Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 776

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.С хөтлөн

улсын яллагч А.М

шүүгдэгч Г.А

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .......... тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ..-нд . аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..... оюутан, ам бүл 5; эцэг, эх, дүү нарын хамт .... аймгийн ... дугаар баг .. тоотод хаягийн бүртгэлтэй, боловч ... дүүргийн .. дугаар хороо, ... хороолол .... дугаар байр ... тоотод оршин суух, ял эдэлж байгаагүй, .... дугаарын регистртэй, ..... овогт Г-ийн А

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Г.А 2018 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, “Бүжин” нэртэй караоке-ны орчимд хохирогч Р.Г-ыг мөрлөсөн гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би шүүх хуралдаанд оролцохдоо өмгөөлөгч авах шаардлагагүй. Энэ талаараа бичиж өгсөн байгаа. Хүн зодсон нь бүгд миний буруу учраас дахин ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй.

Хохирогчийн хохиролд гэж нийт 2.366.000 төгрөг өгсөн гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Р-ын Г “… 2018 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 03 цагийн орчим би ажлынхаа А, Г, Ө, Ц, О, Ц, Н, Б, Т, Т, Л, О нарын хамт шинэ жилийн баяраа Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Ахуйн үйлчилгээний ордны замын харалдаа урд талын автобусны буудлын зүүн талд байрлах “Мэйшин” нэртэй караокед сууж тэмдэглэсэн. Би ганцаараа харьлаа гээд караокеноос гараад булан тойрох үед улаан куртиктэй залуутай мөрөлцсөн. Мөрлөцлөө гээд хоорондоо маргалдаад байж байсан чинь ардаас нэг залуу толгой руу цохиод авсан чинь улаан куртиктэй залуу миний мөр орчим гараараа нэг удаа цохиход би зөрүүлээд цохисон. Тэр үед Г, А, Ө, Ц, О, Ц нар гарч ирээд салгасан. Тэгсэн чинь манай ажлын Г-той нөгөө хүмүүс дахиад маргалдаад барьцалдаад авахаар нь би очоод салгах гэсэн чинь миний куртикны малгайнаас доош нь дарж байгаад толгой руу цохиод зодсон. Тэр үед цагдаа ирлээ гэсэн чинь нөгөө намайг зодож байсан хүн больсон. Тэгээд би зодуулсан талаараа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн” /хх-н 14-16/ гэж,

гэрч Б-ын Ц “... шинэ жилийн арга хэмжээ болоод Г, Ө, О, Л, А, Цэндлхагва, Ч, Д нарын нийт 20 орчим хүн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Парадоксын автобусны буудлын урд талын нэр хаягийг нь би сайн санахгүй байна нэг караокед орцгоосон. Тэндээ бүгдээрээ дуулж байгаад 03 цагийн орчим цаг нь дуусаад гарахаар болоод гадаа караокены үүдэн дээр А, Л, Г бид нар ярилцаад байж байсан чинь Г би түрүүлээд явж байя гээд ганцаараа зам руу такси барих гээд явсан. Гэнэт Л Г-ыг хүн зодож байх шиг байна гэхээр нь би А, Л нарын хамт Г дээр очтол хэдэн залуу тойроод зогсчихсон зарим нь Г-тай маргалдаад зууралдаад байсан. Би салгах гэж очоод боль гээд дундуур нь орсон. Тэр үед Г-ыг манайхны нэг нь цааш нь аваад явсан чинь нөгөө муудалцсан хүн нь Г руу дайраад муудалцах гээд байсан. Салгаад байж байтал цагдаа ирсэн” /хх-н 17-18/ гэж,

гэрч Ч.О “... манай ажлын шинэ жилийн арга хэмжээ Бөмбөгөр худлдааны төвийн орчим байрлах MB нэртэй ресторанд болоод 02 цагийн орчим тараад тэндээсээ манай ажлын 15-16 хүн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Парадоксын автобусын буудлын зүүн урд талд байрлах нэрийг одоо санахгүй байна жижигхэн доошоо орсон караоке руу орж, цаг аваад дуулж байгаад цаг нь дуусаад бүгдээрээ гарцгаагаад караокеноос би Г-той хамгийн сүүлд тооцоогоо хийчихээд гартал караокены үүдэн дээр Г-тай танихгүй хүмүүс зууралдаад муудалцаад ноцолдоод байсан. Тэр үед Г би Ц эгч тэнд гадаа гарч ирсэн байсан хүмүүс очоод салгах гээд очиход танихгүй залуу Г-той муудалцаад барьцалдаад зодолдох гээд байсан” /хх-н 20-22/ гэж,

гэрч Р-ын Г “... шөнө 01 цагийн орчим манай ажлын Г, Ө, Ц, О, Л, А, Ц, Ч, Д нарын нийт 10 гаруй хүн Прадоксын автобусны буудлын урд талын нэр хаягийг нь би сайн санахгүй байна нэг караокед орцгоосон. Тэгээд тэндээ бүгдээрээ дуулж байгаад цаг нь дуусаад гарахаар болоод би хамгийн сүүлд О-той хамт бие засчихаад араас нь гарсан чинь манай Г, Ө, Ч нар нь танихгүй хүмүүстэй маргалдаад муудалцаад зууралдаж байсан. Г-ыг хүмүүс тал талаас нь бүчсэн байхаар нь би очоод салгах гээд дундуур нь ороод нэг залуутай нь зууралдаад, би өөрөө хальтирч унасан. Тэгсэн чинь цагдаа нар ирсэн” /хх-н 23-25/ гэж,

гэрч Цэдэндамбын Сугар “... 2018 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө манай сургуулийн шинэ жил болоод тэрнээс тараад Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Парадоксын автобусны буудлын урд талд байрлах Бүжин нэртэй караокед Онолбаатар, Гаасүрэн, Мөнхбаяр, Төрболд, Анхбаяр, Сүрэнжав бид нар орсон. Караокед сууж байгаад 03 цагийн орчим Мөнхбаяр, Гаасүрэн, Онолбаатар бид дөрөв эхлээд түрүүлээд гараад автобусны буудал руу алхаж байгаад эргээд харсан чинь Сүрэнжавыг нэг хүн бариад авах шиг харагдсан. Тэгэхлээр нь бид нар явж очоод салгасан” /хх-н 26-28/ гэж,

гэрч Даваагийн Онолбаатар “... манай их сургуулийн шинэ жил Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Винсвэй ресторанд болсон. Шинэ жилийн арга хэмжээ тараад замын урд талд байрлах “Бүжин” нэртэй караоке руу манай ангийн Анхбаяр, Мөнхбаяр, Сүрэнжав, Сугар, Гаасүрэн, Төрболд Хүнсний ангийн 4 охины хамт орсон. Ороод нэг цаг дуулцгаасан. Караокены цаг дуусаад би Гаасүрэн, Сугар, Мөнхбаяр нарын хамт түрүүлээд гарсан. Түрүүлж гараад автобсуны буудал руу явж байгаад эргээд харсан чинь Сүрэнжав нэг хүнд мөргүүлчихсэн байхаар нь би очоод Сүрэнжавыг нөгөө хүнээс нь салгаад аваад явсан” /хх-н 29-30/ гэж,

гэрч Төмөрбаатарын Мөнхбаяр “... манай сургуулийн шинэ жил “Винсвэй” ресторанд болж, 01 цагийн орчим тус пабаас гараад манай нэг ангийн Сүрэнжав, Анхбаяр, Гаасүрэн, Сугар, Онолбаатар, Төрболд нарын хамт замын урд талын “Бүжин” нэртэй караокед орцгоосон. Караокед ороод нэг цаг орчим дуулж сууж байгаад тооцоогоо хийгээд бүгд гарахаар болоод Онолбаатар, Гаасүрэн, Сугар бид нар түрүүлж гараад автобусны буудлын тийшээ алхаж байсан чинь ард хүмүүс маргалдах шиг болохоор нь эргээд харсан чинь Анхбаяр нэг хүнтэй маргалдаад байх шиг байсан. Яваад очтол Анхбаяр нэг залуутай зууралдаад зогсож байхаар нь бид нар очоод салгасан” /хх-н 33-34/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Р.Ганбатын гэмтэлтэй холбоотойгоор “Р.Ганбатын биед хуйханд шарх, зүүн хөмсөгт зулгаралт, дух, хуйханд цус хуралт гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн 579 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 39/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Г.Анхбаярыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Анхбаярт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Г.Анхбаяр цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Р.Ганбат гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-н 135-137/, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1151 дугаартай захирамжаар Г.Анхбаярт холбогдох энэ хэргийг “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэсэн үндэслэлээр прокурорт буцаасан ба мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэргийг дахин шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Г.Анхбаяр шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Ганхүлэгийн Анхбаярыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Анхбаярыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Г.Анхбаяр торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Г.Анхбаяр цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Р.Ганбат гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Анхбаярт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ