| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/04343/И |
| Дугаар | 210/МА2026/00706 |
| Огноо | 2026-03-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2026/00706
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ийн нэхэмжлэлтэй,
******* ХХК, ******* нарт холбогдох,
92,254,630 төгрөг гаргуулах үндсэн, 34,329,832.58 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Миний бие ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч *******тай найз нөхдийн холбоотой. Би, 2022 онд тус компанийг улсын бүртгэлийн байгууллагад албан ёсоор бүртгүүлж, үүсгэн байгуулагдахаас өмнө компанийн хэвийн үйл ажиллагаа явуулах орчин нөхцөлийг хангах үүднээс 6,769,510 төгрөгийн үнэтэй 22 төрлийн эд хөрөнгө, 67,200,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн.
Түүнчлэн нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаанд зориулж шилжүүлсэн бэлэн мөнгөний эх үүсвэрийг бүрдүүлэхдээ өөрийн хадгаламжийг барьцаалан 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр, мөн оны 03 дугаар сарын 10-ны өдрүүдэд тус тус жилийн 13.4 хувийн хүүтэй зээл авсан юм. Нэхэмжлэгч миний бие бичгээр ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй боловч сайн найз байсны хувьд *******д итгэн түүний болон компанийн нягтлан бодогч ******* нарын дансанд мөнгийг шилжүүлсэн.
Улмаар компанийн үйл ажиллагаанд зориулан *******ээс эд хөрөнгө, мөнгө авсан талаараа 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр компанийн захирал *******, нягтлан бодогч ******* нар тооцоо нийлж акт үйлдэж, нийт 73,969,510 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болохыг баталгаажуулсан
...Нэгэнт компанийн үйл ажиллагаа жигдэрч, ашигтай ажиллах болсон учир хөрөнгө оруулалт байдлаар шилжүүлсэн 73,969,510 төгрөгийг, түүнийг хариуцагч ашиглан олсон орлого, үр шимийн хамт буцаан гаргуулан авах хүсэлттэй байна.
Хэрэв би 67,200,000 төгрөгийг хариуцагч руу шилжүүлэхгүйгээр арилжааны банканд хугацаатай хадгалуулсан хэвээр байсан бол хүүгийн орлого олох байсан.
Тодруулбал, мөнгөн хөрөнгийг бүхлээр нь шилжүүлж, компанитай тооцоо нийлсэн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах 2025 оны 02 дугаар сар хүртэл нийт 29 сарын хугацаа болох юм.
Монголбанкны https://stat.mongolbank.mn/finance сайтад байршсан олон нийтэд нээлттэй мэдээллээс харахад арилжааны банкны хадгаламжийн дундаж хүү 2022 онд 9.05 хувь, 2023 онд 11.35 хувь, 2024 онд 11.68 хувь, 2025 онд 11.5 хувьтай байна.
...Иймд, 73,969,510 төгрөг, уг мөнгийг ашиглаж хариуцагч байгууллагын олсон үр шимийг арилжааны банкны хүүтэй адилтган тооцож 18,285,120 төгрөг, нийт 92,254,630 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:
******* миний бие *******, ******* нартай эмнэлгийн зориулалттай байр түрээслэн хамтран ажиллахаар ******* ХХК-ийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан.
******* нь хөтөч, зохион байгуулалт дээр буюу үйлчлүүлэгчээс мөнгө хүлээн авах хэсэг дээр, ******* санхүү компанийн данс тооцоотой асуудлыг, харин би эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хариуцахаар тохиролцсон.
Бид нар тал, талаасаа байгаа зүйлээ нийлүүлэн хамтарч ажилласан бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ******* нь гэрийнхэндээ үзүүлэх гэсэн юм, энэ баримт дээр гарын үсэг зураад, тамга дараад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь миний бие санхүүгийн асуудал тусгагдсан байсан тул холбогдох баримтыг харж байж шийдье гэхэд зөвхөн гэрийнхэндээ л үзүүлнэ ээ, өөр бусад зүйл дээр ашиглахгүй гэсэн тул гарын үсэг зурсан.
Ингээд бидний хамтын ажиллагаа 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон ба *******ээс компани руу хөрөнгө оруулалт хэмээн мөнгө шилжиж орж ирээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, мөн тамга дарагдаагүй учир түүнээс 67,200,000 төгрөгийг авсан болох нь нотлогдохгүй. Харин ******* болон миний данс руу шилжүүлсэн мөнгө нь түрээсийн төлбөрт явсан гэдгийг аудитын дүгнэлтээс харж болно. Түүнчлэн уг дүгнэлтэд 43,471,928.46 төгрөгийг ямар ч баримт нотолгоогүй зарлагадсан гэсэн байсан. Би, санхүү мөнгөтэй холбоотой нэг ч асуудалд оролцоогүй тул энэ асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах болно. Эд зүйлийг нь эгүүлэн өгөхөд татгалзахгүй гэжээ.
3. Хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
...2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ******* нь компаниас гарахдаа *******тай хамтран санхүүгийн тайлан гаргаж өгсөн.
Тэр хоёрын гаргасан манай компанийн санхүүгийн тайланд 73,593,097.74 төгрөгийн өр төлбөртэй гарсан бөгөөд уг төлбөрийг 3 хувааж үзвэл 24,531,032.6 төгрөг болж байна.
Мөн манай компанийн сувилахуйн төвөөр ******* болон түүний гэр бүлийн гишүүд 9,798,800 төгрөгийн эмчилгээ авсан ба эмчилгээний төлбөрийг огт төлөөгүй байна. Иймд, санхүүгийн тайланд тусгагдсан үндсэн өрнөөс түүнд ногдох хэсэг болон *******, түүний гэр бүлийн гишүүд эмчилгээний төлбөр нийт 34,329,832,58 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
Нэг. ******* ХХК нь хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд өр төлбөрөө өөрийн хөрөнгөөр буюу хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгөөр хариуцах зохицуулалттай. Гэтэл компанийн өр төлбөрийг компанид хувьцаа эзэмшдэггүй ******* надаас шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
Би, санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжил эзэмшээгүй, энэ талын мэдлэггүй бөгөөд *******тай хамтран санхүүгийн тайлан нэг ч удаа гаргаж байгаагүй.
Хоёр. ...*******, *******, , нарын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг надаас шаардах хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
Хариуцагч нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөрийг шаардах болсон хууль зүйн үндэслэлээ тодорхой тайлбарлаагүйн дээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй, хуурамч нотлох баримт гэж үзэхээр байна.
Учир нь, эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа болохын хувьд үйлчилгээ үзүүлсэн талаарх татварын баримтыг тухай бүр үйлдэн, дүүргийн татварын хэлтэст тухайн ондоо тайлагнах үүргийг хуулиар хүлээдэг. Гэтэл хариуцагч нь нэр дурдсан 5 хүний 2023 онд авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний баримтыг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэг дор үйлдэж, шүүхэд хуурамч нотлох баримт гарган өгчээ. Энэ нь татвараас зайлсхийх зөрчлийн шинжтэй байгаа юм.
Хөрөнгө оруулсан мөнгөнийхөө хүүнд тооцон хэвтэн эмчлүүлсэн бөгөөд энэ тухай тухайн үед *******д амаар мэдэгдэж, тэрээр үүнийг хүлээн зөвшөөрч, төлбөр тооцоо авахгүй гэдгээ ч илэрхийлсэн. Иймд, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 41,769,510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50,485,120 төгрөг болон хариуцагч *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.4.2-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******т холбогдох 34,329,832.58 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
1. Нэхэмжлэгчээс ******* ХХК-ийн захирал Б.Сарантуяа болон ерөнхий нягтлан бодогч ******* нарын данс руу мөнгө шилжүүлдэг байсан. ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******ийн төрсөн ах ийг гэрчээр оролцуулсан бөгөөд гэрчийн мэдүүлэгт: ...дүүгийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулж байна гээд өгсөн, 15,000,000 төгрөгийг Б Уранбилэг нэхэмжлээд аваг... гэж мэдүүлснийг хэрэгт хамааралтай талаас нь хэрхэн үнэлсэн болохоо анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой тусгаагүй. Мөн компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан *******гийн данс руу шилжүүлсэн 12,700,000 төгрөгийг хөрөнгө оруулалтад тооцоогүй нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь, *******, ******* нар хожим компани үүсгэн байгуулагдсаны дараа компанийн зүгээс бусдаас мөнгө, 22 нэр төрлийн эд хөрөнгө авсан болохоо илэрхийлэн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ******* ХХК-д ******* оруулсан хөрөнгө оруулсан баримтыг үйлдэн, гарын үсэг зурж, санхүүгийн тамга тэмдгээр баталгаажуулсан байдаг.
2. Хариуцагч ******* ХХК-ийн зүгээс хариу тайлбар, татгалзлаа нотлох үүднээс өөрсдөө аудитын дүгнэлт гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүх хариуцагчийн татгалзлаа нотолж гаргаж өгсөн нэг талын баримтыг хэргийн хамгийн чухал баримт мэтээр үнэлж, хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотлогдож байгаа үйл баримт, мөнгөн шилжүүлэг, мөнгөн дүн, гэрчийн мэдүүлэг зэргийг харгалзан үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2-т тус тус заасанд нийцээгүй.
3. Нэхэмжлэгч 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар компанид нийт 67,200,000 төгрөгийн бэлэн мөнгийг шилжүүлээгүй байсан бол тухайн мөнгийг арилжааны банканд хадгалуулан ашиг олох боломжтой тул банкны хүүтэй адилтган тооцож, 18,285 120 төгрөгийг гаргуулна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
7. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч болон, хариуцагч нарын өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
2022 оны 03 дугаар сард *******, *******, ******* нар ******* ХХК-ийг үүсгэн байгуулж, хамтран ажилласан. Тухайн үед өөрсдийн боломжоор хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаагаа эхэлсэн. Хамтран ажиллах зорилгоор өөрсдөө хөрөнгө оруулж үйл ажиллагаа явуулсан.
Давж заалдах гомдлын эхний үндэслэлд 09 дүгээр сарын 15-ны өдөр үйлдэгдсэн баримтыг үнэлээгүй гэж дурдсан. Үүнтэй холбоотой асуудлыг анхан шатны шүүхийн шийдвэрийн 6.3, 6.6-д тайлбарласан. Өөрөөр хэлбэл, шийдвэрийн 6.3-д *******гийн данс руу шилжүүлсэн мөнгө нь өөр, өөр утгатай байгаа тул үүнийг хөрөнгө оруулалт гэж үзэх боломжгүй гэж, 6.6-д аудитын дүгнэлтэд дурдагдсаны дагуу бэлэн мөнгө хэлбэрээр 67,200,000 төгрөг өгсөн нь үгүйсгэгдсэн гэж тус тус дүгнэсэн. Нэхэмжлэгч тал 09 дүгээр сарын 15-ны өдрийн баримтыг үндэслэн тайлбарлаж байгаа боловч тус баримтын агуулгад маргаангүй. Бэлэн мөнгө өгөөгүй байхад бэлэн мөнгө гэж бичигдсэн бол үүнээс цааших зүйлс үнэн байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн баримтыг дүр үзүүлж хийсэн.
Нэхэмжлэгч тал нотлох баримт үнэлээгүй гэж гомдолдоо дурдсан. Гэвч ямар баримтыг үнэлээгүй, ямар баримтыг буруу үнэлсэн гэдгийг тодорхой заагаагүй. Шүүх хэрэгт авагдсан баримтыг өөрийн дотоод итгэл үнэмшлээр үнэлсэн тул үүнийг буруутгах үндэслэлгүй.
Мөн 18,200,000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч гаргуулахаар шаардсан боловч үүнтэй холбоотой хууль зүйн үндэслэлийг дурдаагүй тул хууль хэрэглээний хувьд маргах боломжгүй. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх агуулга дурдсан. Хэрэв хохирол учирсан бол хууль зөрчсөн үйлдэл байх ёстой. Үүнтэй холбоотой эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй болох нь нотлогдож байна.
Бид сөрөг нэхэмжлэл гаргасан боловч үүнийг хэрэгсэхгүй болгосон ч бид уг асуудлаар гомдол гаргаагүй. Учир нь, аудитын дүгнэлтээр болон дансны хуулгаар 36,000,000 төгрөг орж ирсэн бөгөөд 6,700,000 төгрөгийн тоног төхөөрөмж авсан учраас нэхэмжлэгчтэй хохирол хуваалцахаар маргахгүй гэж шийдсэн. Өөрөөр хэлбэл, авсан юмаа өгөх байдлаар асуудалд хандсан. Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан 92,254,630 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч ******* ХХК нь 34,329,832.58 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
Тодруулбал,
нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч ******* болон ******* нартай хамтран ажиллахаар тохиролцож ******* ХХК-ийг үүсгэн байгуулахад хөрөнгө оруулалт хэлбэрээр 6,769,510 төгрөгийн үнэтэй 22 төрлийн эд хөрөнгөөс гадна 67,200,000 төгрөгийг шилжүүлсэн боловч талууд хамтран ажиллах боломжгүй болсон, хөрөнгө оруулалт гэж өгсөн мөнгийг буцааж өгөөгүй, хэрэв үүнийг хугацаатай хадгаламжид байршуулсан бол 18,285,120 төгрөгийн орлого олох байсан. Иймээс хариуцагч нараас 92,254,630 төгрөг /6,769,510 + 67,200,000 + 18,285,120/-ийг гаргуулна... гэсэн бол,
хариуцагч нар ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ******* нь компаниас гарахдаа *******тай хамтран санхүүгийн тайлан хариуцдаг байхдаа манай компанийг 73,593,097.74 төгрөгийн өр төлбөртэй гаргасан, энэхүү төлбөрийг 3 хуваахад 24,531,032.6 төгрөг болно, түүнчлэн нэхэмжлэгч, түүний гэр бүлийн гишүүд компанийн үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний 9,798,800 төгрөгийн төлбөрийг төлөөгүй тул нийт 34,329,832,58 төгрөгийг гаргуулна... гэжээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйгээс гадна шийдвэрийн тогтоох хэсэгт талуудын маргаанд буюу үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхэнд хамааралгүй хуулийн зохицуулалтыг баримталсан нь хууль хэрэглээний алдаатай байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Талуудын тайлбараар *******, *******, ******* нар эмнэлгийн зориулалттай байр түрээслэн хамтран ажиллахаар ******* ХХК-ийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үүсгэн байгуулж, сувилахуйн тусламж, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаад хамтын ажиллагаагаа дуусгавар болгосон гэсэн.
Хэдийгээр талууд сувилахуйн тусламж, үйлчилгээний чиглэлээр компани үүсгэн байгуулж, хамтран ажиллахаар тохирсон гэдэг боловч хэргийн баримтаар ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр *******, ******* нар бүртгэлтэй байсан бол, харин нэхэмжлэгч ******* хувьцаа эзэмшигч биш бөгөөд тэрээр тус компанид 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ажилласан гэх үйл баримтын талаар маргаагүй байна. /1.х.х-ийн 1, 98-99, 138/
4. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч *******ийг ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч байгаагүй талаар үндэслэл бүхий дүгнэлт өгсөн боловч нэхэмжлэгч нь хариуцагч нарт хөрөнгө оруулалт хэлбэрээр 6,769,510 төгрөгийн үнэтэй 22 нэр төрлийн эд хөрөнгө, мөн 67,200,000 төгрөгийг өгсөн эсэх, хариуцагч нь мөнгөн төлбөрийн үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчид тохирсон хүү төлөх үүрэгтэй эсэх талаарх маргааныг үндэслэл бүхий хянан шийдвэрлээгүй байна.
5. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан.
Тодруулбал, үүргийн харилцаа нь хууль буюу гэрээнд үндэслэгдэн үүсэх бөгөөд хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл нь үүрэг үүсэх үндэслэлд хамаардаг.
Зохигч сувилахуйн тусламж, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ашиг олох зорилгоор ******* ХХК-ийг үүсгэн байгуулахаар тохиролцсон, нэхэмжлэгч ******* нь тийнхүү хамтын үйл ажиллагаа явуулахад зориулан тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт /хураамж/ -ыг өгсөн боловч компанийн хувьцаа эзэмшигч болоогүй байна.
Иймээс анхан шатны шүүхийн талуудын хооронд үүссэн үүргийн харилцааны онцлогийг харгалзан зохигчийн хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүссэн, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан гэх дүгнэлт үндэслэлтэй.
6. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******г ******* ХХК-ийн хувьцаанаас ногдох хэсгийг өгөх тухай тохиролцоогоо зөрчсөн гэсэн үндэслэлээр компанид өгсөн зүйлээ буцаан нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн.
6.1. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч *******ийн Худалдаа хөгжлийн банк ХК дахь тоот данснаас ******* руу 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийг office turees гэх утгаар, мөн өдөр 5,000,000 төгрөгийг office turees гэх утгаар, /1.х.х-ийн 21-22/
******* руу 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийг office turees гэх утгаар, мөн өдөр 5,000,000 төгрөгийг office turees гэх утгаар, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг horongo orulalt гэх утгаар, 5,000,000 төгрөгийг гэх утгаар, 2,500,000 төгрөгийг гэх утгаар, 2022 оны 03 дугаар сарын 11-ний 2,500,000 төгрөгийг horongo orulalt гэх утгаар, /1.х.х-ийн 23-28/
6.2. Түүнчлэн нэхэмжлэгчийн Хаан банк ХК дахь тоот данснаас ******* руу 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 2,700,000 төгрөгийг гэх утгаар, /1.х.х-ийн 29/
******* руу 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөгийг horongo oruulalt гэх утгаар, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөгийг horongo oruulalt гэх утгаар, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 410,000 төгрөгийг гэх утгаар, /1.х.х-ийн 30, 31, 35/
******* ХХК-ийн өмнөөс 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр руу 650,000 төгрөгийг 5 office shire гэх утгаар, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр рүү 943,000 төгрөгийг saraa coffe batomchig гэх утгаар, 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр рүү 131,000 төгрөгийг veganhatagi llc гэх утгаар, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр руу 14,500 төгрөгийг detox 4 davhar гэх утгаар, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр рүү 519,200 төгрөгийг vegan hatagi гэх утгаар, 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр руу 190,000 төгрөгийг vegan hatagi гэх утгаар, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр руу 52,500 төгрөгийг 4 davhar detox гэх утгаар тус тус шилжүүлсэн байна. /1.х.х-ийн 33, 34, 36-40/
6.3. Мөн нэхэмжлэгчийн ах ийн Хаан банк ХК дахь 5028182313 тоот данснаас 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ******* руу 15,000,000 төгрөгийг гэх утгаар шилжүүлсэн бөгөөд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө ...өөрийн дүү *******ийн гуйлтын дагуу тухайн мөнгийг шилжүүлсэн тухайн мөнгө миний данснаас шилжсэн боловч манай гэр бүлийн санхүүгийн эх үүсвэрээс гарсан... гэж тайлбарлаж, үүнийг ******* нэхэмжлэхэд татгалзах зүйлгүй талаар мэдүүлжээ. /1.х.х-ийн 31, 2.х.х-ийн 86-88/
6.4. Хэрэгт авагдсан ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн СШ-ХА-25/01 дугаартай дүгнэлтээр ...*******ээс 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 03 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт 35,000,000 төгрөгийг *******гийн Хаан банк ХК дахь 5031479193 тоот дансанд, мөн 6,769,510 төгрөгийн хөрөнгө хүлээлгэн өгч нийт 41,769,510 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна... гэжээ. /1.х.х-ийн 144-145/
Гэвч дээрх дүгнэлтэд нэхэмжлэгч *******ээс *******д 12,700,000 төгрөг, хариуцагч ******* ХХК-ийн өмнөөс бусад этгээдэд 2,500,200 төгрөг, түүний ах ээс хариуцагч *******д 15,000,000 төгрөгийг тус тус өгсөн байгааг үндэслэл бүхий хянан шалгаагүй бөгөөд эдгээр мөнгийг хүлээн аваагүй болохоо хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар няцаагаагүй.
6.5 Үүнээс гадна зохигч 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ******* ХХК-д *******ийн оруулсан хөрөнгө оруулалтын талаар тооцоо нийлж, нэхэмжлэгч нь эд зүйлээр 6,769,510 төгрөг, бэлэн мөнгөөр 67,200,000 төгрөг, нийт 73,696,510 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болохыг баталгаажуулсан байна. /1.х.х-ийн 13/
Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан.
Талууд ийнхүү тооцоо нийлж 73,696,510 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаар баталгаажуулсан хэдий ч баримтаар нэхэмжлэгч *******ээс хариуцагч ******* руу 35,410,000 төгрөг, ******* руу 12,700,000 төгрөг, хариуцагч ******* ХХК-ийн өмнөөс бусад этгээд рүү 2,500,200 төгрөг, нийт 50,610,200 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд үүн дээр нэхэмжлэгчийн ах ээс ******* руу шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг нэмээд 65,610,200 төгрөгийг хэмжээнд хөрөнгө оруулалт оруулжээ.
Тодруулбал, Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж, 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж тус тус зааснаар нэхэмжлэгч ******* өөрөө болон түүний өмнөөс ах нар 65,610,200 төгрөгийг *******, ******* нараас гадна тэдгээрийн зөвшөөрсөн этгээдэд шилжүүлсэн байх тул дээрх хэмжээний мөнгийг хариуцагч ******* ХХК-д өгсөн гэж үзнэ.
Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нь хариуцагчид 65,610,200 төгрөг, мөн 6,769,510 төгрөгийн үнэ бүхий эд зүйл өгсөн болохыг дээрх байдлаар залруулна.
7. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна гэж, 208.3-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан.
Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-ийг үүсгэн байгуулахад зориулж өгсөн 65,610,200 төгрөг болон 6,769,510 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг буцаан шаардсан боловч хариуцагч тал өгөөгүй, улмаар тус компанийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа дээрх эд зүйлийг мөнгөөр нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2-т Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө гээд 205.2.1-д гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй гэж тус тус заасныг зөрчихгүй.
8. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан.
Өөрөөр хэлбэл хууль болон гэрээнд заасан хугацаанд үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй бол хэтрүүлсэн хугацаанд тохирох хүү төлөх үүргийг хуулиар тогтоосон ба хүүгийн хэмжээний талаар тухайлан тохирсон байхыг шаардахгүй.
Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* нь Худалдаа хөгжлийн банк ХК дахь 463041448 тоот хадгаламжийн данс эзэмшдэг байсан бөгөөд тэрээр 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус жилийн 13.40 хувийн хүүтэйгээр зээлж, өөрийн 4630183553 тоот данс руу шилжүүлж тухайн мөнгөн хөрөнгийг хамтын ажиллагаанд хөрөнгө оруулалт хийхэд зарцуулсан байна. /1.х.х-ийн 14-20/
Иймээс нэхэмжлэгчийн хадгаламж барьцаалж авсан зээл болох 30,000,000 төгрөгийг хариуцагч нь ашигласан бөгөөд тухайн мөнгөн хөрөнгийг арилжааны банканд хадгалсан тохиолдолд олох байсан хадгаламжийн хүүгийн орлогыг нэхэмжлэгчийн тодорхойлсон хугацаа болох 2022 оны 10 дугаар сараас 2025 оны 02 дугаар сарыг дуусах хүртэл хугацаагаар Монголбанкнаас ирүүлсэн төгрөгийн хадгаламжийн үлдэгдэлд жигнэсэн дундаж хүүгээр тооцоход:
| Огноо | Хадгаламжийн ЖДХ | Сарын хүү | 30,000,000 төгрөгийн сарын хүү | |
| 2022 он | 10 сар | 8.45 | 0.7 | 210,000 |
| 11 сар | 8.80 | 0.73 | 219,000 | |
| 12 сар | 9.04 | 0.75 | 225,000 | |
| 2023 он | 1 сар | 10.25 | 0.85 | 255,000 |
| 2 сар | 10.38 | 0.86 | 258,000 | |
| 3 сар | 10.55 | 0.87 | 261,000 | |
| 4 сар | 10.65 | 0.88 | 264,000 | |
| 5 сар | 10.74 | 0.89 | 267,000 | |
| 6 сар | 10.89 | 0.9 | 270,000 | |
| 7 сар | 10.89 | 0.9 | 270,000 | |
| 8 сар | 11.16 | 0.93 | 279,000 | |
| 9 сар | 11.27 | 0.93 | 279,000 | |
| 10 сар | 11.34 | 0.94 | 282,000 | |
| 11 сар | 11.45 | 0.95 | 285,000 | |
| 12 сар | 11.35 | 0.94 | 282,000 | |
| 2024 он | 1 сар | 11.60 | 0.96 | 288,000 |
| 2 сар | 11.63 | 0.96 | 288,000 | |
| 3 сар | 11.76 | 0.98 | 294,000 | |
| 4 сар | 11.71 | 0.97 | 291,000 | |
| 5 сар | 11.73 | 0.97 | 291,000 | |
| 6 сар | 11.63 | 0.96 | 288,000 | |
| 7 сар | 11.62 | 0.96 | 288,000 | |
| 8 сар | 11.68 | 0.97 | 291,000 | |
| 9 сар | 11.76 | 0.98 | 294,000 | |
| 10 сар | 11.85 | 0.98 | 294,000 | |
| 11 сар | 11.90 | 0.99 | 297,000 | |
| 12 сар | 11.80 | 0.98 | 294,000 | |
| 2025 он | 1 сар | 11.83 | 0.98 | 294,000 |
| 2 сар | Лавлагаа байхгүй тул өмнөх сартай адил тооцов. | 294,000 | ||
| Нийт | 7,992,000 | |||
7,992,000 төгрөг болж байх тул үүнийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч *******т олгох нь дээрх хуулийн заалтад нийцнэ.
Харин нэхэмжлэгч нь 30,000,000 төгрөгөөс бусад 35,610,200 төгрөгийг хадгалуулах эсэх нь эргэлзээтэй учир тухайн мөнгөнөөс хүү тооцох боломжгүй.
Дээрхийг нэгтгээд хариуцагч ******* ХХК-аас 80,371,710 төгрөг /дансаар шилжүүлсэн 65,610,200 төгрөг, эд хөрөнгийн үнэ 6,769,510 төгрөг, олох ёстой байсан орлого 7,992,000 төгрөг/-ийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.
9. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******т холбогдуулан тухайн компанид ажиллах байх хугацаанд санхүүгийн тайлан буруу гаргасны улмаас компанид хохирол учирсан, мөн нэхэмжлэгч болон түүний хамаарал бүхий этгээдүүд эмнэлгийн тусламжийн үйлчилгээ авсан боловч төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, сөрөг нэхэмжлэлийн талаар давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.
Харин шийдвэрийн тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхэд хамааралгүй заалт болох Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.4.2 дахь хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байгааг давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд залруулна. Учир нь,
Нэхэмжлэгч нь хариуцагч компанид хөдөлмөрийн гэрээгээр бус тодорхой хугацаанд ажиллаж цалин хөлс авч байсан талаарх үйл баримтыг няцаагаагүй бөгөөд компанийн зүгээс түүнийг зохих ёсоор ажиллаагүй гэсэн үндэслэлээр хохирол шаардсан байх тул хөлсөөр ажиллах гэрээний харилцааны хүрээнд шийдвэрлэх нь илүү нийцнэ гэж дүгнэлээ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/00624 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 205 дугаар зүйлийн 205.1, 222 дугаар зүйлийн 222.5-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 80,371,710 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,882,920 төгрөг болон хариуцагч *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтад ...205 дугаар зүйлийн 205.1, 205.4.2 гэснийг 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1 гэж,
3 дахь заалтад ...366,798 гэснийг 559,809 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410,376 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
Б.МАНДАЛБАЯР