| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 181/2023/01815/И |
| Дугаар | 210/МА2026/00709 |
| Огноо | 2026-03-30 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2026/00709
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ын нэхэмжлэлтэй,
*******-д холбогдох,
Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
...Би, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 тоот тушаалаар ******* аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ерөнхий захирлын албан тушаалд түр томилогдож ажиллаж байсан.
Гэтэл намайг Эрүүл мэндийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/30 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7, 42.2.9, 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5 дахь заалт, 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ажил олгогчийн өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, санхүүгийн болон хүний нөөцийн удирдлагыг хангалтгүй хэрэгжүүлсэн, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг зөрчсөн нь шалгалтаар тогтоогдсон гэх үндэслэлээр ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн.
Гэтэл намайг ажил олгогчоос өгсөн чухам ямар үүрэг даалгаврыг хэрхэн яаж, цаг хугацаанд нь биелүүлээгүй гэж үзсэн нь тодорхойгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.5-т тус тус заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч миний бие хуулийн дээрх заалтад заасан зөрчлийг гаргаагүй. Үүнээс гадна намайг мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэж үзэж байгаа бол юуг үндэслэж ингэж үзсэн нь тодорхой бус байна. Тиймээс ямар нэгэн үндэслэл нотолгоогүй гэнэт чөлөөлсөн тушаал гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн дээрх 2 үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан зохицуулалтыг хэрэгжүүлэхгүйгээр надад мэдэгдэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь хуулийг зөрчсөн үйлдэл болно.
Тус хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн хэдий ч энэхүү заалт бол хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах заалт. Гэтэл надад сахилгын шийтгэл ногдуулаад байгаа юм уу, аль эсхүл ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаад байгаа эсэх ойлгомжгүй, үндэслэлгүй байна.
Түүнчлэн намайг өвчтэй, эмнэлгийн магадлагаатай байхад ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. ...Иймд, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
*******ыг Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ажилд түр томилох тухай Б/11 дүгээр тушаалаар Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль бусад хууль тогтоомжийг үндэслэн ******* аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ерөнхий захирлын албан тушаалд түр томилсон.
Эрүүл мэндийн яамны шалгалтын ажлын хэсгээс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан дүгнэлтээр зөвлөмжийн биелэлтийг хангалтгүй ирүүлсэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалтын дагуу хөрөнгө, төлбөр тооцооны тооллого хийх, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтын дагуу батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтын дагуу оролцогчийг сонсох ажиллагаа явуулах, Албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.4 дэх заалтын дагуу гадаад харилцаа, хамтын ажиллагаа, татвар, санхүү, хүний нөөцтэй холбоотой үйл ажиллагааг баримтжуулах, Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 3.3 Хуралдааны тэмдэглэл гэсэн хэсэгт заасныг тус тус үйл ажиллагаандаа баримтлан ажиллаагүй байх тул ******* аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ерөнхий захирлыг албан үүргээс нь чөлөөлөх саналыг гаргасан.
Мөн Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтээр нэхэмжлэгчид удирдах ажилтны ёс зүй, манлайлал, удирдах ажилтны арга барил, менежментийн үндсэн үйл ажиллагаа дутагдаж байгааг дүгнэж, хууль, эрх зүйн хүрээнд *******ыг өөрийн эрхэлж буй ажилдаа тэнцэх эсэхийг хянан шийдвэрлэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах" заалтын дагуу нэхэмжлэгчид хариуцлага тооцуулах саналыг ирүүлсэн.
Улмаар ******* аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүл мэндийн сайдад хандан 02 тоот Санал хүргүүлэх тухай албан бичгээр *******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж өгөхийг санал болгосон байсан.
Нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтын дагуу мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болохыг Эрүүл мэндийн яамны ажлын хэсгийн дүгнэлт, ******* аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн санал, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дүгнэлтээр тогтоож өгсөн.
Энэ тухай нэхэмжлэгчид өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон болох нь Эрүүл мэндийн сайдаас нэхэмжлэгчид хүргүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Зөвлөмж хүргүүлэх тухай 1а/5239 тоот албан бичгээр нотлогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь ******* аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг 1 тэрбум гаруй төгрөгийн өрөнд оруулсан болох нь ******* аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 тоот албан бичгээр нотлогдож байгаа бөгөөд түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтын дагуу ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж үзэх үндэслэл болсон ...нэхэмжлэгчид 30 хоногийн өмнө мэдэгдсэн болох нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлээр нотлогдож байна. Ажил олгогч нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай сонсох ажиллагааг цахимаар хийж нэхэмжлэгчийг санал, тайлбар гаргах боломжоор хангасан.
Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 болон 123.2.5 дахь заалтуудыг үндэслэсэн нь Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 22/119 тоот албан бичгээр тус заалтын дагуу нэхэмжлэгчид хариуцлага тооцуулах тухай санал гаргасан. Мөн Эрүүл мэндийн яамны шалгалтын ажлын хэсгийн дүгнэлт, ******* аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн санал, холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн гаргасан ба дээрх дүгнэлтүүдээр ******* нь ажил олгогчийн өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, байгууллагын санхүүгийн болон хүний нөөцийн удирдлагыг хангалтгүй хэрэгжүүлсэн, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг зөрчсөн нь шалгалтаар тогтоогдсон. Мөн Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүчинтэй байх хугацаа нь дуусгавар болсон.
Иймд, дээрх үндэслэлүүдээр Эрүүл мэндийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/30 тоот тушаал нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэг заасныг баримтлан Эрүүл мэндийн яамд холбогдох Эрүүл мэндийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/30 тоот тушаалыг хүчингүй болгож, ******* аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
1. ******* нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 03 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл өвчний учир эмнэлгийн чөлөөтэй байсан болох нь хавтас хэргийн 9 дүгээр талд авагдсан Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсаар нотлогдож байна. Нэхэмжлэгчийг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна. Тус хуулийн 60 дугаар зүйлд ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах 60.1 дүгээр зүйлд 13 үндэслэлээр ажилтны ажлын байрыг хэвээр хадгална гэж зохицуулсан. Түүнчлэн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийн 60.1.2-д ...-д зааснаас бусад тохиолдолд эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатай тохиолдолд ажилтны ажлын байрыг хэвээр хадгалахаар заасан байхад ийнхүү ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан нь дээр дурдсан хуулийн 60 дугаар зүйлийг илт зөрчсөн байхад анхан шатны шүүх энэ баримт, хуулийн заалтыг анхаарахгүйг, нотлох баримтыг үл тоомсорлон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэлгүй.
2. ******* аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь салбарын хамтын хэлэлцээрийн зохицуулалтыг удирдлага болгон үйл ажиллагаандаа хэрэглэх ёстой. Хамтын хэлэлцээрийн 2 дугаар зүйлийн 2.6-д тодорхой шалтгааны улмаас ажлын байрыг олноор цөөрүүлэх, шилжүүлэх, орон тоо, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийхдээ ажил олгогч нь Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад 30 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэж, ажилтны хууль ёсны эрх ашиг сонирхлыг хангаж ажиллана, мөн 2.7-д Ажлын байрыг олноор цөөрүүлэх, шилжүүлэх, орон тоо бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийх тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 3 жил хүртэл хугацаа дутуу байгаа ажилтан, өрх толгойлсон болон насанд хүрээгүй 2-оос дээш хүүхэдтэй ажилтнуудыг цомхотголд хамруулахгүй байх бөгөөд хэрэв тухайн ажлын байр нь зайлшгүй цомхотголд орсон тохиолдолд өмнө нь авч байсан цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөлийг бууруулахгүйгээр өөр ажлаа хангана гэж заасан байна.
Гэтэл Эрүүл мэндийн яам нь дээрх хамтын хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэхгүйгээр шууд ажлаас чөлөөлсөн байна. Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа дээрх хамтын хэлэлцээрийн заалтыг үл тоомсорлон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй.
3. Шийдвэрийн 11 дүгээр талд хариуцагч тал нь дээрх дүгнэлтэд зааснаар зөвлөмжийн биелэлтийг хангалтгүй ирүүлсэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг 12.2 дахь заалтын дагуу хөрөнгө, төлбөр тооцооны тооллого хийх, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтын дагуу батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтын дагуу оролцогчийн сонсох ажиллагаа явуулах, Албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.4 дэх заалтын дагуу гадаад харилцаа, хамтын ажиллагаа, татвар, санхүү, хүний нөөцтэй холбоотой үйл ажиллагааг баримтжуулах, Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 3.3 хуралдааны тэмдэглэл гэсэн хэсэгт заасныг тус тус үйл ажиллагаандаа баримтлан ажиллаагүй...ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухайн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7, 42.2.9-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болсон...гэж тайлбарласныг бүхэлд нь үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна гэжээ.
Хавтас хэргийн 77 дугаар талд авагдсан 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 213 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол, 154-155 дугаар талд авагдсан 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай ******* аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн албан бичиг хавсралтууд баримт болох 156 талд 2021-2025 оны үндсэн болон төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтаар хүний нөөцийг бэлтгэх стратеги төлөвлөлт, 157 талд авагдсан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 46 дугаартай Эрүүл мэндийн хөгжлийн төвд хандсан Эрүүл мэндийн ажилтны 2022-2023 онд гадаад сургалтад хамрагдах захиалга, 158-163 талд ******* Бүсийн оношилгоо, эмчилгээний төв үндсэн, төрөлжсөн, дээшлүүлэх сургалтын 2022 оны сургалтын захиалга зэргээр нотлогдон үгүйсгэгдэж байхад эдгээр нотлох баримтуудыг шүүх ямар учраас үнэлээгүй талаараа шүүхийн шийдвэртээ тусгаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийсэнгүй.
4. Эрүүл мэндийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/30 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Коронавируст халдвар /КОВИД- 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлийг тушаалынхаа нэг үндэслэл болгосон. Хэдийгээр энэ хуулийн үйлчлэл дуусгавар болсон ч ******* нь ******* аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албанд түр томилогдох үед эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан юм. Эрүүл мэндийн яамнаас ******* аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын албаны сонгон шалгаруулалт зарлаагүй байж ажлаас чөлөөлөх тушаал гаргаж нэхэмжлэгч *******ын эрх зүйн байдлыг дордуулж, нийгмийн баталгааг нь алдагдуулж байна. ******* аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын албан тушаалаас чөлөөлөх шаардлага үүссэн тохиолдолд түүний урьд ажиллаж байсан эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалд эгүүлэн томилох үүрэгтэй байсан.
5. Эрүүл мэндийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/30 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж байгаа боловч тухайн ёс зүйн дүрмийн ямар зүйл заалтыг хэрхэн, хэзээ, яаж зөрчсөн талаар тушаалд тусгаагүй байгаа нь дээрх 2 ёс зүйн дүрмийг зөрчсөн гэх нотлох баримт байхгүйг илтгэж байна. Ажлаас халах тушаал гарах үед мөрдөгдөж байсан 2019 оны 33 тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тусгаж өгсөн байна. Тус дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 уучлал гуйхыг үүрэг болгох, 4.2.2 сануулах гэсэн зохицуулалт байхаас ажлаас чөлөөлөх, халах гэсэн зохицуулалт байхгүй, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэмд мөн адил дүрмийг зөрчсөн тохиолдолд ажлаас чөлөөлөх, халах гэсэн зохицуулалт мөн адил байхгүй.
Иймд, анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч эмнэлгийн хуудасны талаар албан ёсоор ажил олгогч буюу Эрүүл мэндийн сайд болон Эрүүл мэндийн яаманд мэдэгдсэн гэх ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Мөн тухайн үед манай байгууллагад ямар нэгэн эмнэлгийн магадалгаа гэх баримтыг ирүүлээгүй. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед нэхэмжлэгч тухайн баримтыг шүүхэд гаргаж өгсөн болохоос үүнээс өмнө бид тухайн баримттай огт танилцаж байгаагүй. Хамтын хэлэлцээрийн тухайд орон тоо, бүтэц зохион байгуулалт, шилжүүлэлттэй холбоотой цомхотголын асуудлыг хөдөлмөрийн тэс өөр харилцааны зохицуулалттай холбож ярьж байна. Гэтэл талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаан үүнд хамаарахгүй буюу өөр төрлийн хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд гарсан хэлэлцээрээс гадуурх зохицуулалтад хамаарахааргүй харилцаа юм. Анхан шатны шүүх прокурорын байгууллагын гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн санхүүгийн зөрчлийг зөрчил биш гэж дүгнэсэн. Харин бусад хэрэгт авагдсан ******* захиралд холбогдох байгууллагуудын гомдол санал, дүгнэлтүүдийг үгүйсгэх баримтыг нэхэмжлэгч хэрэгт гаргаж өгөөгүй учир нотлогдох боломжгүй гэж үзсэнтэй санал нийлж байна. Мөн хариу хүргүүлэх тухай гэх олон хүний нөөцийн чиглэлээр сургалт хийсэн зөвлөмжийн хэрэгжилт нь Эрүүл мэндийн яамны ажлын хэсгийн хяналт шалгалтын дагуу өгөгдсөн зөвлөмжийн хэрэглээ бөгөөд үүнийг Эрүүл мэндийн яамны ажлын хэсэг хангалтгүй гэж үнэлсэн дүгнэлт гарсан байдаг. Учир нь, ажил олгогч буюу ******* захирал өөрөө байгууллага доторх олон албан хаагчийн эрхийг зөрчсөн хөдөлмөрийн зөрчил гаргасан тул ийм байдлууд үүссэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Эрүүл мэндийн сайдын 2022 оны тушаалаар маргаан бүхий ажил албан тушаалд түр томилогдохоос өмнө өөр ажил албан тушаалд ажиллаж байсан гэж тайлбарладаг. Гэвч нэхэмжлэгч өмнө нь уг ажил албан тушаалд ажиллаж байгаагүй бөгөөд энэ талаарх баримт огт хэрэгт авагдаагүй. Хөдөлмөрийн тухай хуульд заасан хавсран гүйцэтгэх гэх ойлголт нь огт өөр агуулгатай бөгөөд нэхэмжлэгч өмнө нь өөр ажил албан тушаалд ажиллаж байсан нь үнэн бол тухайн ажилтны тушаал хавсран гүйцэтгэх гэх агуулгаар гарах ёстой.
Гэвч нэхэмжлэгч өмнө нь ийм ажил албан тушаалд ажиллаж байгаагүй учир Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг үндэслэж, тухайн ажил албан тушаалд түр томилсон. Эрүүл мэндийн яам нь нэхэмжлэгчийн хэлснээр улс төрждөг байгууллага биш, төрийн байгууллага учир хууль тогтоомжид захирагддаг эрх бүхий орон тооны бус зөвлөл болох Эрүүл мэндийн яамны ёс зүйн хяналтын хороо, ******* аймгийн Төрийн албаны салбар зөвлөл, Эрүүл мэндийн яамны албан ёсны хяналт шалгалтын ажлын хэсгүүдийн дүгнэлт, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо гэх ажилтны эрх ашгийг хамгаалах байгууллагуудаас ирсэн санал, гомдлууд мөн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг үндэслэж, ******* захирлыг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. ...Нэхэмжлэгч албан ёсны сонгон шалгаруулалтын дагуу томилогдсон албан тушаалтан биш учир түүнд сэргэх хууль ёсны эрх ашиг байхгүй гэж үзэж байна. Иймд, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг эс зөвшөөрч байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Эрүүл мэндийн яамд холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч *******ыг ******* аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажил, албан тушаалд ажиллаж байхад нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дугаар тушаалаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс тус аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ерөнхий захирлын албан тушаалд түр хугацаагаар томилсон, /1.х.х-ийн 8/
3.2. Улмаар Эрүүл мэндийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/30 дугаартай тушаалаар *******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7, 42.2.9, 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2022 оны 22/119 тоот албан бичгээр ирүүлсэн дүгнэлт, Эрүүл мэндийн яамны шалгалтын ажлын хэсгийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлтийг тус тус үндэслэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон, ажил олгогчийн өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, байгууллагын санхүүгийн болон хүний нөөцийн удирдлагыг хангалтгүй хэрэгжүүлсэн, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг зөрчсөн нь шалгалтаар тогтоогдсон гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /1.х.х-ийн 5/
Зохигч нар тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн болон Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл дууссан талаар маргаагүй боловч нэхэмжлэгч нь ажил олгогчийн өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, байгууллагын санхүүгийн болон хүний нөөцийн удирдлагыг хангалтгүй хэрэгжүүлсэн, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх нь маргааны зүйл болжээ.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийн талаар зохицуулсан бөгөөд хариуцагч Эрүүл мэндийн яамны сайдын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/30 дугаар тушаалыг үзвэл нэхэмжлэгч *******ыг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь, мөн сахилгын зөрчил гаргасан нь тус тус тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн.
Энэ хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж, мөн 80.1.5-д ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж тус тус заасан.
5. Хэргийн баримтаар ******* аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн сөрөг дүгнэлтэд ...өмнөх аудитаар өгөгдсөн зөвлөмж, төлбөрийн актыг биелүүлээгүй, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхдээ байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулаагүй, эм болон хүнсний материалын шууд худалдан авалт хийсэн, худалдан авалтыг төлбөрийн Е-баримтаар баталгаажуулаагүй, няравын тайлан анхан шатны баримтаас зөрүүтэй, 7-8 сарын шатахуун, хүнсний материалын тайлан гаргаагүй нягтлан бодох бүртгэлийг зохих ёсоор хөтлөөгүй, эм хоолны өглөгийг тооцоо нийлж баталгаажуулаагүй, жилийн эцсийн хөрөнгө тооллого хийгээгүй зэрэг зөрчлүүд нь холбогдох хуульд нийцээгүй... гэжээ. /1.х.х-ийн 89-90/
Гэвч тус аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 213 дугаартай тогтоолоор ******* нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад даваа байдал бий болгосон гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна. /1.х.х-ийн 77/
Тиймээс нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан үндэслэлээр ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн хариуцагчийн тушаалын үндэслэл үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэгчийг ажил олгогчийн итгэлийг алдсан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь ******* аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ерөнхий захирлын ажлыг түр гүйцэтгэж, тус эмнэлгийн мөнгө болон эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй боловч түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийг буруу захиран зарцуулсан гэх үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад сахилгын зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн хариуцагчийн үйлдэл хуульд нийцээгүй байна.
Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасан сахилгын зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн тушаалын хууль зүйн үндэслэлийг буруу гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
6. Харин нэхэмжлэгч *******ыг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүл мэндийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/30 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн эрхлэлтийг харилцааг цуцалсныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
6.1. ******* аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 70 тоот албан бичгээр *******ын ёс зүйн зөрчлийн талаар ажилчдаас гаргасан гомдлыг Эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөлөөр шийдвэрлүүлэхээр Эмнэлгийн мэргэжилтний салбар хороонд шилжүүлжээ. /1.х.х-ийн 91-95/
6.2. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/369 тоот ... аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******ын ёс зүйгүй, дураараа шийдвэр гаргаж эмч ажилтнуудын хөдөлмөрлөх, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгаа асуудлыг шийдвэрлүүлэхэд арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлнэ үү... гэх албан бичгийг Монголын үйлдвэрчний холбооны Ерөнхий нарийн бичигт хүргүүлсэн байна. /1.х.х-ийн 135/
6.3. Мөн Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 03/451 тоот ...******* нь ажил авсан цагаасаа хойш ажилтнууддаа ажлын байрны дарамт шахалт үзүүлж 93 ажилтныг ажлаас халж орон нутаг дахь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар алдагдуулж, хүний нөөцийн дутагдалд оруулж, ёс зүйн хувьд уучилж болшгүй алдаанууд гаргасаар байгаад Эрүүл мэндийн яамны зүгээс хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудит оруулж, ёс зүйн хороогоор хэлэлцүүлж бодит байдлыг тогтоон шийдвэрлэж хариу ирүүлнэ үү... гэх албан бичгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга *******т хүргүүлжээ. /1.х.х-ийн 85/
6.4. Үүнээс гадна Эрүүл мэндийн сайдын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ажилтнуудаас ирсэн гомдлын дагуу хяналт-шинжилгээ хийх удирдамжийн дагуу 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд хяналт шинжилгээ хийхээр болж, /1.х.х-ийн 23-24/
Улмаар 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1а/5239 тоот албан бичгээр зөвлөмж хүргүүлсэн ба тухайн зөвлөмжид хүний нөөцийн чиглэлээр 6 зөрчил, санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр 5 зөрчил илэрсэн болохыг дурдаж, цаашид авах арга хэмжээний талаар 8 зөвлөмжийг байгууллагын үйл ажиллагаанд хэвшүүлж, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгаж биелэлтийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлэхийг үүрэг болгож, зөвлөмжийг тогтсон хугацаанд хэрэгжүүлээгүй, илэрсэн зөрчлийг арилгаагүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулсан байна. /1.х.х-ийн 25-27/
6.5. Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 22/119 тоот дүгнэлтээр ...*******ын өөрийн эрхэлж буй ажилдаа тэнцэх эсэхийг хянан шийдвэрлэж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасны дагуу хариуцлага тооцуулах саналыг хүргүүлж байна... гэжээ. /1.х.х-ийн 28-31/
6.6. Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 22/120 тоот албан бичгээр ******* аймаг дах Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захиралд ...1. Тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороог төвийн захирлын саналаар байгуулсан нь дүрмийн бус бөгөөд тавигдах шалгуур үзүүлэлтийг хангаагүй тул холбогдох ажлуудыг зохион байгуулах шаардлагатай..., 2.Шинээр байгуулах Ёс зүйн салбар хорооны үйл ажиллагааг дэмжих, туслалцаа үзүүлэх талаар..., 3. Ажилчдын сэтгэл ханамжийн судалгааны үр дүнд дүн шинжилгээ хийж үйл ажиллагаандаа өөрчлөлт хийх, байгууллагын соёлыг сайжруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах, 4. Байгууллагын соёл, дотоод бичиг баримтын хөтлөлтийг сайжруулах талаар зөвлөмж хүргүүлж, зөвлөмжийн дагуу хийсэн ажлыг 2023 оны 02 дугаар сарын 01-ний дотор Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд ирүүлэхийг мэдэгджээ. /1.х.х-ийн 139-142/
6.7. Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 22/122 тоот албан бичгээр ******* аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга *******өд ...******* нь Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын 12 заалт, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тоот тушаалаар баталсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм-ийн 26 заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдлоо... гэх дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлсэн байна. /1.х.х-ийн 137-138/
6.8. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 722 тоот албан бичгээр Эрүүл мэндийн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1а/5239 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийн дагуу хийсэн ажлын талаарх тайланг хүргүүлжээ /1.х.х-ийн 154-163/
6.9. Энэхүү магадлалын 6.4-т дурдсан хяналт шинжилгээний дагуу Эрүүл мэндийн яамнаас 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтэд хийсэн дүгнэлтэд ...зөвлөмжийн биелэлтийг хангалтгүй ирүүлсэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.4, Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 3 дугаар зүйлийн 3.3-т заасан үйл ажиллагааг тус тус үйл ажиллагаандаа баримтлан ажиллаагүй байх тул ******* аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ерөнхий захирлыг албан үүргээс нь чөлөөлөх саналтай байна... гэжээ. /1.х.х-ийн 34-35/
6.10. Мөн ******* аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн сөрөг дүгнэлтэд ...өмнөх аудитаар өгөгдсөн зөвлөмж, төлбөрийн актыг биелүүлээгүй, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхдээ байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулаагүй, батлагдсан орон тоо хэтрүүлсэн, эм болон хүнсний материалын шууд худалдан авалт хийсэн, худалдан авалтыг төлбөрийн Е- баримтаар баталгаажуулаагүй, цагийн бүртгэлийг зохих ёсоор хөтлөөгүй, хяналт тавиагүй илүү цагийг хавтгайруулан олгосон, нярвын тайлан анхан шатны баримтаас зөрүүтэй, 7-8 сарын шатахуун, хүнсний материалын тайлан гаргаагүй нягтлан бодох бүртгэлийг зохих ёсоор хөтлөөгүй, эм хоолны өглөгийг тооцоо нийлж баталгаажуулаагүй, жилийн эцсийн хөрөнгө тооллого хийгээгүй зэрэг зөрчлүүд нь холбогдох хуульд нийцээгүй... гэжээ. /1.х.х-ийн 89-90/
6.11. ******* аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 02 тоот санал хүргүүлэх тухай албан бичигт ...******* нь цаашид ******* аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албан тушаалыг удирдах, манлайлан авч явах арга барил дутмаг, ёс зүйн асуудлаар иргэдээс болон байгууллагын ажилчдаас өргөдөл гомдлууд удаа дараа ирж байгаа тул үүрэгт ажлаас нь чөлөөлж өгөхийг санал болгож байна... гэжээ. /1.х.х-ийн 136/
Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч ******* нь удирдах албан тушаалтны хувьд ******* аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ерөнхий захирлын албан тушаалд тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэсэн хариуцагч Эрүүл мэндийн яамны тайлбар үндэслэлтэй байх тул Эрүүл мэндийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/30 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг ажил, албан тушаалаас чөлөөлсөн үйлдлийг буруутгах боломжгүй.
Хэдийгээр нэхэмжлэгч нь түүний ажил хөдөлмөр, мэргэжил, мэргэшил, удирдах ажилтны ур чадвар, арга зүй, ёс зүйн талаар эрх бүхий байгууллагаас ирүүлсэн санал, зөвлөмж, дүгнэлтийг бусад этгээдийн зүгээс санаатай хийсэн үйл ажиллагаа гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан тухайн байгууллагуудын эдгээр санал, зөвлөмж, дүгнэлтийг худал, бодит байдалд огт нийцээгүй гэж шууд дүгнэхэд учир дутагдалтай болно.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасан.
Хэргийн баримтаар хариуцагч Эрүүл мэндийн яамнаас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч *******д ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдсэн байна. /1-р х.х-ийн 36/
Тийнхүү ажил олгогчийн шийдвэрийн талаар түүнд танилцуулахад тэрээр ...Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дүгнэлт, зөвлөмж, ******* аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн санал, орон нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудын намын харьяалал зэргээс хамаарч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх гэж байгаа тул шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй... гэх тайлбар өгснөөс үзвэл нэхэмжлэгчийн ...надад мэдэгдэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй... гэх тайлбар үндэслэлгүй.
8. Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хооронд өвчтэй байсан болох нь тогтоогдсон бөгөөд эмнэлгийн магадлагаатай байх хугацаанд ажил, албан тушаалаас чөлөөлсөн гэж маргадаг. /1-р х.х-ийн 9/
1999 оны 05 дугаар сарын 14-ний өдөр батлагдаж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүчингүй болсон Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж буй ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглодог байсан.
Харин Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/ -ийн 80 дугаар зүйлийн 80.2-т Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, тус хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаар ажилтан эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатай бол түүний ажлын байр хэвээр хадгалагдах зохицуулалттай хэдий ч түүнийг аж ахуйн нэгж, байгууллага, салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд тухайн хуульд заасан үндэслэлээр ажил, албан тушаалаас нь чөлөөлөхийг хориглоогүй болно.
Тиймээс нэхэмжлэгчийн ...эмнэлгийн магадлагаатай байх хугацаанд ажил, албан тушаалаас чөлөөлсөн... гэсэн гомдлыг хүлээн авахгүй.
9. Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолд ...ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно... гэжээ.
Гэвч энэхүү тайлбар нь хүчингүй болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж заасныг тайлбарласан.
Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т ...Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж заасан.
Хэргийн баримтаар зөвхөн хариуцагч Эрүүл мэндийн яам нь нэхэмжлэгч *******ыг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй талаар дүгнэлт гаргаагүй, зохигчтой холбоотой бусад эрх бүхий байгууллагаас холбогдох дүгнэлтүүдийг гаргасан, үүнийг нэхэмжлэгчид танилцуулж, алдаа зөрчлийг арилгах талаар хугацаа олгож, зөвлөмж хүргүүлсэн байна.
Үүнээс гадна Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дууссан бөгөөд нэхэмжлэгч нь тухайн ажил, албан тушаалд түр томилогдсон учир байнгын ажлын байранд ажилладаг ажилтантай нэгэн адил хөдөлмөрийн найдвартай, баталгаатай байдлаар хангагдах боломжгүй.
Иймд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн энэ талаарх шийдлийг хэвээр үлдээнэ.
10. Нэхэмжлэгчийн хамтын хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэхгүйгээр шууд ажлаас чөлөөлсөн, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийгээгүй, ******* аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажил, албан тушаалд томилох ёстой байсан гэх гомдлыг хүлээн авахгүй.
10.1. Нэхэмжлэгчийн гомдолд дурдсан Хамтын хэлэлцээрт ажлын байрыг олноор цөөрүүлэх, шилжүүлэх, орон тоо бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийх тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 3 жил хүртэл хугацаа дутуу байгаа ажилтан, өрх толгойлсон болон насанд хүрээгүй 2-оос дээш хүүхэдтэй ажилтнуудыг цомхотголд хамруулахгүй гэх заалт нь тухайн нэг ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлээр ажил, албан тушаалаас нь чөлөөлөх тохиолдолд хамаарахгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.
10.2. Эрүүл мэндийн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1а/5239 тоот албан бичгээр зөвлөмж хүргүүлж, тухайн зөвлөмжид цаашид авах арга хэмжээний талаар 8 зөвлөмжийг байгууллагын үйл ажиллагаанд хэвшүүлж, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгаж биелэлтийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлэхийг үүрэг болгосон.
1 дүгээр хавтаст хэргийн 154-163 дугаар талд авагдсан баримтууд нь дээрх зөвлөмжийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд үлдэх арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлсэн болох нь тодорхойгүй байх тул 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтэд хийсэн дүгнэлтээр ...зөвлөмжийн биелэлтийг хангалтгүй ирүүлсэн... гэсэн үндэслэлтэй байх тул ...хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийгээгүй... гэх гомдлыг хангахгүй.
10.3. Нэхэмжлэгчийн урьд өмнө ажиллаж байсан ******* аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажил албан тушаалаас Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ерөнхий захирлын албан тушаалд томилохдоо түр шилжүүлэн томилсон гэх үйл баримт тогтоогдоогүй, мөн нэхэмжлэгч нь өмнө нь ажиллаж байсан Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ерөнхий захирлын албан тушаалд томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул шүүх тухайн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.
11. Шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр үндэслэл бүхий болсон гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болон мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахаар тус тус шаардах эрхгүй болно.
12. Нэхэмжлэгч ******* нь Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан бөгөөд энэ албан тушаалтны хөдөлмөрийн эрхийн маргааныг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн эсэхээс үл хамаарч Захиргааны хэргийн болон Иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэдэг байсан.
Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор энэ төрлийн хэрэг маргааныг Захиргааны хэргийн шүүх харьяалан хянан шийдвэрлэхээр тогтсон хэдий ч тухайн тогтоолыг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн учир 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн тус хэргийг Иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэснийг буруутгахгүй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/11630 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
Б.МАНДАЛБАЯР