Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 483

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Ж.Мын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “...Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаар тушаалын Ж.М т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.М нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Төрийн жинхэнэ албан хаагч Ж овогтой М миний бие Төрийн албаны тухай хуулийн 39, 14, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан үндэслэл, Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.3, 92, 93, 103 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Б-ийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаар тушаалыг дор дурдсан үндэслэлээр хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж үзэж Төрийн албаны зөвлөлд 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөдөл гаргасан. 

Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1006 дугаар албан бичгээр төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын чиг үүрэг, хариуцаж байсан ажил, сургалтын төрийн сангийн зээл, түүнээс үүдэн гарах эрсдлийг судлан үзэлгүйгээр хууль бусаар ажлаас чөлөөлснийг тогтоож ажлын байраар хангахыг Засгийн газраас томилогдсон Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.М-д даалгасан. 

Гэвч Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга өнөөдрийг хүртэл ажилд эгүүлэн томилоогүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. 

1. Ж- овогтой М- миний бие Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Эрчим хүчний яаманд ирүүлсэн албан бичиг, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 94, 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 150, 2016 оны 34 дүгээр тушаалаар Эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Салбарын эдийн засгийн загварчлал, концесс хариуцсан ахлах мэргэжилтний батлагдсан орон тоо дээр томилогдон ажиллаж байсан. Гэтэл Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Б-йн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар байр цөөрсөн гэх шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. 

Монгол Улсын концессын тухай хууль, Төрөөс төр-хувийн  хэвшлийн түншлэлийн талаар баримтлах бодлогын баримт бичиг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын хүрээнд Засгийн газрын 2013 оны 317 дугаар батлагдан гарсан ба тус тогтоолын хавсралтаар Эрчим хүчний салбарт нийт 16 төсөл хөтөлбөр хэрэгжихээр батлагдсан ба гэрээ байгуулагдаж хэрэгжихэд бэлэн болсон төсөл 3, гэрээний хэлцлийн шатанд байгаа төсөл 4, бусад төслүүд нь хэрэгжих шатанд байна. Ж.М миний бие Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан ажлын байрны тодорхойлолт, Концессын тухай хуулийн дагуу хэрэгждэг эдгээр 16 төсөл хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилтийг хариуцан ажиллаж байсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу миний ажлын байрыг бүтцийн өөрчлөлтөөр цөөрүүлэх боломжгүй юм. 

Батлагдсан   ажлын  байрны  тодорхойлолт  хүчинтэй  хэвээр   байгаа   бөгөөд миний ажлын чиг үүрэг Засгийн газрын тогтоолоор баталсан Эрчим хүчний яамны шинэ бүтцээр нийт 6 хүний орон тоотой Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэст шилжсэн байсан. Тус хэлтэст 2 мэргэжилтний сул орон тоо байсаар атал 16 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар ажлын байр цөөрсөн гэсэн тайлбартайгаар намайг ажлаас чөлөөлж сул орон тоонд салбарын гаднаас мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 16 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Д.Б*, У.* нарыг Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэст томилсон нь хууль бус гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн дагуу ажлын байр цөөрсөн бол сул орон тоонд тангарагаа өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчаас сонгон шалгаруулж ажлын байраар хангах заалттай. Гэвч дээрх тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлж оронд нь салбарын гаднаас түр орлон гүйцэтгэгчийг томилсон хууль бус үйлдэл болсон юм. 

2. Миний бие Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 292 дугаар тушаалын дагуу Засгийн газрын тэтгэлэг, Сургалтын төрийн сангийн зээлээр АНУ болон Англи улсад суралцан магистрын зэрэг хамгаалсан ба Төрийн албанд 5 жил ажиллаж сургалтын зээлээ төлөх гурван талт гэрээний дагуу төрд ажиллаж ажлын тайланг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Сургалтын төрийн санд хүргүүлж байгаа болно. Тус сургалтын зээлийн гэрээг дүгнэх хугацаа болоогүй бөгөөд сургалтын зээлийн барьцаанд миний үл хөдлөх эд хөрөнгө барьцаалагдсан болно. Тус сургалтын зээлийн гэрээнд зааснаар төр ажлын байраар хангах үүрэгтэй бөгөөд төрийн албанд ажиллаж зээлээ төлөөгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгө хураагдах юм. 

3. Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д төрийн албан хаагчийг томилох, чөлөөлөх бүрэн эрх нь яамны Төрийн нарийн бичгийн даргад байна гэж заасан. Төрийн нарийн бичгийн дарга нь Засгийн газрын захиалгын дагуу Төрийн албаны төв байгууллага сонгон шалгаруулж санал болгосноор Засгийн газраас томилогддог Төрийн захиргааны дээд албан тушаалтан билээ. 

Төрийн албаны хуулийн хүрээнд Төрийн албаны зөвлөл нь Засгийн газрын захиалгын дагуу Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг явуулж байсан ба Засгийн газраас Төрийн нарийн бичгийн дарга томилогдож ирээгүй байхад Эрчим хүчний сайдын түр томилсон Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон  Төрийн  нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Баярмагнай 

нь Эрчим хүчний яаманд төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлөх, тэтгэвэрт гаргах, албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилох эрх зүйн чадамжтай албан тушаалтан биш гэж үзэж байна. 

Эрчим хүчний сайд яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Б*г томилсон нь өөрөө хууль зөрчсөн. Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хуулиар Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд нь улс төрийн албан тушаалтан бөгөөд Төрийн захиргааны жинхэнэ албаны аливаа албан тушаалтныг томилох, түр томилох эрх зүйн боломжгүй гэж үзэж байна. 

4. Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжоор ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг бичгээр, эсхүл тухайн албан тушаалтанд урьдчилан биечлэн мэдэгдэх, энэ тухай протокол үйлдэн албажуулах ёстой. 

Гэвч надад ажлаас чөлөөлөх тухай урьдчилж мэдэгдээгүй бөгөөд 16 дугаар тушаал гарсны дараа буюу 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цаг орчим Д.*******оор дамжуулан мэдэгдсэн. 

Иймд миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгч Ж.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрчлөхдөө: 

“... Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаар тушаалын Ж.М т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв. 

Хариуцагч Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Нэхэмжлэгч Ж.М нь анх Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 150 дугаар тушаалаар Санхүү, хөрөнгө оруулалтын газарт салбарын эдийн засгийн загварчлал, концесс хариуцсан мэргэжилтнээр томилогдон, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад тус яамны Төрийн нарийн бичгийн  даргын  үүргийг  түр  орлон  гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор Эрчим хүчний яамны бүтэц орон тооны хязгаарыг баталсан бөгөөд 2016 оны 13 дугаар тогтоолоор Эрчим хүчний яамны бүтэц, орон тоог эцэслэн баталсан. 

Дээрх Засгийн газрын тогтоолын дагуу тус яамны бүтэц: 

1. Бодлого, төлөвлөлтийн газар /хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс, сэргээгдэх эрчим хүчний хэлтэстэй/

2. Төрийн захиргааны удирдлагын газар /хуулийн хэлтэс, санхүүгийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй/

3. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /дулааны хэлтэс, цахилгааны хэлтэстэй/

4. Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /эрчим хүчний нүүрс болон хийн хэлтэстэй/

5. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар. 5 газар 8 хэлтэстэй болгон өөрчлөгдсөн. 

Мөн Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар тогтоолоор Концессын гэрээ, төслүүд зогсоосон. 

Дээрх тогтоол шийдвэрийн дагуу тус яамны бүтэц өөрчлөгдөн Концесс хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо байхгүй болсон. Мөн ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн. 

Монгол Улсын төрийн алба тасралтгүй үргэлжлэх зарчмын дагуу Эрчим хүчний сайд Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Төрийн захиргааны удирдлагын даргын үүрэг, 02 дугаар тушаалаар Төрийн нарийн бичгийн даргын үүргийг тус тус М.Б*д хариуцуулсан. 

Иймд тухайн үеийн Төрийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Б* нь хуулийн дагуу тушаал гарган шийдвэрлэсэн гэж үзэж байна. 

Иргэн Ж.М нь тус яаманд ажиллаж байх хугацаандаа ажилдаа хайнга хандаж Концессын гэрээ, хөтөлбөрүүдийг Шилэн дансны тухай хууль, Ил тод байдлын тухай хуулийн дагуу яамны шилэн дансанд байршуулдаггүй, холбогдох яам, эрх бүхий байгууллагуудад тайлан гаргаж өгч байгаагүй зэрэг ажил үүргийн алдаануудыг санаатай болон санаагүй үйлдлээр хийж ирсэн нь тодорхой байдаг. 

Мөн  ажлын  хамт  олонтойгоо  нийтэч  биш,  ажил үүргээ үргэлж нууцлагдмал байдлаар хийж ирсэн нь ямар нэгэн ашиг сонирхол байсан эсэх эргэлзээг төрүүлж байна. Одоог хүртэл ажлаа бүрэн хүлээлгэж өгөөгүйгээс төрийн ажил зарим талаар саатаж байна. 

Иймд эрх зүйн хүчин төгөлдөр тогтоол, шийдвэрийн дагуу Ж.М ыг албан тушаалаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Ж.М ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Хариуцагчийн 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 150 дугаар тушаалаар  Санхүү, хөрөнгө оруулалтын газарт салбарын эдийн засгийн загварчлал, концесс хариуцсан мэргэжилтнээр Ж.М*г томилсон бөгөөд мөн даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 34 дүгээр тушаалаар  нэхэмжлэгчийг хариуцсан ажлын байран дээр нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ахлах мэргэжилтнээр томилон ажилуулсан байна. 

Эрчим хүчний сайдын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тушаалаар  Улсын Их Хурлаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсантай холбогдуулан яам татан буугдаж, шинээр эмхлэн байгуулагдсан тул Төрийн албаны зөвлөлөөс холбогдох албан тушаалтнуудыг сонгон шалгаруулж, дүгнэлт гарах хүртэлх хугацаанд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг,  мөн өдрийн 02 дугаар тушаалаар  тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг М.Б*д тус тус хариуцуулахаар шийдвэрлэжээ. 

Эрчим хүчний сайдын 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тушаалаар  Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүтцийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиуд болон Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар тогтоолуудыг тус  тус  үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн орон тооны хязгаарыг баталсан байна.  

Хариуцагч 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 16 дугаар тушаалаар Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн Ж.М ыг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс тасалбар болгон ажлаас чөлөөлж, Санхүү, хөрөнгө оруулалтын газарт Гадаадын зээл тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр /өмнөх бүтцээр/ ажиллаж байсан Ж.*******ыг Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн Төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл хариуцсан ахлах мэргэжилтэний /шинэ бүтцээр/ албан тушаалд томилжээ. 

Дээрх тушаалын өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч Ж.М Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасан бөгөөд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад Төрийн албаны зөвлөл 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “...Ж.М ын өргөдлөөс үзэхэд ... төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын чиг үүрэг, хариуцаж байсан ажил, Сургалтын төрийн сангийн зээл, түүнээс үүдэн гарах эрсдэл зэргийг судлан үзэлгүйгээр асуудалд хандсан байна. Иймд Эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Салбарын эдийн засгийн загварчлал, концесс хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байранд ажиллаж байсан Ж.М ын маргаантай асуудлыг судлан үзэж, ажлаар хангах арга хэмжээ авна уу” хэмээн 1006 дугаар албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд хариуцагч Ж.М ын асуудлыг шийдвэрлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 

Нэхэмжлэгч Ж.М “хариуцагч Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар тушаалыг гаргах үедээ эрх хэмжээгүй байсан” хэмээн маргажээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4-т “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө”, 18 дугаар зүйлийн 8-д “Яамны төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 351дүгээр зүйлд заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө”  Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  9.1-д “төрийн  нарийн  бичгийн  даргыг  Засгийн  газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө” гэж тус тус заасны дагуу Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулт явуулж тус яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилж ирүүлтэл Эрчим хүчний сайд тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр М.Б*г томилсон тул эрх хэмжээгүй этгээд 16 дугаар тушаалыг гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм. 

Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-т “хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах” гэж заасны дагуу хариуцагч 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаар тушаалыг гаргасан байна.  

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Санхүү, хөрөнгө оруулалтын газар Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлтийн хэлтэс болж өөрчлөгдсөн ч гэсэн Ж.М ын Салбарын эдийн засгийн загварчлал, концесс хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн нь Салбарын эдийн засгийн загварчлал, концесс хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт  /2012 онд батлагдсан/, Төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт  /2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр батлагдсан/ зэргээр тогтоогдож байна. 

Салбарын эдийн засгийн загварчлал, концесс хариуцсан мэргэжилтний ажлын байрны зорилго нь “Эрчим хүчний салбарын хөгжлийн урт, дунд, богино хугацааны эдийн засгийн загварчлал, бодлого, хөгжлийн хөтөлбөр, төсөл боловсруулах, концессийн гэрээгээр хэрэгжих төсөл, арга хэмжээг төлөвлөх, хяналт тавих, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны зорилгод “...хөгжлийн банк, концесс болон бусад эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээг төлөвлөх, хяналт тавих, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж чиг үүргийг тус тус баталсанаар нотлогдож байна. 

Мөн хариуцагч Ж.М ыг чөлөөлж, Х.*******ыг томилох үед Төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг батлаагүй байхдаа тушаалыг гаргасан нь зөрчилтэй шийдвэр гэж үзэхээр байна. 

Ж.Ж*ыг Төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу шалгаруулалт явуулаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б ийн шүүх хуралдаанд гаргасан “...надад сонгон шалгаруулалт явуулсан баримт байхгүй...” гэх тайлбар, шүүхэд ирүүлсэн баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх төрийн албаны зарчимд нийцээгүй, албан тушаалтан дур зоргоороо шалгаруулалт явуулалгүйгээр Ж.Жа**ыг томилсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж төрийн албаны “хууль дээдлэх” үндсэн зарчим алдагдахад хүргэжээ.

Мөн хариуцагчийн “...Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар тогтоолоор Концессын гэрээ, төслүүд зогсоосон. Дээрх тогтоол шийдвэрийн дагуу тус яамны бүтэц өөрчлөгдөн Концесс хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо байхгүй болсон.” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.   

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт, гэрээ батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэж, тайлбар, санал авах ажиллагааг явуулах талаар зохицуулсан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Маргаан бүхий тушаалыг нэхэмжлэгч мэдэгдээгүй гэж нэхэмжлэлийн шаардлага бичсэн байдаг. Гэтэл энэ талаар утас руу  нь  залгасан  боловч утас нь холбогдохгүй байсан. Мөн өөр ажлын байр санал 

болгосон...” гэж тайлбарлаж байх боловч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” гэж заасны дагуу сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлсөн баримт байхгүй байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хариуцагч хэрэгжүүлээгүй байна гэж шүүх үзлээ. 

Иймд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын Ж.М т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэж байна. 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “...2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийн хувьд хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас хохирч байгаа тул хохирлыг ажилгүй байсан хугацааны цалингаар тооцуулах хэмээн тодорхойлсон бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж заасны энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

Иймд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг  /цалингийн дэлгэрэнгүй 2016 оны 6, 7, 8 дугаар сарууд/ 795.935 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх нийт 198 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор /795.935:21,2=37.544х198/ 7.433.712 / долоон сая дөрвөн зуун гучин зурван мянга долоон зуун арван хоёр / төгрөг + нэмэгдэл /7.433.712-25%/ 1.858.428 /нэг сая найман зуун тавин найман мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөг нийт 9.292.140 /есөн сая хоёр зуун ерэн хоёр мянга нэг зуун дөчин/ төгрөгийг Ж.М т олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.  

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.7, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан Ж.М ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын Ж.М т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай. 

2. Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг /цалингийн дэлгэрэнгүй 2016 оны 6, 7, 8 дугаар сарууд/ 795.935 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх нийт 198 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор /795.935:21,2=37.544х198/ 7.433.712 / долоон сая дөрвөн зуун зучин гурван мянга долоон зуун арван хоёр / төгрөг + нэмэгдэл /7.433.712-25%/ 1.858.428 /нэг сая найман зуун тавин найман мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөг нийт 9.292.140 /есөн сая хоёр зуун ерэн хоёр мянга нэг зуун дөчин/ төгрөгийг Ж.М т олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгасугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.М ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ц.САЙХАНТУЯА