| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 191/2025/06534/И |
| Дугаар | 210/МА2026/00632 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2026/00632
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШШ2026/00435 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие хариуцагч *******ыг ******* Төрийн бус байгууллагын тэргүүн гэдгээр танина. ******* нь удахгүй номоо хэвлүүлэх гэж байгаа номыг маань авах хүмүүс захиалгаа өгчихөөд яаруулаад байна, цаад тал нь чиний мөнгийг 3 сарын дараа 40,000,000 төгрөг болгоод өгнө гэхээр нь би өөрийн өмчлөлийн 8811-тэй дугаарыг барьцаанд тавиад 20,000,000 төгрөгийг хүүхдийнхээ дансаар шилжүүлсэн.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 883 дугаартай тогтоолд ******* нь тухайн мөнгийг ном хэвлүүлэх зорилгоор ашиглаагүй, мөнгө орсон өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр санхүүжилт хэмээн 10,000,000 төгрөгөөр 2 хувааж бусдад шилжүүлсэн үйл баримт тогтоогдож залилах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйл баримт тогтоогдлоо, ... Харин дээрх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул буруутай этгээдээс хохирлоо иргэний журмаар нэхэмжлэхийг дурдсан. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэм хор учруулсан хариуцагч *******аас 20,000,000 төгрөгийг ломбардад хүүнд төлсөн 4,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэгч *******ээс ямар нэгэн мөнгө төгрөг зээлж аваагүй, авч байгаагүй. Өнөөгийн нийгэмд 20,000,000 төгрөгийг бусдаас зээлж авч байгаа ямар ч хүний хувьд зөвхөн ном борлуулаад 3 сарын дотор 2 дахин өсгөж 40,000,000 төгрөг болгож өгөх боломжгүй. Уг мөнгийн иргэн *******ийн ******* гэдэг нэртэй усны үйлдвэртэй хамтран ажиллахаар болж, хөрөнгө оруулалт хийсэн. ******* нь өөрөө уг мөнгийг хариуцан төлнө гэж байх тул ******* надад холбогдуулан үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******аас 20,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 4,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 257,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэж, хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн тухайд:
Шүүх ...******* нь өөрийн хэрэгцээнд зориулан *******ээс мөнгө авч, өөрийн өр, төлбөрийг бусдад төлөх байдлаар захиран зарцуулсан буюу зохигчийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байх тул хариуцагч *******ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна" гэж дүгнэсэн.
Шүүхийн энэхүү дүгнэлтээр ******* нь мөнгө буюу хөрөнгийг *******ээс зайлшгүй хүлээн авсан буюу түүний мөнгийг олж авсан байх, энэ нь баримтаар нотлогдож байх ёстой, мөнгө хүлээн авсан зүйл огт байхгүй. ******* нь *******т мөнгийг бэлнээр өгсөн бол бэлэн мөнгөний баримтаа, дансаар шилжүүлж өгсөн бол тухайн дансны хуулгаараа шүүхэд гарган өгч нотлох ёстой боловч эдгээр баримтууд огт байхгүй байхад хариуцагчийг мөнгө олсон, хүлээн авсан гэж нотлох баримт дээр үндэслэлгүй дүгнэж, хөрөнгөжсөн гэж үзсэн нь үндэслэлгүй, хуульд нийцэхгүй.
... ******* нь тухайн мөнгийг ном хэвлүүлэх зорилгоор ашиглаагүй, байх ба тухайн мөнгөний шилжиж орж ирсэн өдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр санхүүжилт хэмээн 10 саяар 2 хувааж бусдад шилжүүлсэн үйл баримт тогтоогдож "залилах гэмт хэрийн шинжтэй байж болзошгүй" үйл баримт тогтоогдсон. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 883 дугаартай Хэрэг бүртгэлийн хэрэг хаах тухай тогтоолоор тогтоогдож байна гэж дүгнэсэн.
Эрүүгийн журмаар шалгасан энэхүү баримтаас харахад иргэний хэрэгт шууд нотлох баримт болж чадахгүй байхаас гадна энэхүү баримт нь нотолгооны бусад баримтуудаар давхар нотлогдох ёстой. Тухайлбал, Прокурорын тогтоол дээр ******* нь *******т мөнгө өгсөн болохыг нотлох анхан шатны баримт тусгагдаагүйгээс гадна, *******ыг мөнгө авсныг гэрч, болон бусад баримт байхгүй. Прокурорын тогтоол нь дээр үйл баримтыг бүрэн тогтоохгүй, эргэлзээ бүхий баримт юм. Гэтэл шүүх хэрэгт шууд хамааралтай бус дам баримтыг дангаар нь шууд үнэлж байгаа нь нотлох баримтыг эргэлзээгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л талаас нь үнэлэх хуулийн зүйл заалтыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
4.2. Анхан шатны шүүх хэргийг бүхий л талаас нь хянан үзэлгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж байгаа тухайд:
Хариуцагч *******ын хувьд *******ээс мөнгө авах шаардлага огт байхгүйгээс гадна мөнгө авч байгаагүй болохоо 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст мэдүүлэг өгөхдөө мэдүүлж байснаас гадна энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч шүүхэд тайлбарлаж, тайлбараа гаргаж байсан болно.
Нэхэмжлэгч *******ийн ******* надаас нэхэмжилж байгаа мөнгө нь ******* ТББ-аас иргэн боловсрол судлаач, доктор *******ийн ******* гэх нэртэй усны үйлдвэртэй хамтран ажиллахаар оруулсан, тухайн усны үйлдвэрт ТББ-аас оруулсан санхүүжилт байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эхнэр ******* нь ******* ТББ-ын гүйцэтгэх захирал байх үедээ ТББ-аас усны үйлдвэрт оруулах 20 сая төгрөгийн санхүүжилтийг өөрийн нөхөр *******ийн хамт эхний ээлжинд хариуцаж ******* гэх хүнд өгсөн байдаг. Ингэж өгөхдөө *******аар дамжуулаагүй.
Энэ талаар нь ******* усны үйлдвэрийг ажиллуулдаг ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд тайлбараа өгч, мөн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд дуудагдан гэрчээр оролцохдоо ТББ-аас орж ирсэн 20 сая төгрөгийн санхүүжилтийг хүлээн авсан нь үнэн, энэхүү мөнгийг өөрөө буцаан төлнө гэдгээ тайлбарлаж мэдүүлсээр байхад, энэхүү нөхцөл байдлыг огт үнэлэхгүйг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Уг нь гэрч *******ийн шүүхэд өгсөн мэдүүлэг, тайлбар, хариуцагчаас өгсөн тайлбар мэдүүлгүүдээс харахад жинхэнэ хариуцах ёстой этгээд нь буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээд нь ******* биш ******* болохыг шүүх анхаарч үзсэнгүйд гомдолтой байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч талаас гаргаж байгаа гомдол үндэслэлгүй. ******* нь өөрийн хүүгийн дансаар тухайн 20,000,000 төгрөгийг аваад тухайн өдрөө *******ийн дансруу хөрөнгө оруулалт гэх нэрээр шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс *******т өгсөн 20,000,000 төгрөгийг, хүүгийн хамт нэхэмжилж шүүхэд хандсан. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр хуульзүйн үндэслэлтэй байх тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үүгэжээ.
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан зээл 20,000,000 төгрөг, хүү 4,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...би мөнгө зээлээгүй, уг мөнгийг *******ийн ******* гэдэг нэртэй усны үйлдвэрт хөрөнгө оруулалт болгон шилжүүлсэн, ******* нь өөрөө уг мөнгийг төлнө гэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргасан.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1. Нэхэмжлэгч ******* 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр *******ын *******гийн *******ны ******* тоот дансруу 20,000,000 төгрөг шилжүүлсэн. /хх-3/
3.2. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 883 дугаар тогтоолоор *******т залилуулсан гэх *******ийн өргөдлийг шалгаж, улмаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, буруутай этгээдээс иргэний журмаар шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэйг дурдажээ. /хх-4-6/
4. Анхан шатны шүүхийн нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 20,000,000 төгрөг нь ******* нь өөрийн хэрэгцээнд зориулан *******ээс мөнгө авч, өөрийн өр төлбөрийг төлөх байдлаар захиран зарцуулсан буюу зохигчийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны залруулан дүгнэнэ.
4.1. Учир нь хариуцагч нэхэмжлэгчийг 20,000,000 төгрөгөө бусад этгээдийн бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулах зорилгоор шилжүүлсэн гэж маргах боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.
4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон ******* уг мөнгийг хариуцагч *******аас хүлээн авсан, буцаан төлнө гэх агуулгаар мэдүүлэг өгснөөс үзэхэд нэхэмжлэгч ******* аливаа хөрөнгө оруулалт хэлбэрээр *******т мөнгө шилжүүлээгүй байна.
4.3. Түүнчлэн ******* уг мөнгийг хариуцан төлөх үүрэгтэй гэж хариуцагч маргах боловч нэхэмжлэгч ******* 20,000,000 төгрөгийг *******т бус, харин *******т шилжүүлсэн, ******* нь уг мөнгөн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах нь нэхэмжлэгчид хамааралгүй.
4.4. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөн мөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус заасан.
Түүнчлэн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасан байна.
Хэргийн баримтаар хариуцагч ******* нь ном хэвлүүлэх зорилгоор нэхэмжлэгч *******ээс мөнгө зээлэхийг хүсэж, улмаар өөрийн хүү Н.*******гийн дансаар 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.
4.5. Талуудын хооронд гэрээний үүрэг үүссэн тул хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шаардсанаар зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй.
Иймд хариуцагч *******аас 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцэх тул энэхүү үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
5. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ломбардны хүүд төлсөн 4,000,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.
6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШШ2026/00435 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг ...281 дүгээр зүйлийн 281.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Ц.ЦЭРЭНДУЛАМ