Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 777

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Э  хөтлөн

улсын яллагч Б.Б

шүүгдэгч М.А

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ............. дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ...-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, компьютерийн техникийн инженер мэргэжилтэй, “.....” ХХК-д байгууллага хариуцсан менежер ажилтай, ам бүл 5; эхнэр, хүүхдүүдийн хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, .. дүгээр байрны ... тоотод оршин суух, ялгүй, ...... дугаарын регистртэй, Б овогт М ын А

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч М.А 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эс Ти Экс Ситинет” ХХК-ийн түрээсэлж байгаа хурлын танхимд “намайг тэнэг гэж хэллээ” гэх шалтгаанаар хохирогч Б.Э  зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч М.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Тиймээс дахин мэдүүлэхгүй. Хохирогч эмчилгээний зардлын 450.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Хохирогч бид хоёр одоо нэг дор ажиллаж байгаа. Тухайн агшинд тийм л юм болсон. Маш их харамсаж байна гэв. 

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б Э  “... 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Инфайр оффист хурал хийсэн юм. Тэгээд яг хурал болж байх үед би “байгууллагын ажилчдаас хэн нэг нь төлөөлөөд ерөнхий захиралд санал гаргах тухай” хэлсэн чинь манай байгууллагын маркетингийн менежер А надтай санал зөрж “захирлууд та нар асуудлыг захиралд ярих ёстой, хүний гараар могой бариулах” гэсэн утгатай юм хэлж маргасан. Тухайн үедээ маргаан тэгсгээд өнгөрсөн бөгөөд манай байгууллагын ажилчид бүгд хоолонд гарах болоод байхад би А д “чи буруу яриад байна, яагаад юм ойлгохгүй байгаа юм бэ” гэж хэлсний төлөө А  “чи намайг тэнэг гэлээ” гэж хэлээд нэг удаа миний зүүн шанаа орчим баруун гараараа нэг удаа цохисон” /хх-н 15-16/ гэж,

гэрч Б. Б  “... тэр үед А ямар ч байсан “чи намайг тэнэг гэлээ” гэж хэлээд Э  сууж байсан газар очин баруун гараараа Э зүүн шанаа орчим нэг удаа цохисон. Гэтэл Э нэг хэсэгтээ ухаангүй юм шиг газар унаад хэвтсэн бөгөөд А манай ажилчид салгаад гаргасан. Э унасан газраа хэвтэж байгаад босоод гадаа гарч А маргах гэсэн боловч манай ажилчид тэр хоёрыг салгаад явуулсан” /хх-н 10-11/ гэж,

яллагдагч М.А “... сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би бухимдсандаа хүн цохиж гэмтэл учруулсан асуудалдаа маш их харамсаж байна” гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Б.Э гэмтэлтэй холбоотойгоор Б.Э биед тархи доргилт, зүүн хацар шанаа эрүүний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн 10263 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 20/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч М.А “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.А-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч М.А бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Б.Э “... миний бие М.Алтангэрэлээс хохирлын 450.000 төгрөг авсан. Бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргажээ. /хх-н 63/

Шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураадсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.А шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Б овогт М-ын А-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.А-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. М.А торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. М.А цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.А урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ