Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2026/00104

 

 

 

 

 

 

 

 

   2026           01            12                                       210/МА2026/00104                                         

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/08363 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******нарт холбогдох,

 

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 178,922,226 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч *******гийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Зээлдэгч ******* болон *******нар *******-тай 2021.05.17-ны өдрийн ******* дугаар зээлийн гэрээгээр 182,500,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зээлийг дахин санхүүжүүлэх зориулалтаар 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн. Мөн өдрийн *******дугаар барьцааны гэрээгээр зээлийн барьцаанд иргэн *******гийн өмчлөлийн *******хаягт байрлах, *******дугаарт бүртгэлтэй, 103.6 м.кв талбайтай орон сууц, хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан бараа материал, Lexus-GS450h маркийн, сувдан цагаан өнгөтэй, ******* улсын дугаартай, Nissan juke маркийн, хар саарал өнгөтэй, ******* улсын дугаартай 2 ширхэг автомашин зэргийг барьцаалуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Зээлийн гэрээ байгуулах үед *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан *******нас барсан бөгөөд одоо гүйцэтгэх захирлаар *******ажиллаж байгаа.

1.2. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх зэрэг арга хэмжээг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй. Зээлийн гэрээний 6.1.1-т “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцлах эрхтэй тул ******* дугаар зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 129,170,614 төгрөг, хүү 44,147,645 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,603,967 төгрөг, нийт 178,922,226 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг *******гийн өмчлөлийн *******, 106.3 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар хангуулж, хөдлөх хөрөнгө *******, ******* улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах болон *******хамтран хариуцагчаар татах хүсэлтээсээ тус тус татгалзаж байна.

 

2. Хариуцагч  *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Зээлийн гэрээний дагуу төлбөрийг тодорхой хэмжээнд төлж байгаад компанийн захирал нас барснаар төлбөр хийгдэхээ больсон. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан 157,282,299 төгрөгийг зөвшөөрнө.

2.2. Нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч удаа дараа хурлыг хойшлуулж байгаад нэмэгдүүлсэн. Үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах шаардлагын хувьд төлөөлөгчийн тайлбартай санал нэг байна. Нэгэнт батлагдсан үйл баримт байгаа. Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тохиолдолд нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор компанийн эрх ашиг хөндөгдөнө. Гэрээг цуцалсан тул дуусгавар болгосон.

 

3. Хариуцагч  *******гийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Хариуцагч *******, *******нар нь 2021 онд *******-аас хариуцагч *******гийн өмчлөлийн *******тоот 106.3 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж зээл авсан.

3.2. Банкнаас авсан зээлийг хариуцагч ******* бүрэн авч бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулсан бөгөөд хариуцагч *******нь тус компанитай харилцан хамааралгүй. Талийгаач *******, *******-ийн үүсгэн байгуулагч нэр бүхий иргэд болон *******нар нь хэлцэл хийж, тус компанийн авсан зээлийг компани болон хувьцаа эзэмшигч нар төлөх талаар баталгааг гаргасан ба маргаан гарсан тохиолдолд Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр тохиролцсон.

3.3. Хариуцагч *******, ******* банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй иргэн *******г хохирох нөхцөл байдал бий болсон тул түүний зүгээс Монголын олон улсын Арбитрт хандаж, тус арбитрын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 453 дугаар шийдвэрээр *******гийн өмчлөлийн 106.3 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцыг ******* банкны барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч *******-д даалгасан. Зээлийн төлбөрийг хариуцагч ******* нь төлж барагдуулах үүрэгтэй.

Хариуцагч *******гийн өмчлөлийн хөрөнгө буюу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч *******-аас 136,665,029.69 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42,257,196.31 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч *******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэгдсэн, ******* тоот хаягт байрлах, 103.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,280,711.14 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 841,275.14 төгрөг, хариуцагч *******гаас 70,200 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. 2020.05.29-ний өдөр *******ХХК нь *******-ийг төлөөлж захирал *******д *******дугаар гэрээгээр 200,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 36 сарын хугацаатай, жилийн 18,6 хувийн хүүтэй зээлүүлсэн.

5.2. Тухайн үед үеэл дүү болох *******нь манай *******ашигтай ажиллаж орлого олж байгаа тул таны байрыг түр хугацаанд барьцаанд тавиад аваад өгнө гэхээр нь орон сууцыг барьцаалахыг зөвшөөрч *******-ийн хувьцаа эзэмшигчидтэй өөрийн орон сууцыг барьцаалахдаа баталгаа болгож 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр "Зээлийн баталгаа, түүнтэй холбоотой үүргийн гэрээ"-г байгуулж гэрээнд тус компанийн хувьцаа эзэмшигчид болох *******, *******, *******(нас барсан), *******нар нь гарын үсэг зурсан байдаг.

5.3. Гэтэл 2021.05.17-ний өдөр үеэл дүү *******гэрээгээ шинэчлэх шаардлагатай болсон тул ирээд та гарын үсэг зурчих тун удахгүй таны байрыг чөлөөлж өгнө гэхээр нь *******ны тус салбар дээр очиж гарын үсэг зурсан бөгөөд зээл аваагүй, зээлийн мөнгөн хөрөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, өөрийн амьдарч буй орон сууцаа алдах дээрээ тулаад байгаад тун харамсаж байна.

5.4. Дээр дурдсан 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн *******дугаар зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 3Γ/202146228355 дугаар зээлийн гэрээг дахин байгуулсан нь *******зээл түүний хүүгийн төлбөрт төлж чадаагүй хуримтлагдсан төлбөрийг дахин гэрээ байгуулах замаар зээлийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн *******дугаар зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн ******* банкнаас авсан 200,000,000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг дахин санхүүжүүлэх зориулалтаар 182,500,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй дахин гэрээ байгуулж, зээлийн барьцаанд *******гийн орон сууцыг тавьж, мөн нэмж хөдлөх эд хөрөнгө болох *******-ийн хувьцаа эзэмшигч *******ын *******улсын дугаартай, сувдан цагаан өнгийн LEXUS GS450H, *******улсын дугаар бүхий, хар саарал өнгийн NISSAN JUKЕ маркийн машинуудыг барьцаалсан.

5.5. Нэхэмжлэгч *******ны зүгээс хөдлөх эд хөрөнгө болон, эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгүүлээгүй алдаа гаргаж *******-ийн хувьцаа эзэмшигч *******оос татгалзсан.

5.6. *******-ийн хувьцаа эзэмшигчидтэй *******нь өөрийн орон сууцыг барьцаалахдаа баталгаа болгож 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр "Зээлийн баталгаа, түүнтэй холбоотой үүргийн гэрээ"-г байгуулж гэрээнд тус компанийн хувьцаа эзэмшигчид болох *******, *******, *******, *******нар нь гарын үсэг зурсан байдаг бөгөөд тус компанийн тухайн үед захирлаар ажиллаж байсан *******нь нас барснаар компани зээлээ төлөхгүй байгааг олж мэдээд түүний эрх ашиг хөндөгдөөд ирсэн тул уг гэрээнд заасны дагуу Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрт нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 453 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч иргэн *******гийн өмчлөлийн 103,6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг *******ны барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч *******-д даалгаж шийдвэрлэсэн шийдвэрийг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн боловч анхаараагүй бөгөөд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйл Компанийн болон хувьцаа эзэмшигчийн хариуцлагыг заасан өөрөөр хэлбэл 9.1-д Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ. 9.4-д Дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч болон компанийн үйл ажиллагааг бусад хэлбэрээр тодорхойлох эрх бүхий этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээд өөрийн хөрөнгөөр компанийн өмнө хариуцна. 9.5-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна. Гэж заасан тул дээрх хувьцаа эзэмшигчид болох *******, *******, *******(нас барсан), *******нар нь өөрийн хөрөнгөөр хариуцах эрх бүхий этгээд байтал анхан шатны шүүхээс барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагын хувьд арбитрын хүчин төгөлдөр шийдвэртэй гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэн нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлгүй гэж үзэж байна.

5.7. 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн *******дугаар зээлийн гэрээний биелэгдээгүй үүрэгтэй холбоотой, зээлийн үлдэгдэл дүнд байгуулагдсан, гэрээний дагуу бодитоор мөнгөн хөрөнгө болох 182,500,000 төгрөг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн огноотой банкны гүйлгээний баримт (ХХ19-р талд) байдаг ч компанийн данснаас хэрхэн зориулалтын дагуу зарцуулагдсан талаарх баримт байхгүй байдаг.

5.8. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай (1995 оны) хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 26 дугаар зүйлд заасан зохицуулалтад 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн гэрээ нь нийцээгүй, *******-тай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл дүнд байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, зээл, хүү тооцсон дүнгээр гэрээ байгуулан, дахин хүү тооцохоор гэрээнд тусгасныг хуульд заасан үндэслэл, журмын дагуу байгуулагдсан гэж үзэхгүй тул нэхэмжлэгч нь энэ гэрээний дагуу үүрэг шаардах эрхгүй гэж үзэж байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргий анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/08363 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасны дагуу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, 168.1.7-д заасан нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул хүчингүй болгож, анхан шатны шүүх руу буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Хариуцагч тал зээлийг зориулалтын дагуу ашигласан эсэх талаар баримт байхгүй, сүүлд 2023 онд байгуулагдсан гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж дурдсан. Анхан шатны шүүхэд үүнтэй холбогдуулан гаргасан зүйл байхгүй, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа эсэх нь тодорхойгүй тул гомдол нь үндэслэлтэй эсэх нь тодорхойгүй.

6.2. Хариуцагч тал 2021 онд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээнд *******барьцаа хөрөнгийн өмчлөгчийн хувиар гарын үсэг зурж, барьцаалбар үйлдэн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл, хуульд заасан бүх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулагдсан. Барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх эсхүл шаардах эрхгүй гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

6.3. Хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг ямар шалтгаанаар уг маргаанд хариуцагчаар оролцуулахгүйгээр татгалзсан нь ойлгомжгүй буюу хууль зөрчсөн гэж хариуцагч тал дурдсан. Хуульд заасан ямар үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч талд хариуцагчийг тодорхойлох хуульд заасан эрх байдаг бөгөөд тус эрхээсээ татгалзсан. Банк өөрсдийн эрх ашгаас илүүтэй хариуцагч нарын эрх ашгийг харгалзан үзэж дээрх шийдвэрийг гаргасан.

6.4. Шүүхийн процесс удаашралтай байсан. Хэргээс харвал, 2023 оны 09 дүгээр сард банк шүүхэд нэхэмжлэл гаргасан ч шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үүний дараа 2023 оны 11 дүгээр сард нэхэмжлэл гаргасны дагуу иргэний хэрэг үүссэн. Талууд нэхэмжлэлээ гардаж авахгүй удсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай байсан. Хуульд заасны дагуу банк хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацааны хүүг нэмэгдүүлэх эрхтэй байдаг. Хариуцагчаар оролцуулахаас татгалзсан этгээд тухайн үед нэхэмжлэлээ гардаж авахгүй гадагшаа явсан байсан. Үүнээс болж, нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулахад хугацаа орсон. Энэ хугацаанд зээлдэгч болон барьцаалагч нар хүүгийн дарамтад орох асуудал үүссэн учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хурдасгах үүднээс хариуцагчийн эрх ашгийг бодож бид хөдлөх барьцаа хөрөнгийн өмчлөгчийг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан. Үүнд хууль зөрчсөн үйлдэл байхгүй гэж үзэж байна.

6.5. Арбитр шүүхийн шийдвэр гарсан байхад шүүх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн гэж хариуцагч талд маргасан. Иргэний хуульд барьцааны эрх дуусгавар болох үндэслэлийн талаар зохицуулсан. Арбитрын шийдвэр гарсан эсхүл уг маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдсэн нь банкны барьцааны эрхийг дуусгавар болох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Бидний мэдэж байгаачлан, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болох, эсхүл гэрээний үүрэг биелэгдсэн тохиолдолд хуульд заасны дагуу дуусгавар болдог. Уг барьцааны эрх дуусах болоогүй байгаа учраас банк шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй учраас барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан.

6.6. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг компанид холбогдуулан гаргасан. Харин үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа барьцаа хөрөнгөөр хануулах шаардлагыг барьцаалуулагч *******д холбогдуулан гаргасан. Гэрээ болон үүргийн харилцаа тусдаа учраас компанийн тухай хууль, өв залгамжлал, гэрээний үүрэг шилжих гэх мэт зүйл яригдах боломжгүй. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр бөгөөд барьцаалуулагч өөрөө гарын үсэг зурсан. Мөн давж заалдах гомдолдоо гарын үсэг зурсан талаараа дурдсан. *******тухайн үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгож байсан учраас гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна.

6.7. Хариуцагч тал зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, дахин санхүүжүүлэлт хийх байдлаар гэрээг байгуулсан гэж тайлбарласан. Энэ гэрээг харвал, хөнгөлөлттэй хүүгийн нөхцөлтэй ажлын байрыг дэмжих зээлээр санхүүжилт авсан. Өөрөөр хэлбэл, зээлдэгчид хүүгийн дарамт бага байдлаар 3 хувийн хүүтэй гэрээг байгуулсан бөгөөд зээлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зүйл байхгүй. Мөн гэрээг нотариатаар баталгаажуулж хуульд заасан шаардлагыг хангаж байгуулсан. Зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус тул шаардах эрхгүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар хууль зүйн хувьд үндэслэлгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 178,922,226 төгрөг гаргуулах, хариуцагч *******д холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******т холбогдуулан хамтран хариуцагчаар татсан боловч хариуцагч *******т холбогдох хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж, үлдэх шаардлага дэмжсэнийг хариуцагч нар нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

          3.1. *******, *******, *******нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч *******-аас зээлдэгч *******-д 182,500,00 төгрөгийг, жилийн 9%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, зээлдэгч нь зээл, түүний хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, төлөгдөөгүй тохиолдолд үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож төлөх талаар харилцан тохиролцсон; /хх8-11/

          3.2. *******, *******нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан барьцааны гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай, *******, 3 өрөө, 103.6 м.кв талбайтай, *******гийн өмчлөлийн орон сууц, /хх13-15/

          *******, ******* нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан барьцааны гэрээгээр *******-ийн хувьцаа эзэмшигч *******ын *******улсын дугаартай сувдан цагаан өнгийн LEXUS GS450H *******, *******улсын дугаар бүхий хар саарал өнгийн NISSAN JUKЕ *******маркийн машинуудаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан; /хх16-18/

          3.3.Хамтран зээлдэгч *******2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нас барсан;

          3.4.Зээлдэгчээс зээлийг олгосноос хойших хугацаанд 59,777,470.31 төгрөг буцаан төлсөнд маргаагүй.

          Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан, дээрх гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.

          3.5. Хариуцагч ******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрсний улмаас *******ХК зээл төлөх мэдэгдлийг удаа дараа өгч, зээлийн гэрээний зөрчил арилаагүй тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т нийцсэн.

 

          4. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч нь нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалснаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзэн гэрээ хэрэгжсэн гэх 2 жил 6 сар 17 хоногоор зээл, хүү тооцоолж зээлдэгчийн үүргийг 136,665,029.69 төгрөгөөр тогтоон хариуцагчаас гаргуулж, үлдэх 42,257,196.31 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасантай нийцэхгүй боловч нэхэмжлэгч болон хариуцагч ******* нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй учир талуудын зарчмын хүрээнд энэхүү шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй.

         

          5. Зээлийн гэрээний 2.1.2-т зээлийн зориулалтыг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн *******тоот зээлийг дахин санхүүжүүлэх зориулалтаар, гэрээний 2.1.3.1-т зээлдэгчийн *******дахь ******* тоот төгрөгийн дансанд бэлэн бусаар шилжүүлснээр зээлийг олгосонд тооцохоор заасан, *******-ийн *******ин дахь ******* дансанд 182,500,000 төгрөгийн зээлийг олгосон баримт хэрэгт авагдсан. /хх8-11,19/

          ******* нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч *******-ийн зээлийн дансанд олгосон, хариуцагч *******өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг ******* болон *******, *******нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаалсан, барьцаалбартай барьцааны гэрээ 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ. /хх155-156/

         

          Иймээс өмнөх зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад дахин гэрээ байгуулж, зээл, хүү тооцсон дүнгээр дахин хүү тооцон гэрээнд тусгасан, зээлийн барьцаанд *******гийн орон сууцыг барьцаалж, *******ын тээврийн хэрэгслийг барьцаалахдаа барьцааны мэдэгдлийг бүртгүүлээгүй алдаа гаргасан, *******-ийн хувьцаа эзэмшигч нар зээлийг өөрийн хөрөнгөөр хариуцах байтал *******гийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж байгааг зөвшөөрөхгүй, зээлийг компанийн данснаас хэрхэн зориулалтын дагуу зарцуулагдсан талаарх баримтгүй тул нэхэмжлэгч гэрээний үүрэг шаардах эрхгүй гэх гомдол үндэслэлгүй.

 

          6. Арбитрын шийдвэртэй атал харгалзаж үзээгүй гэх хариуцагчийн гомдлын тухайд хэрэгт авагдсан Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 453 дугаар шийдвэрээр, *******гийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох хэргийг нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн 103.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц (улсын бүртгэлийн дугаар:Ү-2203018776, гэрчилгээний дугаар:000168967)-ыг *******ны барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч *******-д даалгаж шийдвэрлэснийг *******ХК, *******нарын хооронд байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн барьцааны гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч барьцааны үүргийг шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх85-90/

 

          7. Харин нэхэмжлэгч нь хариуцагч *******т холбогдуулан хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн эрхэд хамаарах бөгөөд анхан шатны шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ энэ талаар орхигдуулсан байгааг залруулж *******т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт нэмж оруулна. 

          Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж,  хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/08363 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын дараа “3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар *******т холбогдох шаардлагаас нэхэмжлэгч ******* нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмж,

тогтоох хэсгийн “3” дахь заалтыг “4” гэж, “4” дэх заалтыг “5” гэж тус тус өөрчлөн дугаарлаж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,157,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ОДГЭРЭЛ

 

 

                 ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

 

                                                                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ