Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 709

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Э. хөтлөн

улсын яллагч С.Ц

шүүгдэгч Д.О

хохирогч Р.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн эрүүгийн ......... тоот, 1 хавтас хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны . дугаар сарын ...-нд ..... аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ..... аймгийн .... сум, ... дүгээр баг, .... дугаар хэсэг, .. дүгээр байр ... тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 4; эхнэр, 2 хүүхдийн хамт ..... дүүргийн .... дугаар хороо, ... хороолол, .... дугаар байр, ... тоотод оршин суух,

ял шийтгэл: 1. Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 31 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг 8 сарын хугацаагаар хойшлуулсан,

2. Дорноговь аймгийн шүүхийн 2000 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жил, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жил, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус, урьд оногдуулсан 3 жил хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жил 6 сар хорих ял шийтгүүлснийг Улсын Дээд шүүхийн 2000 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 43 тоот магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг 5 жил 2 сарын хорих ял болгон өөрчилж хүнд ял болох 5 жил 2 сарын хорих ялд мөн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялуудыг багтааж уг тогтоолоор оногдуулсан 5 жил 2 сарын хорих ял дээр 1999 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 31 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 5 жил 8 сар хорих ялаар шийтлүүлсэн,

3. Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгг зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 7 жил хорих ял шийтгүүлж, Дуүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 329 дугаартай захирамжаар 1 жил 6 сар 9 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

............. дугаарын регистртэй, .......... овогт .....................

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Д.О. 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дуүргийн 22 дугаар хороо, “Таац” дэлгүүрийн орчимд хохирогч Р.Б-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоход татгалзах зүйлгүй, өөрийгөө өмгөөлж чадна.

Би хамаатны ахыгаа архи уугаад байхаар нь хажуудаа авч ажлуулсан боловч хэд хоног алга болчихсон. Гадуур архи уугаад явж байна гэх сургаар яваад очтол тэр надаас мөнгө нэхэхээр нь өгөөгүй бөгөөд хүнд битгий гай болоод байгаараа, мөрөөрөө амьдармаар байна гэж хэлсэн. Тэгээд тухайн үед ахтай хамт байсан энэ Болд-Эрдэнэ гэгчид хандаж хүн битгий уруу татаж архи уугаад бай гэж хэлтэл зүгээр байгаарай банди минь гээд намайг заамдсан. Тэгэхээр нь би түлхэж унагаад өшиглөсөн.

Хүн зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Хохирлын хувьд 130.000 төгрөг өгсөн. Харин хохирогч Болд-Эрдэнэ нь намайг дуудаж уулзаад надаас эхлээд 5 сая төгрөг өг гэж нэхсэн. Тийм боломж байхгүй гэдгээ хэлтэл тэгвэл дундаа хийе, 2.5 сая төгрөг өг гэхээр нь бас боломжгүй гэдгээ хэлээд 1.5 сая төгрөгийг 3 хувааж өгье гэж хоорондоо ярилцсан юм. Болд-Эрдэнэ нэг удаа над дээр согтуу ирээд явалддаг хүүхэнтэйгээ уулзахаар 7 буудал руу явж байна, чи мөнгө олж өг гэхээр нь би мөнгөгүй гэдгээ хэлээд, ажил дээр байсан 1 шил архийг өгөхөд архийг аваад, өмдөндөө хавчуулаад явсан.

Миний хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард олох орлого маань тогтмол биш янз бүр, заримдаа 100.000 төгрөгийн орлоготой байх үе ч гардаг. Түүнчлэн манай хүүхэд зүрхний хагалгаанд ороод бид нарт мөнгөний хэрэгцээ их гарч байгаа. Гэхдээ хохирогчид учирсан бодит хохирлыг нь төлөх болно гэв.

 

Хохирогч Р.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

О-ын ах Т-тэй би багын найзууд юм. Намайг ээжийнд ирээд байж байтал Төрмөнх залгаад “Тааз” дэлгүүрийн ард байрлах “вьетнам засвараас ч илүү” гэдэг нэртэй авто засварын газрын гадаа байна, энд хүрээд ир гэсэн. Очиход байхгүй, 40 минут орчим хүлээгээд ирээгүй. Маргааш нь өдөр ирээд дагаад яв гэсэн “Тааз” дэлгүүрийн урд зочид буудлын нэг давхрын цайны газар луу цуг ортол 3 залуу хоол идээд сууж байсан. Нэг залуу нь О байсан. О Т ахтайгаа мөнгө төгрөг яриад маргалдаад байсан. Гэтэл О хамт байсан Д гэх залуу нь намайг “энэ яаж зогсоод байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэр үед би буруу хараад зогсож байтал араас цохисон. Намайг унахад миний цээж, толгой руу өшиглөсөн. Бид нарыг Т-ийн эхнэр Ч салгасан.

Хэрэгтэй холбоотой маргах зүйл байхгүй, харин маш их чирэгдэл учирлаа. О надад 130.000 төгрөг өгсөн нь үнэн. Баримт нь энд байна. Ярьж, харилцан тохиролцсоны дагуу 1.5 сая төгрөг нэхэмжилнэ. Энэ нэхэмжлэлд эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл санааны, мөн ажилгүй байсан хугацааны цалин орж байгаа. Эмчилгээ болон цалинтай холбоотой нэхэмжлэлийн баримт надад байхгүй. Би “Идэр ширээгүү” гэдэг компанид очиж ажилладаг, өдөртөө 50 мянган төгрөгийн цалин авдаг байсан. Ажилд орсон тушаал энэ тэр байхгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Р Б “… 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 13 цагийн орчим Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Таац дэлгүүрийн орчим найз Т уулзахаар тохирсон газраа ирээд би Т эхнэр Ч тай юм яриад зогсож байхад хамт байсан өндөр залуу энэ юун банди вэ гэсэн. Би юм дуугаараагүй. Ч манай нөхрийн багын найз байгаа юм гэсэн. Тэгээд хажууд байсан О гэх гэзэгтэй, хүзүүндээ хас тэмдэгтэй гинж зүүсэн залуу миний нүүр лүү цохисон. Би газар унасан. Тэгээд би нүүрээ дараад тонгойход намайг өшиглөсөн. Харахад О гэх залуу намайг цохиж байсан. ... Гомдолтой байна. 3 сая төгрөг нэхэмжилнэ” /хх-н 10-11/ гэж,

гэрч Ц.Д “... 2019 оны 4 дүгээр сарын 16-нд би найз О-тай хамт ажлаас гараад явж байхад О-ын ах нь таараад О-аас мөнгө нэхээд маргаад байх шиг байсан. Тэгээд хоорондоо маргалдаж байх үед хажуунаас нэг залуу манай найзыг хэл амаар доромжлоод байхаар нь О цохисон чинь газар уначихсан. Хөл рүү өшиглөхөөр нь би О-ыг салгаад явсан” /хх-н 12/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Р.Б гэмтэлтэй холбоотойгоор “Б биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, уруул, хүзүүнд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн 4844 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 16/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Д.О-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.О-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Д.О-т холбогдох хэрэг шүүхэд хянагдах явцад тэрээр хөдөө орон нутагт явж байгаад авто осолд орсон байх ба энэ талаар Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгээс “.... 36 настай, эрэгтэй. Онош: Баруун 4, 5 дугаар хавирга, баруун эгэм яс, зүүн 7, 8 дугаар хавирганы хугарал, баруун уушгины няцрал, цээжний хөндийн цус хуралт. Өвчний түүхийн дугаар 3781/76, Мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа нь үнэн болно” гэсэн Тодорхойлолтыг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр бичиж, 1/430 тоот албан бичгээр мэдэгджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, ... гэсэн ялын санкцтай бөгөөд шүүгдэгч Д.О-ын эрүүл мэнд, ар гэрийн байдлыг тус тус харгалзан торгох ялыг шүүх сонгов.

 

Шүүх шүүгдэгч Д.О-т холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогчийн эмчилгээний зардлын баримтууд болох нийт 128.000 төгрөгийн баримт хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд авагдсан байх ба шүүгдэгч Б.О хохирогч Р.Б-д 130.000 төгрөг төлжээ.

 

Харин хохирогч Р.Б шүүгдэгч Д.О-аас нийт 1.5 сая төгрөг нэхэмжилсэнийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

Учир нь; хохирогч Р.Б 1.5 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа “... эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл санааны, мөн ажилгүй байсан хугацааны цалин орж байгаа. ... компанид очиж ажилладаг, өдөртөө 50 мянган төгрөгийн цалин авдаг” гэх боловч ямар нэгэн бичгийн баримт байхгүй,

тухайлбал хохирогч Р.Б ямар аж ахуйн нэгжид ажилладаг нь тодорхойгүй, хөдөлмөрийн гэрээ, ажилд орсон тухай тушаал, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсхүл гэрээгээр ажил гүйцэтгэж байсан гэдгийг нотлох баримт байхгүй, улмаар энэ гэмт хэргийн улмаас ямар эмчилгээ хийлгэсний дагуу хэдэн төгрөгийн зардал гарсан, түүний гоо сайханд хэрхэн өөрчлөлт орсон, сэтгэл санаагаар яаж хохирсон гэдэг нь тодорхой бус байна.

 

Өөрөөр хэлбэл хохирогч Р.Б ээс эмчилгээний болон бусад зардал гарсан гэдгийг шүүх үгүйсгэхгүй. Гэвч уг зардал нь бодитой байж нотлох баримтаар нотлогдох ёстой.

 

Иймд хохирогч Р.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Шүүгдэгч Д.О цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Шүүгдэгч Д.О шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б.... овогт Д. О.ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Д.О торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Р.Б гомдолтой гэснийг дурдаж, түүний нэхэмжилсэн 1.5 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.О урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ