| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 197/2025/21940/И |
| Дугаар | 210/МА2025/02215 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/02215
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч О.Одгэрэл, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/12645 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох
14,230,236.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндуламын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан түрээсийн гэрээний дагуу урьдчилж төлсөн төлбөрөөс түрээсийн техникийн ажиллаагүй хугацаанд ногдох төлбөр 8,377,478.46 төгрөгийг буцаан гаргуулах, алдангид 5,026,487 төгрөг, мөнгөний үнэ цэн буурсны улмаас учирсан хохиролд 826,271 төгрөг, нийт 14,230,236.46 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. ******* болон ******* нарын хооронд 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Хан Алтай уурхайн талбайн газар шорооны ажилд ашиглагдах 7 ширхэг техникийг *******-д түрээслүүлэх, ******* нь түрээсийн төлбөрт 210,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн. /хх-ийн 8-11 дүгээр тал/
3.2. ******* нь урьдчилгаа төлбөрт 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 63,000,000 төгрөгийг *******д төлсөн.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон байна.
4.1. Хариуцагч нь түрээсийн гэрээг нэхэмжлэгчтэй байгуулаагүй, хувь хүний нэрээр гэрээ байгуулах саналын дагуу өөрийн нэрээр гэрээг байгуулсан болохоос бус гэрээг бодит байдал дээр *******-тай *******байгуулсан гэж маргасан байх боловч хариуцагч нь түрээсийн гэрээг өөрийн нэрээр байгуулж, түрээсийн гэрээний дагуу төлөгдсөн төлбөрийг өөрийн дансаар хүлээн авсан байх тул түрээсийн гэрээг нэхэмжлэгчтэй байгуулаагүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, энэ талаар болон түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
5. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн огноо бүхий “Гэрээний гүйцэтгэлийн акт” нэртэй баримт, “Өөрөө буулгагчийн түрээсийн гүйцэтгэл” нэртэй баримтад 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 7 техникийн 6 нь тус бүр 100 мото цаг, 1 нь 127.8 мото цаг ажилласан гэсэн тооцоолол хийгдсэн, уг тооцоололд хариуцагч маргаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан хариуцагчийн “... Нэхэмжлэгч компанийн манайх руу явуулж байсан тооцоогоор 6 машин 5 хоногийн хугацаанд 600 цаг ажиллаад буцсан гэсэн тооцоо гаргаж явуулсан байдаг. Тэр нь цагийг нь 50,000,000 төгрөгөөр тооцоход 30,000,000 төгрөг болж байгаа юм. Тэгээд үлдэгдэл нь 33,000,000 төгрөг үлдэнэ. ... нэг машин үлдээд тэр нь бүрэн гүйцэд ажлаа дуусгаад явж байгаа учраас тэрний түрээсэнд 30,000,000 төгрөгийг суутгаад манай тал 3,000,000 төгрөгийн тооцоотой гэж бодож байсан ...” гэх тайлбараар тогтоогдсон, нэхэмжлэгч талын гаргасан, хариуцагч маргахгүй хүлээн зөвшөөрсөн тооцооллоор хариуцагчийн 7 техник 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар нийт 727.8 мото цагийн ажил гүйцэтгэсэн, уг хугацааны түрээсийн төлбөр нь гэрээнд заасан тооцооллоор тооцоход 36,390,000 төгрөг болсон, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 1 техник 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажилласан үйл баримтад талууд маргаангүй гэж үзнэ.
5.1. Дээрх үйл баримтын талаар талууд маргаангүй боловч үлдсэн 1 техник 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хэдэн мото цаг ажилласан талаар талууд маргаантай.
5.2. Нэхэмжлэгч тал үлдсэн 1 техник 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 400 мото цаг ажилласан гэх тооцооллыг шүүхэд гаргаж өгсөн байх бөгөөд уг баримтад бүртгэлийг хөтөлсөн диспетчер, хянасан болон баталсан албан тушаалтнууд гарын үсэг зурж баталгаажуулсан бол хариуцагчийн зүгээс үлдсэн 1 техник 600 мото цаг ажилласан гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж мэтгэлцсэн боловч уг тайлбар нь баримтаар нотлогдоогүй байна.
5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч тал үлдсэн 1 техникийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 400 мото цаг ажилласан гэх тооцооллыг бүртгэлийг хөтөлсөн диспетчер, хянасан болон баталсан албан тушаалтнуудын гарын үсгээр баталгаажуулан шүүхэд гаргасан өгсөн, уг баримтыг үгүйсгэх, няцаах баримтыг хариуцагчийн зүгээс гаргаагүй, өөрийн тайлбарыг шүүхэд баримтаар нотлоогүй тул үлдсэн 1 техник 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 400 мото цаг ажилласан гэх нэхэмжлэгчийн тайлбар тооцоололд үндэслэн хийсэн анхан шатны шүүхийн тооцоолол зөв, хийсэн дүгнэлт, нотлох баримтыг үнэлсэн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэн байна.
5.4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэн 6 ширхэг өөрөө буулгагч нийт 600 мото/цаг /6ш*100 мото/цаг/ ажиллаж нийт 30,000,000 төгрөг /600 мото/цаг*50,000 төгрөг/-ийн ажлыг гүйцэтгэсэн, үлдсэн 1 ширхэг өөрөө буулгагч 2024 оны 10 сарын 04-ний өдрийг хүртэл нийт 527,8 мото/цаг /127,8 мото/цаг + 400 мото/цаг ажилласан бөгөөд нийт 26,390,000 төгрөг /527.8 мото/цаг*50,000 төгрөг/-ийн ажлыг хийж гүйцэтгэсэн, хариуцагчийн түрээслүүлсэн нийт 7 ширхэг өөрөө буулгагч 56,390,000 /30,000,0000+26,390,000/ төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн гэж дүгнэн нэхэмжлэгчээс гэрээний төлбөрт урьдчилан төлсөн 63,000,000 төгрөгөөс 56,390,000 төгрөгийг хасаж, үлдэх 6,610,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.
Нэхэмжлэгч дээрх үнийн дүнгээс гэрээний хариуцлагын алданги 694,440 төгрөг, ажилчдын хувцасны төлбөр 405,338,46 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 151,800 төгрөг, аяллын зардал 20,000 төгрөг, шатахууны зардал 495,900 төгрөг, нийт 1,767,478.46 төгрөгийг хасаж тооцсон дүнгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх боловч дээрх хэмжээний зардлыг гаргасан болохоо шүүхэд баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, нэхэмжлэгчийн гаргасан түрээсийн гэрээний дагуу урьдчилж төлсөн төлбөрөөс түрээсийн техникийн ажиллаагүй хугацаанд ногдох төлбөр 8,377,478.46 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагаас 1,767,478.46 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн тул түрээсийн гэрээний дагуу урьдчилж төлсөн төлбөрөөс түрээсийн техникийн ажиллаагүй хугацаанд ногдох төлбөр 8,377,478.46 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг 3,000,000 төгрөгийн хэмжээнд хангах ёстой байсан гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн мөнгөний үнэ цэн буурсны улмаас учирсан хохиролд 826,271 төгрөг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэлд нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийхгүй.
7. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний дагуу урьдчилж төлсөн төлбөрөөс түрээсийн техникийн ажиллаагүй хугацаанд ногдох төлбөр 8,377,478.46 төгрөг буюу хариуцагчаас буцаан гаргуулах ёстой гэж үзэж буй мөнгөн дүнгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.3 дахь заалтыг үндэслэн алданги тооцож, хариуцагчаас алдангид 5,026,487 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж үзэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт нийцүүлэн 3,305,000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
7.1. Нэхэмжлэгч нь 8,377,478.46 төгрөгийг хариуцагчаас шаардаж буй үндэслэл нь талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсантай холбоотой бөгөөд талууд гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээг цуцалсны улмаас гэрээний үүрэгт урьдчилж төлсөн төлбөрөөс тодорхой ажлын гүйцэтгэлд хамааралгүй хэсгийг буцаан шаардаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хохирол шаардах эрхтэй.
Өөрөөр хэлбэл гэрээний үүргийн зөрчлийн улмаас хугацаанаас өмнө цуцлагдаж дуусгавар болсон гэрээний дагуу буцаан авах төлбөрийн дүнд алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн хариуцагчаас алданги шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.
8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 6,610,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,620,236.46 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/12645 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын “...9,915,000 /есөн сая есөн зуун арван таван мянга/ ...” гэснийг “... 6,610,000 /зургаан сая зургаан зуун арван мянга/ ...” гэж, “...4,315,236.46 ...” гэснийг “... 7,620,236.46 ...” гэж,
2 дахь заалтын “…173,590 ...” гэснийг “... 120,710 ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,590 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Ц.ЦЭРЭНДУЛАМ