Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 735

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Э хөтлөн

улсын яллагч С.Э

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Д.Д

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр шүүхэд ирүүлсэн эрүүгийн ....... дугаартай, 2 бүхий хавтас хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-нд ..... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1; ..... аймгийн .... сум, ..... дугаар баг 3 дугаар гудамж ... тоотод хаягийн бүртгэлтэй, Баянгол дүүргийн ... дугаар хороо, ........, ..... байр, ..... тоотод түр оршин суудаг гэх, ялгүй, ..... дугаарын регистртэй, ....... овогт ............................

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Д.Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 01 цагаас 03 цаг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Вояж” зочид буудлын 408 тоот өрөөнд гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Д.О гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, өмдний тэлээ, гар нүүрийн арчуур зэргийг ашиглан онц харгис хэрцгий аргаар зодож, олон тооны шарх гэмтэл үүсгэж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул надад дахин мэдүүлэх шаардлага байхгүй. Хохирогч О зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардалд гэж нийт 4.914.600 төгрөг өгсөн гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад зааснаар яллажээ.

Гэмт хэрэг гарсан тухайн үеийн нөхцөл байдал хийгээд гэмт хэрэг үйлдэгдсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Д.О “… 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Вояж” зочид буудлын 408 тоот өрөөнд Г, Г нарын хамт орж, пиво ууж байгаад би ядраад унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь Г миний толгой руу цохиод үснээс үсдэж байгаад дээш өргөөд хана руу налуулж зогсоож хэвлий хэсэг, нуруу хэсэг рүү жийж цохисон. Намайг үсдэж байгаад хана мөргүүлсэн. Би дуугарч чадахгүй муужирч унахад үсдэж чирээд 00-ын өрөө рүү оруулж, нүүр хэсгийн цусыг угааж, дараа нь чирээд нөгөө өрөөнд оруулж дахин зодсон. Мөн гартаа өмднийхөө суран бүсийг ороож байгаад төмөртэй хэсгээр нь ороолгосон. Дараа нь дахин чирж 00-ын өрөө рүү оруулж цусыг угааж, дахин чирж орон дээр хэвтүүлэн миний дээр сууж, эрүүн доор лаазтай пивоор дарж толгой хэсэг дээр доошоо цохьтол пиво асгарсан. Ийм байдлаар шөнийн 01-ээс 03 цаг хүртэл тасралтгүй 2 цаг гаруй намайг зодсон” /1-р хх-н 39-43/,

“... Г бид хоёр 2017 оны 9 сараас 2018 оны 1 сар хүртэл 4 сарын хугацаанд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 30-б 90 тоот хаяг дээр хамт амьдарсан. 1 дүгээр сард намайг зодоод бид хоёр салаад хоёр тийш болсон. Тэрнээс хойш 2018 оны 5-аас 7 сарын хугацаанд хааяа гадуур уулздаг байсан ба түүнээс хойш хамт амьдраагүй. Тэгээд огт уулзахгүй байж байгаад 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр гадуур уулзсан. Түүнээс хойш нэг хэсэг уулзаж холбоотой байж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ажил дээр ирж уулзсан. Одоо миний биеийн байдал тухайн үеэс бодвол арай дээрдсэн. Гэхдээ би гэртээ хэвтрийн дэглэм сахиж байна. Эмчилгээтэй холбоотой 494.300 төгрөгийн баримт, ГССҮТ-н ор, хоногийн 54.000 төгрөг тушаасан. Одоогийн байдлаар нийт 548.300 төгрөгийн эмчилгээний баримт гарсан. Цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан өдрийнхөө цалинг нэхэмжилнэ” /1-р хх-н 47/ гэж,

гэрч Х.Г “… 4 дүгээр сарын 18-ны орой над руу найз О залгаад хамт амьдарч байсан Г надаас  куртикээ авна гэнэ, би уулзмааргүй байна, чи өгчих тэгэх үү гэхээр нь би зөвшөөрсөн. Маргааш өглөө нь буюу 4 дүгээр сарын 19-ний өглөө 10 цаг 30 минутын орчим, энэ үед О хажуугаар нь явсан чинь бөгс хэсэг рүү нь Г гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Мөн О нүүр хэсэг рүү мангасдаж сандал дээр унаган ямар нэгэн баримт бичиг нэхээд байсан. О гэрт нүүр хэсэг рүү нь нэг удаа цохихоор нь би дундуур нь орж болиулсан чинь О зүүн хавирга хэсэг рүү нэг удаа цохисон. Би гэртээ хариад байж байтал 20-21 цагийн орчим Г залгаад Вояж нэртэй зочид буудалд хүрээд ир гэж хэлсэн. 21-22 цагийн орчим тус газар очиход 408 дугаартай өрөөнд О, Г нар пиво уучихсан бага зэрэг согтолттой, О хэвтэж байсан. Харин би 2 пиво уучихаад явах гэхэд Г гаргаж өгсөн. Өглөөний 05 цаг 40 минутын орчим утас дуугарч авахад О би гэр рүүгээ орж байна, надад эрүүл эрхтэн алга, шөнөжин Г зодуулсан гэж хэлэхээр нь би гэрт нь очсон. Г архи уухаараа агсам зантай, 2018 оны 1 дүгээр сарын 29-нд зодсон талаар хэлж байсан” /1-р хх-н 54/ гэж,

гэрч Э.Б “… ороход О эгчийн нүүр хэсэг нь хавдаж хөхөрсөн, хэвлийн хэсгээ дарсан маш их өвдөж байна гэж хэлсэн. Мөн цусархаг улаан хүрэн өнгийн зүйлээр бөөлжиж байсан, 2 чихнээс цус гараад юм сонсохгүй, толгой их өвдөж байгаа талаараа хэлсэн. Эгч О Г нь чамайг ална гэж заналхийлсэн, болгоомжтой байгаарай гэж хэлсэн. Би буудлын угтагч эмэгтэйн хамт 408 дугаартай өрөөнд ороход 00-н өрөө, орны ар талын хана, шал зэрэг газар цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, туг тугаараа хэсэг газар үснүүд байсан. О эгч хэргийн тухай надад ярихдаа эгчийгээ уучлаарай Г гэх дүү Б-ыг чинь ална, үгүй бол гарч ирэн надтай уулз гэх мэтээр 1 жилийн хугацаанд дарамталсан талаар хэлсэн. Намайг Г заналхийлэх шалтгаан гэвэл би нэг удаа ахынхаасаа хөөж, 2 дахь удаад эгч Оийн 2018 оны 1 дүгээр сарын сүүлчээр зодоод гэрт нь хорьж байхад дайрч орон цагдаа дуудаж өгөөд гэрээс нь хөөсөн. Үүнээс болж намайг заналхийлдэг” /1-р хх-н 49-51/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн хохирогч Д.Оийн гэмтэлтэй холбоотойгоор “... О биед тархи доргилт зүүн 7, 8 дугаар хавирганы хугарал, баруун чамархайн хуйх, нүүрний хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихийн дэлбэн, хоёр гарын шуу, сарвуу, хоёр гарын бугалга, нуруу, зүүн өгзөг хоёр өвдөг, баруун шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэсэн 4991 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /1-р хх-н 73/ бөгөөд дээрх бичгийн баримтууд,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 8-22, 24, 25/ зэргээр шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

Шүүгдэгч Д.Г, хохирогч Д.О нар хамтран амьдрагч буюу нэг гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болох нь тэдгээрийн тайлбар, мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байгаагаас гадна Гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэдэгт хэн хэн хамаарахыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж тодорхойлжээ.

Иймд прокуророос шүүгдэгч Д.Г-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, нөгөөтэйгүүр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах явцдаа түүнд бие махбодийн, сэтгэл санааны шаналал, үүсгэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэг дэх хүндрүүлэх нөхцөл байдлуудаар зүйлчилсэн нь үндэслэлтэй.

Харин прокурорын яллах дүгнэлтийн хэсэгт бичигдсэнээс үзвэл “онц харгис хэрцгий аргаар зодож” гэж дүгнэсэн нь буруу буюу шүүгдэгч Д.Г-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн зохицуулалтад “онц харгис хэрцгийгээр” гэсэн шинжийг хуульчилсан байна.

Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг буюу Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн хүндрүүлэх нөхцлийн /шинжийн/ ямар тохиолдолд “онц харгис хэрцгий” болохыг Эрүүгийн хуулийн Онолын тайлбарт тодорхой тайлбарласныг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Д.Г-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Эрүүгийн хууль дахь эрүүгийн хариуцлагын зорилго, ялын бодлого нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, ял үр нөлөөтэй, зохимжтой байхад чиглэгддэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ялын санкцыг “... , эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсэн бөгөөд энэ нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

Хуулийн тухайн зүйл хэсгээр ял оногдуулж байгаа шүүгдэгч Д.Га-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.

Хуулийн дээрх зохицуулалтаар “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаас гадна

хохирогч Д.О “... гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ бичиж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Д.Г-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтыг баримтлах нь зохимжтой гэж үзлээ.

Учир нь, Д.Г-д 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 104 дугаартай захирамжаар “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаас татгалзаж, Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах”-даа хохирогч Д.О-тэй уулзахыг хориглож шийдвэрлэжээ.

Гэтэл энэ хугацаанаас хойш Д.Г-ын зүгээс хохирогч Д.О-тэй харилцах, уулзах оролдлого хийж байсан нь хавтаст хэрэг дэх баримтуудад тусгагдсан байна.

Шүүгдэгч Д.Г шүүхийн зөвшөөрөлгүйгээр Прокурорын 49 дугаартай тогтоолоор 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 4 дүгээр сарын 23-ны өдрийн 04 цаг 50 минут хүртэл баривчлагдсан болохыг дурдаж /1-р хх-н 103/,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан орны дэвсгэр даавуу 1 ширхэг-цагаан өнгөтэй, шар өнгийн аралтай, арлын хэсэгт улаан хүрэн өнгийн чулуу мэт зүйлтэй, 122,5 см урттай, өмдний тэлээ 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                

        ТОГТООХ нь:

1. Х овогт Д-ийн Г-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодийн, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэж,

энэ хэргийн хохирогч болох Д.О-тэй харилцахыг нь мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах үүргийг биелүүлээгүй, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Г-ыг ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Д.Г шүүхийн зөвшөөрөлгүйгээр Прокурорын 49 дугаартай тогтоолоор 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 4 дүгээр сарын 23-ны өдрийн 04 цаг 50 минут хүртэл баривчлагдсан болохыг дурдаж,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан орны дэвсгэр даавуу 1 ширхэг-цагаан өнгөтэй, шар өнгийн аралтай, арлын хэсэгт улаан хүрэн өнгийн чулуу мэт зүйлтэй, 122,5 см урттай, өмдний тэлээ 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Д.Г бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

8. Д.Г урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Г урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ