Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2026/00053

 

 

 

 

 

 

 

 

   2026            01           05                                       210/МА2026/00053                                         

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/12646 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

 

4,752,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж,  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээний үүрэгт үндсэн төлбөр 3,168,000 төгрөг, алданги 1,584,000 төгрөг, нийт 4,752,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “барааг хүлээн авсан эсэх тодорхойгүй, гэрээ хүчин төгөлдөр бус, хуурамч”  үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Бараа нийлүүлэх, борлуулах талаар хамтран ажиллах 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн гэрээгээр, ******* нь биет байдлын доголдолгүй, зөрчилгүй, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай, стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн түүнтэй холбоотой баримт бичгийг *******-д бэлтгэн нийлүүлэх, хариуцагч нь нэхэмжлэгчид бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлсэн хөрөнгийн үнийг сар бүрийн 25-ны өдөр төлөх, гэрээний 2.1-т борлуулагч тал нийлүүлэгч талын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохирсон. /хх8-9/

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв тодорхойлсон.

 

5.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.           

5.1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 2024 оны 06 дугаар сарын 10, 19-ний өдрийн Бараа материалын зарлагын баримт, 2024 оны 06 дугаар сарын 11, 20-ны өдрийн Дэлгүүрийн нэр, мөнгөн дүн бүхий жагсаалт, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Төлбөр барагдуулах гэрээ зэргийг харьцуулан үзэхэд тухайн баримтуудаар 2 удаагийн нийлүүлэлтээр нэхэмжлэгчээс *******-д шар айраг нийлүүлж, 3,247,200 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байна. /хх-11-14, 65-66/

Тооцооны үлдэгдлийн баталгаа, Төлбөр барагдуулах хэлцэлд хариуцагч *******-ийн захирлын зөвшөөрлөөр ажилтан *******гарын үсэг зурсан болохоо гэрчийн хувиар мэдүүлсэн байх тул энэ тохиолдолд худалдагч бүтээгдэхүүнийг худалдан авагчид хүлээлгэн өгсөн болохоо нотлох үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. /хх63-64/

5.2. Дээрх баримтыг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгчээс хариуцагчид шар айраг нийлүүлсэн үйл баримт тогтоогдсон тул  Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцох тул гэрээ хүчин төгөлдөр бус, хуурамч гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. 

5.3. Хариуцагч ******* нь *******-ийн үйл ажиллагааг явуулдаг талаар маргаагүй ба нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хариуцагч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотолж чадаагүй.

5.4. Иймээс нэхэмжлэгчийн шаардсан хэмжээнд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,168,000 төгрөг, алданги 1,584,000 төгрөг, нийт 4,752,000 төгрөгийг хариуцагч “Зол манлай”-иас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцнэ.

 

6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нотлох баримтын талаар хийсэн дүгнэлтийг залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/12646 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232  дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******-аас 4,752,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай” гэж,

 

2 дахь заалтын “хэвээр үлдээсүгэй.” гэснийг “хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 90,982 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90,982 төгрөгийг төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ОДГЭРЭЛ

 

 

                 ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

 

                                                                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ