Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2020/0374

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, А.Э, гуравдагч этгээд Ж.Т, Д.А, тэдгээрийн өмгөөлөгч С.Галцацрал, гуравдагч этгээд Б.Э, Б.Н нарын өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, гуравдагч этгээд “Хасбанк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, П.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 176 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээд Ж.Т, Д.А нарын өмгөөлөгч, гуравдагч этгээд Б.Э, Б.Н, тэдгээрийн өмгөөлөгч, гуравдагч этгээд “Хасбанк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу Г.Б-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 176 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 263 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 29 дүгээр захирамжийн Ж.Т-т холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2009 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Ү-2204026075 улсын дугаартай, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь-Эх 2 дугаар гудамж, 2761 тоот газрын өмчлөгчөөр Ж.Т-ыг бүртгэсэн бүртгэл, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь-Эх 2 дугаар гудамж, 2761 тоот Ү-2204026075 дугаартай 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б.Э, Б.Н нарыг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийн тус тус хүчингүй болгож,

            2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.Б-аас тус шүүхэд хандан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 189 дүгээр захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжийн Э.А-д холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Ү-2204021100 улсын дугаартай Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дахь-Эх, 1 дүгээр гудамж 2680 тоот газрын өмчлөгчөөр Э.Ариунаа, Э.А нарыг бүртгэсэн улсын бүртгэлийн хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

            3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус бүр 23.400 /хорин гурван мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

             Гуравдагч этгээд Ж.Т, Д.А, Э.А нарын өмгөөлөгч С.Г шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0176 дугаар шийдвэрийг гардан авч эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна ...  Батхуягийн нэхэмжлэлтэй хэрэгт гуравдагч этгээд Д.А, Ж.Т нарын өмгөөлөгч С.Г би Ж.Т-т холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Иймд дараах нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон гэж үзэж байна.

1. Тус хэрэг маргааны гол зүйл болох маргаан бүхий газрыг 3900$ (гурван мянга есөн зуун доллар)-оор арилжсан нь гэрчийн мэдүүлэг эрүүгийн хэргийн материал зэргээс тогтоогддог.

2. Хөөн хэлэлцэх хугацааг хууль хэрэглээний хувьд гуравдагч этгээд нарын эрх ашгийг хөндөж өөр өөр гаргасан.

3. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан хүчин төгөлдөр шийдвэрийг харгалзаж үзээгүй.

4. Гуравдагч этгээд Э.А-ийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн.

5. Ж.Т-ын хамтран амьдрагч байсан тус газрыг зарж борлуулан мөнгө хувааж авсан Б.Д-ыг гуравдагч этгээдээр татаагүй зэрэг хууль зөрчсөн алдаатай шийдвэр гэж үзэж байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0176 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлэр эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна ... 1. Маргаан бүхий газар нь Г.Б-ийн эзэмших эрхбүхий газар мөн эсэх талаар: Шүүхийн шийдвэрт Баянзүрх дүүргийн Засаг даргын 1999 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” Б/159 дүгээр захирамжийн хавсралтад дурдагдсан иргэдийн нэрсийн жагсаалтад нэхэмжлэгч Г.Б болон түүний нөхөр Б.Б нарын нэр байхгүй, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2000 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “дүүргийн хорооны нутаг дэвсгэрт суурьшин амьдарч байгаа ... иргэдэд” Газар ашиглах эрх олгох тухай Б/133 дугаар захирамжийн хавсралтын “2 дугаар хороо” хэсгийн 3-т Г.Б Дарь-Эхийн 35-799” хэмээн тусгагдаж газар ашиглах эрхийн үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн боловч газрын болон захирамжийн хувийн хэрэг хадгалагдаагүй” гэж Г.Б-ийн газар эзэмших эрхийн талаар нотлох баримт байхгүй талаар дүгнэсэн атлаа Г.Б-ийн 2000 онд хашаалсан гэх газар нь бодит байдал дээр 800 м.кв бус 467 м.кв талбайтай болох нь тогтоогдож байна гэж ямар нэг нотлох баримт үндэслэлгүйгээр дүгнэж, улмаар уг газар нь Ж.Т, Д.А, Э.А, Б.Э, Б.Н нарын өмчлөлийн газартай давхцаж байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Ж.Т, Д.А, Э.А, Б.Э, Б.Н нарын өмчлөл дэх газар Г.Б-ийн эзэмших эрх бүхий газартай давхцаж байгаа гэж дүгнэсэн талаар: Шүүхийн шийдвэрт Л.Н-ээс Д.А-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн газар нь нэхэмжлэгч Г.Б-ийн эзэмших эрх бүхий газартай давхцаж байгаа нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрч Л.Н-ийн мэдүүлэг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 7/590 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 1/2848 дугаар албан бичиг бүхий шинжээчийн дүгнэлт болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байна гэжээ. Улсын бүртгэлийн ерөнхий газраас 7/590 дугаартай албан бичиг болон шинжээчийн дүгнэлтэд Д.А-ийн өмчлөл дэх газар нь Г.Б-ийн эзэмших эрх бүхий газартай давхцаж байгаа талаар тусгаагүй байх бөгөөд хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр уг газрууд давхцаж байгаа эсэх нь нотлогдоогүй болно. Мөн Ж.Т-ын цаашлаад Б.Э, Б.Н нарын өмчлөл дэх газар нь Д.А-ийн анх эзэмшсэн 467 м.кв газартай давхцаж байх тул дээр дурдсан үндэслэлээр Г.Б-ийн эзэмших эрх бүхий газартай давхцаж байна гэж ямар ч нотлох баримтгүйгээр өөрийн таамаглалаар дүгнэсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна.

3. Хөөн хэлэлцэх хугацааны талаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдсэнээс хойш Захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тодорхойлсон байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заасан байна. Нэхэмжлэгч Г.Б нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 029 дүгээр захирамжаар Ж.Т-т газар өмчлөх эрх олгосон болохыг анх 2013 онд мэдсэн болох нь түүний 2018 оны 05 дугаар арын 11-ний өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээс харагдаж байх бөгөөд Г.Б нь Эрүүгийн болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гарган шийдвэрлүүлсээр 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 15086 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарсан байна. Нэхэмжлэгч Г.Б нь уг шүүгчийн захирамж гарснаас хойш 7 сарын дараа буюу 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Засаг даргад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 263 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар хандаж, улмаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан байх тул нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Хариуцагч болон ХасБанкны хувьд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлдээ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн талаар дурдаж, шүүх хуралдааны явцад уг үндэслэлээр мэтгэлцсэн бөгөөд нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоогүй болно. Гэтэл шүүхийн шийдвэрт энэ талаар дүгнэлт хийгээгүй нэхэмжлэгч нь Ж.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад, Э.А, Э.А нарыг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэл, Б.Э, Б.Н нарын үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус хандаж байсан тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн байна гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн шүүхийн шийдвэрт гуравдагч этгээд болох “ХасБанк” ХХК-ийн эрх, ашиг сонирхлын талаар аливаа дүгнэлт хийгээгүй зэргээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг хангахгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг тус тус үндэслэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Э, Б.Н, өмгөөлөгч Н.Д шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... 1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Баянзүрх дүүргийн Засаг даргын 1999 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Газар ашиглах эрх олгох тухай Б/159 дүгээр захирамжийн хавсралтад дурдагдсан иргэдийн нэрсийн жагсаалтад нэхэмжлэгч Г.Б болон түүний нөхөр Б.Б нарын нэр байхгүй “Баянзүрх дүүргийн Засаг даргын 1999 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/100 дугаар захирамжийн хавсралтад Б.Б-д газар ашиглах эрх олгохоор тусгасан боловч тухайн захирамжийн хувийн хэрэг хадгалагдаагүйн улмаас нэр дурдагдсан этгээд нь Г.Б-ийн нөхөр мөн эсэхийг тогтоох боломжгүй” гэж зөв дүгнэжээ. Гэвч шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэг энэхүү дүгнэлтийн эсрэг шийдэл болсон байна.

2. Нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлээ 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гаргасан. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн нь хэрэгт авагдсан олон нотлох баримтаар нотлогдож байгаад шүүх дүгнэлт хийсэнгүй. Гуравдагч этгээд Т газар эзэмших захирамжаа 2007 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргуулсан. Энэ талаар мэдмэгцээ л 30 хоногийн дотор нэхэмжлэгч эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзсэн бол нэхэмжлэл гаргах ёстой байжээ. Гэрч Д.Т ч нэхэмжлэгч газар, байшингаа бусдад шилжсэн талаар 2007 онд мэдсэн гэж гэрчилсэн. Мөн нэхэмжлэгч Г.Б нь Д.Т-ийн хамт Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ж.Т Д.Т-ийн хашаа, байшингийн өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн хариу мэдэгдэх хуудас /1 дүгээр хавтас 17 дугаар тал/ авчээ. Иймд Б нь 2016 оны 09 дүгээр сарын 31-ний өдөрт багтаан нэхэмжлэлээ гаргах ёстой байжээ. Харин анхан шатны шүүхийн шүүгч шийдвэрээ танилцуулахдаа “Баянзүрх дүүргийн газрын алба Б-т 2018 онд маргаанаа хуулийн байгууллагаар шийдвэрлүүл гэж хариу өгч байсан учир хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзээгүй” гэж тайлбарласан боловч шийдвэрээ бичгийн хэлбэрээр гаргахдаа энэ дүгнэлтээ орхигдуулсан байна.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдалд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтын дагуу дүгнэлт хийсэнгүй. Хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгч Г.Б нь нөхрийнхөө хамт Д.Т-аас авсан 3700 долларынхаа өрөнд хашаа, байшингаа өгсөн, Д.Т, Д, Т нар уг хашаа, байшинг Б.Э, Б.Н нарт худалдсан нь тодорхой байна. Улмаар Давааням нь Т-тай амьдрахаа болихоороо Д.Т-тай үгсэн тохиролцож өмнө авсан 4 сая төгрөг дээрээ мөнгө нэмж авах зорилгоор Т-ыг залилагч болгохоор хуулийн байгууллагад хандсан нь илэрхий байгаа билээ. Энэ талаа Д эрүүгийн хэрэгт 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн байна. Г.Б ч 3700 доллараа буцааж өгөөгүй болохоороо мөн л Д.Т-тай үгсэн захиргааны хэрэгт эхэмжлэгч болжээ. Гэвч Д.Т-аас 3700 доллар аваад буцааж өгөөгүй тул Г.Б-ийн эрх, ашиг сонирхол огт хөндөгдөөгүй байна.

Дээр дурдсан болон бусад нөхцөл байдлыг үндэслэн 128/ШШ2020/0176 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн заалтыг хүчингүй болгож Г.Б-ийн нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэгч Г.Б-ийн “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 29 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Б нэхэмжлэлийн шаардлагаа “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 189 тоот шийдвэрийн Э.А-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 тоот шийдвэрийн Э.А-д холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 263 тоот захирамжийн Ж.Т-т холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 029 тоот захирамжийн Ж.Т-т холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь Эх 2 дугаар гудамж, 2761 тоот Ү-2204026075 улсын дугаартай 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай Ж.Т-ын өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь Эх, 2 дугаар гудамж 2761 тоот Ү-2204026075 дугаартай 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б.Э, Б.Н нарыг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь Эх, 1 дүгээр гудамж 2680 тоот Ү-2204021100 улсын дугаартай 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Д.А, Э.А нарыг өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”-аар нэмэгдүүлсэн байх бөгөөд уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх “ ... Г.Б нь ... газартаа хашаа, байшин барьснаа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд ... 2204009204 дугаарт бүргүүлсэн ...  Г.Б-ийн 2000 онд хашаалсан гэх газар нь бодит байдал дээр 800 м.кв бус харин 467 м.кв талбайтай ... тус дүүргийн 2 дугаар хороо нь ... 2 болон 21 дүгээр хороо болон хуваагдаж улмаар ... 27 дугаар хороог шинээр байгуулсан ... Д.А нь ... Л.Н-ээс ... Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эх 6 дугаар гудамж 8а тоот хаяг бүхий ... 467.25 м.кв газрыг ... худалдан авсан гэх үйл баримт тогтоогдож байх боловч ... Л.Н-д газар эзэмшүүлсэн захирамж гаргаж байгаагүй ... Д.А, Л.Н нарын хооронд байгуулсан гэрээнд талууд ... Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 8-335 тоот хаяг бүхий хашаа байшинг газрын хамт худалдсан тухай тэмдэглэсэн, ... байх боловч  ... Г.Б-ийн ... Дарь-Эхийн 35-799 тоот хаяг бүхий газар нь бодит байдал дээр нэг газар ... Г.Б-ийн эзэмшиж байсан ... газар нь ... хуваагдан гуравдагч этгээд Д.А болон Ж.Т нарын эзэмшил, өмчлөлд шилжиж, ... гуравдагч этгээд Б.Э, Б.Н нарын гуравдагч этгээд Ж.Т-аас шилжүүлэн авсан эрхийн улсын бүртгэлийн Ү-220402607 дугаарт бүртгэлтэй газар нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 13 дугаар гудамжны 1114 тоот хаяг болох нь ... тогтоогдож байна ... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 189 дугаар болон Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 тоот шийдвэрийн Э.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад хандаагүй ... Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчиж, Г.Б-ийн эзэмшиж байгаа газартай давхцуулан бусдад газар эзэмшүүлж, өмчлүүлсэн ... ” гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2009 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Ү-2204026075 улсын дугаартай, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь-Эх 2 дугаар гудамж, 2761 тоот газрын өмчлөгчөөр Ж.Т-ыг бүртгэсэн бүртгэл, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд Дарь-Эх, 2 дугаар гудамж 2761 тоот Ү-2204026075 дугаартай 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б.Э, Б.Н нарыг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 189 тоот шийдвэрийн Э.А-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 тоот шийдвэрийн Э.А-д холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Ү-2204021100 улсын дугаартай Баянзүрх дүүргийн 21 Дүгээр хороо, дунд Дарь-Эх, 1 дүгээр гудамж 2680 тоот газрын өмчлөгчөөр Э.А, Э.А нарыг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас  татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэг. Хэргийн үйл баримт болон хэргийн оролцогчдын газар эзэмших эрхийн тухайд:

1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 1999 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” Б/100 дугаар захирамж[1]-ийн хавсралтаар тус дүүргийн 2-р хороонд Б.Б-д “Газар ашиглах эрхийн үнэмлэх олгох”-оор шийдвэрлэсэн байх боловч уг захирамжид дурдагдсан Б.Б нь нэхэмжлэгч Г.Б-ийн нөхөр гэж тогтоох боломжгүй байна.

Харин Баянзүрх дүүргийн Засаг даргын 1999 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/159-дүгээр захирамж[2]-ийг үндэслэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 35-799 тоотод 800 м.кв газрыг гэрээнд заасны дагуу ашиглуулахаар Г-ын Б /УВ60122407/-т 2000 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 981 дүгээр гэрчилгээ олгосон байх бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2000 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” Б/133 дугаар захирамж[3]-аар тус дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 35-799 тоотод суурьшин амьдарч байгаа Г.Б-т газар ашиглах эрхийн үнэмлэх олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Г.Б, Б.Б нарын 6 иргэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 35-799 тоот газартаа амины орон сууц өмчилдөг болох нь хэрэгт авагдсан Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 0022984 дүгээр гэрчилгээ[4], Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “... улсын бүртгэлийн Ү-2204009204  дугаарт, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 35 дугаар гудамж, 799 тоот хувийн сууцны өмчлөгчөөр Г.Б нарын 6 иргэн бүртгэлтэй байх бөгөөд уг эд хөрөнгөд Номин Фондешн“ хоршоотой байгуулсан 2000 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №3544 тоот барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна ...”  гэх агуулга бүхий 8/330 дугаар албан бичиг[5], Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 7/3110 дугаар албан бичиг[6], түүний хавсралт /Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 35 дугаар гудамжны 799 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг/, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “... 799 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгчөөр Г.Б ... нар бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар ямар нэгэн шилжилт хөдөлгөөн бүртгэгдээгүй байна ... ” гэх агуулга бүхий 6/3216 дугаар албан бичиг[7], Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 8/1420 дугаар албан бичиг[8] болон бусад баримтуудаар тогтоогдож байна.

Хэдийгээр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 35 дугаар гудамжны 799 тоот газрын хувийн хэрэг, архивын материал зэрэг нь хадгалагдаагүй гэх хариуцагч нарын тайлбар, баримт хэрэгт авагдсан байх боловч хэрэгт авагдсан дээрх захирамж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ зэрэг бусад баримтуудаар нэхэмжлэгч Г.Б-т уг газрыг ашиглах эрх олгоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч нь уг газартаа үл хөдлөх хөрөнгө өмчилдөг болох нь тогтоогдож байна.

2. Хэрэгт Л.Н болон Д.А нарын хороонд байгуулагдсан “... Н нь 2004 оны 11 дүгээр сарын 15-нд Д овогтой А-д 1 сая 500 мянган төгрөгөөр зарсан нь үнэн болно ...” гэх гэрээ[9],  Д.А-ийн Баянзүрх дүүргийн Засаг даргад 2005 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан “... Баянзүрх дүүргийн 2-р хорооны 7 хэсгийн 8-р гудамжны 335 тоотод амьдардаг тул 14*15=210 м.кв хашаа байшингийн газрыг өөрийн нэр дээр өмчлөн авах хүсэлтэй байна ... Уг газрыг Н гэдэг хүнээс худалдаж авсан болно ...” гэх хүсэлт[10], Л.Н-ээс Баянзүрх дүүргийн Газрын албанд гаргасан “... 335 тоот оршин суугч ... би өөрийн эзэмшиж байсан хашаа байшинг ... А-д бэлэглэж байна ... ” гэх агуулга бүхий өргөдөл[11] зэрэг гуравдагч этгээд Д.А нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эх 6 дугаар гудамжны 8-335 (8a) тоот хаягтай, нэгж талбарын 18644313486924 дугаар бүхий 467.25 м.кв газрыг  нэхэмжлэгч Г.Б-ийн хадам дүү Л.Н-ээс 1.500.000 /нэг сая таван зуу/ төгрөгөөр худалдан авсантай холбоотой баримтууд авагдсан байх боловч Л.Н-д холбогдох захиргааны байгууллагуудаас уг газрыг эзэмшүүлсэн захирамж, шийдвэр гарч байгаагүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” маргаан бүхий 189 дүгээр захирамж[12]-аар Баянзүрх дүүрэг, Дунд Дарь-Эх 8-335 тоот газрыг Д.А-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2005 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 467 м.кв газар эзэмших эрхийн 2-189-1645 дугаар гэрчилгээ[13] олгож, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 255 м.кв газрыг Д.Ад өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд Д.А нь 2007 оны 08 дугаар сарын 10-ны өдөр эрхийн Улсын бүртгэлийн Ү-220402110 /байшин/, Гомдол-2204006798 /газар/ дугаарт бүртгүүлэн улмаар 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улсын бүртгэлийн Ү-2204021100-тай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд Э.А-ийг нэмж бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 7/590 дугаар албан бичиг[14], түүнд хавсарган ирүүлсэн баримтууд зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч анх шүүхэд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Нийслэлийн Засаг даргын 29 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар хандсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө болон гаргаснаас хойш Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 189, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжуудын Д.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад хандаж урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 189 дүгээр болон Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжийн Д.А-д холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Үндэслэл-2204021100 улсын дугаартай Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь-Эх, 1 дүгээр гудамж, 2680 тоот газрын өмчлөгчөөр Д.А, Э.А нарыг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын зүгээс гуравдагч этгээд Д.А-д газар эзэмшүүлж, өмчлүүлсэнтэй холбоотойгоор гомдол гаргаагүй, энэ талаар маргаагүй байна.

3. Гуравдагч этгээд Ж.Т, Д.А нар Баянзүрх дүүргийн Газрын албанд “... Ариунаагийн нэр дээр хамт орсон байшин, газрыг иргэн Ж овогтой Т-ын нэр дээр болгож өгнө үү” гэх өргөдөл[15] гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшигч иргэдийн эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай” маргаан бүхий 263 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 3 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 129 дүгээр захирамжийг үндэслэн Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэнд одоо эзэмшиж байгаа газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор, дүүргийн нутаг дэвсгэрт кадастрын бүртгэлтэй, гэрчилгээгээ шинэчлээгүй иргэдийн гэрчилгээг баталгаажуулж тодорхой шалтгааны улмаас гэрчилгээгээ аваагүй газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй хавсралтад дурдсан иргэдэд газар эзэмших гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд уг захирамжийн хавсралтаар Ж.Тт Дунд Дарь-Эх 1-2680 тоот газрыг эзэмших гэрчилгээ олгохоор шийдвэрлэж, 2007 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 213 м.кв газар эзэмших эрхийн 21-263-1356 дугаар гэрчилгээ[16]-г олгожээ.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2009 оны 29 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 213 м.кв газрыг Ж.Т-т өмчлүүлэх шийдвэр гарч, 2009 оны 05 дугаар сарын 28-ны өдөр эрхийн Улсын бүртгэлийн Ү-2204026075 /байшин/, Г-2204010644 /газар/ дугаарт бүртгүүлжээ.

4. Үүний дараа гуравдагч этгээд Ж.Т нь 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Газар худалдах худалдан авах гэрээ”[17]-ээр Баянзүрх дүүргийн Дунд Дарь-Эх 2-2716 тоот хаяг, Г-2204010644 улсын бүртгэлийн дугаартай, 000041411 тоот гэрчилгээний дагуу уг газрыг Б.Э, Б.Н нарт худалдсан байна.

5. Гуравдагч этгээд Б.Э нь 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гуравдагч этгээд Хасбанк ХХК-тай 1520001554 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 14.400.000 /арван дөрвөн сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг 120 сарын хугацаатай, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зориулалтаар зээлж авсан байх бөгөөд зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд Дарь-Эх 2-2716 тоотод байрлах 221  м.кв талбайтай орон сууц /улсын бүртгэлийн ГД-000146676, гэрчилгээний дугаар Ү-2204026075/, түүний доторх 213 м.кв талбайтай /улсын бүртгэлийн ГД-000063840, гэрчилгээний дугаар Г-2204010644/-г тус тус барьцаалуулжээ.

Хоёр. Маргаан бүхий газрын эзэмшигч, өмчлөгч солигдож байх хугацаанд тус дүүргийн хороо хуваагдан, өөрчлөгдөж газрын хаяг хэд, хэдэн удаа өөрчлөгдсөн байх бөгөөд Д.А-ийн өмчлөлийн Дунд Дарь-Эхийн 1-2680 тоот газрыг Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 03 тоот тогтоол[18]-ыг үндэслэн Дунд Дарь-Эхийн 1-2654 тоот болгон өөрчилсөн байх бөгөөд үүний дараа Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 13-1113 /Д.А, Э.А нарын одоо өмчилж буй/ тоот болж, Ж.Т-ын өмчлөх эрхтэй болсон газар нь Баянзүрх дүүргийн Дунд Дарь-Эх 2-2716 тоот болж тус тус өөрчлөгдсөн нь, мөн гуравдагч этгээд Б.Э, Б.Н нарын гуравдагч этгээд Ж.Т-аас шилжүүлсэн Баянзүрх дүүргийн Дунд Дарь-Эх 2-2716 тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220402607 дугаартай бүртгэлтэй газар нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 13 дугаар гудамжны 13-1114 тоот болж өөрчлөгдсөн болох нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолт[19], Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Зарим хороодыг шинээр байгуулж нутаг дэвсгэрийн хилийн зааг, /цэс/-ийг шинэчлэн тогтоох тухай” 27 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” 6/48 дугаар тогтоол болон гуравдагч этгээдүүдийн газрын хувийн хэрэг зэрэг бусад баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хаягийн талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Гурав. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/2848 дугаар албан бичгээр  шүүхэд ирүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/154 дүгээр шинжээчийн дүгнэлт[20]-д “... гуравдагч этгээд Д.А-ийн нэр дээр гарсан 467 м.кв газар нь Л.Н-ийн нэр дэр гарсан 467.25 м.кв талбайтай газрын кадастрын зургууд нь байршлын хувьд 1 газар байрлаж, ... Д.А-ийн нэр дээр гарсан 255 м.кв талбайтай газрын кадастрын зургууд нь байршлын хувьд бүгд 1 газар байрлаж байх бөгөөд Л.Н-ийн нэр дээр гарсан 467.25 м.кв талбайтай газар, Д.А-ийн нэр дээр гарсан 467.25 м.кв талбайтай кадастрын зургуудтай давхцаж, харин Ж.Т-ын нэр дээр гарсан  газрын кадастрын зургууд нь байршлын хувьд 1 газарт байрлаж байх бөгөөд Л.Насанхүүгийн нэр дээр гарсан 467.25 м.кв талбайтай, Д.А-ийн нэр дээр гарсан 467 м.кв талбайтай газрын кадастрын зургуудтай давхцаж байна ...” гэжээ.

Ийнхүү нэхэмжлэгч Г.Б-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 35-799 тоот хаяг бүхий газар нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эх 6 дугаар гудамж 8а болон Банзүрх дүүргийн 2 дугаар хороо, 8-335 тоот хаяг бүхий 2 нэгж талбар болон хуваагдсан байх бөгөөд нэхэмжлэгч Г.Б-ийн эзэмшлийн газар нь бодит байдал дээр 467 м.кв талбайтай болох нь тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.

Тус 2 хэсэг газрын Л.Н /Насанхүү/-ийн гуравдагч этгээд Д.А-д худалдсан гэх газар нь нэхэмжлэгч Г.Б-ийн эзэмших эрх бүхий Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дарь-Эхийн 35-799 тоот хаяг бүхий газар  болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/2848 дугаар албан бичгээр  шүүхэд ирүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/154 дүгээр шинжээчийн дүгнэлт[21], Л.Н-ийн гэрчийн мэдүүлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 7/590 дүгээр албан бичиг[22] болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргах бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар газар эзэмших хүсэлт гаргасан иргэний хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлагатай бөгөөд газар эзэмших эрх олгох эрх бүхий байгууллага, албан тушаалтан шалгаж тогтоосны үндсэн дээр иргэнд газрыг эзэмшүүлэх үүрэгтэй.

Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно” гэж заасан бөгөөд мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, 39.1.2-т “газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан”, 39.1.3-д “эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан”, 39.1.4-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 39.1.5-д газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн” гэж тус тус хуульчилжээ.

Гэтэл нэхэмжлэгч Г.Б-ийн газар эзэмших эрх дуусгавар болох дээрх хуульд заасан нөхцөл бий болоогүй, дуусгавар болоогүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хүчинтэй, нэхэмжлэгч Г.Б-ийн зүгээс газраа өөр этгээдэд шилжүүлсэн гэх үйл баримт байхгүй бөгөөд тус газарт байрлах үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй байхад хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг дарга гуравдагч этгээд Д.А, Ж.Т нарт газар эзэмших, өмчлөх эрх олгож, өмчлөгчөөр бүртгэсэн нь үндэслэлгүй, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, гуравдагч этгээд Б.Э, Б.Н, өмгөөлөгч Н.Д нарын “... Б.Б-д газар ашиглах эрх олгохоор тусгасан боловч тухайн захирамжийн хувийн хэрэг хадгалагдаагүйн улмаас нэр дурдагдсан этгээд нь Батхуягийн нөхөр мөн эсэхийг тогтоох боломжгүй ... гэж зөв дүгнэжээ. Гэвч шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэг ... эсрэг шийдэл болсон байна ...”, гуравдагч этгээд ХасБанк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн “... Г.Б-ийн газар эзэмших эрхийн талаар нотлох баримт байхгүй талаар дүгнэсэн атлаа Г.Б-ийн 2000 онд хашаалсан гэх газар нь бодит байдал дээр 800 м.кв бус 467 м.кв талбайтай болох нь тогтоогдож байна гэж ямар нэг нотлох баримт үндэслэлгүйгээр дүгнэж, улмаар уг газар нь Ж.Т, Д.А, Э.А, Б.Э, Б.Н нарын өмчлөлийн газартай давхцаж байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй ...” гэх давж заалдах гомдлууд үндэслэлгүй байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “... дүүргийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 263 тоот захирамж дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Газрын албаны мэдээллийн сан, архивын бүртгэлд байхгүй, дүүргийн Засаг даргаас газар эзэмших эрх олгох тухай дээрх захирамжийг гаргаж байгаагүй ... ” гэх агуулга бүхий 1/1093 дугаар албан бичиг[23], Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 263 тоот захирамж дүүргийн Засаг даргын Тамгын газар болон ... архивт бүртгэлгүй ... дүүргийн Засаг даргаас ... 263 тоот захирамж гаргаагүй” гэх агуулга бүхий 1/963 дугаар албан бичиг[24] зэрэг баримтуудаар гуравдагч этгээд Ж.Т-т газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн гэж үзэхээргүй байна.

            Хариуцагч захиргааны байгууллагууд гуравдагч этгээд Ж.Т-т газар эзэмших, өмчлөх эрх олгохдоо уг газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай эсэхийг шалгаж, тогтоолгүйгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн газартай давхцуулан газар олгосон нь буруу байна.

Дөрөв. Нэхэмжлэгч Г.Б нь анх 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 3226 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны маргаан бүхий 263 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандаж, Баянзүрх дүүргийн Газрын албаны 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгээр гомдлын хариуг авсан болох нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Газрын албаны 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 13/615 дугаар албан бичиг[25], Бүртгэл хяналтын карт зэргээр тогтоогдож байна.

Мөн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь Эх, 1 дүгээр гудамж 2680 тоот Ү-2204021100 улсын дугаартай 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Э.А, Э.А нарыг өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэл, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь Эх 2 дугаар гудамж, 2761 тоот Ү-2204026075 улсын дугаартай 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай Ж.Т-ын өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь Эх, 2 дугаар гудамж 2761 тоот Ү-2204026075 дугаартай 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б.Э, Б.Н нарыг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж байсан байх тул нэхэмжлэгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Г-ын “...          Хөөн хэлэлцэх хугацааг хууль хэрэглээний хувьд гуравдагч этгээд нарын эрх ашгийг хөндөж өөр өөр гаргасан ...”, Гуравдагч этгээд “Хас банк” итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн “... Нэхэмжлэгч Г.Б нь уг шүүгчийн захирамж гарснаас хойш 7 сарын дараа буюу 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Засаг даргад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 263 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар хандаж, улмаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан байх тул нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн ...”, гуравдагч этгээд Б.Э, Б.Н нарын “ ... нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн нь хэрэгт авагдсан олон нотлох баримтаар нотлогдож байгаад шүүх дүгнэлт хийсэнгүй ...” гэх давж заалдах гомдлууд үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хариуцагч захиргааны байгууллагад хандсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхээргүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Тав. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч Г.Б-ийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 189 тоот шийдвэрийн Э.Ариунаад холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 тоот шийдвэрийн Э.Ариунаад холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 263 тоот захирамжийн Ж.Т-т холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 029 тоот захирамжийн Ж.Т-т холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь Эх 2 дугаар гудамж, 2761 тоот Ү-2204026075 улсын дугаартай 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай Ж.Тын өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь Эх, 2 дугаар гудамж 2761 тоот Ү-2204026075 дугаартай 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б.Э, Б.Н нарыг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь Эх, 1 дүгээр гудамж 2680 тоот Ү-2204021100 улсын дугаартай 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Д.А, Э.Амармэнд нарыг өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын улмаас гуравдагч этгээд Ж.Т-тай хамтран амьдарч байсан гэх Б.Д-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байх тул гуравдагч этгээд Д.А, Э.А, Ж.Т нарын өмгөөлөгч С.Г-ын “... Б.Д-ыг гуравдагч этгээдээр татаагүй ... хууль зөрчсөн алдаатай шийдвэр ...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ж.Т, Д.А нарын өмгөөлөгч С.Г, гуравдагч этгээд Б.Э, Б.Н, тэдгээрийн өмгөөлөгч Н.Д, гуравдагч этгээд “Хасбанк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, П.О нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ж.Т, Д.А нарын өмгөөлөгч, гуравдагч этгээд Б.Э, Б.Н, тэдгээрийн өмгөөлөгч, гуравдагч этгээд “Хасбанк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

 

                      ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

 

               ШҮҮГЧ                                                                    Н.ХОНИНХҮ

 

 

 

 

 

 

 

 

             

 

 


[1] 1-р хавтаст хэргийн 96-101 дэх тал

[2] 2-р хавтаст хэргийн 21 дэх тал

[3] 2-р хавтаст хэргийн 22-23 дахь тал

[4] 3-р хавтаст хэргийн 64 дэх тал

[5] 3-р хавтаст хэргийн 104 дэх тал

[6] 1-р хавтаст хэргийн 216-247 дахь тал

[7] 1-р хавтаст хэргийн 14 дэх тал

[8] 3-р хавтаст хэргийн 68 дахь тал

[9] 1-р хавтаст хэргийн 147 дахь тал

[10] 1-р хавтаст хэргийн 188, 2-р хавтаст хэргийн 38 дахь тал

[11] 1-р хавтаст хэргийн 189, 2-р хавтаст хэргийн 40 дэх тал

[12] 1-р хавтаст хэргийн 183-187 дахь тал

[13] 3-р хавтаст хэргийн 23 дахь тал

[14] 2-р хавтаст хэргийн 88 дахь тал

[15] 3-р хавтаст хэргийн 40 дэх тал

[16] 3-р хавтаст хэргийн 32 дахь тал

[17] 2-р хавтаст хэргийн 63 дахь тал

[18] 2-р хавтаст хэргийн 140 дэх тал

[19] 1-р хавтаст хэргийн 165 дахь тал

[20] 4-р хавтаст хэргийн 67-77 дахь тал

[21] 4-р хавтаст хэргийн 67-77 дахь тал

[22] 2-р хавтаст хэргийн 88 дахь тал

[23] 1-р хавтаст хэргийн 151 дэх тал

[24] 1-р хавтаст хэргийн 113-114 дэх тал

[25] 1-р хавтаст хэргийн 23 дахь тал