| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2024/09079/И |
| Дугаар | 210/МА2026/00107 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2026/00107
*******нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/08086 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******холбогдох,
76,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******2 удаагийн зээлийн гэрээний нийт 87,500,000 төгрөгийг зээлдүүлсэн. Үүнд:
2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 52,500,000 төгрөгийг 1 сарын 8 хувийн хүүтэй 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 6,5 сарын хугацаатай зээлдүүлэн зээлийн гэрээ байгуулсан. 52,500,000 төгрөгийг *******гийн *******дахь ******* тоот дансанд шилжүүлсэн, 42,500,000 төгрөгийг ******* өөрийн данснаас шилжүүлсэн ба 10,000,000 төгрөгийг өөрийн ээж Оюуны *******дахь ******* тоот данснаас шилжүүлсэн. Үндсэн зээл 52,500,000 төгрөг, хүүгийн төлбөр 27,300,000 төгрөг, нийт 79,800,000 төгрөгийг *******д өгөхөөр гэрээгээр тохиролцсон.
1.2. 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 35,000,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 сарын 8 хувийн хүүтэй зээлэн зээлийн гэрээ байгуулсан. 35,000,000 төгрөг *******гийн *******дахь ******* тоот дансанд шилжүүлсэн. Үндсэн зээл 35,000,000 төгрөг, 2 сарын хүүгийн төлбөрт 5,600,000 төгрөг, нийт 40,600,000 төгрөгийг *******д буцаан төлөхөөр харилцан тохиролцсон.
Эдгээр зээлийн гэрээнүүдийг тус бүрд нь байгуулсан ба хугацаандаа зээлээ төлж барагдуулаагүй тул дахин баталгаажуулж 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нотариат орж хэлцэл байгуулсан.
1.3. Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш ******* нь *******дахь өөрийн ******* тоот данснаас **************дахь ******* тоот данс руу нийт 44,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг төлсөн.
2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, нийт 44,000,000 төгрөгийг төлсөн.
******* нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11,100,000 төгрөг, зээлийн хүү 27,300,000 төгрөг, нийт 38,400,000 төгрөг төлсөн үндсэн зээлийн үлдэгдэл 41,400,000 төгрөг үлдсэн.
******* нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээлийн хүүд 5,600,000 төгрөг төлсөн. Үндсэн зээл 35,000,000 төгрөг үлдсэн.
Иймд хариуцагч *******гаас 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 41,400,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 35,000,000 төгрөг, нийт 76,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, үндэслэлийн агуулга:
2.1. Би *******гаас огт мөнгө зээлээгүй. ******* нөхөр гадаа ирчихлээ гээд уйлж орилоод миний амьдралыг авраач, нөхрөөсөө салах гээд байна. Би байр захиалсан гэдгийг нөхрөөсөө нуучихсан гэсэн. 2023 оны 09 сарын сүүлчээс 2024 оны 05 сарын сүүлч хүртэл хугацаанд миний дансаар 3,000,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн ба хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамрагдах иргэд миний дансанд мөнгө хийгээд мөнгийг би *******, *******нарын дансанд шилжүүлж байсан.
2.2. Би эдгээр хүмүүст холбогдуулан хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамрагдах зорилгоор орон сууцны урьдчилгаа 100,000,000 төгрөгөө шилжүүлж залилуулсан гомдлыг 2024 оны 11 сард Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт гаргасан ба одоо эдгээр хүмүүст холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. ******* байр авах гээд ээжийнхээ нэрээр мөнгө шилжүүлж байсан ба мөнгийг би дээрх хүмүүс рүү шилжүүлсэн гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч *******гаас 76,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 539,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 539,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нотлох баримтыг буруу үнэлж талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсон тухайд:
Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн зээлийн гэрээний зүйлийг шилжүүлсэн гэх банкны дансны хуулганд гүйлгээний утгыг “орон сууцны буюу байрны захиалга” гэсэн агуулгатай шилжүүлсэн нь иргэн *******хүсэл зоригийг илэрхийлж байна. Улмаар талуудын хооронд байгуулагдсан гэх 2 зээлийн гэрээний оролцогчоор зээлдэгч нь хариуцагч ******* биш өөр этгээдийн нэр бичигдсэн тул тус гэрээ нь иргэн ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд тус гэрээнд бичигдсэнээр тэдгээрийн хооронд зээлийн харилцаа тогтоож чадахгүй.
Мөн тухайн 2 зээлийн гэрээ нь хоёулаа нэгэн ижил бүтэц, үг хэллэгээр бичигдсэн.
4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:
Тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр иргэн ******* оролцож байсан бөгөөд маргааны шинж байдлын улмаас түүнийг нарийн тодорхой, бүрэн гүйцэд шүүхэд тайлбарлан ойлгуулах зайлшгүй шаардлагын улмаас хариуцагч иргэн ******* биечлэн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн.
Хариуцагч иргэн ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцож эхэлсэн тул шүүх хуралдаанд өөрийн татгалзал, түүний үндэслэлийг тайлбарлаж, мэтгэлцэх боломжийг бүрдүүлэхийн тулд хэрэгт цугларсан нотлох баримттай танилцаж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч, хүсэлтийг хангахаас үндэслэлгүйгээр татгалзаж хавтаст хэрэгтэй хариуцагчийг танилцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. ******* гэх хүнтэй 12 жил нэг байгууллагад ажилласан. 10 гаруй жил хамт ажилласан учраас итгэлцэл үүссэн бөгөөд орон сууц өгөх, авах асуудлын хувьд мөнгө өгсөн асуудал үүссэн. Явцын дунд ямар асуудал болсон бэ гэвэл орон сууц өгнө гэх хугацаа болсон. Орон сууцаа авъя, өгнө гэсэн зүйл нь юу болсон бэ гэхэд “Тэр асуудал бүтэхгүй болсон” гэж хэлсэн учраас мөнгөө буцааж авъя гэж хэлсэн. Би мөнгийг тань өгөх боломжгүй байна. Хэрэглэж байгаад хүү тооцож өгье гэсэн. Ингээд хоёулаа гэрээ байгуулъя гэж хэлсэн. Энэ талаар тохирч гэрээ байгуулна уу гэхээс ямар нэгэн байдлаар дүр үзүүлж, шахаж, хавчсан зүйл байхгүй.
6. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:
6.1. Гэрээнүүдийг дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
2023 оны 11 дүгээр сарын 17, 2024 оны 3 дугаар сарын 19-ний зээлийн 2 гэрээ, уг хоёр гэрээг дүгнэж гуравдах гэрээг нотариат орж байгуулсан. Үнэхээр дүр үзүүлсэн хэлцэл байсан бол дараа нь тус хоёр гэрээний үнийн дүн, бусад хугацааг сунгахаар нотариат орж гэрээ байгуулахгүй байсан. Хариуцагч гуравдах гэрээ болох нотариат орж баталгаажуулсан 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хэлцлийн талаар тайлбарладаггүй. Энэ нь түүний хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэдэг нь нотлогдож байгаа. Тус гэрээг мэдэхгүй, ******* өөрөө бичиж гарын үсэг зуруулсан гэдэг. Гэрээний нэг хувийг *******өөрт нь өгсөн. Шүүх хуралдаанд өөрт нь байгаа гэдгээ хэлсэн. Гэрээг хүлээн зөвшөөрдөг. *******гийн овог болон иргэний бүртгэлийн дугаар зөрүүтэй бичсэн нь техникийн шинжтэй алдаа байсан гэдгийг хүлээн зөвшөөрч, үүнтэй холбоотой тайлбар сөрөг зүйлийг гаргадаггүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн, хэргийн материалтай танилцуулаагүй, нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй гэх гомдол гаргасан. Хариуцагчийн зүгээс татгалзлаа нотолсон баримт, хүсэлт, сөрөг нэхэмжлэл гаргаагүй.
Хариуцагчийн өмгөөлөгчөөс “олон тэрбум төгрөгийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа” гэж тайлбарладаг. Энэ талаар нэг хуудас нотлох баримт гаргаж өгсөн. Энэ нь эрүүгийн хэрэг биш, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол байсан. Тус тогтоолд иргэн *******гаас гаргасан 100,000,000 төгрөг шилжүүлж залилуулсан гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол гаргасан болохоос хариуцагчийн өмгөөлөгчийн ярьсанчлан олон тэрбум төгрөгөөр хохирсон, олон иргэнийг хамарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хаана ч байхгүй. Жилийн 96 хувийн хүүтэй зээл аваагүй гэж тайлбарладаг. 2025 оны 05 сард шүүх хуралдаанд миний бие өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд хариуцагч тал нотлох баримт гаргуулж өгөх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан. Ингээд 2025 оны 05 сараас хойш 09 дүгээр сарын хүртэл 4 сарын дараа шүүх хуралдаан болоход тус хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан учраас шүүх хүсэлтийг хүлээж аваагүй. Нотлох баримт гаргаж өгөх хангалттай хугацаа тогтоосон тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь үндэслэлтэй.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 76,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...мөнгө зээлээгүй тул хүчин төгөлдөр бус гэрээ...” гэсэн агуулгаар маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
4. 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №1 дугаартай зээлийн гэрээгээр 52,500,000 төгрөгийг, 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр, 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №2 дугаартай зээлийн гэрээгээр 35,000,000 төгрөгийг, 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр тус тус зээлдүүлэгч *******гаас зээлдэгч *******зээлдүүлэх, зээлдэгч зээл, хүүг буцаан төлөхөөр тохиролцож, талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. /хх 4-6, 7-9/
5. Дээрх 2 зээлийн гэрээний дагуу дараах байдлаар нэхэмжлэгч *******гаас хариуцагч *******87,500,000 төгрөг, хариуцагч *******гаас нэхэмжлэгч *******д 44,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Үүнд;
5.1. *******дахь ************** данснаас *******гийн ******* данс руу 2023.11.03-ны өдөр 17,500,000 төгрөгийг “ts.oyunaas bairnii urdchilgaa” гэх утгаар, 2023.11.16-ны өдөр 20,000,000 төгрөгийг “bair urdchilgaa tulbur” гэх утгаар, 2023.11.17-ны өдөр 5,000,000 төгрөгийг “bair urdchilgaa ariunaagaas” гэх утгаар, 2024.03.19-ний өдөр 35,000,000 төгрөгийг “Ariunaa-c байрны урьдчилгаа” гэх утгаар,
5.2. *******дахь *******ы ******* данснаас *******гийн ******* данс руу 2023.11.03-ны өдөр 10,000,000 төгрөгийг “Ц.Оюун байрны урьдчилгаа” гэх утгаар тус тус, нийт 87,500,000 төгрөгийг шилжүүлсэн. /хх-12-16/
5.3. *******дахь ************** дансанд *******гийн ******* данснаас;
2024.06.20-ны өдөр 20,000,000 төгрөгийг *******гэх утгаар, 2024.10.07-ны өдөр 2,000,000 төгрөгийг *******гэх утгаар, 2024.11.11-ны өдөр 20,000,000 төгрөгийг “Zolzayagaas” гэх утгаар, 2024.10.05-ны өдөр 2,000,000 төгрөгийг *******гэх утгаар тус тус шилжүүлсэн. /хх-17-20/
6. Талууд 2024 оны 06 сарын 05-ны өдөр хэлцэл хийж, дээрх 2023 оны 11 сарын 17, 2024 оны 03 сарын 19-ний гэрээний үүргийг хариуцагч үл маргах журмаар биелүүлэхээр тохирсон. /хх-10/
7. Нэхэмжлэгчээс хариуцагчид 87,500,000 төгрөгийг шилжүүлсэн үйлдэл нь орон сууц худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэлтэй байсан боловч талууд хожим үүнийг өөрчилж 2023 оны 11 сарын 17-ны өдрийн №1, 2024 оны 03 сарын 19-ний өдрийн №2 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийг хэлцлээр баталгаажуулсан байна.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж, гарын үсэг зурсан бол бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэх тул талуудын орон сууц худалдах, худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл бодитоор хэрэгжээгүй, улмаар талууд орон сууцны үнэнд шилжүүлсэн мөнгөний хүрээнд зээлийн гэрээ байгуулсныг хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр гэж үзнэ.
Хэргийн баримтаар мөнгөн хөрөнгийг шилжүүлэхдээ анх “орон сууц”, “байр” утгаар шилжүүлсэн, үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй байх тул талуудын анхны илэрхийлсэн хүсэл зориг орон сууц худалдах, худалдан авах агуулгаар мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн байна. Гэвч хожим талууд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл өөрчлөгдөж өмнөх шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зээлэх зээлдүүлэх, хүүтэйгээр буцаан төлөх агуулгыг илэрхийлсэн, өөрчлөгдсөн хүсэл зоригийн илэрхийллийг хэн алин нь хүлээн зөвшөөрч гурван удаа бичгээр гэрээ, хэлцэл байгуулсан болох нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн уг эрмэлзлээ илэрхийлсэн байдлыг нөгөө тал ойлгож, утга санааг нь ухамсарласан тохиолдолд хүчин төгөлдөр гэж үзнэ.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргах боловч дээрх гурван удаагийн хэлцлийг тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй байна.
8. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул “нотлох баримтыг буруу үнэлж талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсон” гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй.
Мөн талуудын хооронд байгуулсан №1, №2 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэх тайлбараа хариуцагч тал баримтаар нотлох үүргээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгжүүлээгүй. Түүнчлэн нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан №1, №2 тоот зээлийн гэрээ, хэлцэл, мөнгө шилжүүлсэн дансны хуулга баримтуудыг хариуцагч тал өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй тул “…бидний хооронд мөнгө зээлдүүлэх харилцаа үүсээгүй...” гэх хариуцагчийн тайлбар баримтаар үгүйсгэгдэнэ.
9. Хэрэгт авагдсан баримтаар 2 удаагийн зээлийн гэрээнд дурдагдсан нийт 87,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн, хариуцагчаас 44,000,000 төгрөгийг буцааж нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Гэрээнд заасан хэмжээгээр хүү тооцож, зээлийн гэрээний үүрэгт төлөгдөөгүй дүнг анхан шатны шүүх 76,400,000 төгрөг гэж үзэн хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дах хэсэгт заасан хуулийн хэм хэмжээтэй нийцсэн. /хх12-20/
10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад журам зөрчсөн тухай хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
10.1. Шүүх иргэний хэрэг үүсгэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******өд 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх журам болон хэргийн баримтуудыг танилцуулан нэхэмжлэлийн хувийг гардуулсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2 удаа шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийн материалтай танилцах боломжит хугацаа олгосон байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийг хэргийн материалтай танилцах эрхийг шүүхээс хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/08086 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 539,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Ц.ЦЭРЭНДУЛАМ