| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 197/2025/16609/И |
| Дугаар | 210/МА2026/00134 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2026/00134
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/15289 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Төлбөр төлөгчийн төлбөрт хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч, хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч *******, ******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдол гаргах хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 07-ний өдрийн 181/ШШ2024/04397 дугаар захирамжаар, нэхэмжлэгч ******* нь *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 63,009,040 төгрөг гаргуулахаар шаардсанаас 19,507,720 төгрөгт холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч *******, ******* нар нь үлдэх 43,501,320 төгрөгийн 20,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дотор төл барагдуулах, үлдэх 23,501,320 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар, хэрэв дээрх хугацаанд хариуцагч нар төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* хаягт байршилтай, 48 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх67-69/
3.2. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* хаягт байршилтай 48 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 25280045/03 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 25280045/05 дугаар тогтоолоор хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн, тухайн ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт нийцсэн. /хх73-78/
3.3. Төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаа явуулах үеийн үнийг тогтоох зорилгоор төлбөр төлөгч болон авагчаас үнийн санал авсан, үнийн талаар тохиролцоогүй байх тул хариуцагч байгууллагаас 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5/96 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоох шинжээчээр *******-ийн үнэлгээчин *******томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцжээ. /хх79-82/
Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2025 оны 05 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 305,960,000 төгрөгөөр тогтоосон, энэ талаар хариуцагч байгууллагаас 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 4-226/10765, 4-226/10766, 4-226/10767, 4-226/10768 тус тус дугаартай үнэлгээний мэдэгдлээр төлбөр төлөгч болон барьцаа хөрөнгийн өмчлөгч нарт 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр танилцуулж хүлээн авсан байх тул дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэгт нийцсэн. Энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй. /хх9-10, 83-88/
3.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно.” гэж заасны дагуу төлбөр төлөгч, өмчлөгч нар нь 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр барьцаа үл хөдлөх хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг бичгээр гаргасныг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авч 1 сарын хугацаанд үл хөдлөх хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсоосон байна. /хх-89, 100-102/
3.5. Хөрөнгийн үнэлгээний талаар талууд гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч үл хөдлөх хөрөнгийг бие даан худалдан борлуулах санал гаргах ба ийнхүү санал гаргаж, 1 сарын хугацаа өнгөрсний дараа үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байгаа нь хуульд нийцээгүй.
Нэхэмжлэгч нар 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасан үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
3.6. Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайланд тусгаснаар шинжээч нь үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн төлөв байдлыг хөрөнгийн зориулалт, онцлог, бүсчлэл байршил, мөн тухайн бүс орчмын ижил төстэй хөрөнгийн зах зээлийн үнэ ханштай харьцуулсан дүгнэлт хийж, үнэлгээний олон улсын стандарт, хөрөнгийн үнэлгээний үндэсний стандартыг баримтлан орлогын, өртгийн, зах зээлийн жишиг үнийн аргыг ашиглан, хөрөнгийн үнэлгээний аргачлалаар үнэлэгдэж буй эд хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлж тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэгт тус тус нийцсэн, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.
4. Мөн нэхэмжлэгч нар нь үл хөдлөх хөрөнгийн талаар тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс бага гэх тайлбараа баримтаар нотлоогүй байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
5. Нэхэмжлэгч нар нь “...манай зүгээс гаргаж өгсөн заруудыг үнэлээгүй...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй, хуулбар баримт байх тул анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамтай нийцжээ. /хх11-30/
6. Нэхэмжлэгч нар нь давж заалдах шатны шүүх хуралдаанд үл хөдлөх хөрөнгийг бие даан борлуулах хугацааг 3 сараар тогтоож өгнө үү гэх агуулгатай тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар үл хөдлөх хөрөнгийг бие даан худалдан борлуулах хугацааг 1 сар гэж заасан тул үл хөдлөх хөрөнгийг албадан борлуулах ажиллагаа 1 сарын хугацаагаар зогссон нь хуульд нийцнэ.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/15289 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Ц.ЦЭРЭНДУЛАМ