Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 828

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Э хөтлөн

улсын яллагч Б.Б

шүүгдэгч Э.Б

иргэний нэхэмжлэгч И.Н

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19 оны  дугаар сарын -нд аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; 04-06 насны хоёр хүүхдийн хамт дүүргийн  дугаар хороо, дугаар гудамж  тоотод оршин суух, ялгүй, дугаарын регистртэй, Б овогт Э-ны Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Э.Б 2019 оны 6 дугаар сарын 8-ны өдөр дүүргийн  дугаар хороо, дугаар гудамж  тоотод оршин суух хохирогч Л.М-ын өмчлөлийн монетон гинж, кулон зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас 477,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр дээрх тоотод оршин суух хохирогч Л.М-ын өмчлөлийн монетон өрөөсөн ээмэг, бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас 675.000 төгрөгийн хохирол учруулсан буюу “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Хохирлыг төлөх болно гэв.

 

Иргэний нэхэмжлэгч И.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Манайх ... нэртэй ломбард ажиллуулдаг. Тухайн өдөр би ажил дээрээ байгаагүй, манай нөхөр байсан. Хулгайн эд зүйл барьцаанд тавьсан гэдгийг мэдээгүй. Барьцаалсан эд зүйлийг буцааж цагдаад өгсөн. Одоо 260.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилнэ гэв.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Л-ын М “... 2019 оны 6 дугаар сарын 24-ний орой 21 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хороо, ЗАА 8-221 тоотод буюу манай гэрт найз Э овогтой Б ирж хоносон. Маргааш нь манайхаас явахдаа сирвант дээр байсан миний монетон өрөөсөн ээмэг, гинж, бөгж, кулон зэргийг надад хэлэлгүйгээр хулгайлан авч явсан байсан. Би алга болсныг нь 6 дугаар сарын 26-ны орой мэдээд, гэртээ 2 өдөр хайгаад олоогүй болохоор сүүлдээ Б рүү мэссэж бичтэл тэр надад эхлээд аваагүй гэж хэлж байгаад сүүлдээ уучлаарай би яалт ч үгүй байдалд ороод ломбарданд тавьсан гэж хэлсэн. Яагаад авсан талаар асуухад би дарамтад ороод мөнгөний хэрэг гарсан гэж хэлсэн. Ямар дарамтад орсон юм бэ? гэхэд би хүний нөхөртэй 2 удаа уулзсан. Гэтэл тэр залуугийн эхнэр нь хараад надад өнөөдөр 8 цаг гэхэд миний хүссэн мөнгийг хийхийг шаардсан. Тиймээс би ломбарданд тавиад мөнгийг нь тэр эмэгтэйд өгсөн гэж хэлсэн. Тэгээд надаас хэд хоногийн хугацаа өгөөч гэж мэссэжээр гуйхаар нь би за гэтэл хэлсэн хугацаандаа өгөхгүй байхаар нь би өнөөдөр Бичилийн аркны орчимд байрлах караокеноос олж аваад цагдаа дээр авчирсан. Бөгж нь монетон хоёр салаа, голдоо цагаан шигтгээтэй, 4 орчим грамм жинтэй. Гинж нь 4.6 граммтай торон гинж, өрөөсөн ээмэг нь олон төрлийн цагаан өнгийн жижиг шигтгээтэй олс ороосон мэт загвартай, 3 орчим грамм жинтэй, кулон нь жижиг бөмбөлөг хэлбэртэй, жижигхэн нүхнүүдтэй эд зүйл байсан. Би алдагдсан эд зүйлсээ ойролцоогоор 1.200.000 төгрөгөөр үнэлнэ.

Би Б-д гомдолгүй, хохирлоо бүрэн хүлээн авсан. Б-тэй эвлэрсэн тул цаашид гомдол санал байхгүй” /хх-н 29, 102/ гэж,

иргэний нэхэмжлэгч Б-ын Н “... тухайн өдөр Э-ны Б, гэсэн хүн үйлчлүүлсэн байсан. Тэр эмэгтэй монетон бөгж, өрөөсөн ээмэг гэсэн хоёр зүйл барьцаалж 380.000 төгрөгийн зээл авсан. Би 380 000 төгрөг нэхэмжилж байна” /хх-н 32/ гэж,

иргэний нэхэмжлэгч И-ы Н “ ... Э-ны Б гэдэг хүн манай ломбардаар үйлчлүүлсэн байна. Тэр эмэгтэй монетон гинж, кулон зэрэг эд зүйлийг барьцаалан 260.000 төгрөгийн зээл авсан. Би 260.000 төгрөг нэхэмжилнэ” /хх-н 35/ гэж,

яллагдагч Э-ны Б “... 2019 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 15 цагийн орчим найз М-ынд очоод 18 цагийн орчим гэрээс нь явахдаа гэрт нь байсан монетон гинж, кулоныг нь авч яваад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Алтжин худалдааны төвийн 108 тоотод байх барьцаалан зээлдүүлэх газарт монетон гинж, кулоныг барьцаалан 260.000 төгрөгийн зээл авсан. Мөн 2019 оны 6 дугаар сарын 24-ний 22 цагийн орчим Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 8-221 тоотод буюу найз М-ынд хоносон ба 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн үед гарч явахдаа гэрт нь байсан монетон өрөөсөн ээмэг, бөгж зэргийг мэдэгдэхгүйгээр нууцаар авч яваад Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах барьцаалан зээлдүүлэх газарт монетон бөгж, өрөөсөн ээмэг зэргийг барьцаалсан” гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогч Л.М-ын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-н 3/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 37-39/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 85/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад /бодит байдалд/ нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Э.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Б-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал, “Хулгайлах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хамрах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлдэг. Цаашлаад гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

 

Иймд шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, учруулсан хохирлыг нөхөн төлсөн эсэх, санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн зэргийг ял оногдуулахад харгалзан үзэв.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл хулгайд алдагдсан эд зүйлсийг биет байдлаар хохирогчид буцаан олгож, хохирогч Л.М “... гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.

Харин шүүгдэгч Э.Б барьцаалан зээлдүүлэх газарт буюу иргэний нэхэмжлэгч И.Н-д төлбөл зохих 260.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Н-т төлбөл зохих 380.000 төгрөгийг тус тус төлөөгүй байх тул нийт 640.000 төгрөг гаргуулж нэр бүхий дээрх хүмүүст олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялын санкцыг “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

 

Энэ зүйл хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилалаараа “хөнгөн” гэмт хэрэгт хамаарах боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Э.Б-ийн хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй буюу бусдад төлөх төлбөртэй байгаа нь түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг хэрэглэх боломжгүй юм.

Шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Б овогт Э-ны Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-г 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Э.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Э.Б-ээс нийт 640.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч И.Н-д 260.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Н-т 380.000 төгрөг тус тус олгосугай.

 

5. Э.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.М гомдолгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

                                                  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ