Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 815

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Э хөтлөн

улсын яллагч Б.Б

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч С.

хохирогч Ч.Б

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр шүүхэд ирүүлсэн  тоот, 1 хавтас хэргийг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -нд аймагт төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, . ажиллаж байгаа гэх, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт дүүргийн  дугаар хороо, дугаар байр - тоотод оршин суух, дугаарын регистртэй, Ө овогт С.Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч С.Б 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 55 дугаар байрны гадна хохирогч Ч.Б зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би хуульч, өмгөөлөгч хүн. Тэр өдөр би сүү авахаар гэрээсээ гараад явж байтал амандаа тамхи зуусан нэг хүн намайг араас дуудсан. Тэгснээ чи намайг таньж байна уу, би чиний хуралд гэрчээр орж байсан, сэрээгээр хатгаж байснаас хутга шаачих байсан юм гэж хэлсэн. Тэгэхээр та ийм юм ярьж болохгүй, би хуульч хүн гэтэл надтай шууд барьцалдаад авсан. Би зугтаах гэж оролдсон. Миний хувцасыг ингэж урж намайг зодсон. Би цагдаад өгөх гэж 6 сар хөөцөлдсөн. Миний хувцсанд цусаа арчаад май энэ уу гэж хэлсэн. Би урьд нь шоронд ял эдэлж байсан, чамайг алчихад надаас унаад байх зүйл байхгүй, миний ар талд том хүн байгаа гэж хэлсэн. Та ингэж болохгүй, би бол хуульч хүн надад ирээдүй, мөрөөдөл байгаа гэхэд үгүй битгий солиороод байгаарай гэсэн. Би чамайг сэрээгээр хатгаж байснаас хутга шаачихдаг байж гэж хэлэхэд за би энэ хүнтэй ойлголцохгүй юм байна гээд замын цаана гараад цагдаа дуудсан. Цагдаа дээр гэрчээр мэдүүлэг өгөөд зогсож байхад мөрдөн байцаагчийн өрөөнд намайг дахиад өшиглөсөн. Гадаа гараад би бол ялаа үүрнэ, чамайг л явуулчмаар байна гэж хэлсэн. Би Тэнгис байцаагчид хувцсаа үлдээх гэсэн чинь чи нүцгэн шалдан байна хувцсаа өмсөөд яв гээд өмсөөд шүүх эмнэлэг рүү очиход та зураг авхуулаад ир гэсэн. Дараа нь, 28-ны өдөр гэрээсээ гараад явж байтал намайг дахиад сүрдүүлсэн. Тэгэхээр нь би шууд прокурорт хандсан. Миний аюулгүй байдлыг хангаж өгнө үү энэ хүмүүсийг гэрчээр асууж өгнө үү гэж прокурорт бичсэн.

Хохирогчоор байцаалт өгье гэхээр байцаалт авдаггүй. Цагдаа дээр өдөржин гадаа нь суулгадаг байсан. Дараа нь дахиад сүрдүүлсэн. 49-33 УНТ гэсэн манай эхнэрийн машиныг өшиглөж хадаасаар зурж хариугаа авч байсан. Хамгийн сүүлд 6 дугаар сарын 28-ны өдөр дахиад сүрдүүлсэн намайг нийтдээ 4-5 удаа сүрдүүлсэн. Мөрдөн байцаалтын явцад удаа дараа хүсэлт гаргаж байсан. 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн Ариунзаяа гэдэг хүнд байцаалт өгсөн. Б-ийн эхнэр нь бас миний эсрэг мэдүүлэг өгч гэрч болоод яваад байдаг. Би энэ зүйл дээр гайхаж байна. Нийлж зодчихоод намайг шүүгдэгч болгоод нэг нь гэрч болдог.

Би өөрөө бас хөнгөн гэмтсэн. Миний биед хөнгөн гэмтэл учирчихаад байхад хохирогчоор тогтоогоогүй тул гомдолтой байна. Намайг баримт өгөх гэхлээр мөрдөн байцаагч авдаггүй, хохирогчоор байцааж өгөөч гэхээр хохирогчоор байцаалт аваагүй гэрчийг асуугаагүй. Тэгсэн мөртлөө Батдоржийг  хохирогч болгосон. Яагаад ялгавартай хандаад байгаа юм бэ. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар эрх тэгш байх ёстой гэв.

 

Хохирогч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

            Болдбаатар хүн итгэхийн аргагүй худлаа ярьж байна. Одоогоос 2 жилийн өмнө би шүүх хурал дээр энэ хүний эсрэг мэдүүлэг өгсөн юм. Тийм учраас өс хонзон санаж намайг зодсон.

Би зодуулчихаад бүтэн нэг жил өнгөрлөө. Тухайн үед Б миний араас татаад, эргээд харахын хооронд хамар луу цохьсон. Тэгээд би шууд шоконд орсон. Миний нүүр ам тэр чигтээ цус болж, намайг тонгойход өшиглөсөн, хавирга руу өшиглөсөн, эсхүл гараараа цохьсон уу ямар ч байсан тэр өдөртөө би эмнэлэгт үзүүлэхэд миний хавирга хугарсан байсан. Дандаа зөрүүтэй, өөр өөр юм яриад байна. Би харин энэ хүнийг хуульч хүн гэхэд, хуульч, өмгөөлөгч хүн ийм байдаг гэхэд эргэлзэж байна. Би энэ Болдбаатарын гарыг гэмтээгээгүй. Намайг зодохдоо өөрөө гараа гэмтээсэн.

            Нотлох баримтаар 790.650 төгрөг нэхэмжилсэн. Хамрын ясны мэс засалд ороход 3 сая төгрөгийн зардал гарна гэж эмч тодорхойлолт бичиж өгсөн байгаа. Мөнгөгүй учраас хагалгаанд орж чадахгүй байна. Миний зүгээс энэ хүнтэй маргаан үүсгээд байсан юм огт байхгүй. Харин хаана таарсан газраа Болдбаатар нь надтай хэрүүл өдөж явдаг. Өмнөх шүүх хуралдааны дараа ч гэсэн тийм байдал үүсгэсэн. Намайг дарамтлаад, хэрүүл өдөөд байгаад гомдолтой, айдастай байна гэв.   

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Харин шүүгдэгч С.Б шүүх хуралдааны явцад өөрийн гэм буруугийн талаар маргаж

“... би хуульч, өмгөөлөгч хүн, надад хүн зодох шаардлага тийм ёс зүй байхгүй, ... би бас хохирогч, надад гэмтлийн зэрэг тогтоогдсон байгаа, ... өмнө нь намайг Б сэрээгээр хатгаж байсан, ... сэрээгээр хатгаж байхаар чамд хутга шаах байж гэж хэлдэг, ... намайг байнга дарамталж байна, ... хэрэг болгон дээр Батдоржийн эхнэр гэрчээр мэдүүлдэг, ... тухайн үед Батдорж нь миний хувцаснуудыг урсан, эдгээр урагдсан хувцаснуудаа цагдаад өгч эд мөрийн баримтаар тооцуулах гэхлээр авахгүй байсан, тиймээс одоо шүүхэд өгмөөр байна” гэсэн агуулга бүхий мэдүүлэг, тайлбар гаргав.

 

2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн өглөө 10 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 55 дугаар байрны гадна үйлдэгдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар

гэрч Г Т “... намайг явж байхад нэг залуу нэг өвгөнийг барьж учиргүй зодоод байсан. Би дөхөж очоод хөөе чи яагаад настай хүнийг зодоод байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу аймар зодож байсан. Настай хүнийг газар унагаагаад балбаад өшиглөөд байсан. Тэрээр зодож байх үедээ чи намайг орцонд сэрээдээд зугтаа биз дээ гэх мэтийн зүйлүүд яриад зодоод байсан. Тэгсэн нэг эмэгтэй машинаас бууж ирээд чи яагаад манай нөхрийг зодоод байгаа юм бэ? гээд тэр залуутай чаргууцалдаад байсан. Тэгэхээр нь би та нар зодолдоод яах вэ би та нарт цагдаа дуудаад өгье гэж хэлээд цагдаа дуудсан” /хх-н 17-18/ гэж,

гэрч М.О “… манай нөхөр Б цанатай байна, наранд 5 минут тавьчихъя гэж хэлээд автомашинаасаа тамхи татахаар буухад нь би машин дотроо сууж байсан. Цана арилаад би машиндаа сууж байгаад хартал манай нөхрийг нэг залуу барьж авч зодоод хамар нүүрийг нь нил цустай нь хольчихсон байсан. Би буугаад хөөе чи юу болж байна, наана чинь настай хүн шүү дээ гэхэд миний нас орчмын нэг эмэгтэй хүн хүүе ээ, энэ хүнийг алах гэж байна, би цагдаа дуудчихлаа гэж хэлээд яваад өгсөн. Цагдаа ирэхгүй болохоор нь би дахиад цагдаа дуудсан. Би нөхрөөсөө яачихсан хүн болохоороо чамайг зодож байгаа юм бэ? гэхэд манай нөхөр Б би нөгөө СӨХ-ийн даргыг зодож байхад нь гэрчилж байсан залуу намайг зодлоо гэж хэлсэн” /хх-н 19-20/ гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн хохирогч Ч.Б хэрхэн яаж хохирсон талаараа

“… 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өглөө 10 цагийн орчим Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 А, 55 Б байрны гадаа өөрийн эзэмшлийн автомашинаа нар руу харуулж тавиад цантсан цонхны цанг нь арилгах гээд зогсож байтал араас гэнэт нэг хүн заамдаж татаад миний хамар руу цохисон бөгөөд миний хамарнаас маш их цус гарч, би хамраа дараад доош тонгойн сууж байх үед доороос өлгөж зүүн нүд рүү нэг удаа цохисон, толгой дээрээс 2-3 удаа цохисон. Миний зүүн талын хавирга хэсэг рүү өвдөглөсөн үү, өшиглөсөн үү мэдэхгүй байна. Б намайг зодож байхдаа чи өмнө нь намайг СӨХ-ийн даргатай зодолдож байхад хажуу талаас сэрээдсэн биз дээ гээд зодоод байсан. Тэр үед хажуугаар явж байсан эмэгтэй Болдбаатарыг чи болиоч, хөгшин настай хүн зодож яаж байгаа юм гээд цагдаад дуудлага өгсөн. Манай эхнэр мөн машинаас гарч ирээд цагдаа дуудсан. Би Б маргаан үүсгэж зодолдсон зүйл байхгүй.

2017 оны 6 сарын үед манай байрны “Хөх шигтгээ” СӨХ-ийн дарга Л Б зодсон хэрэгт нь би шүүх хуралд гэрчээр оролцож байснаас болоод надад дотроо юм санаж явдаг юм шиг байгаа юм” /хх-н 11-13/ гэж мэдүүлжээ.

 

Улмаар тухайн өдөртөө буюу мөрдөгчийн 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлэхэд хохирогч Ч.Б гэмтэлтэй холбоотойгоор

Ч.Б биед зүүн талын 5, 6-р хавирганы хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.гэсэн 11560 тоот дүгнэлт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна. /хх-н 23/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нь тухайн өдрөөр огноолсон “Натур эмнэлэг”-ийн цээжний хөндийн болон толгойн компьютер томографийн оношлогоог судалж дээрх дүгнэлтийг гаргасныг буруутгах үндэслэлгүй.

 

Хохирогч Ч.Б биед 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гадны хүчин зүйлийн нөлөөтэй гэмтэл учирсан, дээрх гэмтлийг шүүгдэгч С.Б учруулсан болох нь нэр бүхийн гэрчүүдийн мэдүүлгүүд, хохирогчийн мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, энэ байдал нь хэргийн үйл баримттай нийцнэ.

 

Мөн тухайн өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр шүүгдэгч С.Б нь өөрийгөө бусдад зодуулсан гэх байдлаар цагдаад өргөдөл өгч, түүнд учирсан гэмтлийн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч “С.Б-ын биед баруун гарын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 11694 тоот дүгнэлт гаргасан байдаг. /хх-н 24/

 

Шинжээч эмчийн дээрх дүгнэлтийг үндэслэн мөрдөгчөөс 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр С.Б-ыг хохирогчоор тогтоож, хохирогчийн мэдүүлэг авсныг /хх-н 42, 44-45/ Прокурорын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 24 дугаартай тогтоолоор “Мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгосон” нь хуулийн үндэслэл бүхий шийдвэр болсоноос гадна прокурор хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийжээ. /хх-н 86/

 

Учир нь, шүүгдэгч С.Б хохирогч Ч.Б зодох явцад түүний баруун гарт зөөлөн эдийн няцрал үүссэн байна гэж үзэхээр, тухайн цаг хугацаанд шүүгдэгч С.Б-ыг хохирогч Ч.Б зодож, цохьсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ө овогт С-ийн Б-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

Гэвч шүүгдэгч С.Б-ын үйлдсэн энэ гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилалаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч, улмаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

 

Хохирогч Ч.Б хохиролд гэж нотлох баримт бүхий 790.650 төгрөгийг, түүнчлэн цаашид гарах эмчилгээний зардал буюу хамрын ясны мэс засалд ороход 3.0 сая төгрөгийн төлбөр гарна, энэ мөнгийг нэхэмжилнэ гэв.

 

Эдгээр нэхэмжлэлээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 785.000 төгрөгийг хангаж шийдвэрлэх боломжтой, харин 5650 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна. /хх-н 46/

 

Нөгөөтэйгүүр шүүх бодитойгоор гараагүй зардал буюу ирээдүйд гарах эмчилгээний зардлыг энэ хэргийг шийдвэрлэх явцад хамтатган шийдвэрлэх боломжгүй тул хохирогчийн нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч С.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Б гомдолтой гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч С.Б холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Б-т холбогдох энэ хэргийг түүний тайлбарлаж мэдүүлээд байгаачлан өмнөх үйл явдлууд буюу өмнө шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэг, иргэний хэргийн шийдвэр бүхий хэргийн үйл баримтуудтай холбож болохгүй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:                                                                                                                                          

 

1. Ө овогт С-н Б-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. С.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

3. С.Б-р цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Б гомдолтой гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар С.Б-аас 785.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Б-д олгож,

хохирогч Ч.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Б-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ