Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 133

 

            Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Д.У,

Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

   Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.У-д холбогдох 1928000000147 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Яллах дүгнэлтэд бичигдсэн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, 30 настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Д.У, регистрийн дугаар ;

Шүүгдэгч Д.У нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сумын 3 дугаар баг, 14 дүгээр байр, 36 тоотод М.Г-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Уыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.У шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэртээ өглөө унтаж байхад О, Г хоёр ээлжлээд залгаад байсан. 6 пиво хувааж уугаад өглөө 10 цаг өнгөрч байхад унтсан. Нэмээд архи уух гээд би Отэй дэлгүүр явж 1 шил архи, 1 том пиво авч ирээд пивоо тал хүртэл нь уусан. 13 цагийн үед үлдсэн пивоо хувааж уугаад байж байтал О, Г хоёр хоорондоо үсдэлцэхээр нь боль гэхэд Г өөдөөс хашхираад байхаар нь нэг цохьсон.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдөр найз О, У нартай Даланзадгад сум 3 баг 14 байрны 36 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад О бид 2 эхлээд маргалдаад үсдэлцээд байж байсан. Гэнэт хажуунаас У миний баруун нүд хамар хэсэг рүү гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Хэн хэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Оийг үснээс нь зулгаагаад боль гээд байхад нь би болихгүй байсан чинь У намайг цохьсон. Намайг сууж байхад зүүн хацар руу нэг удаа алгадаад авсан. Тархи толгой дүүрэх хэмжээний хүчтэй алгадаагүй. Миний биед учирсан гэмтлийг У учруулсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй. /хх-ийн 08-09-р хуудас/

Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 08 дугаар сарын 20-ны өглөө босоод гэртээ байж байгаад 09 цагийн орчимд Г руу утсаар залгаад юу хийж байна ажилдаа явсан юм уу гэж залгасан чинь үдээс хойш 16 цагаас ажилтай гэртээ хэвтэж байна гэхээр нь хоол идсэн юм уу гэж асуусан чинь хоол идээгүй хоол хийсэн бол аваад ирээч гэхээр нь хоол хийгээгүй гэж хэлээд замдаа дэлгүүр ороод 2 бэлэн хоол 4 ширхэг кофе аваад Гын гэрт нь очиход Г орондоо пиво уусан байдалтай хэвтэж байхаар нь би бэлэн хоолоо идээд кофегоо уусан. Харин Г кофе  уугаад бэлэн хоол идээгүй. 3 шилтэй пивоноос надад 1 шилтэй пиво задлаад өгөхөөр нь би түүнийг нь уусан. Г үлдсэн 2 шилтэй пиво ууж дуусгаад Цоглог дэлгүүр орж 6 ширхэг лаазтай пиво аваад гэрт нь орж ирээд У руу Г утсаар залгаад гэртээ байна хүрээд ир гэж хэлээд бид 2 нөгөө дэлгүүрээс авчирсан пивоноос би 3 лаазыг, Г үлдсэн гурвыг нь уусан. Тэгээд сууж байсан чинь У хүрээд ирэхэд 11 цаг болж байсан байх. У бид 2 дэлгүүр ороод 1 шил 0.5 грамм ерөөл архи, 2.5 литр савтай пиво 1 ширхгийг авч орж ирээд авчирсан архийг У ганцаараа уусан. 2.5 литр савтай пивог задлаад Г бид 2 хувааж ууж байгаад дуусгаагүй. Би унтаад сэрэхэд 13 цаг өнгөрч байхад Г үлдсэн пивог ууж дуусгаад нэлээн согтон хашгираад юм авч хана руу шидээд миний нүдний шил утсыг шидээд бас өөр юмнууд авч шидээд байхаар нь чи одоо яаж байгаа юм бэ гэж асуусан чинь та 2 намайг тоохгүй байна. Та 2 явалддаг нь үнэн юм байна гэж хэлсэн чинь У тийм  шүү дээ гэж хэлэхэд би Гын хажууд шилээ эвлүүлээд сууж байхад улам уурлаад намайг үсдээд дарсан чинь У яаж байгаа юм бэ гэж хэлээд цохиод авах шиг болсон. Намайг тэр хоёрыг салгахад Г ёо ёо гээд дуугарсан. Тэгээд би салаад босоод ирсэн чинь тэр 2 хоорондоо муудалцаад байсан. Г хөлөө жийгээд уйлаад сууж байхаар нь хажуугаар нь гарахдаа хөлийг нь хөлөөрөө түлхээд гарсан чинь эргээд намайг гутлаар элэг рүү цохиход нь би эвхрээд газар унасан чинь уучлаарай гээд тэврээд уйлаад байсан. Тэгээд би босоод гутлаа өмсөөд гараад явсан. Намайг гараад явахад У Г 2 үлдсэн. /хх-ийн 12-13-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 584 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: М.Гын биед тархи доргилт зүүн нүдний зовхи цээжний баруун хэсэг дэх цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 17-18-р хуудас/

Шүүгдэгч Д.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 08-р сарын 20-ны өдөр Г, О нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад Гыг нүүрэнд нь гараараа цохиж гэмтэл учруулсан. Би М.Гын нүүрэнд нь баруун гараараа нэг удаа цохиж авсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй /хх-ийн 24-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 46-49-р хуудас/

Эмийн зарлагын баримт /хх-ийн 45-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.У нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сумын 3 дугаар баг, 14 дүгээр байр, 36 тоотод М.Гыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 584 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: М.Гын биед тархи доргилт зүүн нүдний зовхи цээжний баруун хэсэг дэх цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 17-18-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Хохирогч болон гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч нь хохирогчийн зүүн нүд хацар хэсэгт нь цохьсон болох нь тогтоогддог ба өөр газар цохьсон талаар мэдүүлээгүй байна. Иймд шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан: хохирогчийн цээжний баруун хэсэг дэх цус хуралт гэмтлийг шүүгдэгч Д.У учруулаагүй байна гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба энэхүү гэмтэлтэй холбогдуулан хохирогч нь шүүгдэгчээс 650.000 төгрөгийг нэхэмжилж, эм авсан гэх зарлагын баримтын хуулбарыг хэрэгт ирүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж, хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт нэхэмжилсэн 650.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хохирогчийн хэрэгт ирүүлсэн эм авсан гэх зарлагын хуулбарласан баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...иргэний баталсан болон бичсэн баримт бичиг нь ...төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно... гэх шаардлагыг хангаагүйн зэрэгцээ эм авсан гэх баримтад уг эмийг хэн, хэзээ, ямар эмчийн бичсэн эмчилгээний зааврын дагуу авсан талаар бичигдээгүй, эмийн нэр зэрэг нь уншигдахгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Түүнчлэн хохирогч эмнэлэгт үзүүлж, карт хөтөлсөн талаарх тэмдэглэл болон толгойн зураг авахуулсан шинжилгээний баримтыг хэрэгт хавсаргасан байх боловч энэ нь төлбөрийн баримт биш тул гэм хорын хохирлыг шүүгдэгчээс гаргуулах нотлох баримт байхгүй байна гэж үзэн, хохирогчийн нэхэмжилсэн 650.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Иймд шүүгдэгч Д.Уыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл бий болов.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж байна. 

Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргав.

Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8,  9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Д.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ут 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Д.У нь шүүхээс оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уаас 650.000 төгрөг гаргуулах тухай хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Гын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д  зааснаар шүүгдэгч Д.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Д.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА