| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 149/2023/00487/И |
| Дугаар | 208/МА2026/00015 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 208/МА2026/00015
******* ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 149/ШШ2025/00805 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.З******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ******* ГХОХХК-ийн өмч болох Сэлэнгэ аймаг ******* сум *-р баг, ******* хотхон ** айлын байрны ** тоот * өрөө орон сууцыг иргэн Д.З******* хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: ******* ГХОХХК, Р.М******* нараас маргаан бүхий орон сууцны гэрчилгээ гаргуулах болон орон сууц хөлслөх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай
Хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М*******, Г.******* /цахим/, хариуцагч Д.З******* өмгөөлөгч М.Г*******, хариуцагч Р.М******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:
...******* ГХОХХК нь Сэлэнгэ аймгийн ******* сумын 1-р баг ******* хотхон ** айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд тус орон сууцыг зарах түрээслэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ингээд Д.З нь 2023 оны 05 дугаар сард ******* хотхоны ** тоот 2 өрөө орон сууцыг түрээслэх нэрээр нүүж орсноос хойш түрээсийн мөнгөө төлөхгүй байгаа тул компанийн зүгээс 2 өрөө орон сууцыг чөлөөлж өгөх талаар түүнд удаа дараа мэдэгдсэн. Гэвч компанийн өмч болох 2 өрөө орон сууцыг чөлөөлж өгөхгүй байна. Иймд түүний хууль хууль бус эзэмшлээс манай компанийн өмч болох Сэлэнгэ аймаг ******* сум 1-р баг ******* хотхоны 66 тоот 2 өрөө орон сууцыг чөлөөлж, түүнийг албадан гаргаж өгнө үү... гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
Д овогтой З миний бие ******* ХХКомпанийн нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна. Би тус байрыг түрээслэхээр тохиролцож уг байранд ороогүй харин урьдчилгаа төлбөр төлж худалдаж авахаар тохиролцсон. Улмаар миний бие баталгаа гаргаж тус компанид байрны урьдчилгаа 20,000,000 төгрөгийг өгсөн үлдэгдэл мөнгийг байрны гэрчилгээ бичиг баримт гаргаж өгсний дараа төлж барагдуулахаар тохиролцсон. Гэтэл тус компаниас ийм нэхэмжлэл гаргаж буйг огт ойлгохгүй байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс уг үндэслэлгүй гарсан нэхэмжлэл хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье... гэжээ.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга:
Д.З миний бие дээрхи маргаан болоод байгаа ******* сумын * дүгээр баг ** айлын ** тоот 45.78 мк3 байрыг 1 мкв-ыг 1.100.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож улмаар 20.000.000 төгрөгийн ТунЖөү компанийн төлөөлөгч Р.М******* ын дансанд хийж тухайн байрны засварыг бид өөрсдийн мөнгөөр хийж засвар хийсэн мөнгийг байр худалдаж авах төлбөрөөс хасахаар тохирсон. Улмаар үлдэгдэл төлбөрийг нь байрны гэрчилгээг гаргаж өгсний дараа тооцоо нийлж төлөхөөр тохирсон. Бидний худалдаж авахаар тохиролцсон байр маань маш их засвартай хүн амьдрах арга байхгүй болчихсон байр байсан. Тиймээс бид эхний ээлжинд байранд засвар хийхээр болсон. Үүнийг Тун Жөү компанийн зүгээс зөвшөөрч бид байрандаа орохоосоо өмнө 10.000.000 төгрөгөөр засвар хийсэн.
Гэтэл Р.М******* болон тухайн Тун Жөү компани хоёрын хооронд маргаан үүссэн юм уу? БНХАУлсын иргэн хятад эмэгтэй ирээд бид нарыг байрнаас гар гэж хөөж эхэлсэн. Ингээд дээрхи маргаан үүсч, улмаар тэр БНХАУлсын настай эмэгтэй биднийг айлгаж сүрдүүлж доромжилж маргаан үүсгэдэг болсон. Тиймээс бидний зүгээс доорхи нэхэмжлэлийг гаргаж байна. Байрны урьдчилгаанд 20,000,000 төгрөг өгч 10,000,000 төгрөгийн засвар хийж байрандаа амьдарч байгаа учраас болзол тавьж урьдчилан тохиролцсоны дагуу байрныхаа гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна... гэжээ.
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 149/ШШ2025/00805 дугаартай шийдвэрээр:
Иргэний хуулийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч овогт Д ийн З******* хууль бус эзэмшлээс Сэлэнгэ аймгийн ******* сумын * дүгээр баг ******* хотхоны ** тоот 2 өрөө орон сууц /шинэ хаяг: Сэлэнгэ аймгийн ******* сумын * дүгээр баг ** гудамж **** байр ** тоот/-ыг чөлөөлж,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн ******* сумын * дүгээр баг ******* хотхоны ** тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ГХОХХК-аас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, мөн хариуцагч Д.З ээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, 70,200 төгрөг зэргийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.З ээс Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ГХОХХК-д буцаан олгон,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэн, ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч М.Г******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 149/ШШ2025/00805 тоот шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасан эрхийнхээ дагуу хариуцагчийн хамтаар доорхи гомдлыг гаргаж байна.
1.Хариуцагч Д.З нь ******* ХХКомпанитай ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаанд ороогүй, тус компаний хууль ёсны эрх ашгийг хөндсөн, зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй огт байхгүй.
2.Хариуцагч Д.З нь ******* сумын *-р баг ** айлын орон сууцны ** тоотод хууль бусаар орж амьдарсан зүйл байхгүй, тэр байранд Д.З нь огт амьдарч байгаагүй, тэгэхээр уг байрнаас албадан чөлөөлөх асуудал огт яригдахгүй. Д.З энэ хэргийн хариуцагч биш, мөн ******* ХХКомпани энэ хэргийн нэхэмжлэгч биш, тийм байхад Д.З ийг энэ хэргийн хариуцагч гэж шүүхээс хэргийг шийдвэрлэх нь үндэслэлгүй юм.
3.Энэ байранд Д.З******* дүү гэр бүлийн хамт амьдардаг бөгөөд энэ байрыг худалдаж авахаар Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэн Р.М******* болон БНХАУлсын иргэн тохиролцож, байрны урьдчилгаанд 20.000.000 төгрөг төлсөн байдаг.
Гэтэл Д.З******* дүү Дзул, түүний нөхөр С.О нарыг гэртээ байхгүй байхад нь БНХАУлсын иргэн Лянхуа нь цагдаагийн ажилтнуудын хамт очиж бага насны хүүхдүүдийг нь гэрээс нь хөөж гаргах гэхэд нь Д.З тэр хятад улсын иргэнтэй арга буюу түрээсийн гэрээ гэх бичигтэй цаасан дээр жаахан хүүхдүүдийг байрнаас нь хөөлгөж гаргахгүйн тулд арга буюу гарын үсэг зурсан байдаг.
Уг түрээсийн гэрээ гэх бичигтэй цаасан дээр гарын үсэг зурахад ямар нэгэн компаний нэр огт байхгүй, харин Лянхуа гэх хүний нэр болон уйгаржин Монгол бичгээр нэрээ бичсэн байсан. Тийм байхад Д.Зийг ******* ХХКомпанитай түрээсийн гэрээ байгуулсан гэдэг огт үндэслэлгүй.
Тухайн маргаан болж буй Сэлэнгэ аймгийн ******* сумын 1-р баг 96 айлын орон сууцны 66 тоотод байр нь ******* ХХКомпаний эзэмшилд бүүр сүүлд хэрэг хянан шалгагдах явцад шилжсэн байх бөгөөд Д.Зийг түрээсийн гэрээ гэх цаасан дээр гарын үсэг зурж байх тэр хугацаанд хэний өмчлөл, эзэмшилд байсан нь тодорхойгүй байхад шүүх тухайн асуудлыг огт анхаарч үзсэнгүй ирсэн.
Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхээр хэргийг хянан хэлэлцээд гаргасан тогтоолын заалтыг огт хэрэгжүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна Иймд Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 149/ШШ2025/00805 тоот шийдвэрийг хүчингүй болгож, ******* ХХКомпаний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч тайлбар гаргана, эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсан тайлбар гаргадаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 07 дугаар зүйлд заасан төрийн алба Монгол хэлээр явна, ойлгогдохгүй байх юм бол орчуулагч хэлмэрч томилуулах зохицуулалттай. Өнөөдрийн байдлаар Лянхуа гэж хүн энэ хэрэгт татгалзсан гэсэн нэг ч тайлбар өгөөгүй, шүүх хурал дээр өгсөн гэж ярьдаг тэрийг нь би ойлгохгүй юм байна лээ. Дээд шүүхээс хэрэг ирснээс хойш Лян Хуа гэдэг хүнийг нэг ч оролцуулаагүй, тайлбар ч аваагүй. Үүний оронд ******* гэж хүн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр явдаггүй, өмгөөлөгч гэж явдаг, хууль зүйн хүрээнд эрх зүйн байдлын хувьд шууд татгалзаж байгаа гэдгийг тайлбарлаад байгааг ойлгодоггүй. Дээд шүүхийн тогтоолын биелүүлэх хэрэгтэй, шийдвэрийг хүчингүй болгож хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийж шийдвэрлэх хэрэгтэй байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Эрх зүйн харилцаанд орсон боловч энэ нь хууль ёсны биш байсан. Дараа нь эд хөрөнгө хөлслөх орон сууцанд түрээсээр амьдрах асуудал яригдаж тодорхой төлбөр төлсөн талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт гаргасан байсан. Оыг тухайн байранд амьдардаг талаар тогтоосон, амьдрал дээр бодит жишээ зөндөө байдаг. Жишээ нь миний бие өөрийн байраа түрээслээд аавтай нь гэрээ хийгээд аав нь амьдардаггүй хүү нь амьдардаг. Би аавтай нь гэрээ хийсэн учраас аавд нь л хандана. Тэрэнтэй ялгаагүй Д.З тэй эрх зүйн харилцаанд орж талуудын хүсэл зориг илэрхийлснийг хүлээн авч хэлцэл хийж гарын үсэг зурсан тул Д.Зийг хариуцагчаар татсан. Тэрнээс биш О ******* компанитай, эрх зүйн харилцаанд ороогүй. Д.З дүүгээ тэнд амьдруулахын тулд худалдах худалдан авах гэрээ хийсэн боловч хууль ёсны дагуу явагдаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй шийдсэн гэсэн саналтай байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... ******* компани барьж ашиглалтад оруулсан. Давж заалдах шатны шүүхээс хэний өмч вэ гэдгийг тодруулахгүй бол болохгүй гээд бид нар гэрчилгээгээ гаргуулъя гээд улсын бүртгэлийн газарт зохих материалаа бүрдүүлсэн. гийн хувьд түрээсийн гэрээг байгуулахдаа төлөөлөл болгон байгуулсан. Д.З******* хүсэл сонирхол нь тэр гэрээнд гарын үсэг зурсны дараа 4 удаагийн гүйлгээгээр 4 сарын түрээсийн төлбөр 1,600,000 төгрөг шилжүүлснээрээ хүсэл зорилго нь байсан байна гэдэг нь нотлогдож байна. Өөрөө ч 4 удаагийн түрээсийн төлбөрийн талаар ярьдаг, гэтэл өмгөөлөгч нь тийм байр суурийг манай үйлчлүүлэгч илэрхийлээгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хариуцагч Р.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...******* компани байрных нь гэрчилгээ ч гарах боломжгүй байсан. Д. З******* байрыг нь өгөөд гэрээний дагуу яваасай гэж хүсэж байна. Байраа өгөөч гэж хэлмээр байна энэ хүмүүс зардал чирэгдэлтэй ядарч байгаа гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн ******* сумын * дүгээр багт байрлах ** айлын ** тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр хариуцагч Д.З т холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч Д.З эс зөвшөөрч маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ГХОХХК, Р.М******* нараас маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах, орон сууц хөлслөх тухай 2023 оны 05 сарын 08-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, хамтран хариуцагчаар Р.М******* ыг татан оролцуулах хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №49, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №201 дугаар захирамжуудаар хүлээн авахаас татгалзсан байх ба 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №02, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №05 дугаар тогтоолуудаар дээрх шүүгчийн захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэснээр Р.М*******ыг хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.
3.Энэ талаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2025/00098 дугаартай тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, журмыг ноцтой зөрчсөн, Р.М******* ын эрх зүйн байдлыг өөр өөрөөр тодорхойлсон, түүнд холбогдох шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус, ойлгомжгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүйн улмаас хууль хэрэглэх үндэслэл бүрдээгүй гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.
Гэтэл анхан шатны шүүх дээрх тогтоолд заасан зөрчлүүдийг арилгаагүй, зохих ажиллагааг хийлгүйгээр шүүх хуралдааныг товлож хэргийг шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхойлж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн алдаагаа засахгүйгээр хэргийг дахин шийдвэрлэсэн байна.
4.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анхан шатны шүүх хэргийг хүлээн аваад тухайн орон сууцанд үзлэг хийж, тус байранд С.О гэх хүн гэр бүлийн хамтаар оршин сууж байгаа талаар тодорхойлсон байх бөгөөд тухайн этгээдийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг зохигчоос гаргасан боловч түүнийг хангахаас татгалзсан.
Ийнхүү татгалзахдаа тухайн этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулахаас татгалзсан үндэслэл тодорхойгүй, хариуцагч Д.З нэхэмжлэгчтэй иргэний эрх зүйн харилцаанд ороогүй, энэ хэргийн хариуцагч биш гэх тайлбарыг хариуцагч болон түүний өмгөөлөгч гаргадаг бөгөөд үүнтэй холбоотойгоор тодруулах ажиллагааг анхан шатны шүүхээс хийгээгүй байна.
5.Иймд анхан шатны шүүхээс гаргасан дээрх алдаа зөрчил болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа журам зөрчсөнийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 149/ШШ2025/00 805 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Зээс давж заалдах гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Top of Form
М.ОЮУНЦЭЦЭГ
Bottom of Form