Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2026/00025

 

                               

 

*******нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/06848 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, Нийслэлийн ерөнхий боловсролын *******-д тус тус холбогдох,

Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 29,593,611 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 13-р хороо, *******дээд сургуулийн хичээлийн Д байрны 1 давхарт нийтийн хоолны гал тогоог 1 жилийн хугацаатай, 1 сарын 15,000,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний дагуу барьцаа болгож 15,000,000 төгрөг, 1 сарын түрээсийн төлбөр 15,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг *******сургуулийн дансанд шилжүүлсэн. Уг түрээсийн гэрээнд зааснаар сургуулийн сурагчид, ажилчид нь цайны газарт хоол идэхдээ хоолны талоноор иддэг ба би тухайн талонуудыг сургуулийн нягтлан бодогчид өгч хоолны төлбөрөө авахаар тохиролцсон.

1.2. Би 15 хоногийн хугацаанд уг гал тогоог ажиллуулсан бөгөөд сургуулийн зүгээс 1,906 том хүн хоол идсэн ба хоолны үнэ 14,675,500 төгрөг болсноос 3,576,000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл 11,099,500 төгрөгийг өгөөгүй.

Нийт 3237 хүүхэд хоол идсэнээс 2138 хүүхдийн хоолны тооцоо хийсэн ба 1099 хүүхдийн хоолны тооцоо 5,495,000 төгрөгийг өгөөгүй тул бид маргалдаж гэрээ цуцалсан.

1.3. Мөн гэрээ цуцлахдаа барьцаа 15,000,000 төгрөгөөс үндэслэлгүй 11,000,000 төгрөгийг суутгаж 4,000,000 төгрөг өгсөн. 15 хоног ажилласан байхад 21 хоногоор бодож 10,161,290 төгрөгийг суутгасан бөгөөд түрээсийн төлбөрөөс 2,661,290 төгрөгийг өгөөгүй. Том хүний болон хүүхдийн хоолны зөрүү, барьцаа, түрээсийн төлбөрийн зөрүү нийт 30,255,790 төгрөг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа тодруулж,

**************тай байгуулсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, багш, ажилчдын хоолны зөрүү 8,548,400 төгрөг, хүүхдийн хоолны зөрүү 1,375,000 төгрөг, барьцаа 15,000,000 төгрөг, түрээсийн төлбөрийн зөрүү 2,903,211 төгрөг, хариуцагчаас олгосон хоолны 3,000 төгрөгийн буцаалтын зөрүү 1,767,000 төгрөг, нийт 29,593,611 төгрөгийг хариуцагч *******дээд ******* ******* болон хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын ************** ******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч *******нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын *******-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр хоолны газрын түрээсийн гэрээ байгуулан хоолны газрын талбай болон тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдийг хүлээн авснаар 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хоолны газрыг ажиллуулж эхэлсэн.

2.2. Хоолны газар нь дээд сургуулийн багш, ажилтнууд, оюутнууд, мөн дунд сургуулийн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлдэг учир сургуулийн зүгээс тогтвортой удаан хугацаагаар хариуцлагатай ажиллах шаардлага тавихад *******хүлээн зөвшөөрсөн ба сургуулийн хэмжээнд хэдэн багш, ажилтан, оюутан, сурагчдыг хангах мэдээллийг *******д өгсөн.

Мөн гаднаас үйлчлүүлэгч татах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх нь түрээслэгч талд нээлттэй байсан. 2 талаас бүх хүсэл сонирхлоо илэрхийлж харилцан зөвшилцөлд хүрсний үндсэн дээр гэрээгээ байгуулсан.

Түрээсийн гэрээний төслийг нэхэмжлэгч *******д 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр явуулан танилцах хугацаа олгоод 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэрээгээ баталгаажуулж гарын үсэг зуран уг өдрөөс ажиллаж эхэлсэн.

2.3. Түрээсийн гэрээ *******эрхийг зөрчсөн гэж үзвэл уг 5 хоногийн хугацаанд манай талд санал, хүсэлт гаргах боломжтой байсан бөгөөд *******гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан.

*******д анхнаасаа маш сайн хэлж, анхааруулсаар байтал гэрээгээ зөрчиж, түрээсэлж чадахгүй боллоо гэж мэдэгдсэн тул бид 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр яаралтай хуралдаж бага сургуулийн үдийн цайг тасалдуулахгүй байх хариуцлагын хүрээнд тохиролцсоны үндсэн дээр 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс *******ийг тогоочоор ажилд авч, уг өдрөөр түрээсийг зогсоохоор шийдвэрлэсэн.

Энэ нь нийтдээ хуанлийн 21 хоног болж байгаа тул түрээсийн төлбөрийг гэрээний дагуу тооцож суутгасан.

Түрээсийн төлбөр болон барьцаа нийт 30,000,000 төгрөгийг ерөнхий боловсролын *******-ийн дансанд шилжүүлсэн.

2.4. Хүүхэд, багш, ажилтнуудын хоолны тооцоо болох 14,936,000 төгрөгийг *******д олгосон ба тооцоон дээр маргаан үүсэж гэрээ цуцлах болсон гэдэг нь үндэслэлгүй.

Бага *******д нийт 256 хүүхэд суралцаж байгаа бөгөөд 2024 оны 04 сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 сарын 07-ны өдрийг хүртэл сурагчдын ээлжийн амралт таарсан ба үлдсэн хоног болох түрээсийн 10 хоногт дээд тал нь 2560 хүүхэд хоол идэх боломжтой тул нэхэмжлэлд дурдсан 3237 хүүхэд хоол идсэн байх боломжгүй юм.

Гэрээний 7.4-т заасны дагуу барьцаанаас 30 хувь буюу 4,500,000 төгрөгийг суутгасан.

Сургуулийн зүгээс бүх тооцоог үнэн зөвөөр гаргаж *******д танилцуулан харилцан зөвшөөрч гарын үсэг зурсан ба түүнд нийт 22,005,888 төгрөгийг өгсөн.

Манайх үзлэгийн тэмдэглэлүүдийг үндэслээд 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны хоолны тооцооллын зөрүүг гаргасан ба хэлний сургалтын төвийн багш, ажилтнуудын хоолны тооцооллын зөрүү 73,000 төгрөг, 199,500 төгрөг, 546,500 төгрөгийг *******, “*******дээд сургуулийн багш, ажилчдын хоолны тооцооллын зөрүү 94,000 төгрөг, 468,000 төгрөг, мөн кью пэй-ээр тооцоо хийж худалдан авсан хүмүүсийн тооцоо дээд сургуулийн дансанд орсон тул тус мөнгийг дээд ******* төлөх боломжтой.

Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд нийт 29,593,611 төгрөгийг *******дээд ******* *******, ерөнхий боловсролын ************** ******* нараас нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2, 318.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч “Нийслэлийн ерөнхий боловсролын **************” *******-aас 8,222,211 төгрөг, хариуцагч *******-аас 768,000 төгрөг, нийт 8,990,211 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын ************** *******, *******нарын хооронд 2024 оны 03 сарын 20-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг болон 20,603,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч *******улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 379,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Нийслэлийн ерөнхий боловсролын **************” *******-аас 146,505 төгрөгийг, хариуцагч *******-aас 22,982 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ...Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлээгүй тул шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.2. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулж бүрдүүлэхэд 2024 оны 03-р сарын 20-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй буюу хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдсон. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөрийн систем буюу ажилчдын хоол захиалж, үйлчлүүлсэн төлбөрийн баримтаар хариуцагч компанийн ажилчид болон суралцагч нар нэхэмжлэлийн шаардлагад дурдсаны дагуу манай түрээсэлж ажиллуулж байсан цайны газраар үйлчлүүлж тооцоо хийгээгүй болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх нотлох баримтуудыг үндэслэхгүйгээр хуулийг буруу хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/06848 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүхэд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. ************** нь нэхэмжлэгч *******тэй харилцан тохиролцож гэрээний заалтуудыг тайлбарлаж, хангалттай уншиж танилцах хугацаа өгч харилцан хүлээн зөвшөөрсний үндсэн дээр түрээсийн гэрээ байгуулсан.

Уг түрээсийн гэрээ нь *******сургуулийн 4 давхар хичээлийн байрны 1 давхарт байрладаг, тусдаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй, бие даасан объект биш бөгөөд тус хэсэгт байсан тоног төхөөрөмж, үйл ажиллагааг түрээсэлсэн болно.

5.2. Гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан ч нэхэмжлэгч 21 хоног түрээслээд гэрээг цуцлах санал гаргасан. Энэ богино хугацаанд түрээслээд үр дүн харах бараг боломжгүй, тиймээс богино хугацаанд ашиггүй байсан нь манай талын буруу биш юм.

Гэрээний 4.1.7-д хоолны тооцоог багш ажилтнууд 3000, суралцагчид 5000-аар хоолны тооцоо хийхээр тохиролцсоны дагуу бүх тооцооллыг гэрээний дагуу хийж нийт 22,005,888,29 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн.

Гэрээ нь хуулийн дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр хэлцэл гэж анхан шатны шүүхээс нотлох баримт дээр үндэслэн үндэслэлтэй шийдвэр гаргасан, гэрээний дагуу бүх тооцооллыг хийж нэхэмжлэгчид олгосон.

5.3. *******сургуулийн зүгээс нэхэмжлэгчийн маргааны дагуу дахин нягталж хоолны тооцооны зөрүүнд 1,587,000 төгрөг өгөх эвлэрэх санал тавьсан ч нэхэмжлэгч тал хүлээж аваагүй, энэ дүнг төлөх хууль зүйн үндэслэлгүй ч манайх нэхэмжлэгч талын нөхцөл байдлыг бодолцож үзсэнээр өгөхөөр болсон. Мөн түрээсийн хугацаа нь хуанлийн хоногоор тооцогдох боловч ажлын хоногоор тооцож 15 хоногийн түрээс төлөхөөр шийдвэрлэсэн, гэрээнд зааснаар барьцаа 30 хувийг суутгаж авсан бөгөөд энэ нь гэнэт гэрээ цуцалсны хохирол болох ажилтнуудын цалин болон хоолны түүхий эдийн зардалд зарцуулагдсан хохиролтой байгаа ч анхан шатны шүүхийн шийдвэрийг дагаж буцааж өгөхөөр болсон бөгөөд давж заалдах гомдол гаргаагүй. Гэвч нэхэмжлэгч тал эс зөвшөөрч шаардлага хангахгүй үндэслэлгүй баримтууд шүүхэд гаргаж өгч 29,593,611 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо эцсийн байдлаар нэхэмжилсэн дүнгээсээ мөн л зөрүүтэй байдлаар тайлбарласан нь тооцоолол нь үндэслэлгүй гэдгээ харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч *******нь Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, багш, ажилчдын хоолны зөрүү 8,548,400 төгрөг, хүүхдийн хоолны зөрүү 1,375,000 төгрөг, барьцаа 15,000,000 төгрөг, түрээсийн төлбөрийн зөрүү 2,903,211 төгрөг, хариуцагчаас олгосон хоолны 3,000 төгрөгийн буцаалтын зөрүү 1,767,000 төгрөг, нийт 29,593,611 төгрөгийг хариуцагч *******дээд ******* ******* болон хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын ************** ******* нараас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, түрээсийн гэрээ нь хуулийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл, гэрээний дагуу бүх тооцооллыг хийж нэхэмжлэгчид олгосон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

3. Нэхэмжлэгч *******, хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын *******-ийн хооронд 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 13-р хороо, *******дээд сургуулийн хашаанд байрлах хичээлийн D байрны 1 давхрын нийтийн хоолны зориулалттай 250 м.кв талбайг, 43,6 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийн хамт 2024 оны 03 сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 сарын 20-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд,  түрээсийн төлбөрийг 1 сарын 15,000,000 төгрөгөөр, түрээслэгч нь барьцаа 15,000,000 төгрөгийг түрээслүүлэгчид төлөхөөр, мөн Бүрэн дунд сургуулийн сурагчид, багш ажилчид болон дээд сургуулийн багш, ажилчдын хоолны зардлыг тооцохдоо түрээслэгч одоо хэрэглэж байгаа QR кодыг ашиглах бөгөөд нийтийн хоолны зардлыг сар бүрийн эцэст тооцож, түрээслэгчийн дансанд шилжүүлэх, үндсэн хоол 550 ширхгийг, нэг бүрийг 5000-9000 төгрөгөөр, бага сургуулийн үдийн цай 300 ширхгийг, нэг бүрийг 5000 төгрөгөөр, багш, ажилчдийн хоол 150 ширхгийг, нэг бүрийг 3000 төгрөгөөр тус тус тооцохоор, үйлчлүүлэх цагийн хамт тохирсон. /хх-4-6/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 318.3, 318.4-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Иргэний хуульд үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулж, эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр заасан хэдий ч үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг түрээслэх тохиолдолд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага тавигдахгүй, энэ тохиолдолд түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байх ба анхан шатны шүүх Иргэний хуулийн 318.3, 318.4-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.   

5. Мөн  талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.7-д Бүрэн дунд сургуулийн сурагчид, багш ажилчид болон дээд сургуулийн багш, ажилчдын хоолны зардлыг тооцохдоо түрээслэгч одоо хэрэглэж байгаа QR кодыг ашиглах бөгөөд нийтийн хоолны зардлыг сар бүрийн эцэст тооцож, түрээслэгчийн дансанд шилжүүлэх, үндсэн хоол 550 ширхгийг, нэг бүрийг 5000-9000 төгрөгөөр, бага сургуулийн үдийн цай 300 ширхгийг, нэг бүрийг 5000 төгрөгөөр, багш, ажилчдын хоол 150 ширхгийг, нэг бүрийг 3000 төгрөгөөр тус тус тооцохоор, үйлчлүүлэх цагийг зааж, талууд тохирчээ.

5.1. Тодруулбал дээрх гэрээгээр түрээслэгч буюу нэхэмжлэгч  нь тодорхой нэр төрлийн хоол бэлтгэн гаргах, сургуулийн багш, сурагч болон ажилчид гэрээнд заасан үнээр авах үүргийг талууд хүлээсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Тиймээс сургуулийн байрнаас нийтийн хоолны зориулалттай талбайг ашиглуулах, түрээслэгч нь хоол бэлтгэж, нэг бүрийн үнээр нийлүүлэх, үнийг ******* төлөх харилцаа нь түрээсийн гэрээ болон худалдах, худалдан авах гэрээний шинжийг хамтад нь агуулсан холимог гэрээний шинжтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хоолны тооцооллын зөрүүтэй хамааралтай хэсгийг хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан зохицуулалтын хүрээнд нэмж дүгнэн, анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулна.

6. Талууд 1 жилийн хугацаатай дээрх гэрээг байгуулж, түрээслэгч *******түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөг, барьцаа 15,000,000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Хоолны газрын түрээсийн гэрээний эцсийн тооцоо гэх баримтаар 37,088,773.68 төгрөгийг түрээслүүлэгчээс түрээслэгчид буцаан олгохоос, түрээсэлсэн хугацааны ашиглалтын зардал 127,219.80 төгрөг, түрээсийн төлбөр 10,161,290.32 төгрөг, хөрөнгийн элэгдэл 294,375.26 төгрөг, барьцааны үнийн дүнгийн 30 хувь 4,500,000 төгрөг, нийт 15,082,885.38 төгрөгийг хасч үлдэх 22,005,888.29 төгрөгийг түрээслүүлэгч нь түрээслэгчид өгөхөөр тооцоо нийлж, 22,005,888.29 төгрөгийг *******бүрэн дунд сургуулиас *******д төлсөн байна. /хх-66/

6.1. Талууд гэрээ цуцалсантай холбоотой хоорондын тооцоог нийлж, тооцооны үлдэгдлийг баталгаажуулж, үлдэх төлбөрийг төлж гэрээний үүрэг, гэрээ цуцлагдсантай холбоотой үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 243 дугаар зүйлийн 243.1-т нийцүүлэн шийдвэрлэсэн гэж үзнэ.

 

7. Анхан шатны шүүх, үзлэг хийх явцад хариуцагч талаас хоолны тооцооллын зөрүүнд төлөхөөр зөвшөөрсөн нийт 1,587,000 төгрөг, барьцаа 30 хувь буюу 4,500,000 төгрөг, 6 хоногийн түрээсийн төлбөр 2,903,211 төгрөг, нийт 8,990,211 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж, 8,222,211 төгрөгийг Нийслэлийн ерөнхий боловсролын *******-аас, 768,000 төгрөгийг *******-аас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шийдэлд хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргаагүй учир талуудын зарчимд үндэслэн шийдлийг хэвээр үлдээнэ.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 гэсэн холбогдох заалтыг нэмсэн хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/06848 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2, 318.4” гэсний дараа “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1” нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч бөгөөд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 305,918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

                      ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД

 

 

                                                                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ