн утгаар, мөн өдөр Т.С******* гийн ******* тоот дансанд 5,000,000 төгрөгийг /сарака зээлэв/ гэсэн утгаар шилжүүлсэн, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 21-ний өдрийг хүртэл хугацаанд өдөр бүр 1,300,000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1,300,000 төгрөгөөр 2 удаа, 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 07-ны өдрийг хүртэл өдөр бүр 1,300,000 төгрөг, 12-ны өдөр, 14-ний өдөр тус тус 1,300,000 төгрөг тус тус иргэн Б.Б*******, Д.Ариунаа, М.Б******* нарын Хаан банк дахь данснаас Сэлэнгэ гэсэн утгаар буцаан шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн Хаан банк дахь дипозит дансны дэлгэрэнгүй хуулгуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А.Н******* нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэн М.Баттулгын дансанд 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба зээл олгосон өдрөөс хойш өдөр бүр 1,300,000 төгрөгийг тодорхой хугацаанд иргэн Б.Б*******, Д.Ариунаа, М.Б******* нарын данснаас Сэлэнгэ гэсэн гүйлгээний утга бүхий мөнгийг нэхэмжлэгчийн данс руу шилжсэн, хэрэгт авагдсан Иргэд хоорондын гэрээ гэсэн гарчиг бүхий баримтад бичигдсэн ...зээлийн төлөлтийг өдөр бүр 1,300,000 төгрөгөөр тохиролцлоо... гэсэн бичгийг хариуцагч Т.С******* нь эгч Т.С******* гийн өмнөөс нэхэмжлэгчид бичиж өгсөн гэсэн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй гэж үзлээ.

Түүнчлэн хариуцагч Т.С******* гийн нэхэмжлэгчид өгсөн гар бичмэлээр зохигчдын хооронд 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид 50,000,000 төгрөгийг түүний өмчлөлд шилжүүлсэн гэдгээ нотолж чадаагүй гэж үзлээ.

6.Давж заалдах шатны шүүхээс зохигчдын хооронд 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан нь тогтоогдоогүй тул хариуцагч Т.С******* гийн зээлийн гэрээг эгч Т.С******* тэй байгуулсан, авсан зээлээ өдөр бүр 1,300,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсоныг баталгаажуулах үүднээс нэхэмжлэгчийн хүсэлтээр бичгийн баримт үйлдсэн, нэхэмжлэгчийн дансны хуулгаар Т.С******* нь зээлийг авсан өдрөөс хойш өдөр бүр 1,300,000 төгрөг төлж байгаа, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 50,000,000 төгрөгийн зээлийг нэхэмжлэгчээс аваагүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

7.Харин нэхэмжлэгч А.Н******* ийн Т.С******* холбогдуулан гаргасан 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлүүлсэн 150,000 рубль буюу 5,130,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх ба хариуцагч Т.С******* гээс тухайн шаардлагатай холбоотой давж заалдах гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрийн тус шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн шаардлага болох 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зээл 150,000 рубль буюу 5,130,000 төгрөг гаргуулах шаардлагад нь дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 316/ШШ2025/00945 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтыг:

2.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Т.С*******гээс 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг 150,000 рубль буюу 5,130,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас 2024 оны 12 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг 50,000,000 /тавин сая/ төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3 дахь заалтыг:

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487,700 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 97,030 төгрөгийг хариуцагч Т.С******* гээс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн шүүхийн шийдвэрийн бусад заалтыг үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН

Bottom of Form