Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 775

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.С хөтлөн

улсын яллагч Н.Э

шүүгдэгч Э.Ү

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн .............. тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.... оны .... дугаар сарын ..-нд Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эцэг, эх, 2 дүүгийн хамт ............. дүүргийн ... дугаар хороо, ........... дүгээр гудамж, ......... тоотод хаягийн бүртгэлтэй боловч .......... дүүргийн ... дугаар хороо, .... байрны .... тоотод оршин суух, ялгүй, ...... дугаарын регистртэй, ......... овогт Э-ын Ү

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Э.Ү 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 48/а байрны үүдэнд манай хаалганы хонхыг удаа дараа дарлаа гэх шалтгаанаар хохирогч Х.Б зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Э.Ү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоход татгалзах зүйлгүй, өөрийгөө өмгөөлж чадна. Би хүн зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн талаар ойлгож байгаа. Болсон явдлын талаар цагдаа дээр байхдаа үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч Б надаас 1.5 сая төгрөг нэхээд байгаа юм. Ямар нэгэн баримтгүй болохоор би мөнгө өгөөгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Х Б “… тухайн үед тэр 8 тоотын гэрийн эзэгтэй эмэгтэй хүний хөл рүү өшиглөөд баруун гараараа хоолой боогоод зүүн гараараа толгойн баруун тал руу нэг удаа цохисон байгаа. Харин тэр эмэгтэйн хүүхэд нь миний толгой руу яг аль гараараа цохисныг мэдэхгүй. 3-4 удаа цохисон. Тэр үед л миний биед шүүх эмнэлгийн дүгнэлтэд дурдсан дээрх гэмтлүүд учирсан байх. Надад 200.000 төгрөгийн зардал гарсан. Одоо баримт байхгүй. Миний биед учирсан гэмтлийг ерөнхийдөө тэр эмэгтэйн хүүхэд нь учруулсан” /хх-н 16-17, 54/ гэж,

гэрч П.М “... 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 10 цагийн үед би Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 48/а байрны СӨХ-ийн дарга Б, Хараагүйчүүдийн үйлдвэрийн ажилтан Б нарын хамтаар 48/а байрны 1-р орцны гадна талын гэрэл янзлаад байж байсан. Тэр үед Б 48/а байрны 1 давхарт байдаг цэцэрлэгийн хаалганы хонхыг дарах үедээ хараа муутай болохоор андуураад 8 тоот айлын хонхыг дарчихсан юм байна лээ. Тэгээд Б айлын хаалганы хонх андууран дарсанаас болж нөгөө 8 тоотын айлын хүүхэд нь бололтой 18-19 насны залуу эхлээд гарч ирэн орцны хажууд суугаад байсан. Тэр үед Б. дахин андуураад 8 тоотын хонхыг дарчихсан чинь 8 тоотод амьдардаг А. гэх багшийн эхнэр нь бололтой нэг хүүхэн гарч ирээд Б. руу ...чи яагаад хонх дараад байгаа юм бэ гээд уурласан. Тэр үед Б. ... би хонх ажиллаж байгаа үгүйг шалгаж байна гэж хэлсэн чинь, нөгөө хүүхэн ... чи муу юугаа шалгадаг юм, чамд шалгах эрх байгаа юм уу гээд Б-ыг заамдан аваад цохиж, зодоод эхэлсэн. Тэр үед Б-ыг зодсон эмэгтэйн хүү нь Б-ыг ... чи муу эмэгтэй хүнд зодуулчихаад шалчиганахгүй юм байгаа биздээ гэж хэлээд ээжийнхээ хажуугаар орж Б руу нэг дайрсан. Тэгээд нөгөө залуу нэг дайрчихаад хойшоо болоод байж байснаа дахин Б руу ... одоо би гүйцээчихье гээд дайрсан. Тэр үед би тэр хүмүүсийг өөрсдөө больчих болов уу гэж бодсон боловч бүр болихгүй болохоор нь хийж байсан ажлаа орхиод тэд нарыг салгахаар очоод Б руу дайраад байсан хүүхэнд ... чи хэрвээ энэ асуудлаа одоо болихгүй бол маргааш Хараагүйчүүдийн эвлэлийн хурлаар авч хэлэлцэх болно гэж хэлсэн чинь тэр хүүхэн Баярсайханаас салаад хойшоо болсон. Тэгээд тэр хүүхэн Б-аас салаад хүүгээ дагуулаад яваад өгсөн.

Тухайн үед 8 тоотоос гарч ирсэн хүүхэд Б-ыг цохиж зодож байгаа эсэхийг тодорхой хараагүй. Харин сүүлд Б-аас өөрөөс нь асуухад тэр хүү Б-ыг 2 удаа гараараа цохисон гэж яриад байсан. Харин тэр хүүхнийг бол нилээн одоо удаа цохисон гэж байсан бөгөөд Б-ны нүүр орчим нь, яг хаана нь билээ, санахгүй байна хоёр газар их сүрхий маажсан байсан. Өөрөөр бол тэр хоёр хүн Б-ыг хэн нь хаана нь юугаар хэдэн удаа цохиж байгааг тодорхой харсан юм байхгүй” /хх-н 18/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Х.Б-ны гэмтэлтэй холбоотойгоор “Х.Б-ны биед духны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, хүзүүний зулгаралт, баруун чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэсэн 5648 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 23/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Э.Ү-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Ү-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх шүүгдэгч Э.Ү-д холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Б нь шүүгдэгчээс 200.000 төгрөг нэхэмжилнэ гэжээ. /хх-н 64/ Гэвч дээрх нэхэмжлэлтэй холбоотой буюу эмчилгээний зардлын гэх ямар ч баримтыг гаргаж өгөөгүй, шүүхэд ирүүлээгүй байна.

Түүнчлэн шүүхээс хохирогч Х.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “... шүүх хуралдаанд оролцохгүй, хэрэгт өгсөн мэдүүлгээс өөрчлөгдсөн зүйлгүй, ... шүүхэд гаргаж өгөх баримтгүй тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэж хэлсэн талаар шүүгчийн туслах тэмдэглэл бичжээ.

 

Хэдийгээр гэмт хэрэг үйлдэгдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байгаа боловч хохирогч Х.Б нь эмчилгээний зардлын гэх нотлох баримтыг гаргаж өгөөгүй, цаашлаад тэрээр “... нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдэгдсэн байх тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.

 

Мөн хохирогч Х.Б-ны өмгөөлөгч Ч.Б-д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “... миний үйлчлүүлэгч шүүх хуралдаанд оролцохгүй тул миний бие шүүх хуралд оролцох шаардлагагүй” гэснийг шүүгчийн туслах тэмдэглэл болгон бичсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Ү цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаад, эд мөрийн баримтаар хураагдаж хэргийн хамт ирүүлсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүгдэгч Э.Ү шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. ..... овогт Э-ын Ү-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ү-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Э.Ү торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Э.Ү цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Х.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Эд мөрийн баримтаар хураагдаж хэргийн хамт ирүүлсэн CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Ү урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ