Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/02209

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч О.Одгэрэл, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/07503 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******холбогдох,

 

Улирлын урамшуулал болон тухайн жилийн 13 дах сарын цалинг ажилласан хугацаагаар тооцуулан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, илүү олгосон ээлжийн амралтын олговрын зөрүү 1,942,785 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******/цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дах заалтын дагуу нэхэмжлэл гаргаж байна. Хуулийн дагуу Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн маргаан шийдэх гурван талт хороонд гомдол гаргасан боловч ажил олгогч зөвшилцөхөөс татгалзаж тохиролцоогүй болно.

1.2. Монгол улсын хүний эрхийн үндэсний комисст хүний эрх зөрчигдсөн талаар гомдол гаргасан бөгөөд нотлох баримт хангалттай бүрдээгүй тул хүний эрх зөрчсөн эсэх нь эргэлзээтэй боловч ажил олгогч нь ажилчдыг хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн хүрээний дарамт хүчирхийлэл, хүний болон албан хаагчдын хүүхдийн эрхийн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хэм хэмжээг дотоод журамдаа огт тусгаагүй нь комиссын шалгалтын явцад илэрсэн байна.

1.3. ******* болон *******-н хооронд 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр ажилд орсон бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 31-ны өдөр хөдөлмөрийн хүрээний дарамтын улмаас өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн байдаг. Миний бие тус компанид ажиллах хугацаандаа ажлын хариуцлагаа бүрэн ухамсарлаж ажил олгогчоос өгсөн үүрэг даалгавар, борлуулалтын төлөвлөгөөг тогтмол биелүүлж байсан ба сахилгын ямар нэгэн шийтгэл хүлээж байгаагүй.

1.4. Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн хэлбэр харгалзахгүй ямар ч байгууллага болон хөрөнгө оруулагч нар Хөдөлмөрийн тухай хуулийг удирдлага болгох үүрэгтэй байдаг. Гэтэл түүнийг үл тоож Хөдөлмөрийн тухай хуулийг биелүүлэхээс зайлсхийн тухайн жилдээ бүрэн ажиллаагүй гэх байдлаар надад хандаж дотоод журмыг огт танилцуулж байгаагүй мөртлөө түүнийг үндэслэлээр урамшуулал чамд олгох боломжгүй мэтээр миний 2024 оны ажлын төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн давуулан биелүүлсэн хувь хэмжээнд ногдох ашиг орлогоос нэг ч төгрөг олгохгүй байгаа нь Хөдөлмөрийн гэрээний 5.4-д заасан компанийн нэгжийн болон хувийн гүйцэтгэлээр урамшуулал цалин олгогдоно гэж заасан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

1.5. Мөн 13 дугаар сарын урамшуулал цалинг тухайн жилийн ажилласан хугацаанд тооцож олгоогүй өнөөг хүртэл шаардуулсаар байна. Энэ талаар яагаад олгохгүй байгаа тухай тодорхой хариултыг бичгээр өгөхийг өнөөг хүртэл шаардсан. Тиймээс улирлын урамшуулал болон тухайн жилийн 13 дах сарын цалинг ажилласан хугацаагаар тооцуулан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, үндэслэлийн агуулга:

2.1. ******* нь манай компанитай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл борлуулалтын инженер албан тушаалд ажиллаж байсан болно.

2.2. Хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгох үед түүнд олговол зохих цалин хөлс, урамшууллыг олгосон.

2.3. ******* нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дээд шатны удирдлагууддаа 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргасан. Энэхүү хүсэлтийн дагуу 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.

Гэтэл тэрээр 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8, 7 дугаар зүйлийн 7.3, 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасныг үндэслэн...ажлын байрын ялгаварлан гадуурхалтад өртсөн, сэтгэлзүйн дарамт үзүүлж ажлаас халагдах нөхцөл бүрдүүлсэн тухай, улирлын урамшуулал олгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл олгуулах тухай гомдол гаргасан. 

Ажил олгогчийн хувьд ажилтан *******ийг аливаа байдлаар ялгаварлан гадуурхаагүй, сэтгэл зүйн дарамт үзүүлээгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үед олговол зохих цалин хөлсийг олгосон тул эдгээр үндэслэлээр түүний гаргасан гомдлыг эс зөвшөөрсөн.

2.4. Мөн тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хугацааг хэтрүүлсэн талаар тайлбарласан. ******* ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ дээд шатны удирдлагадаа 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс маргаан таслах комисст хандсан 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд өөрийн эрхийг зөрчигдсөн талаар хуульд заасан байгууллагад хандаагүй болно. Улмаар 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаан зохион байгуулагдаж, биднийг харилцан тохиролцоогүй үндэслэлээр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 24/92 дугаартай тэмдэглэл гарсан. Тухайн тэмдэглэлд тус хороонд гаргасан гомдол, түүний шаардлагын хүрээнд гомдол гаргагч, маргалдагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8 дах хэсэгт заасны дагуу уг тэмдэглэлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоног дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсан байдаг тул нэхэмжлэгч тухайн тэмдэглэлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл хэргийн 1-2 дах талд тэрээр 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 18 минутад нэхэмжлэл гаргасан байдаг. Тухайн нэхэмжлэлдээ хавсаргасан Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24/92 дугаартай тэмдэглэлээс үзвэл ******* нь тус тэмдэглэлд гарын үсэг зурсан байх бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тэмдэглэлийг хүлээн авсан гэж үзэхээр байна. Иймд ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 154.8 дах хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, дүүргийн гурван талт хороонд хандах, уг байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

2.5. Нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээгээр ажилтны үндсэн цалин болон гэрээний 5.3-т заасан урамшууллыг тус тус олгохоор тохиролцсон. Хөдөлмөрийн гэрээний 5.3-т ажилтан нь дээр дурдсан Ерөнхий нөхцөлд заасанчлан түүний жилийн үндсэн цалин дээр суурилсан Богино хугацааны урамшууллын хөтөлбөрт хамрагдах эрхтэй. Урамшуулал нь компанийн, нэгжийн болон хувийн гүйцэтгэл дээр үндэслэгдэх ба ажил олгогч дангаар шийдвэрлэнэ гэж тохиролцсон. Мөн байгууллагын дотоод журмын 12.2-т урамшууллыг тухайн жилийн үндсэн цалин болон жилийн нэмэлт цалин зэрэг бодит орлогод үндэслэн тодорхойлно гэж тусгасан. Ажил олгогчийн зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо гэрээ болон журамд заасан цалин хөлсийг олгосон болно. Тодруулбал 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар түүнд үндсэн цалин 3,097,068.36 төгрөг, унааны мөнгө 133,884.36 төгрөг, борлуулалтын урамшуулал 5,987,716.15 төгрөг, ээлжийн амралтын олговор 1,609,660.53 төгрөг, нийт 10,360,691.51 төгрөгийг олгосон.

Мөн ******* нь дээрх 13 сарын цалинг тухайн жилийн ажилласан хугацаанд тооцож олгоогүй гэж байгаа нь мөн үндэслэлгүй. Учир нь байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлд жилийн цалингийн нэмэлтийг хэзээ, хэнд, хэрхэн олгох талаар зохицуулсан. Энэхүү журмын 11.1 дэх хэсэгт компани нь жил бүрийн 12 дугаар сарын 31-нд 12 сар ажилласан ажилчдад нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгоно гэж тодорхой заасан. Мөн журмын 11.4 дэх хэсэгт энэхүү нэмэгдэл авах ажилчид төлбөр хийх үед компанийн цалингийн жагсаалтад байх ёстой гэж журамласан. Тодруулбал тухай жилдээ 12 сар тасралтгүй ажилласан ажилтанд 1 сарын үндсэн цалинтай тэнцэх нэмэгдлийг олгодог ба тухайн нэмэгдлийг жил бүрийн 12 дугаар сарын 31-ний өдөр олгодог. 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар компанид ажиллаж байгаа буюу цалингийн жагсаалтад байгаа ажилтан нь 12 сар ажиллаагүй бол түүний ажилласан хуанлийн өдрийн тоогоор хувь тэнцүүлэн нэмэгдэл олгодог юм. Иймд 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар компанид ажиллагаагүй байгаа ажилтанд түүний ажилласан хугацааны нэмэгдэл олгох боломжгүй юм. Түүнчлэн ******* нь 13 дах сарын цалин гаргуулах талаар хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасан гомдолдоо дурдаж шаардаж байгаагүй тул *******ийн шүүхэд гаргасан гомдол Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байгааг шүүх анхаарч үзнэ үү. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. ******* нь манай компанитай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл борлуулалтын инженер албан тушаалд ажиллаж байсан болно.

3.2. Хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгох үед түүнд олговол зохих ээлжийн амралтыг ажилласан хугацаанаас нь илүү байдлаар олгосон байдаг. Энэ талаар түүнд тухайн үед мэдэгдэж байсан ба өнөөдрийг хүртэлх хугацаанд илүү олгосон 1,942,785 төгрөгийг компанид буцаан төлөөгүй байна. Тодруулбал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дугаар тушаалын хавсралтаар баталсан ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журмын 2.8.1-д ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох үед ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн амралтын цалинг олгохоор заасан. Энэхүү журмын дагуу *******ийн ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор нь 3,920,774.97 төгрөг бөгөөд бид түүнийг ажлаас гарна гэж тооцоолохгүйгээр 5,863,560 төгрөг олгосон болно. Иймд илүү олгосон ээлжийн амралтын олговор 1,942,785 төгрөгийг *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, үндэслэлийн агуулга:

4.1. Ээлжийн амралтын олговор 1,609,660 төгрөг гээд тойрох зуруулахдаа нийт үнийн дүн нь 10,360,000 төгрөг авсан. Үүнээс ямар тооцооллоор илүү олговор олгоод буцаагаад 1,942,785.49 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна.

4.2. Тус компанийн дотоод журам болон хариу тайлбартай танилцахад хувь тэнцүүлж тооцдог аргачлалууд байна. Жишээ нь 07, 08 дугаар сард орсон хүний урамшууллыг 12 сард тооцоод тухайн жилийн 12 сарыг хувь тэнцүүлээд тооцдог боломжууд байна. Иймд илүү олгосон, дутуу олгосон гэдэг зүйлийг тухайн компани өөрсдөө тооцож олгож байгаа учраас ******* өөрийн тооцооллыг өөрөө хийгээд авсан байх боломжгүй. Өөрсдийн тооцооллын зөрүүг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******-д холбогдуулан гаргасан улирлын урамшуулал болон тухайн жилийн эцсийн /13 дах сарын цалин гэх/ урамшууллыг ажилласан хугацаагаар тооцуулан гаргуулах тухай  нэхэмжлэлийг, илүү олгосон ээлжийн амралтын олговор 1,942,785 төгрөгийг нэхэмжлэгч *******ээс буцаан гаргуулах тухай *******-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 46,035 төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар

Хөдөлмөрийн гэрээний 5.3-т "...жилийн үндсэн цалин дээр суурилсан Богино хугацааны урамшууллын хөтөлбөр (БХУХ)-т хамрагдах эрхтэй. Урамшуулал нь Компанийн, нэгжийн болон хувийн гүйцэтгэл дээр үндэслэгдэх..." гэж мөн хөдөлмөрийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т "гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах", 43 дугаар зүйлийн 43.2.1-т "ажил олгогч ажил үүрэгт тохирсон цалин хөлсийг хугацаанд нь олгох" гэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа ба улмаар тухайн жилдээ ажиллах хугацааны нийт борлуулалтын гүйцэтгэлийг, гүйцэтгэлийг тодорхойлох аргачлалын нэг хэсэг болох байгууллагын нийт борлуулалтын гүйцэтгэлийг шүүхэд ирүүлээгүй байгаа дээрх хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн хуулиар хүлээсэн үүргээс санаатайгаар татгалзсан гэх үндэслэл байна.

Гэтэл шүүх "...Талууд хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3 дахь заалтаар ажилтны жилийн үндсэн цалин дээр суурилсан Богино хугацааны урамшууллын хөтөлбөрт хамрагдах эрхтэй байх, урамшуулал нь компанийн, нэгжийн болон хувийн гүйцэтгэл дээр үндэслэгдэх ба ажил олгогч дангаар шийдвэрлэнэ гэж тохиролцсон, компанийн дотоод журмын 12.2-т урамшууллыг тухайн жилийн үндсэн цалин болон жилийн нэмэлт цалин зэрэг бодит орлогод үндэслэн тодорхойлно гэж..." дүгнэсэн нь хуулийг бус гэрээ дотоод журмыг үндэслэлээ болгож, хуульд нийцээгүй гэрээний заалт дотоод журмыг үндэслэсэн нь хөдөлмөрийн хуулийн зөрчил гэж үзэж байна.

6.2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, буруу тайлбарласан талаар

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.3 “хууль зүйн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай баримт бичгийг иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагаас гаргуулан авахаар шүүхэд хүсэлт гаргах, ..." эрхийнхээ хүрээнд мөн 38 дугаар зүйлийн 38.6-т "Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; олж авах боломжгүй; тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ”, нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* 2025 оны 05 дугаар сар 01-ний өдрийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 192/ШЗ2025/20928 дугаар захирамж гарсан.

Уг захирамжийн биелэлтийг бүрэн хангуулж, нэхэмжлэгч *******ийн 2024 оны 7 болон 8 сарын гүйцэтгэлийг баримтаар, төлөвлөгөө нь биелсэн болон биелээгүй эсэхийг холбогдох тайлбараар ирүүлэх агуулга бүхий хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хэт нэг талыг барьж тухайн хүсэлтийг хүлээж аваагүй нь оролцогчийн болон өмгөөлөгчийн эрхийг хангаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчил болсон. Хэрэгсэхгүй болгохдоо уг заалтыг буруу тайлбарлаж захирамж гаргасан.

6.3. Хэргийн бодит байдлыг буруу тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар

Хавтаст хэргийн 104 хуудсанд урамшууллын дотоод журамд Шнайдер Электрик Монголиа ХХК нь олон улс оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бүх холбогдох хуулийн шаардлагыг биелүүлэхийг оролддог. Тиймээс энэхүү бодлого болон тухайн улсын хууль тогтоомжид зөрчил гарсан тохиолдолд тухайн улсын хууль тогтоомжийг баримтална гэх мөн хавтаст хэргийн 107 хуудсанд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бол олгох шаардлагатай урамшууллыг тухайн улсын хууль ба бодлогын дагуу олгоно гэж заасан байдаг боловч Монгол Улсын хуулийн заалтуудыг үл хайхарч өөрсдийн дотоод журмын хүрээнд асуудал шийдсэн нь мөн хөдөлмөрийн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчин уг хууль болон хөдөлмөрийн гэрээг дотоод журмаас доогуур үнэлэн шийдвэр гаргасан нь санаатай үйлдэл болно.

Хөдөлмөрийн хуулийн 128.1 -д "Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги, олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэж тодорхой заасан байна.

Хавтаст хэргийн 137, 138, 139-р хуудсанд байгаа хариуцагчийн шүүхэд өгсөн баримтуудад нэхэмжлэгчийн ямар бүтээгдэхүүн борлуулбал гүйцэтгэлд тооцох тухай, гүйцэтгэлийн бүрдүүлэлт хувиар тооцсон байдал, гүйцэтгэлийн дүнгээс хамаарах төлбөрийн муруй болон нэхэмжлэгчийн тухайн жилийн борлуулалтын төлөвлөгөө болох 192,000 ам долларыг тусгайлан тайлбарласан байна. 2024 оны 08 дугаар сарын 31-ний байдлаар миний хувийн тэмдэглэлээр надад хамаарах борлуулалтын гүйцэтгэл 270,000 ам доллар байсан ба энэ гүйцэтгэл 140.63% тай байсныг илтгэнэ. Энэ нь төлбөрийн муруй 2-ын дагуу урамшуулалыг 200%-иар тооцож олгох үндэслэл болно. Гүйцэтгэлийн бүрдүүлэлт болох хувь борлуулалтын 192,000 ам доллар, байгууллагын гүйцэтгэл болох 3,800,000 ам доллар, хувь хүний өсөлтийн бүрдүүлэлтүүд нийлбэр 100% бүрдсэн гэж үзэж байгаа тул хавтаст хэргийн 128 хуудсанд байгаа зорилтот урамшуулалын дүн болох 16,608,091 төгрөгийг 200%-иар тооцуулан мөн тухайн жилийн ажилласан хугацаанд ногдох урамшуулал /13 сарын/ цалин болох 2,800,000 төг авах эрхтэй гэж үзэж байна.

Дээрх бүх үндэслэл, үйлдлүүд нь хариуцагч нь МУ-ын хууль тогтоомж, зөвлөмжийг биелүүлдэггүй, хүндэтгэдэггүй, хүний эрхийн зөрчил гаргадаг нь илрэн гарч байгаа бөгөөд шинэчлэгдсэн хөдөлмөрийн хуульд нийцүүлэн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг шинэчлээгүй нь хариуцагчийн урамшуулал олгохгүй байх үндэслэл нь хөдөлмөрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.8-т "Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний зохицуулалт нь хүнийг ялгаварлан гадуурхсан, эрхийг нь хязгаарласан, эсхүл давуу байдал олгосон бол тухайн зохицуулалт хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу шинэчлээгүй, танилцуулаагүй байгаа нь маргаан шийдвэрлэх хүчин төгөлдөр баримт биш болохыг илтгэж байна.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/07503 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хянаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгч талын гаргасан гомдолтой танилцсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч нь богино хугацааны урамшуулал, 13 дахь сарын цалингийн тухайд нэхэмжлэл гаргадаг. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг анхан шатны шүүх хуралдааны өмнө тодруулах байдлаар 29,000,000 төгрөг гэж тодруулдаг. Хариуцагч талын зүгээс ямар учраас богино хугацааны урамшуулалд ******* хамрагдахгүй гэж үзэж буй шалтгаан нь богино хугацааны урамшуулал нь цалин хөлсний тухай ойлголтод багтдаггүй. Нөгөө талаараа нэхэмжлэгч 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан. Хариуцагч компаниас дараа жилийн буюу 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш өнгөрсөн жилд нь тухайн этгээдийн гүйцэтгэлийн жил буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн борлуулалтаас тооцож 2025 онд үлдэгдлийг олгодог. Хэрвээ нэхэмжлэгчид өмнө нь үндсэн цалингийн 30%-тай тэнцэх хэмжээний борлуулалтын дүнгээр урамшуулал өгсөн байх тохиолдолд тухайн урамшууллыг буцаах гэдэг зохицуулалт байдаг. Урамшууллыг буцаах  зохицуулалт борлуулалтын урамшууллын төлөвлөгөөний 6 дугаар зүйлийн б хэсэгт тусгагдсан.

7.2. Хариуцагч компанийн борлуулалтын урамшуулалтай холбоотой бодлого нь тухайн этгээдэд жилийн гүйцэтгэлтэй холбоотойгоор 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ажиллаж байх шаардлагатай бөгөөд цалингийн хүснэгттэй байх ёстой. Нөгөө талаар ирж буй жилийн борлуулалтаа сайн хийгээрэй гэж урьдчилгаа байдлаар өгдөг урамшуулал юм. *******ийн хувьд 2024 онд хийсэн гүйцэтгэлтэй холбогдох урамшууллуудыг ажил олгогчийн зүгээс өгч, тойрох хуудаст хоёр тал гарын үсэг зурж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон.

7.3. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу шаардах эрхийг хэрэгжүүлэхдээ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр хариуцагч талаас мэтгэлцэж байна. Гомдолд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж тайлбарладаг ч нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилласан хугацааны цалин хөлсийг олгосон. Мөн ажилласан хугацааны борлуулалтын урамшуулал болох 6,000,000 гаруй төгрөг мөн олгогдсон. 08 дугаар сарын 31-ний өдөр тооцоолоход сүүлийн 5,90807,000 төгрөг олгогдсон. Үүнээс гадна нэхэмжлэгчид олгогдох ёстой урамшуулал байхгүй. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо 192,000 ам.доллар 3,0800,0000 ам.доллар гэж бичсэн нь хэрэгт авагдсан баримтаар ам.доллар бус монгол төгрөгийн ханшаар байх ёстой. Үүнийг борлуулалтын урамшуулалтай холбоотой хамааралтайгаар хувь тэнцүүлдэг. 2025 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд ажилчид 2024 онд хийсэн хувийн борлуулалтаа гаргадаг. Үүнээс ямар хэсгийг өнгөрсөн жил, улиралд авсан талаар ажилчид хувьдаа гаргадаг. Борлуулалтын урамшууллын хөтөлбөр болон борлуулалтын урамшууллын төлөвлөгөө хэрэгт авагдсан. Үүнтэй ******* 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр танилцсан.  Борлуулалтын урамшууллын төлөвлөгөөнд улирал бүрийн сүүлийн сарын сүүлийн өдөр ажилтан ажилласнаар урамшууллыг авах эрх үүсэхийг нэхэмжлэгч мэдэж байгаа. Иймд 2024 оны 2 болон 3 дугаар улирал 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дуусна. 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нэхэмжлэгч ажиллаагүй бөгөөд 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Иймд тухайн урамшууллыг авах эрх үүсэхгүй. Мөн гүйцэтгэл гаргаагүй буюу 3 сардаа бүтэн ажиллаагүй учир программд автоматаар тухайн улирлын гүйцэтгэл 0 гэж гардаг.

7.4. Мөн ажлаас чөлөөлөгдсөн хугацаанаас 4-5 сарын дараа шүүхэд хандсан учир түүний гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй хамааралтай мэдээ, тоон үзүүлэлт хариуцагч талд байхгүй. Хариуцагч тал байсан баримтуудыг хэрэгт хавсаргаж өгсөн. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо хариуцагч танилцсан гэх байдлаар тайлбарлаж байна. Шүүгчийн захирамжийн дагуу холбогдох баримтуудыг хариуцагч талын зүгээс гаргаж өгсөн. Мөн нэхэмжлэгчид олговол зохих цалин хөлсийг олгосон. Нэхэмжлэгч шаардах эрхээ хуульд заасан хугацаанд хэрэгжүүлээгүй гэх хариу татгалзлаа дэмжиж байна.

Нэхэмжлэгчид тооцооллын гар тэмдэглэл байгаа эсэхийг асуухад байхгүй гэх хариултыг анхан шатны шүүх хуралдаанд хэлдэг. Борлуулалтын урамшууллын төлөвлөгөөг  нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа. Борлуулалтын урамшууллын төлөвлөгөөнд тусгагдсан урамшууллыг хэрхэн олгох, ямар тохиолдолд олгохгүй байх гэх нөхцөлтэй нэхэмжлэгч танилцсан. Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тодорхой заасан байдаг. Иймд анхан шатны шүүх эдгээр хөдөлмөрийн дотоод журам, гэрээнд үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл бүхий юм гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан улирлын урамшуулал болон тухайн жилийн 13 дах сарын цалинг ажилласан хугацаагаар тооцуулан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч *******нь эс зөвшөөрч илүү олгосон ээлжийн амралтын олговор 1,942,785 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн болон нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.

 

3.1. Нэхэмжлэгч ******* нь ажлаас чөлөөлөгдөх үед тухайн улирлын урамшуулал, жилийн эцсийн урамшууллыг тус тус тооцож олгоогүй гэж, хариуцагч *******нь цалин урамшууллыг журамд заасны дагуу тухайн улирал, жил дуусахад ажиллаж байсан хүнд олгох ёстой, ээлжийн амралтын олговрыг бүтэн жилээр тооцон олгосон тул илүү олгосон 1,942,785 төгрөгийг буцаан гаргуулна гэж тус тус мэтгэлцсэн.

 

3.2. Нэхэмжлэгч нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд 2024 оны борлуулалтын баталсан төлөвлөгөө, төлөвлөгөөний гүйцэтгэл хангагдсан тухай борлуулалтын мэдээ, тоон үзүүлэлтүүд болон *******-ын урамшуулал олгох дотоод журмыг хариуцагчаас гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 192/ШЗ2025/20928 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн.

2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь дээрх захирамжийн биелэлтийг бүрэн хангуулахаар 2024 оны 07, 08 дугаар сарын төлөвлөгөөний гүйцэтгэл хангагдсан эсэх талаарх баримтыг хариуцагчаас гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх нотлох баримт гаргуулах шүүгчийн захирамжийн биелэлт хангагдсан гэж үзэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхиж, өмнөх захирамжийн хүрээнд ирсэн баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарна. /хх-ийн 76-78, 166, 172-173/

3.3. Хариуцагч нь уг захирамжид заасан баримт мэдээллийг гаргаж өгөх боломжгүй үндэслэлээ ажлын гүйцэтгэлийн үнэлгээний программ хангамжийн үйл ажиллагааны онцлогтой холбон тайлбарлаж байх боловч ажил олгогчийн зүгээс ажилтны ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлийн талаарх үнэлгээг хийх үйл явц нь тодорхой программ хангамжийн үйл ажиллагааны онцлогоос бүрэн хамааралтай бус, ажилтны гаргасан төлөвлөгөө, гүйцэтгэсэн ажлын үр дүнд үндэслэн ажил олгогчийн зүгээс өөр бусад байдлаар гаргах боломжтой тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хөдөлмөрийн эрхийн маргааны талаар шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн дүгнэлтийг хийсэн байх ба  ийнхүү дүгнэсэн үндэслэлээ “2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэр гарч 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж тайлбарласан байна.

4.1. Гэтэл хэрэгт 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө буюу 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр *******ээс улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн баримт авагдсан. Мөн хэрэгт авагдсан татварын албаны 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн төлбөрийн даалгаварт “улсын тэмдэгтийн хураамжийг буцааж аваагүй дансанд хэвээр байгаа” гэсэн тэмдэглэл хийгдсэн байна. /хх3-4, 7-10/

Анхан шатны шүүх хөдөлмөрийн эрхийн маргааны талаар шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаатай хамаарал бүхий дээр дурдсан баримтуудын талаар тодруулаагүй, нэхэмжлэгч шүүхэд анх хэзээ нэхэмжлэл гаргасан, анхан шатны шүүх нэхэмжлэлийг өмнө нь хүлээн авахаас татгалзсан үйл баримт байгаа эсэх, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үйл баримт байгаа эсэхийг тодруулаагүй байна. Энэхүү нөхцөл байдлыг тодруулах нь нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн маргааны талаар хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан эсэх талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой бөгөөд энэ талаарх үйл баримтыг тодруулаагүй анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх, залруулах боломжгүй байна.

 

5. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/07503 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 307,656 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.УУГАНБАЯР

 

 

                 ШҮҮГЧИД                                 О.ОДГЭРЭЛ

 

 

                                                                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ