Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/02212

 

                              

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/03634 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******-д тус тус холбогдох,

 

Хамтран ажиллах гэрээг цуцалж, тээврийн хэрэгслүүдийн үнэ 132,000,000 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, гуравдагч этгээд *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд *******(цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр *******-ийн гүйцэтгэх захирал *******той хамтран ажиллах гэрээг байгуулсан.

Тус гэрээгээр ******* нь *******-ийн хэрэгжүүлж байсан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших, Хаус болон орон сууцны цогцолбор хотхоны төслийг өөрийн хөрөнгөөр гүйцээн барьж, улсын комисст хүлээлгэн өгөх цогц төслийг хэрэгжүүлэх, ******* миний эмчилгээний зардалд 450,000,000 төгрөгийг хүлээлгэх өгөх үүргүүдийг хүлээсэн. Дээрх гэрээ болон 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор; “******* маркийн автомашин /үнэ 35,000,000 төгрөг/, ************** маркийн автомашин /50,000,000 төгрөг, *******маркийн автомашин /үнэ 22,000,000 төгрөг/, *******ийн автомашин /үнэ 25,000,000 төгрөг/, *******од байрлах 245 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө /үнэ 450,000,000 төгрөг/, *******од байрлах 247 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө /үнэ 450,000,000 төгрөг/, нийтдээ 1,032,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгүүдийг шилжүүлэн өгсөн.

1.2. Гэтэл хариуцагч нар нь дээр дурдсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлэн авсан атлаа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхгүй, төсөлд дурдсан ажлуудаас ганцыг нь ч хийж гүйцэтгээгүй.

1.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан хөдлөх хөрөнгүүдийг хариуцагч бусдад шилжүүлсэн болох нь тодорхой болсон тул хөрөнгийн үнийг шаардаж, хохирлоо гаргуулахаар шаардсан.

Иймд Хамтран ажиллах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн ******* маркийн автомашины үнэ 35,000,000 төгрөг, ************** маркийн автомашины үнэ 50,000,000 төгрөг, *******маркийн автомашины үнэ 22,000,000 төгрөг, *******ийн автомашины үнэ 25,000,000 төгрөг нийт 132,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, *******од байрлах 245 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, *******од байрлах 247 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, үндэслэлийн агуулга:

2.1. ******* миний бие *******тай 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эзэмшдэг *******-иар Хамтран ажиллах гэрээг Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хар усан тохойд байдаг одоогоор *******-ийн эзэмшилд байдаг ******* нэгж талбарын дугаар бүхий 35077 м2 газарт бүрэн баригдсан 13 ширхэг хаус, дутуу баригдсан 8 хаус, нураасан 6 хаус, мөн газрын баруун хэсэгт нураасан 5 хаусыг засаж сайжруулах, хэлбэр хийцийг өөрчлөн шинээр барих гэрээ байгуулсан.

******* нь тэр үед бие нь муу, төслийг хэрэгжүүлэхэд туслаач, хөрөнгө оруулалт оруулахад бүрэн боломжтой гэж гэрээг хийлгэсэн. Би хөрөнгө оруулагч хайсан боловч *******ыг маш их хэмжээний өр төлбөртэй, *******болон уг компанийн эзэмшилд байдаг ******* нэгж талбарын дугаар бүхий 35077 м2 газар, хаусууд энэ хүний эзэмшил, өмчлөлд огт байдаггүй гээд хөрөнгө оруулагч хамтран ажиллахаасаа татгалзсан.

Хөрөнгө оруулагч нар татгалзсан тул би хамтран ажиллах гэрээний дагуу судалж үзэхэд ******* нь *******-ийг үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулж байгаад *******, ******* нарт 100 хувь шилжүүлээд тун удалгүй хувьцаа эзэмшигч *******с *******ы хүү гэх *******од, хувьцаа эзэмшигч *******гаас ******* өөрөө тус тус итгэмжлэл авч 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №17/001 тоот Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ мөн өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр *******-ийн хувьцаа эзэмшигч *******гийн эзэмшлийн 4,000 ширхэг хувьцаа, хувьцаа эзэмшигч *******гийн эзэмшлийн 4,000 ширхэг хувьцаа нийт 8,000 ширхэг хувьцааны 8,000,000 төгрөг, 40,000,000-50,000,000 төгрөгийг бэлнээр авч 100 хувь компанийн эзэмшлийн 35,077 м2 газар, орон сууцны төсөл, ашиглалтад орсон 12 барилга, гүйцэтгэл нь дуусаагүй 50-90 хувийн гүйцэтгэлтэй 21 барилга, үйл ажиллагааны зардал 4,740,000,000 төгрөгийн өрийн хамт шилжүүлэн 10,000,000,000 төгрөг авахаар гэрээ байгуулж иргэн *******д шилжүүлж, Улсын бүртгэлд бүртгүүлж албан ёсны болгосон байсан.

Би, дээрх асуудлыг удаа дараа анхааруулж гэрээний дагуу төсөл хэрэгжүүлэх газрын эзэмших гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгүүдийн гэрчилгээнүүдийг шаардахад гэрээний үүргээ огт биелүүлээгүй буюу бүх үл хөдлөх хөрөнгүүд нь зарагдсан, давхардсан гэрчилгээ гарсан гээд бүгд маргаантай шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, цагдаагийн газарт шалгагдаж байгаа гэсэн.

Ийнхүү ******* нь *******-ийн хувьцаа, орон сууцны төсөл, үл хөдлөх хөдлөх хөрөнгө, өрийн хамт шилжүүлж 10,000,000,000 төгрөг авахаар гэрээ байгуулж иргэн *******д шилжүүлсэн байж намайг төөрөгдүүлж 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр *******-тай Хамтран ажиллах гэрээг байгуулж өөрийн бусдад төлөх ёстой нийт 1,453,193,557 төгрөгийн төлбөрөө төлүүлэхээр төлөвлөсөн тул Хамтран ажиллах гэрээ ч хүчин төгөлдөр бус гэдэг нь тодорхой байна.

Иймд 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр *******-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээ-г цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

2.2. Миний бие нэхэмжлэлд дурдсан авто машинуудыг *******аас Хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлж аваагүй, өөрийн өмчлөлийн орон сууцыг ХХБ-нд барьцаалан 50,000,000 төгрөг авч *******, **************, *******маркийн автомашинуудыг Сайн ломбардын барьцаанаас чөлөөлж, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ******* гэдэг хүнээс Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээгээр *******, **************, *******авсан.

************** автомашиныг Сайн ломбардад 7,000,000 төгрөгийн барьцаанд тооцон тавьж Хар усан тохойн орон сууцуудын хамгаалалтын албаны зардал болон бусад зардалд тухайн үед нь зарцуулсан. *******автомашин нь маш их хуучирсан байсан тул хямдхан зарсан. *******авто машиныг *******ы хүү гэх *******нь авсан. Иймд *******ы дээрх автомашинуудын үнийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2.3. *******од байрлах 245 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр *******-д барьцаалсан байхад нь би 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээгээр авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ******* нь хөрөнгө оруулахаар гэрээ хийж тохиролцсон иргэн *******гээс 30,000 ам.долларыг мөн л надад мэдэгдэлгүйгээр бэлнээр авч түүнийхээ барьцаанд аваарай гэж хэлсэн байсан тул би иргэн *******д өгсөн, ******* нь өөрөө дээврийг нь нурааж модон материалыг нь зарсан одоо ашиглах боломжгүй болсон.

2.4. 113-9 тоотод байрлах 247 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг иргэн ******* 350,000,000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулан урьдчилгаа 200,0 орчим сая төгрөгийг нь ******* авсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийг гэрээний дагуу *******д шилжүүлэх гэсэн боловч иргэн ************** нарын хийсэн гэрээний дагуу *******нь давхардуулж гэрчилгээ гаргуулж авсан гэсэн асуудал үүсэж одоо болтол иргэн ******* хохирсоор байна. Иймд нэхэмжлэгч *******ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хууль бус гэж үзэж байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******гийн тайлбарын агуулга:

3.1. Би *******-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд юм. 2017 оны 4 дүгээр сарын 11-ний 17/001 дугаартай, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-гээр хувьцаа эзэмшигч *******, ******* нараас *******-ийн эрхийг *******нь шилжүүлж авч, улсын бүртгэлд бүртгэгдсэн. Гэтэл *******-д огт хамааралгүй этгээд болох ******* нь тус компанийг төлөөлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. ******* нь нэр бүхий хүмүүст буюу Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирал *******, иргэн *******, *******нарт энэ компанийг давхар зарсан. Одоо ч мөн адил зараад явж байгаа гэсэн мэдээлэл байгаа ч нотолж чадахгүй. Энэ хүн хүний хөрөнгийг, бусдын хөрөнгийг өөрийн хөрөнгө юм шиг зараад яваад байгаа үйлдэл нь байж болохгүй. *******, ******* нар хоорондоо юу гэж тохиролцож, ямар зүйл өгч авалцсан нь манай компанид ямар ч хамааралгүй учраас манай компанитай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******гийн тайлбарын агуулга:

4.1. Би *******, *******үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 350,000,000 төгрөгийн үнээр *******оос үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээгээр авсан. Гэрээний 3.2 дахь хэсэгт заасны дагуу 140,000,000 төгрөгт *******маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлнэ, 70,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлнө гэж төлбөрийн нөхцөлийг тохиролцсон. Мөн гэрээний 3.4 дэх хэсэгт *******ийн зүгээс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тухайн үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэж өгнө, засварыг *******, ******* нар хийж гүйцэтгэнэ гэж заасан. Гэрээний 3.3-т төлбөрийг төлж дуусахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлээд өмчлөх эрхийг нь шилжүүлнэ гэх тохиролцоотойгоор ******* нь ******* болон ******* нарыг аль алийг нь байж байхад тухайн гэрээг хийсэн байдаг. Гэтэл хувийн сууцад засвар хийгээд, хүлээлгэж өгөх 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хугацаа дууссан. Орон сууцыг хүлээлгэж өгөөгүй, улсын бүртгэлээр хоригтой гэх байдлаар бүртгэл хийгдээгүй. Энэ тохиолдолд *******гийн зүгээс нэгэнт гэрээгээрээ төлбөр төлөгдөж дуусахаас өмнө өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлнэ гэж заасан учраас төлбөрийг зогсоосон. Үүний дагуу 2021 оны 9 дүгээр сард нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг *******т холбогдуулан гаргаад явж байгаа. Уг үл хөдлөх хөрөнгө *******гэдэг хүнээс ******* руу худалдах, худалдан авах гэрээгээр шилжсэн, ийнхүү шилжихдээ *******оос *******д олгосон итгэмжлэлээр ******* нь *******той гэрээ хийж төлөөлөгчийн хувиар гэрээ байгуулах ажиллагаанд оролцсон болохоос биш өмчлөгчийн хувиар энэ гэрээг байгуулаагүй. ******* өмчлөгч биш учраас шаардах эрх түүнд үүсэхгүй. Энэ хөрөнгийг *******т *******өгсөн болохоос биш ******* өгөөгүй учраас буцаан шилжүүлэхийг даатгах ойлголт байхгүй, шүүх *******ийн нэр дээр байгаа энэ үл хөдлөх хөрөнгийг *******д буцаагаад олгох юм бол хөрөнгийг шилжүүлээгүй этгээдэд олгох шийдвэр гаргаснаараа Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжүүлэх нөхцөл байдал, үр дагавар үүснэ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* болон ******* нарт холбогдох тээврийн хэрэгслүүдийн үнэ 132,000,000 төгрөг гаргуулах, *******од байрлах 245 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, *******од байрлах 247 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон нь шүүхийн шийдэлд нөлөөлсөн. ******* би өвчтэй байсан тул өөрийн *******-ийн хэрэгжүүлж байсан төслийг хэрэгжүүлэхгүй боломжгүй болж тухайн төслийн барилгыг барьж дуусгах ажлыг *******болон иргэн *******оор гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж ажлын хөлсөнд 2 үл хөдлөх хөрөнгө, 4 автомашиныг шилжүүлсэн.

6.2. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг хэрэгжих боломжгүй хамтран ажиллах гэрээ гэж дүгнэсэн бөгөөд Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч *******нь *******-ийн өмчлөлийн газарт баригдаж буй үл хөдлөх эд хөрөнгийн *******-н гүйцэтгүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулахдаа уг хөрөнгийн өмчлөгч байгаагүй, уг хөрөнгөд тодорхой ажиллагаа явуулахаар бусадтай гэрээ байгуулах эрхгүй байсан болох нь тогтоогдож байна" гэжээ. Дээр дурдсанчлан өвчний улмаас *******-ийн төслийг иргэн *******д худалдахаар гэрээ байгуулсан боловч иргэн *******д залилуулж, *******нь намайг залилсан болохыг гурван шатны шүүхээр тогтоож, одоо ял эдэлж байгаа билээ. Мөн гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу *******-ийг буцаан шилжүүлэн авсан.

6.3. Иргэн ******* нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны Хамтран ажиллах гэрээ байгуулах замаар иргэн *******, *******нартай хамтран намайг залилан мэхэлсэн гэх үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Нэгэнт тухайн иргэний хэрэг, хамтран ажиллах гэрээтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхээр холбогдох баримтыг гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08707 дугаар захирамжийн 2 дах хэсгээр хүсэлтийг хангаж, холбогдох баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл шүүгчийн захирамж биелэгдээгүй, иргэн *******, ******* нартай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа эсэх, *******ийн шилжүүлэн авсан 2 үл хөдлөх хөрөнгө, 4 автомашинтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа эсэх талаар лавлагаа, баримтууд ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн байна.

6.4. Анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ талуудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, ******* нь гэрээнд заасан 2 үл хөдлөх хөрөнгө, 4 автомашиныг хариуцагчид шилжүүлэн өгсөн гэж зөв дүгнэлт хийжээ. /Шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 3.3.4.3 дах xэcэr/.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй үндэслэлээ тайлбарлахдаа "Уг хөрөнгө хүлээлцсэн актын дагуу *******нь тээврийн хэрэгслүүд болон үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх гүйцэтгэх захирал *******т шилжсэн болох нь тогтоогдсон боловч эдгээр хөрөнгийг ******* буцаан гаргуулахаар шаардах эрхгүй этгээд байна. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн маргааны зүйл болох хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүд нь *******ы өмчлөлийн хөрөнгө байгаагүй байна" гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний дагуу 2 үл хөдлөх хөрөнгө, 4 автомашиныг ******* акт үйлдэн, бодитоор шилжүүлсэн өгсөн бөгөөд 2 үл хөдлөх хөрөнгө нь хариуцагчийн нэр дээр одоог болтол бүртгэлтэй, харин 4 автомашиныг худалдан борлуулсан болохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Харамсалтай нь хариуцагч нь *******аас хөрөнгийг шилжүүлэн авсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, үр дүнд нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна.

Иргэний хуулийн 492.1-д "Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй 492.1.1. хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон" гэж заажээ. Анхан шатны шүүхээс *******ыг тухайн шилжүүлсэн хөрөнгийн өмчлөгч биш гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосноор иргэн *******ийг үндэслэлгүй хөрөнгөжих боломжийг олгожээ. Өөрөөр хэлбэл ******* гэрээ байгуулснаар, гэрээний дагуу хөрөнгүүдийг *******т шилжүүлж өгсөн, энэ талаар талууд маргаагүй, мөн анхан шатны шүүх дүгнэлт хийсэн. Харин ******* хөрөнгүүдийг шилжүүлж авсан атлаа гэрээнд заасан үүргээ биелүүлж, ажил хийгээгүй бөгөөд тэр нь баримтаар нотлогдохгүй байна. Гэтэл анхан шатны шүүх үүнийг анхаарч үзэлгүйгээр шилжүүлсэн хөрөнгө нь *******ы хөрөнгө биш гэж бодит үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Иймд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2025 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 192/ШШ2025/03634 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан тайлбарын агуулга:

7.1. ******* 2021 оны 9 сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, 113-9 тоот хаягт байрлах хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэл гарсны дараа тухайн хэргийг шийдвэрлүүлэхгүйн тулд *******шүүх, дараа нь цагдаад гомдол гаргасан. Хан-Уул дүүргийн шүүх дэх хэрэг болон энэ хэрэг дээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан тул хэргийг түдгэлзүүлэх агуулга бүхий хүсэлт гаргасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу 2 удаа хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэргийг хэрэгсэхгүй болгохоор нь гомдол гаргаж, заавал түдгэлзүүлэх ёстой гэсээр байгаад хэргийг түдгэлзүүлсэн бөгөөд хэргийг сэргээсэн. Захирамжийн биелэлт хангагдаагүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэж гомдолдоо дурдсан. Гэтэл нэхэмжлэгч тал хүсэлтээ тодорхой гаргаагүй ба гаргасан хүсэлтийнх нь хүрээнд захирамж гарсан. Захирамжийн дагуу цагдаагийн хэлтсээс баримт ирж захирамжийн биелэлт хангагдсан. Энэ баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримт биш  буюу шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц зөрчлийн асуудал байгаагүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлын 1 дэх агуулга үндэслэлгүй байна.

7.2. Худалдах, худалдан авах гэрээг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ******* нь *******той байгуулсан ба нэхэмжлэлийн шаардлага дээр дурдагдсан 113-9 тоот хувийн сууцыг худалдан авахаар тохиролцсон. Энэ гэрээг хийх үед *******хажууд нь байсан ба засварын ажлыг нь хийж өгнө гээд тусдаа засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ *******ийн нэр дээр байсан учраас ******* нь худалдах-худалдан авах гэрээ байгуулсан ба харин  *******тай засварын ажил гүйцэтгэх гэрээ хийсэн байдаг. Энэ байдлаар гэрээ хийгээд явж байснаа гэнэт нэг өдөр энэ чинь миний байр гэдэг асуудал ярьсан. Хэрэв тийм байсан бол нэхэмжлэгч тухайн үед өөрийнхөө нэрээр гэрээ хийх боломжтой байсан. *******ийн өмч гэж хэлээд *******оор гэрээ хийлгэснийхээ дараа шүүхэд нэхэмжлэл гаргах болохоор *******ы өмч болж хувирсан. Тухайн гэрээгээр 2 нөхцөл тохирсон ба гэрээ 2 дугаар хавтаст хэргийн 2 дахь талд авагдсан, гэрээний 3.3, 3.4-д үнийг төлөхөөс өмнө үл хөдлөх хөрөнгийг шилжүүлнэ гэж заасан. Гэтэл шилжих боломжгүй нөхцөл байдалтай хөрөнгийг худалдан борлуулсан. Ийм учраас *******гийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. *******нь миний хөрөнгө учраас би хөрөнгөө буцаан шаардана гэх байдлаар шаардлага гаргадаг ба шүүх хөрөнгө нь биш гэж шийдвэрлэхээр гомдол гаргадаг. Гэтэл хэрэгт авагдсан баримт буюу 1 дүгээр хавтаст хэргийн 75 дахь талд 113-9 тоот үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа авагдсан. 2009 оны 08 дугаар сарын 14-ний өдөр *******ы нэр дээр анх бүртгэгдсэн байх бөгөөд 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр буюу сарын дараа ******* руу худалдсан байдаг. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу *******ы өмчлөх эрх дуусгавар болж, өмчлөх эрх *******д үүссэн. *******аас 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр н.*******од худалдсан ба н.*******оос 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр *******т худалдсан. ******* нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр *******д худалдсан. Хүнээс орон сууц шаардаж байгаа бол өөрөө өмчлөх эрхтэй байх ёстой. Өмчлөх эрхтэй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 8 дугаар зүйлийн 8.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу тогтоогдох ёстой. Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нотлох үүрэгтэй. Гэтэл нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Өмчлөгч биш учраас Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд зааснаар тухайн орон сууцыг шүүхээс яаж *******д өг гэж шийдэх юм бэ, өмчлөх эрхтэй байж шаардах эрхтэй болно. Өмчлөх эрхгүй этгээдэд шаардах эрх хуулийн дагуу үүсэхгүй. 

7.3. Нэхэмжлэгч тал н.*******ын гэрчийн мэдүүлгийг дурдсан. Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хүний хэлсэн мэдүүлэгт үндэслэж хийгддэг үү эсхүл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, /8 дугаар зүйлийн 8.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгэгдсэнээр хийгддэг үү гэх асуудал байгаа. Бид бүртгэлээ барих ёстой. н.*******ын мэдүүлгээр *******ыг өмчлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлээ гэрээ цуцлах гэх байдлаар өөрчилсөн. Гэрээ цуцалж байгаа бол *******гэх хүнд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан журам үйлчлэх ёстой. Гэтэл *******гэх хүнд нэг өдөр шүүх дээр ирээд гэрээгээ цуцаллаа гэсэн. Ийм байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Эцэст нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2 дахь хэсэгт заасны дагуу *******маргааны зүйл бүхий эд хөрөнгийн өмчлөгч нь мөн байгаад хөрөнгөө буцаан шаардах эрхтэй нь тогтоогдвол өөрөө *******д худалдахыг хараад зогсож байсан хүний хувьд хохирлоо н.Батзоригоос мөнгөн дүнгээр нь шаардах ёстой. Яагаад энэ байрыг *******д зарчхаад буцаагаад би авна гэх байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргаад яваад байгааг ойлгохгүй байна. Энэ агуулгаараа дүгнэвэл, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжих гэж байгаа этгээд нь нэхэмжлэгч өөрөө юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Энэ асуудал Хан-Уул дүүргийн шүүх дээр шийдвэрлэгдэхээр дахиад давж заалдах шатны шүүх дээр яригдах ёстой учраас үүнийг тэмдэглэлд тусгуулах зорилгоор хэлж байна. Дээрх үндэслэлээр давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжийг хамгийн анхны шүүгчийн захирамжаар гомдол гаргах өдрийг хүртэлх хугацаагаар хойшлуулсан гэж ойлгосон. Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байж гомдол гаргасан нөхцөл байдалд дүгнэлт хийж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээд *******ий гаргасан тайлбарын агуулга:

8.1. ************** нар *******-тай 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед миний бие зөв буруу нь мэдэгдэхгүй зүйлээс болж ялж авч шоронд ороогүй байсан бөгөөд *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч эцсийн өмчлөгч нь байсан. Жишээлбэл, нокиа компани үйлдвэрлэсэн утсаа энэ чинь манай компанийн үйлдвэрлэсэн утас байна гээд эзнээс нь булааж авах эрх тухайн компанид байдаггүйтэй адил би энэ компанийг үүсгэн байгуулсан юмаа гээд 2, 3 этгээдэд зарах эрх *******гэх хүнд байхгүй. Энэ хүнтэй холбоотой олон шүүхийн шийдвэр гарсан ба бусад этгээдэд худалдан борлуулсан нь тогтоогдсон. *******өөрөө их цэвэр хүн болж, бусдыг гүтгэж хүний хөрөнгийг булааж авч, үндэслэлгүй хөрөнгөжиж шүүхэд гомдол гаргадаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн тээврийн хэрэгслүүдийн үнэ 132,000,000 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, ******* нар хариуцагч талыг дэмжсэн байр суурьтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шүүхээс залруулна.

 

4. Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч ******* нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч *******-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, хариуцагч нь өөрийн хөрөнгөөр нэхэмжлэгчийн эзэмшлийн гэх *******-ийн дутуу барьж гүйцэтгэсэн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой хэсэгт байрлах 35077 м.кв талбай бүхий газарт хэрэгжүүлж буй хаус болон орон сууцны цогцолбор хотхоны барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх, нэхэмжлэгчийн эмчилгээний зардалд 450,000,000 төгрөгийг төлөх, нэхэмжлэгч нь барилгын ажил гүйцэтгэж байсан дээрх компани болон барилга барьж байгаа газрын эрх, түүн дээр баригдсан хаус, орон сууцны цогцолбор хотхоны төслийг тус тус хариуцагчид шилжүүлэн өгөх, төсөл зохих ёсоор хэрэгжиж дуусмагц 12 ширхэг орон сууцыг биет байдлын болон эрхийн доголдолгүйгээр шилжүүлэн авахаар, /1-р х.х-ийн 18-27/

4.2 Түүнчлэн зохигч 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өр болон шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулж, хариуцагч нь хамтран ажиллах гэрээгээр тохирсон 35077 м.кв талбай бүхий газрын эрх болон *******-ийг шилжүүлэн авахдаа тус компанийн бусдад төлөх 2,206,306,035 төгрөгийн, мөн уг газартай холбоотой 400,000,000 төгрөгийн өр төлбөрийг тус тус төлж барагдуулахаар, /1-р х.х-ийн 33, 34/

 

4.3 Улмаар талууд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хамтран ажиллах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, гэрээний 3.7-д заасан 450,000,000 төгрөгийн тодорхой хэсгийг *******хаягт байрлах 247 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдан борлуулсны орлогоор буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1-р х.х-ийн 29-30, 32/   

 

5. Үүнээс гадна ******* нь хариуцагч *******-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу дараах хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгчээ. Үүнд:

5.1. “**************” маркийн тээврийн хэрэгсэл,

5.2. “*******” маркийн тээврийн хэрэгсэл,

5.3. *******маркийн тээврийн хэрэгсэл, 

5.4. *******маркийн тээврийн хэрэгсэл,

5.5. *******хаягт байрлах 247 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

5.6. *******хаягт байрлах 245 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө. /1-р х.х-ийн 27/

 

6. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж, 477 дугаар зүйлийн 477.1-д “Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна” гэж, 477.2-т “Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно” гэж тус тус заасан.

 

Хэдийгээр талуудын байгуулсан хамтран ажиллах гэрээнд нэхэмжлэгчийн хариуцагчид хүлээлгэн өгсөн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, хариуцагчаас нэхэмжлэгчийн эмчилгээний зардалд төлөх мөнгө /буцаан төлөгдөх нөхцөлтэй/, бусдад төлөх өр төлбөр, барилгыг гүйцээж барихад шаардлагатай зардал зэргийг хувь нийлүүлсэн хөрөнгийн ногдох хувь хэмжээнд эзлэх хувийг тодорхой заагаагүй боловч гэрээний зорилго, түүнд хүрэхтэй холбоотой тохиролцоог тус тус үзвэл зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагджээ.

 

7. Мөн зохигчийн байгуулсан хамтран ажиллах гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар барилгын ажлыг үргэлжлүүлэх, барилга барихтай холбоотой гэрээ, хэлэлцээр байгуулах, зохион байгуулах гэх зэрэг ажлыг хариуцагч ******* нь удирдан зохион байгуулахаар тохирчээ.

 

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна” гэж, 478.4-т “Хамтын үйл ажиллагааг аль нэг тал нь эрхлэн явуулахаар талууд тохиролцсон бол түүнийг талуудыг төлөөлж гэрээ хэлцэл хийх, маргаан гарвал төлөөлөх эрхтэй гэж тооцно” гэж тус тус заасан.

 

Иймд, хариуцагч нь хамтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, бие даан гадаад, дотоод харилцаанд төлөөлөх, барилгын ажлыг үргэлжлүүлэх, барилга барихтай холбоотой хөрөнгө гаргах, гэрээний хугацааны талаарх эдгээр тохиролцоо нь хуульд нийцсэн байх тул гэрээ хүчин төгөлдөр гэж гэж үзнэ.

 

8. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зохигч нар хамтран ажиллах гэрээгээр тохирсон зорилгыг хэрэгжүүлж дуусах хугацааг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 3 жил, 6 сар гэж тохирсон боловч хариуцагч ******* нь гэрээнд заасан хаус болон орон сууцны цогцолбор хотхоны барилгын ажлыг үргэлжлүүлэн барьж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Хариуцагч нь шүүхэд хаус болон орон сууцны цогцолбор хотхоны барилгын ажлыг үргэлжлүүлэн барьж гүйцэтгээгүй шалтгааны талаар “...нэхэмжлэгчийн буруутай үйлдэл буюу тэрээр урьд өмнө хамтран ажиллах гэрээний зүйлийн талаар бусад этгээдтэй гэрээ, хэлэлцээр байгуулсан байсан, тухайн гэрээ, хэлэлцээртэй холбоотой хэрэг маргаан үүссэн, энэ нь хамтран ажиллах гэрээний зорилгод нийцээгүй, сөрөг үр дагавар үүсгэхээр байсан тул гэрээгээр тохирсон ажил үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон...” гэсэн агуулгатай хариу тайлбар гарган маргажээ. /1-р х.х-ийн 57, 58/

 

9. Хэрэгт авагдсан баримтаар *******-ийн хувьцаа эзэмшигч *******, ******* нар 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр *******тэй хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, уг компанийн бүх хувьцаа болон *******дахь амины орон сууцны зориулалттай ******* дугаар бүхий 35077 м.кв талбай бүхий газар, газар эзэмших эрх, уг газарт баригдаж буй орон сууцны төсөл гүйцэтгэл нь дуусаагүй байшин, компанийн үйл ажиллагааны зардал болж үүссэн 4,740,000,000 төгрөгийн өрийн хамт түүнд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /1-р х.х-ийн 62-63,121-122/

 

Мөн *******тус өдөр БНХАУ-ын *******-тай хувьцаа худалдах, худалдан авах, хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээ байгуулж, 10,000,000,000 төгрөгөөр *******-ийн 50 хувийн хувьцааг Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой хэсэгт байрлах 35077 м.кв талбай бүхий газар,  түүн дээр барих барилгын төсөл, баригдсан үл хөдлөх хөрөнгийн хамт шилжүүлэхээр тохирчээ. /1-р хх-ийн 119-120/

 

Улмаар тус гэрээний дагуу *******-ийн 76 хувийн хувьцаа эзэмшигчээр *******, 24 хувийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын *******-ийн захирал гэх *******нар тус тус 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бүртгэгдсэн байна. /2-р хх-42-43/

 

10. Гэвч хэрэгт авагдсан баримтаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/640 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ДШМЗ/70 тоот магадлалаар *******г гэрээ, хэлэлцээрээр халхавчлан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, *******-ийн 50 хувьцааг *******д, 50 хувийн хувьцааг *******д тус тус олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /3-р х.х-ийн 19-73/

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч *******-тай хамтран ажиллах гэрээг байгуулахдаа үүнээс өмнө дээр дурдсан гэрээ, хэлэлцээр байгуулагдсан байсан талаар мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй, зохигчийг гэрээ байгуулах үед тухайн гэрээ хүчин төгөлдөр бус буюу цуцлагдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймээс хариуцагчийн “... нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний зүйлийн талаар бусад этгээдтэй гэрээ, хэлэлцээр байгуулсан байсан, тухайн гэрээ, хэлэлцээртэй холбоотой хэрэг маргаан үүссэн, энэ нь хамтран ажиллах гэрээний зорилгод нийцээгүй, сөрөг үр дагавар үүсгэхээр байсан учир гэрээгээр тохирсон ажил үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон...” гэсэн  тайлбар үндэслэлтэй байна.

 

11. Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хамтран ажиллах гэрээ цуцлахыг зөвшөөрч, харин мөнгө болон эд хөрөнгө гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн.

 

Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-д “Дараах нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй” гээд 226.1.1-д “ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т “Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар урт хугацааны гэрээний талууд уг гэрээг цуцлахдаа нөгөө талдаа үүрэг биелүүлэх хугацаа тогтоож өгөх ёстой боловч ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол тийнхүү хугацаа тогтоохгүйгээр гэрээг цуцалж болно.

 

Иймд, талуудын байгуулсан хамтран ажиллах гэрээний зорилго цаашид биелэгдэх боломжгүй болсон, зохигч гэрээг цуцлахыг харилцан зөвшөөрсөн, гэрээ хэрэгжих буюу үр дүн гарахгүй тул нэхэмжлэгчийн гэрээ цуцлах шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.

 

12. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5-д “Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцална. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан.

Талууд гэрээг цуцалсан бөгөөд тус гэрээний дагуу гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдолгүй бол уг хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар зохигч гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах үүрэг хүлээнэ.

 

Үүнээс гадна Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2-т зааснаар биет зүйлээр буцаан өгөх боломжгүй тохиолдолд мөнгөөр төлж, үр дагаврыг арилгах журамтай.

 

13. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь зохигчийн байгуулсан хамтран ажиллах гэрээг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хөрөнгө хүлээлцэх актаар хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг дараах байдлаар хариуцагч *******-д шилжүүлсэн байна. Үүнд:

13.1. “**************” маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр 10,000,000 төгрөгөөр *******гээс *******т /1-р х.х-ийн 59/,

13.2. “*******” маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр 10,000,000 төгрөгөөр *******гээс *******т /1-р х.х-ийн 60/

13.3. *******маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр 6,000,000 төгрөгөөр *******гээс *******т /1-р х.х-ийн 61/ тус тус шилжүүлсэн.

13.4. *******маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ы хүү *******оос эзэмшлийг шилжүүлж авсан хэдий ч өмчлөх эрхийг гэрээ байгуулах замаар шилжүүлж аваагүй ба нэхэмжлэгчийн хүүхэд тухайн тээврийн хэрэгслийг буцаан авсан талаар зохигч маргаагүй.

13.5. *******хаягт байрлах 247 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2009 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ******* бүртгэгдэж, тэрээр 2009 оны 09 дүгээр 14-ний өдөр *******тай бэлэглэлийн гэрээгээр түүнд өмчлөх эрхийг шилжүүлсэн. Үүний дараа ******* нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр С.*******той худалдах, худалдах авах гэрээг байгуулж, өмчлөх эрхийг түүнд шилжүүлж, улмаар 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр С.*******оос *******т худалдах, худалдан авах гэрээгээр шилжсэн байна. /1-р х.х-ийн 75-76, 203-250, 2-р х.х-ийн 1-9/

13.6. *******од байрлах 245 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ******* бүртгэгдэж, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр *******од өмчлөх эрх шилжсэн. Үүний дараагаар *******оос 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр С.*******од өмчлөх эрх шилжиж, түүнээс 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр *******т өмчлөх эрх шилжсэн болох нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. /1-р хх-73-74/

            Улмаар ******* нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр *******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, *******хаягт байрлах 247 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 350,000,000 төгрөгөөр худалджээ. /2-р х.х-ийн 57/

 

14. Хариуцагч нь тээврийн хэрэгслүүдийг бусад этгээд /*******/-ээр дамжуулан хүлээн авсан талаар маргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон С.*******ын мэдүүлгийг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч нь хариуцагчид 2 ширхэг үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгсөн байна. /3-р х.х-ийн 128, 129/

            Тодруулбал, хэдийгээр *******, *******нарын хооронд эдгээр тээврийн хэрэгслийг тодорхой үнээр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэхээр тохирсон байх боловч тэдгээрийн хооронд мөнгө төлөгдөөгүй, гагцхүү тус гэрээний замаар тээврийн хэрэгслүүдийг шилжүүлэн авсан гэж үзэхээр байна.  

 

            14.1. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* нь *******хаягт байрлах 245 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн хэвээр байгаа, тэрээр хариуцагч *******-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал учир түүнийг хамтран хариуцагчаар татсаныг буруутгахгүй.

            Иймд, нэгэнт зохигчийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг цуцалсан тул үр дагаврын шийдвэрлэхтэй холбоотойгоор дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч *******ыг тогтоож, улсын бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхийг бүртгэхийг даалгаж шийдвэрлэх нь нэхэмжлэлийн шаардлагаас халихгүй.   

 

14.2. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан “**************” маркийн тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөгөөр, “*******” маркийн тээврийн хэрэгслийг 35,000,000 төгрөгөөр, *******маркийн тээврийн хэрэгслийг 25,000,000 төгрөгөөр, *******маркийн тээврийн хэрэгслийг 22,000,000 төгрөгөөр, нийт 132,000,000 төгрөг нэхэмжилсэн.

 

            Хариуцагч нарын зүгээс тус тээврийн хэрэгслүүдийн үнэлгээний талаар маргаагүй бөгөөд тухайн тээврийн хэрэгслүүдийг хамтран ажиллах гэрээний зорилгын хүрээнд бусдад шилжүүлж зарцуулсан гэсэн бөгөөд үүнээс нэхэмжлэгчийн хүүхэд *******маркийн тээврийн хэрэгслийг авсан гэсэн тул хариуцагчаас *******маркийн тээврийн хэрэгслийн 22,000,000 төгрөгийг гаргуулахгүй.

 

            Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчаас хамтран ажиллах гэрээнд заасан 450,000,000 төгрөгийг бус, зөвхөн 8,000,000 төгрөгийг хүлээн авсан гэсэн тул 132,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөг /8,000,000+22,000,000/-ийг хасаж, хариуцагч нараас нийт 102,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

            Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээний зорилго биелэгдээгүй гэж дүгнэсэн нь зөв боловч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох гэрээг цуцлах болон үүнтэй холбоотой үр дагаврыг шийдвэрлээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар залруулна.

 

15. Харин нэхэмжлэлийн шаардлагаас *******хаягт байрлах 247 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэсгийг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь *******оос 2021 оны 05 дугаар сарынх 20-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр 350,000,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийн зарим хэсгийг төлсөн, уг гэрээний дагуу ******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй талаар зохигч маргаагүй.

 

            15.1. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж заасан.

            Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар ******* нь *******, ******* нарын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээр болон хэрэг маргааны талаар мэдэж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

            Өөрөөр хэлбэл, ******* нь худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр худалдагч ******* нь бүртгэгдсэн байсан тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж зааснаар түүнийг өмчлөгч нь гэж итгэх эрхтэй.

 

            Үүнээс гадна ******* болон ******* нарын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээртэй холбоотой маргаан үүссэн нь энэ маргаанд хамааралгүй, тусдаа асуудал учир бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шударга бусаар олж авсан гэж шууд дүгнэх боломжгүй байна.

           

16.  Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д “Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна” гэж заасан.

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, түүнчлэн дуусаагүй барилга болон баригдаж буй газарт тус тус зардал гаргасан, хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийн явцад зарцуулсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэх явцад нэхэмжлэгчийн өгсөн хувь нийлүүлсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг бусдаар ажил гүйцэтгүүлэхээр хөлсөнд өгсөн гэсэн боловч тийнхүү төлбөр тооцож өгсөн, мөн хийлгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, хамтын үйл ажиллагаанд зориулсан болох нь тодорхойгүй, өөрөөсөө чухам хэдэн төгрөг /хөрөнгө/-ийн зардал гаргасан болохоо нотлоогүй байна.

 

17. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийг нь нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн, давж заалдах гомдлын тэмдэгтийн хураамийг хойшлуулжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгох зохицуулалттай тул нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулах нь ач холбогдолгүй юм.

 

Иймд, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, улсын орлогод төлүүлэх нь зүйтэй. 

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/03634 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* болон ******* нараас тээврийн хэрэгслүүдийн үнэ 102,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй *******хаягт байрлах 245 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч *******ыг тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй *******хаягт байрлах 247 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

 

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******, *******-аас 5,317,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.НЯМБАЗАР

 

 

                                        ШҮҮГЧ                                 Ц.ЦЭРЭНДУЛАМ