Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 816

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Э хөтлөн

улсын яллагч Н.А

шүүгдэгч А.Э

хохирогч Б.Н

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн  тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19 оны  дугаар сарын -нд төрсөн, настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ажилтай гэх, ам бүл 2; эхийн хамт аймаг, сум, дугаар багт хаягийн бүртгэлтэй боловч дүүргийн дүгээр хороо, дугаар гудмаж, тоотод оршин суух, ялгүй, дугаарын регистртэй, Б овогт А-ын Э

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч А.Э 2019 оны 6 дугаар сарын 17-ны өглөө 10 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” худалдааны төвийн гадна хохирогч Б.Н-ыг автомашинаар мөргөлөө гэх шалтгаанаар биед нь халдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Ачаа зөөж байхад энэ хүн намайг машинаараа мөргөчихөөр нь аятайхан яв, замаа харж ухраач гэж хэлтэл машинаасаа буугаад ирсэн. Тэгээд намайг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би цохьчихсон юм. Хохирлыг төлөхгүй гэв.

 

Хохирогч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“Барс” дээрээс ачаа авах гэж ирээд би араа 2 хүнээр харуулж байгаад машинтайгаа ухрах хөдөлгөөн хийсэн. Гэтэл энэ залуу намайг мөргөчихлөө гэж хэлж ирээд толгойгоороо мөргөж цохиход миний уруулын дээд хэсэг сэтэрсэн, үүдэн 4 шүд эмтэрсэн. Үүнээс болж би 14 хоног ажилдаа яваагүй, гэхдээ ажлаасаа 7 хоногийн чөлөө авсан. Баримтаар 262.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн нэг шүд янзлуулахад 600.000 төгрөг болно гэсэн тодорхойлолтыг эмч бичиж өгсөн байгаа. Гомдолтой байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б Н “… 2019 оны 6 дугаар сарын 17-ны өглөө 10 цагийн үед Барс худалдааны төвд хүргэлтийн автомашин болох 65-22 УНЛ улсын дугаартай автомашинтай хүргэлт хийхээр хойшоо ухран орох гэтэл миний машины ард нэг шар толгойтой залуу зогсоод байсан. Тэр үед би тэр залууг хойшоо болоорой гэж хэлтэл тэр залуу өөрийнхөө үүрч явсан зүйлээ аваад явсан. Тэгээд би машинаа ухраагаад зогсож байтал миний машины ард зогсож байсан шар толгойтой залуу буцаад над дээр ирсэн. Тэр залуу миний нүүрэнд толгойгоороо нэг удаа мөргөсөн. Би доошоо тонгойсон чинь нөгөө залуу миний нүүрэнд нэг баруун хөлөөрөө өшиглөсөн” /хх-н 12-15/ гэж,

гэрч Ц-ийн Н “... тухайн өдрийн өглөө 09:00 цагийн үед манай зооринд бараа буугаад Эрдэнэбулган манайд бараа зөөх ажил хийж байсан. Тэгээд манайхаас гурван шуудай бараа үүрээд Барс худалдааны төвийн хашаан дотор явж байсан чинь цагаан өнгийн Мазда Ванет маркийн микро маягийн түгээлтийн машинтай хүн ухарч байхдаа Э-ны үүрч явсан бараа орчим хүрчихсэн юм. Тэр үед Э урагш жаахан годройдоод зогссон. Тэгээд Э нөгөө машины жолооч ахад та одоо ардах, урдахаа харал даа гэж хэлсэн чинь нөгөө машины жолооч чи дуугүй цаашаа яв гэлүү, зайл гэлүү нэг юм хэлсэн. Тэр үед Э бараагаа буулгах газраа буулгачихаад буцаж ирээд нөгөө машинтай ахтай уулзах үед би дотогшоо зоорь руугаа орох болсон. Би зоорь руу орох гэж байхад нөгөө машины ах Э-ныг чи муу юу гээд байгаа чацага вэ гэж хэлээд машинаасаа бууж Э-тай барыдалдан авах шиг болсон. Тэгээд би зоорь руу орчихоод гараад ирсэн чинь Э-тай маргалдсан ахын хамар амнаас цус гарчихсан байдалтай байхаар нь Э-аас асуутал энэ ах харин намайг өшиглөхөөр нь би хамар руу нэг мөргөөд өшиглөчихсөн юм гээд зогсож байсан. Тэгээд удаагүй цагдаа нар ирээд Э-ныг аваад явсан. Тэр машины жолооч ахтай маргалдаж байх үед болон цагдаа нар ирээд аваад явах үед Э-ны биед ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй. Сүүлд Э Барс дээрх ажлынхаа хувцсыг өмсчихсөн, ахаа бараа буулгалтын мөнгөө авмаар байна. Цагдаа нар намайг шүүх эмнэлэгт үзүүл гээд байх юм гэхээр нь би чамд тэгээд ямар нэгэн бэртэл гэмтэл байгаа юм уу гэсэн чинь Э  мэдэхгүй надад ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүл гээд байх юм гээд инээж байсан. Тэгээд надаас бараа буулгасан мөнгөө аваад явахад ямар нэгэн ил харагдах шарх сорви харагдахгүй байсан” /хх-н 24-25/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн хохирогч Б.Н-ын гэмтэлтэй холбоотойгоор “Б.Н-ын биед дээд уруулд шарх, зүүн дээд үүдэн шүдний гэмтлийн гаралтай үрэвсэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 7524 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 29/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч А.Э-ныг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэдийгээр авто тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байгаа жолооч хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцох, өөрөөр хэлбэл хэн нэгнийг мөргөх, гэмтээх гэх мэт үйлдэл хийх ёсгүй ч, энэ байдал нь болгоомжгүй хэлбэртэй байдаг.

Харин нөгөө талаас буюу шүүгдэгч нь хэн нэгний машинд мөргүүлсэн, шүргүүлсэн гэх байдлаар бусдыг зодож болохгүй.

Шүүхээс шүүгдэгч А.Э-нд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүх шүүгдэгч А.Э-нд холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

Хохирол төлбөрийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Н нь шүүгдэгчээс баримттай 2.503.350 төгрөг, ажилгүй байсан хугацааны 182.000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ гэжээ. /хх-н 12-15/

Хавтаст хэргээс үзвэл хохирогчийн гаргасан баримтуудаас 56.800 төгрөгийн баримт нэхэмжлэлийн шаардлага хангаж байна.

Тухайлбал, хохирогч Б.Н “” ХХК-д ажилладаг боловч тухайн компанид ажилд орсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгал төлсөн гэх баримтуудыг ирүүлээгүй болно. Түүнчлэн ирээдүйд гарах зардал буюу үүдэн 4 шүдийг янзлуулахад гарах зардал гэх 240.000 төгрөгийг шүүх урьдчилан шийдвэрлэх боломжгүй юм.

Хохирогч Б.Н-ын цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Шүүгдэгч А.Э цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаад,

эд мөрийн баримтаар хураагдаж хэргийн хамт ирүүлсэн 2 ширхэг CD-нээс “Б.Н 44 н, эр OPG 2019.06.17” гэсэн бичиглэлтэй 1 ширхэг CD-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Н-д буцаан олгохоор, “Э YI/17” гэсэн бичиглэлтэй 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Э шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б овогт А-ын Э-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Э-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. А.Э торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-аас 56.800 төгрөг гаргуулж хохирогч Б.Н-т олгож,

хохирогч Б.Н цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. А.Э цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Н гомдолтой гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдаж хэргийн хамт ирүүлсэн 2 ширхэг CD-нээс “Б.Н 44 н, эр OPG 2019.06.17” гэсэн бичиглэлтэй 1 ширхэг CD-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Н-д буцаан олгож, “YI/17” гэсэн бичиглэлтэй 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Э-нд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ