Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 214/МА2026/00005

 

 

Б.Х*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваагийн даргалж хийсэн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б*******ын Х*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б*******ын Лх*******, Ц*******ийн О******* нарт холбогдох

16,999,265 /арван зургаан сая есөн зуун ерэн есөн мянга хоёр зуун жаран тав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Хишигдэлгэрийн илтгэснээр хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х******* /цахимаар/, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Б.Х*******гийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага: ...Миний бие 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Ц.О******* 50,000,000 /тавин сая/ төгрөг хэрэгтэй байна, 1 сарын 5 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай зээл авъя, нөхрийн дансанд хийчих гэж утсаар ярьж, би 49,000,000 /дөчин есөн сая/ төгрөг байгааг түүний нөхөр Б.Лх*******ы дансанд шилжүүлсэн.

1 сар болоод зээлдүүлсэн мөнгөө авъя гэж Ц.О*******тай ярихад танд боломж байвал 1-2 сараар сунгая гэсний дагуу би 8 дугаар сард авна гэж тохиролцсон. 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 10,350,000 төгрөгийг миний дансанд шилжүүлснээс 6, 7, 8 дугаар сарын хүү болох 7,350,000 төгрөгийг төлж, зээлдсэн үндсэн мөнгөнөөс 3,000,000 төгрөгийг хасан тооцож, үндсэн мөнгө 46,000,000 төгрөг үлдсэн. Зээлдсэн мөнгөө өгөх боломжгүй байна, намар ногоон тэжээл хураагаад өгье гэж нөхөр Б.Лх******* хэлсэн. Энэ хугацаанд утсаар ярьж, чат мессеж бичих зэргээр олон удаа мөнгөө өгөхийг сануулсан.

2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үндсэн мөнгө болох 46,000 000 /дөчин зургаан сая/ төгрөгийн 9, 10, 11 дүгээр сарын хүү болох 6,900 000 /зургаан сая есөн зуун мянга/ төгрөгийг миний ХААН банкны тоот дансанд шилжүүлсэн. Ингэснээр зээлдсэн мөнгөний хүүг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал өгсөн болно.

2025    оны 11 сарын 06-ны өдөр тооцоо нийлж, бичгээр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд хариуцагч Б.Лх******* гарын үсэг зурсан. Гэрээний дагуу 2025 оны 11 дүгээр сарын 15-ны дотор мөнгө өгөх ёстой байсан. Энэ хугацаанд мөнгөө байнга нэхэж байсан ч төлөөгүй.

Үндсэн зээл болох 46,000,000 төгрөг, үндсэн зээлийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх 12 сарын хүүгийн төлбөр 27,600,000 төгрөг нийт 73,600,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэж байсан боловч анхан шатны шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 16,999,265 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцжээ.

 

2.Хариуцагч Б.Лх******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 2024 оны 5 дугаар сард газар тариалангийн бизнест трактор авахаар хөрөнгө оруулалт шаардлагатай байсан тул би мөнгө хайж эхэлсэн. Эхнэр О*******ыг үеэл эгч Б.Х*******тэй холбогдоод мөнгө асуучих гэсэн. Эгч Б.Х*******тэй холбогдоод мөнгө зээлэх боломжтой гэсэн тул 49,000,000 төгрөг зээлэхээр болж уг мөнгийг Б.Лх******* миний данс руу 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн.

Тухайн мөнгийг Ц.Нтай хамтарч хийж байгаа газар тариалангийн бизнес рүү бүгдийг оруулж трактор, тоног төхөөрөмж авсан. 2024 оны 8 сард 10,035,000 төгрөг төлсөн. Газар тариалангийн орлого тооцоолсноор орж ирээгүй тул төлбөр төлөх мөнгийг хойшлуулахыг хүссэн. 2024.11-р сард 6,900,000 төгрөг егсөн.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2025 оны 11 дүгээр сарын 25-нд 7,000,000 төгрөг төлсөн. Мөн 2025 оны 12 сарын 18-нд 800,000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу хийсэн.

Иймд миний хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа үндсэн мөнгө 46,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүний төлбөр болох 27,600,000 төгрөгийг багасгах хүсэлтэй байгаа тул хүсэлтийн хүлээн авна уу гэжээ.

 

3.Хариуцагч Ц.О******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 2024 оны 5 дугаар сард нөхөр Б.Лх*******ы хийж байсан бизнест хөрөнгө оруулалт шаардлагатай байсан тул түүний хэлсний дагуу би мөнгө хайж эхэлсэн. Ингээд танил эгч Б.Х*******тэй холбогдоход мөнгө зээлэх боломжтой гэсэн тул 49,000,000 төгрөг зээлэхээр болж уг мөнгийг нөхөр Б.Лх*******ы данс руу 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Тухайн мөнгийг миний бие ямар нэгэн байдлаар захиран зарцуулаагүй, зөвхөн нөхрийн хэлсний дагуу тэднийг холбож өгсөн бөгөөд нэхэмжлэгч Б.Х*******, нөхөр Б.Лх******* нар нь 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тооцоо нийлсэн байдаг.

Иймд миний хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа үндсэн мөнгө 46,000,000 төгрөг, хүү 27,600,000 төгрөг, нийт 73,600,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Ц.О******* надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 282.4, 232.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Лх*******, Ц.О******* нараас 16,999,265 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Х*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525,950 /таван зуун хорин таван мянга есөн зуун тавь/ төгрөгөөс 242,946 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 283,004 төгрөг, хариуцагчаас 242,946 /хоёр зуун дөчин хоёр мянга есөн зуун дөчин зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Х******* нь нийт 73,600,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаснаас шүүх хуралдааны явцад 16,999,265 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан байдаг.

Хариуцагч нарын зүгээс 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Б.Х*******гээс 49,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд дээрх зээлээс 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр сhuka гэх утгатайгаар 10,350,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Лх*******аас баярлалаа гэх утгатайгаар 6,900,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 7,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 800,000 төгрөгийг шилжүүлсэн.

Мөн нэхэмжлэгч Б.Х******* нь өөрөө 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Ц.Нгаас 30,000,000 төгрөгийг Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авсан байна.

Ингээд нэхэмжлэгч нь нийтдээ 55,050,000 төгрөгийг шилжүүлэн авчээ. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь анх утсаар ярилцаж тохиролцсон боловч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нөхөж зээлийн гэрээ байгуулж уг гэрээг нотлох баримтаар гаргаж өгчээ.

Уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан ерөнхий шаардлагыг хэлбэрийн хувьд хангаж байх боловч агуулгын хувьд зээлийн мөнгөн дүнг шилжүүлснээс хойш 1 жил 6 сарын дараа нөхөж байгуулж байгаа нь хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний шаардлага нь зээлийн гэрээ байгуулсан даруй мөнгийг шилжүүлэх ёстой байтал үйл баримтын хувьд 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мөнгийг шилжүүлсэн юм.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байгаа тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар ...хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Х******* нь хүү шаардах эрхгүй байна. Мөн түүнчлэн хариуцагч нарын зүгээс 49,000,000 төгрөгийг авч, нэхэмжлэгчид нийтдээ 55,050,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул зөвшөөрч буй хэмжээ болох 49,900,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байгаа юм.

Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар маргаж оролцсон хэдий ч шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд сүүлд байгуулсан буюу 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн хэрэгт авагдсан 5 хувийн хүү төлөхөөр тохирч анхлан тохиролцоо хийгдсэн талаарх харилцан ярианы баримт (чатны хуулбар)-ыг нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага буюу эх хувь эсхүл нотариатаар батлуулсан байх шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж байна.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6.Нэхэмжлэгч Б.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий гарсан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******гийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.Нэхэмжлэгч Б.Х******* нь хариуцагч Б.Лх*******, Ц.О******* нараас 73,600,000 /далан гурван сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 16,999,265 /арван зургаан сая есөн зуун ерэн есөн мянга хоёр зуун жаран тав/ төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* нь ...талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан ерөнхий шаардлагыг хэлбэрийн хувьд хангаж байх боловч агуулгын хувьд зээлийн мөнгөн дүнг шилжүүлснээс хойш 1 жил 6 сарын дараа нөхөж байгуулж байгаа нь хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байгаа тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Х******* нь хүү шаардах эрхгүй байна. Мөн түүнчлэн хариуцагч нарын зүгээс 49,000,000 төгрөгийг авч, нэхэмжлэгчид нийтдээ 55,050,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул зөвшөөрч буй хэмжээ болох 49,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэж маргажээ.

 

4.Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэг удаагийн шинжтэй эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохирсон хүү тогтоож болно гэж заасан иргэний хуулийн зохицуулалтын хүрээнд мөн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ хуульд нийцсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл, ашигласан хугацааны хүү, гэрээнд заасан алдангийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

5.Харин анхан шатны шүүх зохигчийн байгуулсан 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа, хариуцагч Ц.О*******ыг зээлдэгч мөн эсэх болон нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэхэд хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

 

6.Хэрэгт авагдсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1.Б.Х******* нь 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дугаартай дансанд нийт 49,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагч Б.Лх******* нь 49,000,000 төгрөгийг хүлээн авч газар тариалангийн бизнест бүгдийг зарцуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан /хх-ийн 9, 31-р хуудас/.

6.2.Б.Х******* нь Б.Лх*******ы дансанд 49,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлүүлсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагч Б.Лх******* нь нэхэмжлэгчид 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 10,350,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр 6,900,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан. Хариуцагчийн шилжүүлсэн нийт 17,250,000 төгрөгөөс 14,250,000 төгрөгийг хүүд, 3,000,000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс хасч тооцон нэхэмжлэгч хариуцагчаас үндсэн зээл 46,000,000 төгрөгийн авлагатай үлдсэн дээр хариуцагч Б.Лх******* маргадаггүй.

6.3.Б.Х*******, Б.Лх******* нар 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн тооцоо нийлсэн акт үйлдэхдээ үндсэн мөнгө 46,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг хүлээн зөвшөөрч тухайн өдөр зээлийн гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээгээр зээлийн хэмжээг 46,000,000 төгрөг, 1 сарын хүү 5 хувь, гэрээний дуусах хугацааг 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл буюу 9 хоногийн хугацаатай байгуулсан байна. Дээрх хугацаанд үндсэн мөнгө, хүүг төлөөгүй нөхцөлд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.2 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.

6.4.Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан. Нэхэмжлэгч Б.Х******* зээлийн гэрээний дагуу гэрээнд заасан мөнгийг өгөх, зээлдэгч хүлээн авах үүрэгтэй. Энэхүү хуулийн зохицуулалт биелэгдсэн бөгөөд энэ талаар зохигч маргаагүй. Зээлийн гэрээний талууд өмнө нь амаар байгуулсан гэрээг бичгэн хэлбэрт оруулах, өмнө үүссэн зээлийн гэрээний тооцоонд үндэслэж шинэ гэрээ байгуулах, эсхүл гэрээний үүргийг дахин баталгаажуулах, гэрээний хугацаа хүүгийн хэмжээг өөрчлөх, алданги төлөхөөр тохиролцож болно. Өөрөөр хэлбэл гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг тодорхойлох нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасанд харшлахгүй тул Б.Х*******, Б.Лх******* нарын хооронд байгуулсан 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

 

6.5.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан нь зөвхөн нэхэмжлэгчид хамааралтай зохицуулалт тул хариуцагч Б.Лх*******аас нэхэмжлэгчид 49,000,000 төгрөгийн хүү гэж 2024 оны 08 дугаар сар болон 11 дүгээр сард төлсөн 14,250,000 төгрөгийг хариуцагч зээлийн гэрээг бичгээр хийгээгүй гэдгээр буцаан шаардах эрхгүй. Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас 46,000,000 төгрөгийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны хүүг дээрх хуулийн зохицуулалтаар шаардах эрхгүй байна.

6.6.Нэхэмжлэгч Б.Х******* нь хариуцагч Б.Лх*******аас 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээлийн үндсэн төлбөр, хүү, алдангийг шаардах эрхтэй.

Хариуцагч Б.Лх******* нь нэхэмжлэгч Б.Х*******д 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 46,000,000 төгрөг, 46,000,000 төгрөгийн 9 өдрийн хүү /46,000,000*5%=2,300,000, 2,300,000:30=77,000 төгрөг нэг өдрийн хүү 77,000*9=693,000/ 693,000 төгрөгийг мөн 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл буюу 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал хугацааны гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувийн алданги 276,000 төгрөг нийт 46,969,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 7,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 30,000,000 төгрөг нийт 37,800,000 төгрөгийг төлсөн байх тул хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүрэг 46,969,00 төгрөгөөс 37,800,000 төгрөгийг хасч 9,169,000 төгрөгийг хариуцагч Б.Лх*******аас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцнэ.

 

7.Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчид эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан хугацаанд эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгсөн бол үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэж өгсөн гэж үзнэ. Зээлийн гэрээний зүйл болох мөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн өгөхдөө Б.Лх*******ы дансанд шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Б.Х*******гээс 49,000,000 төгрөгийг Б.Лх*******ы дансанд хийхийг Ц.О******* хүлээн зөвшөөрсөн бол Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг Ц.О*******ад хүлээлгэн өгсөн гэж үзнэ. Гэвч Ц.О******* үүргийн гүйцэтгэлийг зөвшөөрсөн тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ Б.Лх*******, Б.Х******* нарын хооронд байгуулагдсан байх тул Б.Лх*******ы авсан 49,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч нь Ц.О******* биш болохыг анхан шатны шүүх анзааралгүй Ц.О*******аас зээлийн төлбөр, хүү, алданги гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг зөрчсөн байна. Иймээс Ц.О*******ад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

8.Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

8.1.Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нараас 73,600,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд дээрх үнийн дүнд хуульд зааснаар 525,950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нь хариуцагч нараас 16,999,265 төгрөгийг гаргуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн төлсөн 525,950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас 283,004 төгрөгийг төрийн сангаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй байна.

8.2.Нэхэмжлэгч анх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 73,600,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж төлсөн ба энэхүү нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан бол нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцан төлөх байсан. Харин шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 16,999,265 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн бөгөөд энэхүү шаардлагын хангагдсан хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн анх нэхэмжлэл гаргахдаа төлсөн 525,950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээн шийдвэрлэх ёстой байсан.

 

9.Зохигчийн тайлбар, хэрэгт буй баримтаас үзвэл хариуцагч Б.Лх******* нь нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн, талууд уг зээлийн гэрээний үүргийг дүгнэж, шинээр гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон тул сүүлийн гэрээгээр мөнгийг бодитоор шилжүүлээгүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг агуулгын хувьд зөрчсөн, зохигч гэрээг бичгээр байгуулаагүй учраас нэхэмжлэгч хүү авах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянах эрхийнхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******гийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Лх*******аас 9,169,000 /есөн сая нэг зуун жаран есөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Х*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ц.О*******ад холбогдох хэсгийг болон 7,830,265 /долоон сая найман зуун гучин мянга хоёр зуун жаран тав/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 525,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Лх*******аас 161,654 /нэг зуун жаран нэгэн мянга зургаан зуун тавин дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Х*******д олгосугай гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 244,846 /хоёр зуун дөчин дөрвөн мянга найман зуун дөчин зургаа/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Л. АРИУНЦЭЦЭГ

 

Л. ХИШИГДЭЛГЭР