Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 130

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Хохирогч: Ц.С,

Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: Б.О,

Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

            Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д холбогдох 1928002140136 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн суманд төрсөн, эмэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, бичин хэргийн ажилтан мэргэжилтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.О, регистрийн дугаар ;

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 08 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн нутаг дэвсгэрт Ц.Стай маргалдан толгой нүүрэн тус газар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Оыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Энэ хүн намайг энэ хэргээс өмнө хэл амаар доромжилж байсан. Хүмүүст мэдүүлэг өгөхдөө дутуу өгсөн байна. Энэ хэрэг намайг эхийнхээ толгойг залгисан гэж хэлснээс болж үүссэн. Ингэж хэлээгүй байсан бол би зүгээр байх байсан.

Хохирогч Ц.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 08 дугаар сарын 22-нд өдөр Сэврэй сум руу явж байх замдаа архи пиво уусан нь үнэн. Би нэг хүнтэй Ж гэж хүний талаар яриад байсан. Миний тэгж ярьсан нь буруу байх. Гэхдээ би энэ хүнд ямар ч хамааралгүй юм ярьж байсан. Гэнэт О жолооч руу машинаа зогсоо гээд зогсоолгосон. Тэгээд эргэж хараад чи олон хүүхэдтэй байж хүн доромжилдог шээж гээд намайг самардаад авсан.  Би ээж шигээ хүнийг доромжиллоо гэхэд чи муу миний ээж шиг байгаад байхдаа яадаг юм гэхэд нь чи ямар сонин юм би ээж, аавыгаа алдчихаад зовлон их үзсэн гэхэд чи миний ээжийг үхлээ гэж хэллээ гэж зодсон. Машинаас үсдэж буулгахаар нь би бас зөрүүлээд үсэдсэн. Тэгэхэд Б, М хоёр ирж салгасан. Миний бие сонин болоод байсан болохоор би жоохон яваадахъя гэх хэлээд машины хойгуур явахад О араас ирээд чи муу шээс хаачих гээд байгаа муу пизда вэ гээд нүдний доор өшиглөсөн. Тэгээд би иллэг хийхэд үхсэндээ баашлаад байгаа юм бэ, хөгшин хонины насгүй чамтай нэг машинд явж байгаадаа баярлаж байна гээд дахиад нүүр лүү өшиглөөд миний хамраас цус гарсан. Хамрынхаа цусыг гоожуулж байгаад машинд суугаад сальфитка авч арчаад явцгаасан. Суман дээр оччихоод маргааш нь би Оыг ирж уулз гэхэд би чадал алга гэж хэлээд ирж уулзаагүй. Аймаг дээр гэмтлийн эмчид үзүүлэхэд хэвт гэж хэлсэн. Тархи толгойны зураг авахуулсан. 6 хоног эмнэлэгт хэвтээд Сэврэй суманд очиж  мөн 5, 6 хоног эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед ажилдаа явах цаг болсон байсан. Ийм зүйл болоод ажилдаа явж чадаагүй 14 хоносон. 14 хоногийн цалин 1,200,000 төгрөг, эмчилгээний төлбөр 342.520 төгрөг, унааны зардал 150.000 төгрөг, нийт 1.692.520 төгрөг нэхэмжилж байна. Цалингийн 1.200.000 төгрөгийг нээлттэй үлдээж өгнө үү. Улаанбаатар хот явж тархи толгойны зураг авахуулна. Тэрний мөнгийг гаргуулах бодолтой байгаа. Би энэ хүнээр зодуулаад эрүүл биеэ өвтгөсөнд гомдолтой байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Машин дотор би Отай хэрэлдэж маргалдаагүй. Намайг Нтэй Ж гэх хүний талаар яриад явж байхад О гэнэт уурлаад машиныг зогсоо гэж жолоочид хэлсэн. Оын хэлснээр машин зогссон. Тэр үед О эргэж хараад та нарт хүний амьдрал ямар хамаатай юм пизда нар минь гэж уурлан надтай хэрэлдээд миний үснээс зулгааж самардсан. Би Оыг цохиогүй, зөрүүлж үснээс нь зулгааж барьж авч зууралдаагүй. О машинаас бууж миний сууж явсан талын машины хойд хаалгыг өөрөө онгойлгож хаалган талд сууж явсан Нг машинаас буу гэж хэлж буулгасан. Би машинаас буух санаатай машины хаалгаар тонгойж бөхийгөөд гарах гэхэд машины хаалганы хажууд гадаа зогсож байсан О миний нүүр рүү нэг удаа өшиглөхөд миний доод уруул орчимд оносон. О үргэлжлүүлээд миний үснээс зулгааж машинаас чирч татаж буулгасан. Би зөрүүлээд үснээс нь зулгааж авсан. Бид хоёр газар өнхрөлдөж унацгаасан. О намайг зодох санаатай машинаас буулгасан гэж би бодож байна. О намайг машинаас буух гэж байхад миний уруулд нэг удаа өшиглөөд үснээс зулгаан машинаас буулгасан. Гадаа бид хоёр газар өнхрөлдөн нэг нэгнийхээ үснээс зулгаан зууралдсан. Энэ үед машинд хамт явж байсан Н, М, Б 3 ирж О бид хоёрыг салгасан. Тухайн үед миний бие сонин болоод жаахан алхаад явахад араас О хаачих гээд байгаа муу шээс вэ гээд миний араас хүрч ирээд миний хувцаснаас барьж аваад намайг татаж унагаагаад миний зүүн талын нүд рүү 1 удаа өшиглөсөн. Миний нүд бадайраад толгой дүүрээд нүдээ даран суухад О намайг энэ муу баашлаад байгаа юм. Хөгшин хонины насгүй муу пизда чамтай нэг машинд явж байгаадаа баярлаж байна гээд миний хамар руу 1 удаа өшиглөсөн. Тэр үед миний хамраас цус гарсан. Миний хамраас цус гарсан чинь О намайг дахиж цохиж өшиглөхөө больсон. О намайг машин руугаа явъя гээд байсан. Би явахгүй байж бай хамраас цус гараад байна гээд сууж байхад М ирж сальфетик авчран миний хамраас гарсан цусыг цэвэрлэсэн. Тэгээд бид нар сум руу явсан. Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө Оаас эмчилгээний, замын зардал, олох ёстой байсан орлого гээд нийт 2.000.000 сая төгрөг нэхэмжилсэн. Үүн дээрээс нэмээд өмгөөлөгчийн хөлс болох 500.000 төгрөгийг нэмж нэхэмжлээд нийт 2.500.000 төгрөг нэхэмжилж байна. Би замын машинд зорчин явж байгаад хүнээр зодуулж эрүүл мэндээрээ хохирсондоо их гомдолтой байна. /хх-ийн 28-29-р хуудас/

Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019.08.22-ны өдөр үдээс хойш 17 цагийн орчимд Даланзадгад сумаас Сэврэй сумын төв рүү замын унаанд суун явсан. Уг машинд жолоочоор Б, зорчигчоор С эгч, М, Х, О өөрийн бага насны 2 хүүхэдтэйгээ тэгээд би гээд нийт машин дотор 6 том хүн 2 хүүхэд явсан. Баяндалай сумын төв дээр ирээд Б хэлэхдээ, хүн дэлгүүр дээр юм тавьж үлдээсэн байгаа тэрийг дайраад аваад явъя гээд дэлгүүрийн гадаа зогссон. Дэлгүүрийн гадаа зогсож байхад С эгч О бид нар замдаа пиво ууя гээд дэлгүүр рүү орцгоосон. Дэлгүүрээс нийт 10 лааз пиво авсан. Мөн 2,5 литртэй 1 том пиво, 0,5 литрийн 1 шил Ерөөл архи авсан. Том пиво, 1 шил архийг С эгч өөрөө дэлгүүрээс авсан. 10 лааз пивыг О С эгч бид 3 нийлж авсан. Тэгээд удалгүй Сэврэй сум руу хөдөлсөн. Замдаа лаазтай пивоо ууж явцгаасан. Уулнаас гараад хоолой руу уруудаж байхад С эгч жолоочийг нэг зогсчихоорой гээд байсан. Жолооч машинаа зогсоосон. Тэр үед С эгч 2,5 литрийн пиво гаргаж ирж С эгч О, М бид нар хувааж уусан. Х, Б 2 пивоноос огт уугаагүй. Пивоо ууж дуусчихаад машиндаа суун хөдөлцгөөсөн. Замд явж байхад С эгч дэлгүүрээс худалдаж авсан 1 шил архиа гаргаж ирээд замдаа ууж явцгаасан. Тэр архийг С эгч, О бид 3 хувааж уусан. Машин дотор явж байсан хүмүүсийн зарим нь унтаж С эгч бид 2 саяхан ээжийгээ алдсан Жын талаар ярьж явсан. Тэгтэл урд сууж явсан О хүний амьдрал та нарт ямар хамаатай юм гээд С эгчид өөрөө олон хүүхэдтэй юм байж яах гэж хүн муулж байдаг юм гэж хэлсэн. Тэгтэл С эгч чамд ямар хамаатай юм нөхрөөрөө тэжээлгээд хэвтэж байдаг гичий гээд л хоорондоо учир замбараа нь олдохгүй хэрэлдэцгээсэн. О машины урд суудал дээр сууж явснаа суудал дээрээсээ эргэж хараад хэрэлдээд яваад байснаа эхлээд С эгчийн нүүр рүү raраарaa 2 удаа цохиж авсан. Тэгээд С эгч О хоёр нэг нэгнийхээ үснээс зулгааж барилцаж авсан. О жолоочийг машинаа зогсоо гэж хэлээд машин зогсоолгосон. Машин зогсоход О машинаас буугаад миний талын хаалгыг онгойлгоод миний урдуур даваад С эгчийг барьж авснаа намайг машинаас буу гэж хэлсэн. Би машинаас буусан. О С эгчийг барьж аваад машинаас татаж угзарч буулгасан. О С эгч хоёр машинаас буугаад нэг нэгнийхээ үснээс зулгаалдаад газар унацгааж С эгчийн дээр нь О гарчихсан байсан. Миний харснаар бол О С эгчийн нүүрэнд нь гараараа лав 2 удаа цохиж байсан. Тэр үед М, Б 2 машинаас бууж ирээд тэр хоёрын зодооныг салгасан. Тэгээд байж байтал С эгч би наад машинд чинь сууж явахгүй гээд явчихсан. О хамт явна гээд авирах гээд араас нь явсан. Тухайн үед харанхуй болсон үзэгдэх орчин муу байсан. Би хүүхнүүдийн хэрүүлд оролцохгүй гээд хаяад машин дотор орж суусан. М, Б 2 мөн машиндаа сууцгаасан. Х машинаас буугаагүй. С, О хоёрыг ирэхгүй удаад байхаар нь М яачихав гээд машинаас гарсан. Тэгтэл Сгийн хамраас нь цус гарчихсан байна арчих алчуур байна уу гээд М сураад байсан. О Сг дахиж цохиод хамраас нь цус гаргасан байсан. Тэгээд С эгчийн хамраас нь гарсан цусыг цэвэрлээд бүгдээрээ машиндаа сууцгаан сумын төв дээр ирсэн. Сумын төвд ирээд бүгд гэр гэртээ бууцгаасан. Надад өөр мэдэх зүйл алга. /хх-ийн 35-36-р хуудас/

Гэрч О.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Даланзадгад сумаас Сэврэй сумын төв рүү явахаар замын унаа болох Бгийн машинд сууж 18 цагийн орчимд аймгийн төвөөс сум руу хөдөлсөн. Уг машинд жолоочоор Б, зорчигчоор С, Н, Х, О өөрийн бага насны 2 хүүхдийн хамт явж байсан. Баяндалай сумын төвд ирээд Б хүнээс юм авна гээд дэлгүүрийн гадаа зогссон. Зогсож байх хооронд машинд сууж явсан бид нар замдаа пиво ууж явъя гээд дэлгүүрээс 10 лааз пиво 1 ширхэг 2,5 литрийн том савтай пиво худалдаж авсан. Пивыг О, С, Н 3 худалдаж авсан. Тэгээд Сэврэй сумын төв рүү хөдөлсөн. Замдаа бид нар лаазтай пивоо ууж явцгаасан. Х, Б 2 пиво уугаагүй. Бид нар уулнаас гарч зогсоод том савтай пивоо хувааж уусан. Тэгээд сумын төв рүү хөдөлсөн. Замд С Н хоёр Жын талаар яриад яана даа ээжгүй өнчин хоёр юм энэ өвөл яах юм болдоо гээд ярьж байсан. Би тэгсгээд унтсан байсан. Явж байхад гэнэт л машин зогссон. Тэгтэл О машинаас буугаад машины арын хаалга онгойлгоод Нгийн урдуур нь гараа явуулаад Сгийн үснээс нь зулгааж аваад Нг машинаас буу гэж хэлсэн. Н машинаас буусан. О Сгийн үснээс нь зулгаагаад машинаас татаж буулгасан. О Сд яах гэж хүн муулж байдаг юм өөрөө үр хүүхэдтэй хүн байж гээд хашгичаад байсан. С нь машинаас буусны дараа зөрүүлээд Оын үснээс нь зулгаасан байсан. Би араас нь гарч очоод О, С хоёрыг салгасан. Тэгтэл О ярилцъя гээд Сг аваад бид нараас жаахан холдсон. Тухайн үед гэгээ тасарч харанхуй болсон байсан. Бид нар машин дотроо буцаад суусан байсан болохоор тэр хоёрыг юу хийж байгаа нь надад харагдаагүй. О С хоёрыг ирэхгүй удаад байхаар нь би машинаас бууж тэр хоёр дээр явъя гэж хэлхээр очсон. Тэгтэл Сгийн хамраас нь цус гарсан байдалтай сууж байсан. О хажууд нь зогсож байсан.Тэгээд юу болов гэж би Сгаас асуухад О намайг цохиод хамраас цус гаргачихлаа гэж хэлсэн. Тэгээд сальфетик, алчуур авч ирж Сгийн хамраас нь гарсан цусыг арчиж тогтоогоод бүгдээрээ машиндаа суугаад сумын төвд ирсэн. Сумын төвд ирээд бүгд гэр гэртээ бууж амарцгаасан. /хх-ийн 37-38-р хуудас/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 08-р сарын сүүлээр одоо өдрийг нь сайн санахгүй байна. Би өөрийн 06-47 УБН улсын дугаартай ЛАНД 80 маркийн машинаа жолоодон Даланзадгад сумаас Сэврэй сумын төв рүү 18 цагийн орчимд гарсан. Тухайн үед надтай хамт С, О болон өөрийн бага насны хоёр хүүхэдтэйгээ, М, Х, Н нар явсан. Баяндалай сумын төв дээр ирээд Цэнгүүн далай дэлгүүр дээр хүн будаг тавьж үлдээсэн байх ёстой байсан. Түүнийг нь авах ажилтай дэлгүүрийн гадаа зогссон юм. Тэр үед машинд явж байсан хүмүүс хэдэн лааз пиво 2,5 литрийн 1 ширхэг пиво худалдаж авсан байсан. Тэгээд Баяндалай сумаас Сэврэй сум руу хөдөлсөн. Машинд явсан хүмүүс худалдаж авсан пивоо замдаа ууцгаагаад явсан. Уулнаас гарч зогсоод том савтай пивоо ууцгаасан. Би жолоо барьж явсан болохоор уг пивоноос нь уугаагүй амсаад өгсөн. Сэврэй сум руу явж байхад замд Н, С хоёр Жыг архи уудаг, эхнэр нь салаад гэр рүүгээ явсан. Талийгаач ээжийгээ боддоггүй гэх зэрэг юм яриад явж байсан. Тэгтэл миний хажууд машины урд суудал дээр сууж явсан О уурлаж хүний амьдрал та нарт ямар хамаатай юм гээд хэрэлдэцгээсэн. Замд нэг хэсэг газарт хоорондоо хэрэлдэж явцгаасан. О хойшоо хараад хэрэлдээд байсан. Гэнэт л хоорондоо зууралдаад эхэлсэн. Тэр үед нь Оын хүүхэд нь уйлаад би машинаа зогсоосон. Машин зогсоход О өөрөө машинаас бууж захад сууж байсан Нг машинаас буулгаад О Стай хэрэлдэж маргалдаад Сг машинаас буулгасан. Оын хүүхэд нь машин дотор уйлаад байсан болохоор би хүүхдийг нь чимээгүй болгох гээд аргадаад машин дотор үлдсэн. Тухайн үед гэгээ тасарч харанхуй болсон байсан. Гадаа хашгиралдаад шуугилдаад байхаар нь би машинаас бууж очиход О, С хоёр нэг нэгнийхээ үснээс зуурсан газар хэвтсэн байдалтай байсан. М зодооныг салгах гэж оролдож байсан. Би очоод Мтэй хамт зодооныг салгаж О, С хоёрыг босгосон. Сгийн хамраас нь цус гарсан байсан. С цусаа цэвэрлээд бүгд машиндаа сууцгаагаад сумын төвд ирцгээж гэр гэртээ бууцгаасан. Хэрүүл маргаан зодоон сумын төвийн урд байдаг хогийн цэгийн ойролцоо газарт болсон. Надад өөр мэдэх зүйл алга /хх-ийн 41-42-р хуудас/

Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн орчимд Даланзадгад сумаас Сэврэй сум руу явах замын унаанд суусан. Уг машины жолоочоор Б эгч явсан. Машинд зорчигчоор надаас гадна манай эгч О бага насны хоёр хүүхэдтэйгээ, С эгч, Н, М нар явсан. Замдаа жолоочоор явсан Б эгч Баяндалай сумаас юм авна гээд дэлгүүрийн гадаа зогссон. Тэр үед машинд сууж явсан хүмүүс дэлгүүрээс пиво авч ууя гээд хэдэн лааз пиво, 1 ширхэг 2,5 литрийн том пиво авцгаасан байсан. Тэгээд удалгүй Баяндалай сумын төвөөс Сэврэй сумын төв рүү хөдөлсөн. Би огт уугаагүй. Машинд сууж явсан хүмүүс замдаа лаазтай пивоо ууцгаагаад явсан. Тэгээд явж байгаад уулнаас гараад зогсож байгаад 1 ширхэг том пивоо хувааж ууцгаасан. Би тэр пивоноос нь бас уугаагүй. Пивоо ууж дуусаад сум руу хөдөлсөн. Замд Н ах С эгч хоёр Жын талаар ярьж эхийгээ нас барахад байгаагүй гээд Жыг муулж яриад явсан. Тэр яриа нь манай эгчид таалагдаагүй болохоор уурлаж та нар яах гэж хүн муулдаг юм гээд С эгчид адилхан олон охидуудтай юм байж яах гэж хүний үрийг муулдаг юм, ярьж болохгүй шүү дээ гэж хэлсэн. Миний ойлгосноор С эгч урьд өмнө нь манай эгч Оыг хүнд муулж ярьж байсан юм байна лээ. Тэр асуудлыг нь О эгч мэддэг байсан болохоор С эгчид уурлаж хэрүүл маргаан үүссэн. С эгч О эгчид хандан эхийнхээ толгойг залгисан гэж манай эгчид хэлэхэд О эгч бүүр их уурлаж эргэж хараад С эгчийг үснээс нь зулгааж барьж авсан. Б эгч машинаа зогсоосон. О эгчийн хүүхэд уйлаад байсан. Машин зогсоход О эгч уурлаад машинаасаа буугаад арын хаалга онгойлгоод Нг машинаас буу гэж хэлж буулган С эгчийг буугаад ир гээд байсан. С эгч машинаас буухгүй байсан чинь О эгч үснээс нь барьж аваад татаад буулгасан. Би машинаас буугаагүй болохоор гадаа юу болсныг нь би мэдэхгүй байна. Гадаа хашгиралдаад зодолдоод байгаа сонсогдсон. Б эгч, М эгч хоёр О эгч С эгч хоёрын зодооныг салгасан байсан. С эгчийн хамраас нь цус гарчихлаа гээд сальфетик сураад байсан. Тэгээд удалгүй бүгдээрээ машинд сууцгаагаад сумын төвд ирж гэр гэртээ бууж амарцгаасан /хх-ийн 43-44-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтэд: Ц.Сгийн биед тархи доргилт, баруун дээд зовхи, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад цайвар өнгийн, хамрын нуруунд ягаан өнгийн нөсөө, баруун хацарт цус хуралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 46-47-р хуудас/

Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 08-р сарын 22-ний өдөр 17 цагийн орчимд Даланзадгад сумаас Сэврэй сум руу Б эгчийн машинд өөрийн 2 хүүхдийн хамт сууж явсан. Уг машинд жолоочоор Б эгч, зорчигчоор надаас гадна М, Н, Х, С нар явж байсан. Баяндалай сумын төв дээр ирэхэд Б эгч Баяндалай сумын дэлгүүр дээр хүн юм тавьж үлдээсэн байгаа тэрийг аваад гарна гээд нэг дэлгүүрийн гадаа зогссон. Машинд сууж явсан хүмүүс хоорондоо ярилцаад дэлгүүрээс пиво авахаар болсон. Н, С эгч бид 2 нийлээд 10 лааз пиво авсан. Би 2,5 литрийн савтай том пиво, 1 шил архи авсан гэдгийг нь мэдээгүй байсан. Дараа нь уух үед нь С эгчийг том савтай пиво, 1 шил архи Баяндалай сумын дэлгүүрээс худалдаж авсан байсан гэдгийг нь мэдсэн. Тэгээд бид нар удаагүй Баяндалай сумаас Сэврэй сум руу хөдөлсөн. Явж байх замдаа лаазтай пивоо ууцгаасан. Уулнаас гараад явж байхад С эгч жолоочийг нэг зогсох уу гээд хэлээд байсан. Тэгээд жолооч машинаа зогсоосон. Бид нар машинаасаа бууцгаасан. С эгч том савтай 2,5 литрийн пиво гаргаж ирсэн. Тэгээд тэр пивыг нь М, Н С эгч бид нар хувааж уусан. Х, Б эгч хоёр пивоноос уугаагүй. Тэгээд тэр пивоо ууж дуусчихаад машиндаа сууцгаан Сэврэй сум руу хөдөлсөн. Би жолоочийн хажуу талын урд суудал дээр сууж явсан. Явж байхад ард Н, С, М нар 0,5 литрийн 1 шил архи гаргаж ирээд ууцгаасан. Тэр үед машин зогсоогүй машин явж байх явдал дунд ууцгаасан. Би тэр архинаас нь 1 удаа хийж өгөхөд нь уусан, нэмж уугаагүй. Н, С, М 3 архиа хувааж уугаад хоорондоо юм яриад яваад байсан. Сүүлдээ Н С эгч 2 хоорондоо ярьж явж байгаад саяхан ээж нь нас барсан Жын талаар муулж ярин ээжийгээ нас барахад нь байгаагүй. Тэнээд явсан байсан, архи уудаг, эхнэрээ зодсоор байгаад эхнэр нь салаад явсан гээд яриад байхаар нь тэр ярианд нь миний дургүй хүрээд эргэж хараад хүний амьдрал та нарт ямар хамаатай юм гэж хэлэхэд С эгч, чамд ямар хамаатай юм чи ямар 5 төгрөгний нэмэр болж өгч байсан биш. Чи нөхрөөрөө тэжээлгээд хэвтэж байдаг янхан, гичий гээд намайг хэлэх хэлэхгүй муу хараалын үгээр загнаж хэлсэн. Би яахаараа тэд нарт мөнгө өгөх ёстой юм гээд тайлбар хэлсэн чинь чи эхийнхээ толгойг залгичихаад гээд үг хэлэхэд нь чи муу юу гэнээ гээд суудлаасаа өндийн эргээд харахад С эгч миний нүүр рүү 1 удаа гараараа цохьсон. Тэгээд миний уур хүрээд Б эгчийг машинаа зогсоо гэж хэлсэн. Б эгч машинаа зогсоосон. Машин зогсоход би машинаас буугаад машины арын хаалга онгойлгоод С эгчид хандан чи муу миний эхийг тэгж хэлдэг хэн юм. Буугаад ир чи муу гээд Н наад талд нь сууж байхаар нь Нг машинаас буугаадах гэж хэлээд буулгасан. Би С эгчийн хувцаснаас нь барьж аваад машинаас татаж угзарч буулгасан. Машинаас буугаад бид хоёр нэг нэгнийхээ үснээс зулгаалдан зууралдаж газар унацгаасан. С эгч миний доор унасан. Тэр үед би С эгчийн нүүрэнд нь гараараа 2 удаа цохьсон. С эгч бид хоёрыг үсдэлцээд зууралдаж байхад М эгч ирээд (бид хоёрыг салгасан. Миний санаж байгаагаар Н лав гадаа хажууд байсан. С эгч бид хоёр зууралдахаа болиод салчихсан байж байхад С эгч би наад машинаар чинь явахгүй араас өөр машин ирж байгаа би тэрэнд сууна гээд уурлаад явсан. Би араас нь очоод машиндаа суу явъя гэж хэлэхэд С эгч явахгүй гээд уурлаад суугаад байсан. Тэгэхээр нь миний дургүй хүрээд нүүрэнд 1 удаа гараараа цохьчихсон юм. Тэгсэн чинь С эгчийн хамраас нь цус гарсан. Тэгээд наад цусаа цэвэрлэ явъя гээд дагуулж яван машин дээр очсон. Машинаас нээх холдоогүй 30 орчим метр газарт байсан. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан. Хүмүүс машин дотроо сууцгаасан байсан. Ойролцоогоор цаг 22 цаг болж байсан байх. С эгчийн хамраас нь гарсан цусыг М эгч сальфетикаар цэвэрлэж өгөөд байсан. Тэгээд бид нар бүгдээрээ машиндаа сууцгаан сумын төвд ирсэн. Сумын төвд ирээд бүгдээрээ гэр гэртээ бууцгаасан. Дахиж С эгчтэй холбогдоогүй, уулзаагүй байсан. /хх-ийн 53-54-р хуудас/     

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, өвчний түүх, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-25-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О нь 2019 оны 08 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн нутаг дэвсгэрт Ц.Стай маргалдан толгой нүүрэн тус газар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Ц.Сгийн биед тархи доргилт, баруун дээд зовхи, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад цайвар өнгийн, хамрын нуруунд ягаан өнгийн нөсөө, баруун хацарт цус хуралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 46-47-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба энэхүү гэмтэлтэй холбогдуулан хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс 2.500.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлийн мөнгөн дүнг багасган 1.692.520 төгрөг нэхэмжилсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

Хохирогч Ц.Сгийн эрүүл мэндэд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл учирсан ба эмнэлгийн төлбөр 312.420 төгрөг, эм тариа авсан 30.100 төгрөг, нийт 342.520 төгрөгийг эмчлүүлэхтэй холбоотойгоор зарцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөрийн талаарх баримтууд /95-99-р хуудас/-аар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Оаас гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Мөн хохирол төлбөрийн баримтад Гурвантэс сумаас Сэврэй сум орсон замын зардал болон Сэврэй сумаас Өмнөговь аймаг руу ирсэн замын зардлын баримтууд /хх-ийн 94-95-р хуудас/ авагдсан ба хохирогч Ц.С нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн Энхтайваны 1-2 тоотод оршин суудаг болох нь хэрэгт авагдсан түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримтаар тогтоогдож байх тул хохирогчийн Гурвантэс сумаас Сэврэй сум руу явсан замын зардлыг шүүгдэгч хариуцах үндэслэлгүй гэж үзэж, Сэврэй сумаас Өмнөговь аймаг руу нийт 4 удаа ирж, буцсан 80.000 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, эмчилгээний зардал болон замын зардалд нийт 422.520 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 150.000 төгрөгийг хохирогчид төлсөн болох нь түүний тайлбар мэдүүлэг болон хавтаст хэрэгт ирүүлсэн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгөн дүнгээс 150.000 төгрөгийг хасаж, үлдсэн 272.520 төгрөгийг шүүгдэгч төлөх нь зүйтэй гэж үзэв.

Мөн хохирогч Ц.С нь цалин 1.200.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт ...нотлох баримтаа дутуу өгсөн тул одоогоор шийдвэрлэх боломжгүйг хүлээн зөвшөөрч, дараа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү... гэх хүсэлт гаргасан зэргийг шүүх хүлээн авч, цалин 1.200.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч Ц.С нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1.001.324,82 төгрөгийн цалин авсан болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт ...лист мөнгөө хасаад үлдэх цалингаа авчихсан байна гэж үзэж байна... гэх тайлбар гаргасан боловч оролцогчид энэ талаарх нотлох баримтуудаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар харилцан тэгш эрхтэйгээр мэтгэлцэх зарчмаар цуглуулж, 1.200.000 төгрөгийн цалинг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй эсэхийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хохирогч Ц.Сгийн 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлээс цалин 1.200.000 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн учир уг дүнг хасаж, шүүгдэгч Б.Оаас хохирогч Ц.Сд гаргуулан олгохоор шийдвэрлэсэн 422.520 төгрөгийг хасаж, илүү нэхэмжилсэн 877.480 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж байна.

Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялын санал гаргав.

Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.О нь бусдад 272.520 төгрөгийн төлөх төлбөртэй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8,  9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оаас 272.520 төгрөг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.С-д олгож, илүү нэхэмжилсэн 877.480 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.С нь 9 дүгээр сарын цалин 1.200.000 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хохирогч Ц.С нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1.001.324,82 төгрөгийн цалин авсан болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д  зааснаар шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад 272.520 төгрөгийн төлөх төлбөртэй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА