| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 191/2025/01500/И |
| Дугаар | 210/МА2026/00105 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2026/00105
2026 01 12 210/МА2026/00105
*******нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч О.Одгэрэл, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/08699 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******нарт холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******нь *******-тай 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн ******* Улсын дугаартай, *******маркийн, 2008 онд үйлдвэрлэгдсэн шар өнгийн автомашиныг 20,000,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж, гэрээнд зааснаар төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж дуусгахаар харилцан тохиролцож гэрээг нотариатчаар батлуулсан.
1.2. Гэрээний дагуу тухайн автомашиныг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр *******-ийн өмчлөлд бүртгүүлж, *******улсын дугаартай болж, одоо тухайн компанийн эзэмшил, өмчлөлд байна.
1.3. Гэтэл хариуцагч нь гэрээнд заасан төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй, төлбөр төлөх хугацааг удаа дараа хойшлуулж, утсаа авахгүй алга болсон тул шүүхэд хандсан. Гэрээний 3.6 дах хэсэгт Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлнө гэж заасан тул гэрээний алдангид 10,000,000 төгрөг, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.
2. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт ...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, 251 дүгээр зүйлийн 251.2-т ...Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж тус тус заасан.
Гэтэл гэрээний зүйл болох авто машин нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй, эвдрэлтэй, 3 өөр хятад машиныг угсраад босгочихсон, гаднаас нь харахад машин шиг боловч цахилгааны асуудал үүссэн, асдаггүй, хэн ч Монголд засварлах боломжгүй, гагцхүү *******л өөрөө засварлах боломжтой гэж найдаж байсан.
2.2. Талууд хоорондоо ярилцахдаа *******өөрөө засаж янзлаарай гэж тохиролцсон байдаг. Үүнээс үзэхэд машин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй биет байдлын хувьд доголдолтой эд зүйл бөгөөд хүсвэл *******өөрөө очоод авч болно.
Нэхэмжлэгч тал машиныг хүлээлгэж өгснөөс хойших эрсдэлийг хүлээхгүй гэж байгаа нь эсрэгээрээ залилан мэхлэх шинжтэй, тодруулбал машин гээд төмөр гэж аваачиж өгсөнтэй холбоотой. Талуудын хооронд нэг талаас гэрээний үүрэг гэж шаардсан, нөгөө талаас нэхэмжлэгчийг манай дүү гэсэн харилцаа үүссэн байдаг. Засварыг хийж дусгаад ачаа зөөх хэмжээний болгочихно гэж гэрээнд тусгаагүй тул нэхэмжлэгч мөнгөө нэхэж байна гэж үзэж байна. Иймд 30,000,000 төгрөг гаргуулах тухай *******нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Хариуцагч *******нь анхан шатны шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******-иас 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч *******холбогдох нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Нэхэмжлэгч *******нь *******-д худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр автомашин худалдсан гэж тайлбарладаг.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д "Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ." гэж заасан. Гэтэл *******нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй буюу асдаггүй машин өгөөд асааж өгнө гэж тохиролцсон хэдий ч асааж өгөөгүй болно. Тодруулбал худалдагч тал биет байдлын доголдолгүй машин худалдах үүргээ биелүүлээгүй болно.
5.2. Мөн хариуцагч талаас тухайн авто машиныг биет байдлын доголдолтой байсныг нотлох зорилгоор гэрч асуулгах хүсэлт гаргахад шүүгч тухайн хүсэлтийг хангаж шийдсэн атлаа захирамжийн биелэлтийг хангалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн буюу хариуцагчийг татгалзлын үндэслэлээ нотлох боломж олгоогүй болно.
Иймд иргэн *******нэхэмжлэлтэй *******-д холбогдох иргэний хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсье гэжээ.
6. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
6.1. Талуудын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ байгуулагдсан даруй эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн. Бага зэргийн засвартай байдлыг хүлээн зөвшөөрсөн ба худалдан авагч нь өөрөө засварын үйл ажиллагааг хариуцан ажиллахаар болсон. Худалдагчийн зүгээс тухайн засвар дээр асууж тодруулах зүйл байвал холбогдож болно шүү гэсэн тайлбарыг өгсөн бөгөөд өөрийн биеэр засах тухай харилцан тохиролцоогүй. Өөрөөр хэлбэл тухайн автомашин ажил хэвийн хийж байгаад худалдан авагчийн эзэмшлийн хашаанд оруулж тавьсан ба үүгээр хүлээлгэн өгсөнд тооцож болох юм. Хүлээлгэн өгснөөс хойш тухайн машинаар ямар ажил үүрэг явуулсан, ямар доголдол гаргасныг худалдагч мэдэх боломжгүй бөгөөд 100% эрсдэл шилжсэн гэж үзнэ. Мөн доголдлын талаар худалдагчийн зүгээс баталгаа гаргаж өгөөгүй ба Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д "... баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй" гэж заасан.
Ийнхүү худалдан авагч нь эд хөрөнгийг хүлээлцэх үед эд хөрөнгийн хэвийн ажиллагаатай холбоотой бодит нөхцөл байдлыг мэдэж байсан ба доголдолтой холбоотой гомдлын шаардлагаа гаргах хангалттай хугацаа байсан болно. Гэтэл харилцан тохирсон гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэх шалтгаанаар шүүхэд нэхэмжлэл гаргах үед доголдлын талаар ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд бодит байдалтай нийцэхгүй байна.
6.2. *******нь талуудын хооронд байгуулсан гэрээнд оролцсон бөгөөд төлбөр төлөх үүрэг хүлээсэн этгээд юм. Нэхэмжлэгчийн зүгээс *******хамтран хариуцагчаар татан оролцуулахаар хүсэлт гаргаж, шүүхийн зүгээс хангаж шийдвэрлэсэн.
6.3. *******зүгээс шүүх хуралдаан болж байгааг мэдэж байсан, ирж хариу тайлбар гаргах хангалттай хугацаа байсан боловч хүрэлцэн ирээгүй болно. Мөн *******зүгээс 2025 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн Имэйл хаягаар /Хавтаст хэргийн 76 хуудас/ өмгөөлөгчөөрөө дамжуулан хариу тайлбар өгнө гэсэн боловч хариу тайлбар ирүүлээгүй болно. Ийнхүү ирэхгүй байсан тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс албадан ирүүлэх хүсэлт хүртэл гаргаж байсан. Өөрөөр хэлбэл *******тайлбар мэдүүлгийг сонсох, байр суурийг сонсох талаар олон боломж олгож, шаардаж байсан ч шүүхэд хүрэлцэн ирж тайлбар гаргаагүйг харахад тайлбар өгөх хүсэлгүй байгааг илтгэж байна. Нөгөө талаас *******нь гэрээ байгуулах үед ч, одоо ч *******-ийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий удирдах албан тушаалтай хүн тул гэрч бус хариуцагчийн байр сууринаас оролцсон *******-тай адил байр суурьтай, шүүх дээр болж байгаа, болсон бүр процесс ажиллагааг мэдэж байгаа болно.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/08699 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хянаж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж маргааны үйл баримтыг тогтоож, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн.
3. Талуудын хооронд байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр, худалдагч *******нь 2008 онд үйлдвэрлэсэн, *******, *******улсын дугаартай автомашиныг 20,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авагч *******-ийг төлөөлж *******2024 оны 7 сарын 30-ны өдрийн дотор төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. /хх-6/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээ, тэдний хүсэл зоригийн илэрхийллийг зөв тайлбарлан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэсэн.
4.1. Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэл **************-д шилжсэн, тээврийн хэрэгсэл биет байдлаар хариуцагчийн эзэмшилд байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй.
Харин гэрээний 2.1-т “бага зэргийн засвартай” гэж тэмдэглэсэн нь нэхэмжлэгч цахилгаан машиныг засаж хариуцагчид өгөх байсныг өгөөгүй, худалдсан эд хөрөнгө анхнаасаа доголдолтой, зориулалтын дагуу ашиглах боломжтой байсан эсэх нь маргааны зүйл болжээ.
4.2. Хариуцагч давж заалдах гомдолдоо “...анхнаасаа зориулалтын дагуу ашиглах боломжгүй, биет байдлын доголдолтой эд хөрөнгийг шилжүүлсэн …” гэх боловч нотлох үүргийн хуваарилалтын дагуу хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлох үүднээс автомашиныг зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэх үйл баримтыг нотолсон баримтыг хэрэгт авагдаагүй тул хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй.
Мөн биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ худалдагч тал биелүүлээгүй гэсэн боловч талууд гэрээний 4.1-т гэрээний зүйлийн чанар байдлын талаар “биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй” гэж тусгаж, автомашиныг хүлээлцсэн байна.
4.3. Иймээс гэрээнд бага зэргийн засвартай гэж тодорхойлсныг зориулалтын дагуу ашиглах боломжгүй эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэхгүй. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдал болон гэрээний заалтыг тайлбарлахдаа Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
5. Гэрээ хүчин төгөлдөр байгаа тул гэрээний нэг тал нөгөө талаас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Хариуцагчийн хувьд гэрээнд заасны дагуу автомашины үнийг төлөх үүргээ гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч автомашины үнэ 20,000,000 төгрөгийг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
6. Талууд гэрээний 3.6-д хугацаа хэтрүүлсэн тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр заасан нэхэмжлэгч 20,000,000 төгрөгийн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар 10,000,000 төгрөгийн алданги тооцож шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасан хуулийн хэм хэмжээтэй нийцнэ.
7. “Хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох боломж олгоогүй, гэрч асуулгах хүсэлтийг анхан шатны шүүх хангаж шийдсэн боловч шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн” гэх хариуцагч талын давж заалдах гомдлын тухайд;
Шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШЗ2025/26412 дугаар захирамжаар *******гэрчээр асуулгах тухай хариуцагч талын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШЗ2025/28650 дугаар захирамжаар нэхэмжлэгч тал *******хамтран хариуцагчаар тодорхойлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасныг хангаж, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч *******нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх журмыг тайлбарлаж, хэргийн материалтай танилцуулах ажиллагааг хийсэн.
Гэрчээр оролцохоор шүүхэд дуудагдсан этгээд хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон тохиолдолд гэрчээр оролцуулах шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй гэж үзэхгүй, учир нь нэхэмжлэгч нь хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргах, хариуцагчаар хэнийг татах нь нэхэмжлэгчид олгогдсон эрх юм.
Иймээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа учир дээрх үндэслэл, агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй. /хх56-57, 70-72/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/08699 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Ц.ЦЭРЭНДУЛАМ