Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 778

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Э хөтлөн

улсын яллагч Л.С

шүүгдэгч Б.Т

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............ дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд аймагт төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “” ХХК-д ажилтай, ам бүл 5; нөхөр, 4-8 насны 3 хүүхдийн хамт дүүргийн  дугаар хороо, дугаар гудамж, тоотод амьдардаг боловч хүүхдүүд хадам эцэг, эхийн асрамжинд байдаг, дүүргийн  дугаар хороо, гудамж, тоот түрээслэдэг гэх, ялгүй, дугаарын регистртэй, Б овогт Б Т

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Т 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 9-47 тоотод хохирогч У.А цээжин тус газарт хутгалж биед нь “хатгагдсан шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад өмгөөлөгч авах шаардлага байхгүй. Цаашид өөртөө анхаарах болно. Би 4-8 насны 3 хүүхэдтэй. Нөхөр салаад өөр эмэгтэйтэй суучихсан юм. Хүүхдүүд хадмууд дээр байдаг, хааяа би хүүхдүүдээ авдаг. Хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулах болно. Одоогоор 330.000 төгрөгийн төлбөртэй гэдгээ ойлгож мэдлээ гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч У А “… 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 11 цагийн орчим гэрийнхээ урд талын дэлгүүрээс гар утасны нэгж авах гээд ортол 25-30 орчим насны нэг эмэгтэй гар утасны нэгж зарах гээд зогсож байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйгээс аль үүрэн телефоны нэгж юм гэж асуухад Юнителын нэгж зарж байна гэхээр нь 15.000 төгрөгөөр нэгжийг нь худалдаж аваад нэрээ хэлээд танилцтал тэр эмэгтэй манайх руу оръё гэхээр нь би танай гэрт орохгүй гэсэн. Тэгтэл тэр эмэгтэй би дэлгүүрийн дээд талын зочид буудалд байгаа. Манай найз залуу байгаа. Санаа зоволтгүй гэхээр нь би тэр эмэгтэйг дагаад дэлгүүрийн дээд талын буудалд орсон. Зочид буудлын өрөөнд ороход 25-30 орчим насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс байсан. Удалгүй өөрийгөө Амка гэж танилцуулсан эмэгтэй хамт явсан залуугийн хамт явлаа гээд манай гэрээс гараад явцгаасан. Тэмка гэх эмэгтэй манайд үлдээд миний чанасан махыг идэж байгаад мах хэрчиж байсан жижиг хутгаараа над руу, миний цээж рүү чичээд байхаар нь би “Наад хутга чинь тоглоом биш шүү. Хутга гурав сунадаг” гэтэл шууд миний цээж рүү хоёр удаа хатгасан. Гэнэт миний цээж нойтон оргихоор нь би цээжээ хартал миний цээжнээс цус гараад би тэр эмэгтэйд чи яаж байна аа гээд хойшоо суусан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг сэрэхэд Цэргийн нэгдсэн эмнэлэгт сэрсэн. Миний цээжин тус газарт хоёр хутганы шарх байсныг оёсон. Гомдолтой байна. Миний бие хөдөө ажилтай тул шүүх хуралдаанд оролцож амжихгүй. Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал 330.000 төгрөг, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Эрүүл мэндийн шалтгаанаар 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн компанид өдрийн 60.000 төгрөгөөр ажиллаж байсан бөгөөд энэ зардлаа нэхэмжилнэ” /хх-н 17/ гэж мэдүүлжээ.

Түүнчлэн хохирогч У.А гэмтэлтэй холбоотойгоор “У.А биед цээжинд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн 7019 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 24/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б.Т “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Б.Т нь миний бие нөхөн төлбөрийг төлөхөө илэрхийлж байна” гэсэн байна.

Иймд хохирогч У.А баримтаар нэхэмжилсэн 330.000 төгрөгийг шүүгдэгч Б.Т-с гаргуулах нь зүйтэй.

Хохирогч У.А цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй.

Шүүх шүүгдэгч Б.Т холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж /хх-н 26/ шүүхэд ирүүлсэн 1 ширхэг хутыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар устгахаар заав.

Шүүгдэгч Б.Т 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 27 хоног цагдан хоригдсоныг түүнд оногдуулах торгох ялд оруулан тооцов.

Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэл шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б овогт Б Т-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Т-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 27 /хорин долоо/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 405 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 405.000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хассугай.

4. Б.Т-д оногдуулсан торгох ялын хэмжээг 45 нэгжтэй тэнцэх хэмжээний 45.000 төгрөгөөр тогтоосугай.

5. Б.Т торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Б.Т-ийн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнд өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ээс 330.000 /гурван зуун гучин мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч У.А олгож,

хохирогч У.А нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн 1 ширхэг хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Т-д “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ