| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/1024/Э |
| Дугаар | 1053 |
| Огноо | 2019-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Нарангуа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 1053
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Х.Нарангуа, шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч овогт Ц-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 04289 1267 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ч овогт Ц-гийн А, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтэст ачигч ажилтай, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 25 хороо, Хайрханы **** тоотод оршин суудаг, регистрийн дугаар **********, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ч овогт Ц-гийн А нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы **** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Д.Д-ийг гэртээ орж унтсангүй гэх шалтгаанаар сандлаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Ч овогт Ц-гийн А нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы **** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Д-ийг гэртээ орж унтсангүй гэсэн шалтгаанаар сандлаар толгой руу нь цохиж, түүний бие махбодод “зүүн чамархайн хуйханд шарх бүхий” хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Ц.А-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр Ц.А-тай 2014 онд Улаанбаатар хотод танилцсан юм. Дундаасаа хүүхэдгүй. Миний дагавар хоёр охин байгаа юм. Бид хоёр 2018 оны 11 дүгээр сард нэг гэрт орж амьдарч байна. Хууль ёсны гэрлэлтээ батлуулаагүй одоо хамтран амьдарч байна. Урд өмнө намайг зодож цохиж байгаагүй. Гэр бүл болсон хойно хэрүүл маргаан болдог гэхдээ зодож биед гэмтэл учруулж байгаагүй. 2019 оны 08 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчим гэрийн ойролцоо байдаг караоке бааранд хадам ах Т түүний эхнэр Н, нөхөр Ц.А нартай орж 2 цаг дуулж 0,5 граммтай архи, 6 шил пиво авч уусан. Н огт архи пиво уугаагүй. Караокеноос шөнө 01 цагийн үед гарч гэртээ ирсэн. Нөхөр гэр лүүгээ ороод би хажууд байдаг хадам ах Т-ын гэрт хоёр хүүхдийг нь харж байтал гаднаас нөхөр А орж ирээд гэртээ орж унт гэхээр нь би түрүүлж ороод унтаж бай гэсэн чинь Ц.А уурлаж Т ахын гэрт байсан модон шаргал өнгийн бүрээстэй сандал аваад над руу шидэж миний толгойг оносон. Миний толгойноос цус гарсан. Би тэгээд сандарч 102-т “...нөхөр намайг зодчихлоо...” гэж дуудлага өгсөн. Тухайн үед гэрт Н эгч байсан, ах Т унтаж байсан. Миний биед толгойн зүүн дагз орчим бага зэргийн хагарсан...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг (хх-ийн 22 дугаар хуудас);
3. Гэрч М.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчим А нөхөр Т, Д нарын хамт гэрийн ойролцоо байдаг караокед орж 2 цаг дуулсан. Тэр хэд архи пиво уусан. Би уугаагүй. Шөнө 01 цагийн орчим тэр газраас гарч гэртээ ирсэн. Нөхөр Т унтаад өгсөн. Д манай гэрт хоёр хүүхэд хараад сууж байсан чинь нөхөр А нь халамцуу орж ирээд гэртээ орж унтахгүй юм уу гэсэн чинь Д чи ороод унтаж бай гэж хэлтэл А уурлаж үүдэнд байсан шар өнгийн гадартай сандал аваад Д рүү шидээд толгойг нь оночихсон. Толгойноос нь цус гарсан чинь Д уйлаад 102-т дуудлага өгсөн. Цагдаа ирээд А-ыг аваад явсан. Д гэмтлийн эмнэлэг орж толгойдоо оёдол тавиулсан. А, Д хоёрын гэр манайхтай нэг хашаанд тус тусдаа гэрт амьдардаг, 2018 онд хурим хийсэн. Гэхдээ гэрлэлтээ батлуулаагүй. Нөхөр А нь ажил хийдэг, эхнэр Д нь гэртээ хүүхдээ хардаг..” гэсэн мэдүүлэг, мэдүүлэг (хх-ийн 24 дүгээр хуудас);
4. Гэрч Ч.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед хамт байгаагүй. Д надад хэлэх дээ “...А, Т-ын гэрт байхад орой болсон хойно гэртээ орж унтсангүй гээд толгойг нь сандлаар цохиод хагалчихсан тэгээд цагдаа дээр шалгагдаж байгаа...” гэж хэлсэн. А, Д хоёр 2018 оноос хойш А-ын ээжийн хашаанд тусдаа гэр барьж хамт амьдарч байгаа. Дундаасаа хүүхэд байхгүй, хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. А миний охин Д-ийг урд өмнө зодож цохиж байсан зүйл огт байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26 дугаар хуудас);
5. Гэрч Ц.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хоёр хүүхэд А, Т хоёр манай хашаанд тус тусдаа гэрт амьдардаг юм. Тэр орой буюу 2019 оны 08 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө би гэртээ унтаж байсан чинь цагдаагийн машины дуу гараад байхаар нь би сэрээд гэрээс гартал цагдаа нар А-ыг аваад явж байсан. Юу болсон талаар асуусан чинь А эхнэр Д-ийг гэртээ эрт орж унтсангүй гээд сандлаар цохисон гэж надад хэлсэн. А, Д хоёр 2018 оны 11 дүгээр сард би гэр барьж өгөөд өөрийнхөө хашаанд тусад нь гаргасан юм. Дундаасаа хүүхэд байхгүй. Д-ийн дагавар хоёр охин байгаа юм. Хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг (хх-ийн 28 дугаар хуудас);
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10032 дугаартай: “...Д.Д-ийн биед зүүн чамархайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 31 дүгээр хуудас);
7. Шүүгдэгч Ц.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 47 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 43 дугаар хуудас), оршин суугаа хорооны тодорхойлолт (хх-ийн 46 дугаар хуудас),
8. Шүүгдэгч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би эхнэр Д.Д-тэй 2014 онд танилцсан. Дундаасаа хүүхэд байхгүй, хууль ёсны эхнэр нөхөр болоогүй гэрлэлтээ батлуулаагүй. 2019 оны 08 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө эхнэр Д.Д, ах Т, түүний эхнэр Н нарын хамт гэрийн ойролцоо байдаг караокед орж архи, пиво уугаад шөнө 01 цагийн орчим гэртээ орсон. Эхнэр Д ах Тү-ын гэрт нь орчхоод өөрийнхөө гэрт орж ирэхгүй болохоор нь би яваад орсон чинь Д сууж байхаар гэртээ орж унтъя гэтэл чи ороод унтаж бай гэхээр нь уур хүрээд сандал аваад шидчихсэн чинь толгойг нь оночихсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 40 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Д-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Ц.А-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Д.Д-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүгдэгч Ц.А, хохирогч Д.Д нар нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, эхнэр нөхрийн харилцаатай, хамтран амьдарч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Ц.А нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан” гэж үзэх үндэслэл болж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус хуульчилсан тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.А нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ мөрдөн байцаалтын шатанд өгсөн байх тул шүүгдэгч Ц.А-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хохирогч хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...тусгайлан хэлэх саналгүй...” гэв.
Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-т мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, гэмт этгээдийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ч овогт Ц-гийн А-ыг Эрүүгийн хуулийн тустай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-т нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-т оногдуулсан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч Ц.А-т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.А-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА