Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 817

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Э хөтлөн

улсын яллагч Н.А

шүүгдэгч Ш.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн  тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19 оны  дугаар сарын -нд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4; нагац эгч, хүргэн ах, хамтран амьдрагч нарын хамт дүүргийн  дугаар хороо, дугаар гудамж  тоотод оршин суух,

Ял шийтгэл: 1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар,

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 102 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 8 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

дугаарын регистртэй, Х овогт Ш Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ш.Б 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 42 дугаар байрны орчим хохирогч Б.М-тай “... эмэгтэй хүнийг чи яаж байгаа юм бэ” гэх шалтгаанаар маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би хэргийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тиймээс дахин мэдүүлэхгүй. Хохирогч М гомдолгүй, надаас нэхэмжлэх зүйлгүй гэсэн байгаа. Цаашид өөртөө анхаарах болно. Өмнө нь би 2 удаа ял шийтгүүлж байсан нь үнэн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б-ийн М “... би 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр охиныхоо Самсунг Эс-9 гар утсыг МБ төвд очиж янзлуулчихаад гэртээ ирэх гэж байхад, манай найз Н, өөр нэг залуугийн хамт шартчихсан байна, амь авраач гээд ярихаар нь би найзыгаа гэртээ дуудсан. Тэгээд манай найз Н манайд, Б гэх залуугийн хамтаар ирсэн. Би хүнд бариа хийгээд манай гэрт урьдчилгаа гээд авсан 220,000 төгрөг байсан бөгөөд тэр мөнгөнөөс 20.000 төгрөг гаргаж Б гэгчид өгч дэлгүүр явуулсан. Тэгээд Б дэлгүүрээс 750 граммын Хараа нэртэй архи авч орж ирсэнээр Н, Б бид гурав хуваан уусан. Гэрт байж байтал 17:00 цаг болоод эхнэр ажлаа тараад ирэх болсон болохоор би нөгөө хоёртоо гэрээс гарч уухаар болоод гарсан. Гараад хаана орох тухай ярьж байтал Н-ийн хамтаар ирсэн Б гэх залуу, манай байранд байдаг Б гээд ганц биеэр амьдардаг ахыг таньдаг, тэдний гэрт орж уух уу гэхээр нь тэгье гээд, байрны урд талын Эрхэс дэлгүүрээс 750 граммын Хараа нэртэй архи, том савтай Кола ундаа авсан. Дэлгүүрээс гараад манай байрны 2 дугаар орцны 5 давхарт байдаг Б гээд ахынд ортол А гэгч хаалгаа тайлсан. Тэр үед цаана нь Б ах хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан болхоор нь би за за гаръя гээд явах гэтэл нөгөө А бид нарт ганц шил архины шавхаруу харуулчихаад явж байгаа юм уу, гэхээр нь би чи одоо юу яриад байгаа юм, зорьж ирсэн хүн маань боломжгүй байх шиг байна, бид нар явлаа гэсэн чинь тэр А гэгч намайг боогоод цохьсон. Тэр үед би А-ийг за зүгээр байгаарай би хамаагүй хүн амьтантай маргаад байдаг хүн биш зүгээр байгаарай гэсэн. А-ийн эхнэр гээд хүүхэн намайг, нөхрийнхөө хажуугаар орж ирээд өшиглөсөн. Тэр үед би нөгөө хүүхнийг надаас хол бай гээд түлхээд А-ийн гэрт байсан, манай найзтай эрүүлжүүлэх байранд орсон хар савхин куртиктэй залуу гарч ирээд намайг А-тэй нийлэн цохиод, бид гурав зууралдаад шатны уруу унасан. Тэр үед би жаахан ухаан алдсан байсан бөгөөд нэг сэргэхэд миний гадуур куртикний халаасыг Ащ, эхнэртэйгээ ухчихсан зогсож байхаар нь би босоод зугтаасан. Тэгээд би орцноос гараад Н руу гар утсаараа залгах гээд халаасаа ухтал миний халаасанд байсан бүх юм байхгүй болчихсон байсан. Тэгээд би байрныхаа 3, 4 дүгээр орцны голд зогсож байтал, нөгөө А, эхнэр болон Н нар эрүүлжүүлэх байранд орсон залуугийн хамтаар гарч ирсэн. Тэр үед би тэр гурваас та нар миний гар утсыг гаргаад өг гэсэн чинь А-ийн эхнэр нь миний Самсунг Эс-5 маркийн гар утсыг гаргаж ирээд май энэ гар утсаа ав гээд над руу шидэхээр нь би гар утсаа аваад найз Н руу ярьсан бөгөөд тэр хооронд би өөрийнхөө өмсөж явсан хувцасны халаасыг ухаж үзтэл миний халаасанд байсан түрүүвч, мөнгө, гар утас, бугуйн цаг зэрэг эд зүйл алдагдсан байсан. Тэгээд би би гайхаад хойшоогоо алхаад 4-р орц чиглээд явж байтал нөгөө А, хар савхитай залуутай араас ирээд А нь миний шилэн хүзүү орчим чулуугаар цохиод, боох үед нөгөө савхин куртиктэй залуу нь намайг зодсон. Тэгж зодох үед би газар уначихсан байсан бөгөөд А-ийн эхнэр нь ирээд миний толгой руу өшиглөсөнөөс бол миний толгой хагарсан. Мөн тухайн үед намайг А болон нөгөө хар савхин куртиктэй залууд зодуулаад орцонд унах үед миний толгой хагарсан бөгөөд орцноос гарах үед миний толгойноос цус гарсан байсан. Тэгээд намайг А, хар савхин куртиктэй залуугийн хамтаар зодож байхад манай аав, ээж хоёр байр тойрон гарч ирээд намайг хүнд зодуулж байгааг хараад салгасан бөгөөд тэр хооронд мөн миний А-ийн эхнэрээс гарч ирсэн гар утас дахин алга болсон байсан. Тэгээд удаагүй Н хоёр цагдаа дагуулан ирж тэр хүмүүсийг хэлтэс рүүгээ аваад явсан” /хх-н 13-16/ гэж,

гэрч М-ын Н “... 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр гэртээ төмөр замын танил бүтэн нэрийг нь мэдэхгүй Бантак хочтой залуутай 500 граммын Хараа нэртэй архи хуваан уугаад сууж байсан. Тэр үед манай найз М над руу яриад гэрт, такси бариад хүрээд ирээч гэхээр нь би Б-ийг дагуулаад М-ын гэрт очсон. Тэгээд Б бид хоёр М-ын гэрт ортол М гэрт эхнэр ирж байгаа ганц юм авч ууя гээд гарсан. Тэгээд бид гурав дэлгүүрээс, М хэдэн граммынх гэдгийг нь мэдэхгүй нэг шил аван гараад явж байтал М-ын эхнэр, хүүхэд нь таараад М-ыг аваад гэртээ орох гэхэд М эхнэртээ уурлаад маргаад салсан. Тэр үед Б М-ын байранд амьдардаг нэг танил ах ба байдаг тэдний гэрт орж ууя гээд М-ын хамт дагуулаад орсон. Бид гурав М-ын байрны нэг орц руу ороод 5-н давхарт гараад нэг айлын хаалга тогшсон чинь, нөгөө айлын хаалга онгойгоод эмэгтэй хүн гарч ирээд бид нарыг хөөгөөд явцгаа гээд байсан. Тухайн үед би тэр айл оруулахгүй юм байна гэж бодоод түрүүлээд гарах үед М ард нөгөө айлын авгайтай маргалдаад үлдэх шиг болсон бөгөөд би орцны гадаа гараад зогсож байтал, миний араас ямар нэгэн хүн гарч ирэхгүй байхаар нь би буцаад орц руу ортол М надтай хамт эрүүлжүүлэх байранд орсон залуутай зууралдаад байж байхаар нь би салгаад М-ыг аваад гарсан. Тэр үед нөгөө айлын авгай даган гарч ирээд М-тай хэрэлдээд байсан бөгөөд М-д байсан нэг гар утсыг барьчихсан байхаар нь би тухайн үед М-ыг наад гар утсаа орхичих гэрийг нь мэдэх юм чинь дараа авна биз гээд явах гэхэд нөгөө авгай М-ын гар утсыг газар саваад шидчихсэн. Тэр үед М нөгөө авгайтай дахин маргалдаад байхаар нь би цагдаа дуудах гээд түрүүлээд явсан. Тэгээд би цагдаад дуудлага өгчихөөд буцаад иртэл Мөнхзулын толгойноос цус гарчихсан ганцаараа зогсож байсан” /хх-н 9-10/ гэж,

гэрч Д А “... тэр өдөр 13:00 цагийн үед байх төмөр замын 63 дугаар байрны хажуу талд явж байгаад урд нь хамт ажил хийж байсан Б гээд дүүтэй таарсан юм. Тэр үед Б ахтай таарсан юм чинь хийх ажил байна гээд дэлгүүрээс 750 граммын Хараа нэртэй архи авсан. Тэр үед би Б дэлгүүрээс авсан архийг аваад манай гэр лүү явсан. Тэгээд манай гэрт Б бид хоёр дэлгүүрээс авсан архиа ууж дуусаад байхад Б дахиад нэг шил архи авч уух гэхээр нь би Б нэг шил 750 граммын Хараа архины мөнгө авч дэлгүүр үү яваад буцаж гэртээ орж нөгөө архиа хоёулаа хувааж уусан. Тэгээд Б хоёр дахь шил архи дууссан чинь дахин дэлгүүр гарч 750 граммын Хараа архи авч ирсэн бөгөөд бид хоёр тэр архийг нь хуваан ууж байтал би муудаад тасрах гээд байхаар нь Б за ах нь муудаж байна, унтлаа гэсэн Б за за ахаа би тэгвэл явлаа гээд манайхаас гарч байх шиг байсан. Тэгээд би унтах гээд маналзаад хэвтэж байхад манай гэрт хүмүүс муудаад байгаа юм шиг байсан боловч манай том охин Ууганжаргал аав, гадаа ээжийг нэг хүн зодоод байна гээд намайг сэрээхээр нь би гэрээс гараад байрны гадаа гартал, манай байрны хажууд байдаг гражуудын орчим гомдол гаргасан өндөр том биетэй залуу хамарнаас цус гарчихсан манай эхнэр Т, Б хоёртой маргалдаад зогсож байхаар нь би явж очоод юу болоод байгаа талаар асуутал Б надад ах аа энэ хүн харин танай эхнэрийг орцны шатаар нэг хөлнөөс татаад чирж байхаар нь би эхнэрийг чинь өмөөрөөд зодолдсон юм гэж байсан. Тэгээд намайг дөнгөж гэрээс гараад удаагүй байж байтал дуудлагаар ирж байна гээд пургонтой цагдаа нар хүрээд ирсэн. Тэгээд дуудлагаар ирсэн цагдаа нар бид нарыг хэлтэсрүүгээ аваад явсан байгаа” /хх-н 17-18/ гэж,

гэрч И-ийн Т “... 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 17:00 цаг өнгөрч байхад Тэрэлжээс Баянгол дүүргийн 3 дугаар хороо 42-35 тоотод байх нөхрийнхөө гэрт ирэхэд, манай гэрт гэр бүлийн найзууд болох Б, манай тэр хавиар яваад байдаг Баатараа / бантик/, өөр нэг танихгүй сүүлд Б эрүүлжүүлэх байранд орсон улаан цамцтай залуу нар байсан. Тэр үед би Б эгчийн дүү найзыгаа аваад явчих, битгий Ч ах, Б ах нарт архи авчирж өгөөд бай гэж хэлтэл Баатараа, нөгөө улаан цамцтай залуутай гараад явсан. Тэгээд би гэртээ байж байтал гэрийн хаалга тогшоод Б нөгөө улаан цамцтай залуу, өөр нэг өндөр /гомдол гаргагч М/ залуугийн хамтаар гурвуулаа ороод ирхээр нь би та нар зүгээр гараа битгий энд архидаад бай гэж хэлээд гаргасан. Тэгсэн нөгөө өндөр залуу дахин хаалга нүдээд намайг ямар учиртай хүүхэн оруулахгүй байгаа юм гээд хаалгаар шууд дайрч орж ирээд бүх өрөөгөөр дуруураа яваад байхаар нь би чи яах гээд айлд дураараа дайрч орж ирээд байгаа юм гээд нөгөө өндөр залууг түлхээд гаргасан. Тэгсэн чинь нөгөө өндөр залуу дахин хаалга маш хүчтэй нүдээд, хаалганы бариулаад оролдоод байхаар нь би хаалгаа онгойлгосон чинь нөгөө өндөр залуу чи муу гичий хэн юм бэ гээд миний үснээс зулгааж гэрээс гаргаад, орцонд намайг чирээд хана мөргүүлээд яваад байсан. Тэр үед манай гэрээс Б юу болоод байгаа юм бэ гээд гараад ирсэн чинь нөгөө өндөр залуу, улаан цамцтай залуу, Б гурав орцноос гараад зугтаасан. Тэр үед би нөгөө өндөр залуугийн араас орилоод гарах үед, миний араас Б эгчээ юу болсон бэ гэхээр нь би тэр болсон явдлын талаар хэлээд гарсан. Тэгээд орцны гадаа гараад иртэл нөгөө гурван хүн дэлгүүр ороод гарч ирэхээр нь би нөгөө өндөр залуу дээр очоод чи одоо уучлалт гуй, үгүй бол би цагдаад дуудлага өглөө гэсэн чинь тэр залуу миний үснээс дахин зулгаагаад авсан. Тэр үед Б орцноос гарч ирж таараад нөгөө залууг чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гээд нөгөө өндөр залуу руу очоод зодолдсон. Тухайн үед нөгөө өндөр залуугийн толгой, хамарнаас нь маш их цус гарчихсан байсан бөгөөд сүүлд цагдаа нар ирэхэд Б нь зугтаад, нөгөө улаан цамцтай залуу, Б, нөгөө өндөр залуу нарыг надтай хамт цагдаа нар аваад явсан” /хх-н 19/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Б.М-ын гэмтэлтэй холбоотойгоор “Б.М-ын биед зулайн хуйх, дух зүүн нүдний дээд, доод зовхи хамрын нуруу, хоёр талын чих, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт язарсан шарх, зүүн нүдний алимны дотор салстын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 3359 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 25/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ш.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ш.Б-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Түүнчлэн шүүгдэгч Ш.Б урьд өмнө 2 удаа ял шийтгүүлж байсныг дурдаад, дээрх байдал нь түүний хувийн байдлыг тодруулсан баримт гэж шүүх үзэв.

Харин энэ байдал нь түүнд оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөлд хамаарахгүй.

 

Шүүх шүүгдэгч Ш.Б-д холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Б.М нь “... Бум-Эрдэнийг уучилж байгаа тул гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгч Ш.Б бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгч Ш.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Прокурорын шатанд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2019 оны 3 дугаар сарын “19”-ний өдөр гэж буруу тодорхойлж, улмаар тухайн өдрөөр огноолж энэ хэрэгтэй холбоотой прокурорын бүхий л эрхийн актууд гарчээ.

Гэвч гэмт хэрэг гарсан өдрийг “19” гэж андуурч бичсэн энэ байдлыг шүүх техникийн шинжтэй алдаа гэж үзэв. Прокурор нь цаашид ийм алдаа гаргахгүй байвал зохино.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Х овогт Ш-ийн Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Б-ийг 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Ш.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Ш.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ш.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ