Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1108

 

 

Б.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/03086 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох

Ажлаас халагдсаны 5 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж 2 920 195 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Оюунгэрэл нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/1590 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. “Автобус-1” ОНӨААТҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороотой 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээ, уг гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөөр гэрээний 3.7-д “ажилтны буруу биш шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх, тухайлбал байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, технологийн шинэчлэлт ба бүтцийн өөрчлөлт хийгдсэн, орон тоо хасагдсан эсвэл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажилласан жилийг нь харгалзан ажилтанд доорх дундаж цалинтай тэнцэх тэтгэмж нэг удаа олгоно”. Үүнд 1-3 жил ажилласан бол 2 сар, 3-5 хүртэлх жил ажилласан бол 4 сар, 6 -10 жил ажилласан бол 6 сар, 11-15 жил ажилласан бол 10 сар, 16 түүнээс дээш жил ажилласан ажилтанд 12 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгоно” гэж заасан. Б.Оюунгэрэл  нь 6 жил ажилласан учир 6 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж авах байтал 1 сарын тэтгэмж олгосон тул  5 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж 2 920 195 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, Д.Ариунболд нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон энэ хамтын гэрээ нь 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Автобус-1” ОНӨААТҮГ болон тус баазын ҮЭХорооны хооронд байгуулагдан, 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгэгдэн, 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилсэн. Энэ гэрээг бид дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй талаар 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3156 дугаар 1 дүгээр албан бичгээр 1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдсэн. “Автобус-1” ОНӨААТҮГ нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 дугаар захирамжаар татан буугдаж, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулагдсан.

Аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнө гэж  заасны дагуу шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн  2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамтын гэрээг дагаж мөрдөж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “аж ахуйн нэгж байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ” гэж заасан. Хамтын гэрээг шинээр байгуулах талаар комисс байгуулагдсан. Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч нар тохиролцоонд хүрч чадахгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 128 дугаар зүйлийн 128.1.9 дэх хэсгийг баримтлан “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 2 920 195 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Оюунгэрэлд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 61 673 төгрөгийг гаргуулан улсын төсөвт олгож шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хамтын гэрээг хуульд нийцүүлж дүгнээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хамтын гэрээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 тоот захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн 2014 оны 10 дугаар сарыг 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  2013 онд мөрдөж байсан Хамтын гэрээг хэвээр мөрдөх, нэмэлт өөрчлөлт оруулах талаар захиргаа болон ҮЭ-ийн төлөөлөл хэлэлцээ хийгдээгүй болохыг тайлбарласан, шинээр хамтын гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийгдэж талууд Хамтын гэрээнд оролцох төлөөллийг томилон гэрээний төсөл солилцсон баримтыг шүүх  анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн.

Нийслэлийн Иргэдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоолоор “Автобус-1”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГазарууд нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэхь хэсэгт зааснаар Зорчигч тээврийн нэгтгэл болон өөрчлөн байгуулагдсан нь дээрхи хуулийн заалт буюу хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг нийцэж байгаа юм. Нэхэмжлэгчийн гараар бичсэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх агуулга бүхий өргөдлийг гаргаж өгсөн бөгөөд  өргөдлийг үндэслэн талууд харилцан тохиролцож ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргасан, байгууллагын хэмжээнд нэг ч ажилтныг орон тоо цөөрүүлсэн, хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас халаагүй болохыг тайлбарласан. Гэтэл анхан шатны уг нөхцөл байдлыг харгалзан үзээгүйд гомдолтой гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл нь хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажлаас халагдсаны 5 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж 2 920 195 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “…аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дагаж мөрдөх ёстой байсан. Хамтын гэрээг шинээр байгуулах талаар комисс байгуулагдсан. Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчидтэй тохиролцоонд хүрч чадаагүй байна. Б.Оюунгэрэл өөрийн снаачилгаар ажлаас халагдсан” гэж татгалзжээ.

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн Б/1520 дугаар тушаалаар мөнгө хураагчийн /кондуктор/ орон тоо хасагдсантай холбогдуулан Б.Оюунгэрэлтэй харилцан тохиролцож 1 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж олгон, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцласан баримт хэрэгт авагджээ. /х.х-ийн 7 дугаар хуудас/

Хариуцагч байгууллагын гаргасан дээрх тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар гарсан, үндэслэл нь өөрчлөгдөөгүй, хүчинтэй хэвээр байгаа бөгөөд “Б.Оюунгэрэл орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөөгүй, ажилтан өөрөө санаачилж хөдөлмөрийн гэрээг цуцласан” гэх тайлбараа хариуцагч баримтаар няцаагаагүй гэж үзнэ. Учир нь хэргийн 35 дугаар талд авагдсан Б.Оюунгэрэлийн өргөдөлд “…Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар тэтгэмжээ аван ажлаас чөлөөлөгдөх” хүсэлтээ илэрхийлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “ажил олгогч нь энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заажээ. Ажилтан Б.Оюунгэрэлд нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 584 039 төгрөгийн тэтгэмж олгосонд талууд маргаангүй. Харин нэг сараас дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох нь хуулиар хориглоогүй, нээлттэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 3.7-д заасны дагуу 6-10 жил ажилласан тул 6 сарын тэтгэмж авах ёстойгоос 1 сарын тэтгэмж олгогдсон. Одоо үлдсэн 5 сарын тэтгэмжээ авна гэж тодорхойлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д хамтын гэрээнд энэ хуулиар шууд зохицуулаагүй тэтгэмжийн хэмжээг тогтооно гэж заасан. Хариуцагч тал хамтын гэрээний дээрх заалт хүчингүй болсон талаар баримт гаргаагүй болно. Иймд 5 сарын тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

Гагцхүү анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлийг зохицуулаагүй Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 128 дугаар зүйлийн 128.1.9-д заасныг баримталсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 128 дугаар зүйлийн 128.1.1 болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/03086 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “… 18 дугаар зүйлийн 18.1.1, 128 дугаар зүйлийн 128.1.9” гэснийг “…42 дугаар зүйлийн 42.1, 128 дугаар зүйлийн 128.1.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын төлсөн 61.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                             ШҮҮГЧИД                                  Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                Ш.ОЮУНХАНД