Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 596

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт О-ын Б-ад холбогдох эрүүгийн 19030 0524 0288 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ж.Энхжаргал /томилолтоор/, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Т.Даваажав, иргэний хариуцагч Г.С нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Т.Сарантуяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Улааанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Д овогт О-ын Б- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч О.Б нь 2019 оны 05 сарын 15-ны шөнө 02 цаг 45 минутын орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 19-ийн үйлчилгээний төвийн хойд замд Г.С-ын эзэмшлийн ххххУНП улсын дугаартай “Исузу” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт  “а” дахь заалт “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ... харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын гэрэл асахгүй болсон ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”,  мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.1 дэх заалт “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн”, 6.1 дэх заалт “Хурд хэмжүүр ажиллахгүй болсон”, 6.2 дахь заалт “Дуут дохио ажиллахгүй болсон бол тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Ө-ыг мөргөж, амь насыг нь хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.  

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                                         

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б-ын өгсөн: 

“...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл алга. Би хүнд даацын тээврийн хэрэгслийг 2012 оноос хойш жолоодсон. Энэ тээврийн хэрэгслийг 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлээд жолоодсон. Бүрэн бүтэн, шаардлага хангасан  тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох ёстой гэдгийг мэдэж байсан. Гэхдээ тухайн үед машины сэлбэг олдохгүй байсан, мөн тээврийн хэрэгслийн гэрлүүдийн зарим нэг нь асахгүй байсан. Автомашины дугуйг 2 сар болоод шалгадаг. Машин унаж байх хугацаанд дугуйгаа сольно гэж бодоод явж байсан юм. Тухайн осол гардаг өдөр би ойролцоогоор 50-60 километрийн хурдтай явж байсан байх, гэхдээ ямар хурдтай явж байснаа мэдэхгүй байсан. Өөрөө хурдаа тохируулаад явж байсан. Хүнд даацын тээврийн хэрэгслийн зогсох хурдыг бол мэднэ.

Зам тээврийн осол гарах үед замын үзэгдэх орчин тод байсан. Хохирогч миний зүүн талаас гүйж гарч ирсэн. Би санамсар болгоомжгүйгээр осол гаргасан.

Осол хэрэг гарахад миний буруу байгаа. Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад надад бэлэн мөнгө байгаагүй. Манай эхнэр цалингийн зээл авч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардлыг төлж барагдуулсан. Мөн хохирогчийн ар гэрийн хүмүүсээс уучлалт гуйсан. Одоо тээврийн хэрэгсэл журмын хашаанд байгаа. Би явган зорчигчийг хараад зогсох боломж байсан юм. Би цагдаа болон түргэн тусламж дуудсан. 

Би Б гэх хүнтэй аман хэлэлцээр хийгээд тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан. Нэг удаа ачаа ачаад явахад 15.000 төгрөг авахаар тохиролцсон байсан юм. Осол гарах үед би ачаагаа буулгаад буцаж явж байсан. Уг машин 10 гаран метр урттай байх. Би анх уг тээврийн хэрэгслийг жолоодох үед эвдрэл, гэмтэлтэй байсан.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Г.С-ын өгсөн:

“...Уг тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг юм. Би хүнээр машинаа бариулж байгаад 2016 онд Т гэх хүнд “та уг машиныг хүнээр жолоодуулаад явуулаад өгөөч” гэж хэлээд машинаа өгсөн. Дараагаар нь зараад өгөөч гэж хэлсэн. Гэхдээ би машинаа өгөх үед эвдрэл гэмтэлгүй өгсөн. Би энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол төлбөрийг төлөх ёстойгоо ойлгож байна. Би иргэний хариуцагчийн эрх, үүргийг мэдэж байна. Би Б гэдэг хүнийг танихгүй. Уг тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг болохоос биш Тын эд хөрөнгө юм. Уг машин жолоочийн болон тээврийн хэрэгслийн даатгалтай эсэхийг сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19030 0524 0288 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-4х, 6-13х, 15х/,

2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 0% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглээгүй болохыг тогтоосон тэмдэглэл баримт /хэргийн 18х/,

3. Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 21-24х/,

4. Хэрэг гарсан замын хойд талд байрлах “БиСиТи” ХХК-ийн гадна хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 25х, 26-27х/,

5. Үстийн хөх овогт Бгийн Ө 2019 оны 05 сарын 17-ны өдөр ГССҮТ-д авто ослын улмаас эмчлэгдэж байгаад нас барсныг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нас барсны бүртгэлийн 2949 дугаарт бүртгэж, №0000237585 дугаартай гэрчилгээ олгосон баримт /хэргийн 37х/,

6. Амь хохирогчийн насанд хүрээгүй Баярлахын Чинсанаа, Баярлахын Хулан нарын төрсний гэрчилгээний хуулбар баримтууд олгосон баримт /хэргийн 34-35х/,

7. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1157 дугаартай дүгнэлтэд:

Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний онош:

1/. Зам тээврийн осол. Гавал тархины гэмтэл: Гавлын орой суурь ясны хугарал, тархины хатуу бүрхүүлийн доорхи цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, толгойн хуйханд тархмал цус хуралт, хоёр талын чамархайн булчинд цус хуралт, зүүн зулайн хуйханд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацар, дээд уруул, баруун бугуй, сарвуу, зүүн гарын сарвуу, бүсэлхийд зулгаралт, хоёр гарын сарвуу, зүүн бугуй, зүүн шуу, зүүн гуя, зүүн өвдөг, шилбэ, зүүн тавхайд цус хуралт, баруун мөр, баруун бугалга, баруун шилбэнд цус хуралт,баруун шилбэний зулгаралт.

Дүгнэлт:

1.Талийгаач Б.Ө-ын цогцогст хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гавлын орой суурь ясны хугарал, тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины баруун талын бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, толгойн хуйханд тархмал цус хуралт, хоёр талын чамархайн булчинд цус хуралт, зүүн зулайн хуйханд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацар, дээд уруул, баруун бугуй, сарвуу, зүүн гарын сарвуу, бүсэлхийд зулгаралт, хоёр гарын сарвуу, зүүн бугуй, зүүн шуу, зүүн гуя, зүүн өвдөг, шилбэ, зүүн тавхайд цус хуралт, баруун мөр, баруун бугалга, баруун шилбэнд цус хуралт, баруун шилбэний зулгаралт гэмтэл тогтооогдлоо.

2.Тухайн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн ослын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд ба дээрхи гэмтэл нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно..

3. Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

5. ГССҮТ-н өвчний түүхэнд бичигдсэнээр 2019.5.17-ны өдрийн 07:40 цагт нас баржээ.

6. Химийн шинжилгээгээр талийгаачийн цус, шээс, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй, шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, димедрол илрээгүй, ходоодны шингэнд хүчтэй, хүчил шүлт илрээгүй байна.

7. Талийгаачийн цус нь АВО системээр В3-ийн харьяалалтай болно.” гэсэн шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 67-71х/,

 

8. ШШҮХ-ийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн шинжилгээний 3018 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж шинжилгээ хийхэд тэнцэнэ. “Б.Ө- 29 нас, эм” гэж хаягласан цусанд 3.0 промилли спирт илэрсэн. Цусанд дахь 3.0 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 91-92х/,

 

9. ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас баримт /хэргийн 106х/,

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-ын өгсөн:

“...Би Б.Ө-ын төрсөн эгч нь болох хүн байгаа юм. Б.Ө- нь эхээс гурвуулаа, айлын бага хүүхэд байсан. Манай дүү 8, 10 насны хоёр хүүхэдтэйгээ хамт манай аав, ээж болон манай гэр бүлтэй хамт .... манай аавын орон сууцанд амьдардаг байсан.

Манай дүү 2009 онд Х-ын Б гэдэг хүнтэй гэр бүл болж, дундаасаа хоёр хүүхэдтэй болоод Яармагт нөхөр, хүүхдийн хамт амьдардаг байсан. Тэгээд 2012 онд манай дүүгийн нөхөр нь гэнэт өвчнөөр нас барсан. Манай дүүгийн нөхөр нь нас барснаас хойш манай дүү, аав, ээжтэй хамт амьдарч байгаа. Манай аав, ээж хоёр өндөр настай хүмүүс байдаг, мөн би нөхрийн хамт тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг болохоор манай гэрийн бүх ажлыг дүү маань амжуулж бид нарын хөл, гар болж явдаг байсан.

Дүү Ө нь осолд орохын өмнө Шангрила зочид буудлын гал тогоонд үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан, өрх толгойлсон эмэгтэй хүн, хоёр хүүхдээ ганцаараа өсгөж, гэр бүлдээ хариуцлага өндөртэй сайн хүүхэд байсан.

Ослын талаар сайн мэдэх зүйл байхгүй. Осол болдог өдөр 12 цагаас ажилдаа явлаа гээд гараад явсан. Тэгээд 22:30 цагийн орчим залгахад утсаа авахгүй байсан ба 23:05 цагийн үед манай дүү “би оройтно, та нар унтаж бай” гээд мессеж явуулсан байсан. Тэгтэл өглөө үүрээр 06:00 цагийн үед манай хүргэний дүү над руу залгаад “Өыг осолд орсон, Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байна” гэж хэлсэн. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт очоод эмчтэй нь уулзахад “найдваргүй болсон” гэж байсан ба 2019 оны 5 сарын 17-ны өглөө нас барсан.

Талийгаачийн буяны ажилд 12.865.342 төгрөг зарцуулсан байгаа. Бид нарын ганц түшиг тулгуур, гар хөл болж байсан дүү маань нас барсан. Ар гэр нь хэцүү байдалд орж байна. Мөн 2 хүүхэд нь бүтэн өнчирч хоцорлоо, 2 хүүхдийн ирээдүй маш бүрхэг болж байна. Бид маш их гомдолтой байгаа. ...Осол гаргасан жолооч талийгаачийн эмчилгээний зардалд мөнгө төгрөг өгөөгүй. Оршуулгын зардалд 1.0 сая төгрөгийг дансаар өгсөн. Өөр мөнгө төгрөг өгөөгүй байгаа. Талийгаачийн маань хүү, охин хоёр бүтэн өнчин үлдсэн учраас тэднийг 18 нас хүртэл тэтгэмж тогтоолгох, мөн оршуулгын зардлыг бүтэн гаргуулж авах хүсэлттэй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 41х, 42х/,

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.С-ын иргэний хариуцагчаар өгсөн:

“...Би Б гэдэг хүнийг танихгүй. Би Исузу маркийн ххххУНП улсын дугаартай зуурмагны авто машиныг анх 2014 онд худалдаж аваад, хүнээр жолоодуулаад ажилд явуулдаг байсан. Тэгээд миний машинд тогтовортой явчих жолооч олдохгүй болохоор нь би 2018 оны хавараас өөрийн танил Түвшин гэдэг ахаас “хариуцаад явчих жолооч олж өгөөд ажилд явуулаад өгөөч, эсвэл зараад өгөөч” гэж гуйгаад машинаа өгсөн. Тэгээд Түвшин ах Б- гэдэг хүнд миний машиныг хариуцуулж, Б- нь Б гэдэг жолоочоор бариулж ажилд явуулж байсан гэсэн. Би уг машиныг жолоодож үзээгүй, машины спидометр, нэг тэнхлэгт хоёр өөр хэмжээтэй дугуй тавьсан, дугуйны талаар надад мэдэх зүйл байхгүй. Би эзэмшигч төдий л байдаг, уг машиныг жолоодож эд ангийг нь үзэж харж байгаагүй. Би хохирол мөнгө төлөх боломжгүй, машин жолоодож явсан жолоочоор бусдад учирсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 45х/,

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Б-гийн гэрчээр өгсөн:

“...Би оройн цагаар “Итгэл сервис” гэдэг ХХК-д дуудлагын жолоочоор ажилладаг юм. 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 02 цаг 41 минутын үед Хан-Уул дүүргийн Наадам центрийн гадна зогсоолоос хххх УНХ улсын дугаартай Тоёото Хариар маркийн автомашин жолоодоод Алтай хотхон хүргэж өгөх гээд машины эзэн гэх нэг залуу, мөн хамт явж байсан найз нь гэх залуугийн хамт гурвуулаа Хан-Уул дүүргийн нутаг, Дундын голын зам, Нарны хорооллын уулзварын зүүн талын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй 2 дугаар эгнээгээр явж байхад 2 зуурмагны ачааны автомашин миний унаж явсан автомашины хажуугаар гүйцэж түрүүлээд Нарны хорооллын уулзварын гэрлэн дохион дээр улаан гэрэл дээр манай машины хажууд зогссон.

Тэгээд зогсож байгаад гэрэл солигдоод ногоон гэрэл асахад хөдлөөд, уг зуурмагны машин нь манай машины урд 1 дүгээр эгнээгээр гүйцэж түрүүлээд, урд гараад 19 дүгээр үйлчилгээний төвийн чиглэлтэй явж байсан ба би уг машинаас ойролцоогоор 200 орчим метрийн зайтай, ард нь явж байтал 19 дүгээр үйчилгээний төвийн хойд уулзварын харалдаа нэг эмэгтэй хүн зам хөндлөн ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй гарч ирж байгаа нь харагдсан.

Уг эмэгтэй замын голд ирээд зуурмагны машины урдуур гүйгээд ороход зуурмагны машин уг эмэгтэйг мөргөөд зогсож байгаа харагдсан. Бид зуурмагны машины урд нь гарч зогсоход машины эзэн 103-руу дуудлага өгсөн. Машинаас буугаад харахад автомашинд мөргүүлсэн эмэгтэй ухаангүй, хөдлөхгүй автомашины урд хэвтэж байсан ба би ойртож очоогүй. Дуудлага өгөх үед 02 цаг 47 минут болж байсан. Тэгээд бид нар түргэн тусламж болон цагдаа нар иртэл ослын газарт байж байгаад цагдаад бүртгүүлээд цааш явсан.

Автомашинд мөргүүлсэн явган зорчигчийг түргэн тусламж аваад явсан. Манай машин осол гаргасан машинаас 200 орчим метрийн зайтай явж байсан ба манай машины хойно нөгөө зуурмагны машин хир зайтай явж байсныг мэдэхгүй байна. Бид нар хүний машин унаж явахдаа 30-40 км/цагийн хурдтай явдаг байгаа. Би тухайн үед 30-40 км/цагийн хурдтай явж байсан ба явган зорчигчийг зам хөндлөн гарч байхыг хараад явган хүний гарцны зүүн талд хурдаа хасаад, осол болох үед явган хүний гарцны наана буюу зүүн талд зогссон. Осол болохыг харангуутаа хөдлөөд зуурмагны автомашины урд гараад зогссон.

Тухайн үед гадаа харанхуй болсон, замын гэрэлтүүлэг ажиллаж байсан. Зам хуурай, үзэгдэх орчин хэвийн байсан. Замын хөдөлгөөний ачаалал бага байсан. Бид зуурмагны машины ард явж байсан болохоор явган зорчигчийг аль хэсгээр мөргөснийг хараагүй.

Явган зорчигч явган хүний цаагуур буюу баруун талаар 19 дүгээр үйлчилгээний төвийн уулзварын зүүн талын дугуй засварын тэр хавиас зам хөндлөн гарч байгаа харагдсан. Мөн явган зорчигч ганцаараа явж байсан. Нүдэн баримжаагаар зуурмагны автомашины хурдыг хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан манай машинаас илүү хурдтай явж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 47-48х/,

 

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.С-ын гэрчээр өгсөн:

“...Манай “Эм Айр Ар Си Конкрент” ХХК нь 2017 оны 3 дугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Манай компани нь бетон зуурмаг нийлүүлдэг, би анх байгуулагдсан цагаас одоог хүртэл зуурмагны үйлдвэрийн даргаар ажиллаж байгаа. Манай компани хувь хүн болон тээвэр хийдэг компаниудтай гэрээ байгуулж ажилладаг. Ажлын ачаалал ихтэй үед хувьдаа зуурмагны машинтай хүмүүстэй ярьж аман гэрээ хийж зуурмаг зөөлгөдөг юм. Исузу маркийн ххххУНП улсын дугаартай автомашины эзэмшигч С гэх хүнийг танихгүй бөгөөд Б гэдэг хүн ирж уулзаж, уг автомашинаар зуурмаг зөөлгөхөөр ярьж тохирсон юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 50- 51х/,

 

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.М-ын гэрчээр өгсөн:

“... 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө, яг цагийг нь тодорхой мэдэхгүй байна, 02 цаг өнгөрч байсан байх, би 48-30 УБЗ улсын дугаартай Хово маркийн зуурмагны автомашин жолоодож Хан-Уул дүүргийн нутаг Наадам центрийн урд талын баригдаж байгаа барилга дээр зуурмаг буулгасан. Сүүлийн зуурмагаа буулгаад буцаад Сонсголонд үйлдвэрийн хашаанд машинаа тавих гээд хөдлөөд явсан.

Барилгын хашаанаас гараад Энхтайвны гүүрний доор ирэхэд хамт зуурмаг буулгасан хххх УНП улсын дугаартай Исузу маркийн зуурмагны автомашин миний ардаас явж байсан. Нарны хорооллын гэрлэн дохион дээр очоод зогсож байтал нөгөө автомашин 1 дүгээр эгнээгээр орж ирээд хажууд зэрэгцээд зогссон. Би гэрлэн дохион дээр хоёр машины ард зогсож байсан ба хххх УНП улсын дугаартай Исузу маркийн машины урд байсан жижиг тээврийн хэрэгсэл уулзвараар баруун гар тийш эргээд явсан ба ногоон гэрэл асангуут нөгөө зуурмагны автомашин надаас түрүүлээд урд гараад явсан. Би араас нь явж байгаад 19-ийн үйлчилгээний төвийн харалдаа 1 дүгээр эгнээрүү шилжээд ортол гэнэт тоормосоо гишгэхээр нь би дагаад тоормосоо гишгэсэн. Нөгөө автомашиныг зогсоход ард нь зогссон. Би тухайн үед хүн мөргөсныг нь хараагүй, “юу болсон юм бол” гэж бодоод 2 дугаар эгнээ рүү зэрэгцээд ирэхэд Б машинаас бууж ирээд “хүн мөргөчихлөө” гээд миний утсаар цагдаа дуудахаар аваад үлдсэн.

Би машинаасаа бууж харалгүй цааш хөдлөөд явах үед Бын автомашины урд мөргүүлсэн хүн нь хэвтэж байсан, ямар хүн байсныг нь сайн нягталж харалгүй шууд цаашаа явсан. Би ойролцоогоор 40-50 км/цагийн хурдтай явж байсан. Би хурдаа хараагүй ойролцоогоор 30 км/цагийн хурдтай явж байсан байх. Би явган зорчигчийг зам хөндлөн гарч явахыг хараагүй. Гадаа сэрүүн өдөр байсан, цас бороо ороогүй, зам хуурай, хөдөлгөөн сийрэг, зам гэрэлтүүлэгтэй байсан. Би машиндаа ганцаараа байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 53х/,

 

15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад З.Б-ы гэрчээр өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр О.Б “том машин жолооддог” гээд ирж уулзаад танилцаж байсан. Тэр цагаас хойш бие биенийгээ таниж мэддэг болсон ба О.Б нь “Сын эзэмшлийн ххххУНП улсын дугаартай Исузу маркийн миксерийг жолоодъя” гээд ирж уулзаж байсан. Тухайн үед О.Б бид хоёр ярилцаж байгаад миксертэй нэг рейс хийхэд 13000 төгрөг төгрөгөөр, харин гадуур ажилд явбал түлшээ хийгээд үлдсэн мөнгөө 50, 50 хувиар хувааж авахаар ярилцаж тохиролцсон байсан. Тэрнээс бид хоёр албан ёсоор гэрээ байгуулж, гарын үсэг зурсан зүйл байхгүй, амаараа ярилцаж тохиролцсон.

О.Б бид хоёр сар орчим хххх УНП улсын дугаартай Исузу маркийн миксерт завсар үйлчилгээ хийж байгаад, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс “Эм Айр Си” ХХК-ийн бетон зуурмагны үйлдвэрт ажиллахаар амаараа ярьж тохирсон. Би өнгөрсөн жил нь тухайн компанид бас амаараа ярьж тохирч, миксерт ажил гарахаар явдаг байсан юм.

С нь “өөрийн эзэмшлийн хххх УНП улсын дугаартай Исузу маркийн миксерыг жолоочгүй, мөн асахгүй байгаа, жолооч олоод ажил хийлгэх шаардлагатай” байгаа талаар манай найз Б-т ярьсныг Б- нь надад хэлэхээр нь би Б-той ярилцаж байгаад “би асааж явуулаад, мөнгийг нь өгөөд өөрийн болгоод авъя” гэж ярилцаж тохирсон байсан.

Тухайн үед дээрхи машиныг 14 орчим сая төгрөгөөр худалдан авахаар Б-той ярьсан. Тэрнээс бол яг үндсэн эзэмшигч С-тай уулзаагүй. Уг автомашиныг С гэдэг хүн Т гэдэг хүнтэй хамт нийлж зуурмагны үйлдвэрт ажилд явуулахаар ярьж оруулж ирж байсан юм байна лээ. Т нь Б-ийн хамаатны ах нь юм байна лээ. Б-т уг автомашины мөнгөнөөс ойролцоогоор 4.0 орчим сая төгрөг өгч, цааш нь Т болон С нарт өгөөрэй гэж хэлж байсан.

Сын эзэмшлийн ххххУНП улсын дугаартай Исузу маркийн миксерийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс сар орчим автомашины дугуй, урд хойд накладууд, редуктэр, нум, рүлийн аппарат, гэрэл, дохио, тосолгоо үйлчилгээг Бын хамт засаж янзалсан. Авто машинд өөр гэрэл суулгасан нь их гэрлийн тусгал муу байсан учраас Б бид хоёр ярьж байгаад нэмэлт лед гэрэл суурьлуулсан юм. Автомашиных нь руль дээр дардаг дуут дохио нь ажилладаггүй, рүлийн зүүн талд дардаг түмбэлүүр байдаг. Зөв талын урд дохио ажилладаггүй, урд, хойд, хажуугийн гэрэл дохио бүгд ажилладаг байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 60х/,

 

16. Мөрдөн шалгах ажиллагааны явцад техникийн шинжээч М.Галбадрахыг байцаасан тэмдэглэлд:

“...Уг автомашиныг шалгахад стандартын бус жижиг гэрэл суурьлуулсан, их гэрэл асахгүй, урд, хойд дохионууд ажиллахгүй байсан, ухрах араа, спидометр, улсын дугаарын гэрэл тус тус асахгүй, дугуйнуудын хээ болон размерууд өөр, өөр байсан тул бүрэн бус тээврийн хэрэгсэл гэж үзсэн. Манай оношилгооны хаалгаар багтахгүй байсан учраас тоног төхөөрөмжөөр тоормосыг шалгаж үзэх боломжгүй байсан. Баруун хойд талын нэмэлт жижиг гэрэл асаж байснаас өөр гэрэлүүд асахгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 62-63х/,

 

17. Сонгинохайрхан дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн:

1. ISUZU маркийн ххххУНП улсын дугаартай автомашины тоормосны аппарат, жолооны механизм, явах эд анги, гар тоормосыг шалгахад Сонгинохайрхан техникийн хяналт үзлэгийн төвийн хаалга болон шугамаар багтахгүй учир шалгах боломжгүй, спидометр, дуут дохио ажиллахгүй, урд их гэрэл хол ойр дээр асахгүй, урд гуфер дээр стандарт бус нэмэлт гэрэл суурилуулсан байна, дохионы гэрэлнүүд асахгүй, салхины шил бүтэн, шил арчигч ажиллаж байна, дугуйнуудын марк өөр, дугуйнуудын хэмжээс ижил, хээ өөр хээний гүний хэмжээ жигд биш өөр өөр байна.

2. Урд их гэрэл хол, ойр дээр асахгүй стандартын бус нэмэлт гэрэлтэй, урд хойд дохионууд асахгүй, сигнал ажиллахгүй, хойд талын гэрэлнүүд, ухрах арааны гэрэл, дугаарын гэрэл асахгүй, спидометр ажиллахгүй байна. Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 0 мм-12 мм (стандарт ачааны автомашины дугуй хээний гүн газарт тулах хэсгээрээ 1,0 мм-ээс багагүй байх) байна.

3. Энэ эвдрэл, гэмтэл нь ослын өмнө болон ослын өснө үүссэн.

4. Ослоос өмнө үүссэн гэмтэл нь осол гарахад нөлөөлнө. Урд талын их гэрлүүд асахгүй стандартын бус нэмэлт гэрэлтэй стандартын шаардлага хангахгүй байгаа нь үзэгдэх орчин хязгаарлагдана. Спидометр ажиллахгүй байгаа нь тухай үед тээврийн хэрэгслийн хурдыг хянах боломжгүй. Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 0 мм-12мм (стандарт ачааны автомашины дугуй хээний гүн газарт тулах хэсгээрээ 1,0 мм-ээс багагүй байх) байгаа нь хээний гүн ижил биш байгаа нь тоормос гишгэх үед замтай барьцалдах чадвар буурна. Тухайн зам тээврийн осол гарахад хэрхэн яаж нөлөөлснийг тогтоох боломжгүй.

5. Тоормосны механизм нь хийн системтэй байна. Уг систем нь бүрэн ажиллаж байгаа эсэхийг тогтооход Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн хаалга болон шугамаар багтахгүй учир шалгах боломжгүй, тоормосны механизм хэвийн болон хэвийн бус, хэдийд эвдэрсэн байж болохыг тогтоох боломжгүй.

6. Тоормосны систем нь хийн дамжуулгатай, ABS-тэй замын нөхцөл байдал ачсан ачаа, тоормосны дөрөөн дээр дарах хүч зэрэгээс хамаарч тоормосны мөр тасалдах байдлаар үүснэ.” гэсэн дүгнэлт, холбогдох гэрэл зураг /хэргийн 76-82х/,

 

18. Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 257 дугаартай тоот:

1. Хавтаст хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэг, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд, дүрс бичлэг, тээврийн хэрэгслийн байрлал, Автотээврийн үндэсний төв, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний №41880 тоот шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн Исузу маркийн ххххУНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Оюунбаатар овогтой Баябат нь МУ-ын ЗХД-ийн 3.4а дахь заалт “Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын гэрэл асахгүй болсон...бол хөдөлгөөнөө үргэлжүүлэхийг хориглоно.” гэснийг, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.1 дэх заалт “дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурьдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтооосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн” 6.1 дэх заалт “Хурд хэмжүүр ажиллахгүй болсон” 6.2 “Дуут дохио ажиллахгүй болсон” бол ашиглахыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Б овогтой Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дахь заалт “Явган зорчигчид дараах зүйлсийг хориглоно:

а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр гарах”-ыг зөрчсөн байна.

3. Исузу маркийн ххххУНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөрөөр хурдыг тодорхойлох боломжгүй байна. Учир нь тус тээврийн хэрэгслийн тоормосны систем нь хийн дамжуулгатай, ABS-тэй тул томьёогоор бодох боломжгүй юм.

4. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн эсэх шалтгаан нөхцөл тогтоогдохгүй байна. Шинжилгээ хийх явцад уг хэрэгт ач холбогдол бүхий зүйл байхгүй болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 84-85х/,

 

19. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-оос гаргасан амь хохирогчийг оршуулахтай холбоотой гаргасан зардлын тооцоо /хэргийн 127-156х/,  

 

20. Шүүгдэгч О.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“... Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Прокурорын тогтоолд автомашины дуут дохио ажиллахгүй, хол, ойрын гэрэл асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус үндэслэж яллагдагчаар татсан байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Осол гарах үед замын гэрэлтүүлэг болон миний автомашины гэрэл хангалттай тусаж байсан ба явган зорчигчийг хараад тоормосоо гишгэж 2.8 метр газарт тоормослон зогссон. Үүгээр би автомашинаа зогсоох арга хэмжээ авсан гэж бодож байна.

Мөн прокурорын тогтоолд талийгаачийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнийг техникийн шинжээч дүгнэлтээр гаргаад байхад тогтоолдоо дурьдаагүй байгаа тул энэ асуудлыг нэг мөр шалгуулах хүсэлттэй.

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №41880 дугаартай дүгнэлтийн хариулт 2 дээр урд их гэрэл ойр болон хол дээр асахгүй, стандартын бус гэрэлтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг нь гэрэл хол, ойр дээрээ аль  аль алин дээрээ асдаг. Гэхдээ тусгал муу байсан учраас их гэрлийн дор нэмэлт лед гэрэл 2 суурилуулсан. Мөн урд, хойд дохионууд асахгүй, сигнал ажиллахгүй гэж дүгнэсэн байна. Осол гарах үед авто машины урд, хойд дохионууд асаж байгаа нь хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зурагнаас харагддаг. Тэрэн дээр асаж байгаа нь тодорхой байгаа. Сигнал хэвийн ажиллагаатай. Осол гарах үед би дуут дохио өгөхөд талийгаач миний явж байсан урсгал руу эргэж харалгүй гүйж байгаа нь камерийн бичлэгт бичигдсэн байгаа.

Тухайн явган зорчигчийг хараад би автомашинаа зогсоохоор тоормос гишгэж, дуут сигнал өгөөд явган зорчигчийг мөргөөд зогссон. Ослын газарт замын цагдаа нар ирж хэмжилт хийхэд авто машины тоормосны мөр 32.8 метр байсан. Гэтэл авто машинд үзлэг хийж дүгнэлт гаргахдаа 5 дугаар хариултад тоормосны механизм нь хийн системтэй байна. Уг систем нь бүрэн ажиллаж байгаа эсэхийг тогтооход Сонгинохайрхан техникийн үзлэгийн хяналтын төвийн хаалга болон шугамаар багтахгүй учир шалгах боломжгүй, тоормосны механизм хэвийн болон хэвийн бус, хэдийд эвдэрсэн байж болохыг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм болохоор шинжээч нараас энэ бүгдийг асуулгаж дүгнэлтэд тусгах боломжтой эсэхийг шалгуулах хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 103х/ болон түүний хувийн байдалтай холбоотой гэрч Г.Амарбат /хэргийн 56х/, гэрч Н.Отгончимэг /хэргийн 58х/ нарын мэдүүлэг, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 111х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 114х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 118х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх ба шүүх эдгээр баримтуудыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Бын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.Б нь 2019 оны 5 сарын 15-ны шөнө 02 цаг 45 минутын орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 19 дүгээр үйлчилгээний төвийн хойд замд Г.Сын эзэмшлийн “Исузу” маркийн ххххУНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “а” дахь заалт “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

- а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ... харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын гэрэл асахгүй болсон ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”,

- мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.1 дэх заалт “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн”,

- 6.1 дэх заалт “Хурд хэмжүүр ажиллахгүй болсон”, 6.2 “Дуут дохио ажиллахгүй болсон бол тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Ө-ыг мөргөсөн зам тээврийн осол гаргасан ба уг ослын улмаас явган зорчигч Б.Ө- биедээ “...гавлын орой суурь ясны хугарал, тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины баруун талын бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, толгойн хуйханд тархмал цус хуралт, хоёр талын чамархайн булчинд цус хуралт, зүүн зулайн хуйханд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацар, дээд уруул, баруун бугуй, сарвуу, зүүн гарын сарвуу, бүсэлхийд зулгаралт, хоёр гарын сарвуу, зүүн бугуй, зүүн шуу, зүүн гуя, зүүн өвдөг, шилбэ, зүүн тавхайд цус хуралт, баруун мөр, баруун бугалга, баруун шилбэнд цус хуралт, баруун шилбэний зулгаралт...” бүхий гэмтэл авч, улмаар дээрх гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас барсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн: 

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.Б-ын: “...

“...Би Б.Ө-ын төрсөн эгч нь болох хүн байгаа юм. Б.Ө- нь эхээс гурвуулаа, айлын бага хүүхэд байсан. Манай дүү 8, 10 насны хоёр хүүхэдтэйгээ хамт манай аав, ээж болон манай гэр бүлтэй хамт Баянзүрх дүүргийн 19 хороо “Грийн апартмент” хотхонд манай аавын орон сууцанд амьдардаг байсан.

Манай дүү 2009 онд Х-ын Б гэдэг хүнтэй гэр бүл болж, дундаасаа хоёр хүүхэдтэй болоод Яармагт нөхөр, хүүхдийн хамт амьдардаг байсан. Тэгээд 2012 онд манай дүүгийн нөхөр нь гэнэт өвчнөөр нас барсан. Манай дүүгийн нөхөр нь нас барснаас хойш манай дүү, аав, ээжтэй хамт амьдарч байгаа. Манай аав, ээж хоёр өндөр настай хүмүүс байдаг, мөн би нөхрийн хамт тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг болохоор манай гэрийн бүх ажлыг дүү маань амжуулж бид нарын хөл, гар болж явдаг байсан.

Дүү Ө нь осолд орохын өмнө Шангрила зочид буудлын гал тогоонд үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан, өрх толгойлсон эмэгтэй хүн, хоёр хүүхдээ ганцаараа өсгөж, гэр бүлдээ хариуцлага өндөртэй сайн хүүхэд байсан.

Ослын талаар сайн мэдэх зүйл байхгүй. Осол болдог өдөр 12 цагаас ажилдаа явлаа гээд гараад явсан. Тэгээд 22:30 цагийн орчим залгахад утсаа авахгүй байсан ба 23:05 цагийн үед манай дүү “би оройтно, та нар унтаж бай” гээд мессеж явуулсан байсан. Тэгтэл өглөө үүрээр 06:00 цагийн үед манай хүргэний дүү над руу залгаад “Өыг осолд орсон, Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байна” гэж хэлсэн. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт очоод эмчтэй нь уулзахад “найдваргүй болсон” гэж байсан ба 2019 оны 5 сарын 17-ны өглөө нас барсан. Талийгаачийн буяны ажилд 12.865.342 төгрөг зарцуулсан байгаа. Бид нарын ганц түшиг тулгуур, гар хөл болж байсан дүү маань нас барсан. Ар гэр нь хэцүү байдалд орж байна. Мөн 2 хүүхэд нь бүтэн өнчирч хоцорлоо, 2 хүүхдийн ирээдүй маш бүрхэг болж байна. Бид маш их гомдолтой байгаа. ...Осол гаргасан жолооч талийгаачийн эмчилгээний зардалд мөнгө төгрөг өгөөгүй. Оршуулгын зардалд 1.0 сая төгрөгийг дансаар өгсөн. Өөр мөнгө төгрөг өгөөгүй байгаа. Талийгаачийн маань хүү, охин хоёр бүтэн өнчин үлдсэн учраас тэднийг 18 нас хүртэл тэтгэмж тогтоолгох, мөн оршуулгын зардлыг бүтэн гаргуулж авах хүсэлттэй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 41х, 42х/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-4х, 6-13х, 15х/,

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 0% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглээгүй болохыг тогтоосон тэмдэглэл баримт /хэргийн 18х/,

- Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 21-24х/,

- Хэрэг гарсан замын хойд талд байрлах “БиСиТи” ХХК-ийн гадна хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 25х, 26-27х/,

- Үстийн хөх овогт Бгийн Ө 2019 оны 05 сарын 17-ны өдөр ГССҮТ-д авто ослын улмаас эмчлэгдэж байгаад нас барсныг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нас барсны бүртгэлийн 2949 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон баримт /хэргийн 37х/,

- “Талийгаач Б.Ө-ын цогцогст хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гавлын орой суурь ясны хугарал, тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины баруун талын бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, толгойн хуйханд тархмал цус хуралт, хоёр талын чамархайн булчинд цус хуралт, зүүн зулайн хуйханд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацар, дээд уруул, баруун бугуй, сарвуу, зүүн гарын сарвуу, бүсэлхийд зулгаралт, хоёр гарын сарвуу, зүүн бугуй, зүүн шуу, зүүн гуя, зүүн өвдөг, шилбэ, зүүн тавхайд цус хуралт, баруун мөр, баруун бугалга, баруун шилбэнд цус хуралт, баруун шилбэний зулгаралт гэмтэл тогтооогдлоо.

2.Тухайн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн ослын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд ба дээрхи гэмтэл нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно..

3. Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

5. ГССҮТ-н өвчний түүхэнд бичигдсэнээр 2019.5.17-ны өдрийн 07:40 цагт нас баржээ.

6. Химийн шинжилгээгээр талийгаачийн цус, шээс, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй, шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, димедрол илрээгүй, ходоодны шингэнд хүчтэй, хүчил шүлт илрээгүй байна.

7. Талийгаачийн цус нь АВО системээр В3-ийн харьяалалтай болно.” гэсэн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1157 дугаартай дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 67-71х/,

- ШШҮХ-ийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн шинжилгээний 3018 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж шинжилгээ хийхэд тэнцэнэ. “Б.Ө- 29 нас, эм” гэж хаягласан цусанд 3.0 промилли спирт илэрсэн. Цусанд дахь 3.0 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 91-92х/,

- техникийн шинжээч М.Галбадрахын: “...Уг автомашиныг шалгахад стандартын бус жижиг гэрэл суурьлуулсан, их гэрэл асахгүй, урд, хойд дохионууд ажиллахгүй байсан, ухрах араа, спидометр, улсын дугаарын гэрэл тус тус асахгүй, дугуйнуудын хээ болон размерууд өөр, өөр байсан тул бүрэн бус тээврийн хэрэгсэл гэж үзсэн. Манай оношилгооны хаалгаар багтахгүй байсан учраас тоног төхөөрөмжөөр тоормосыг шалгаж үзэх боломжгүй байсан. Баруун хойд талын нэмэлт жижиг гэрэл асаж байснаас өөр гэрэлүүд асахгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 62-63х/,

- Сонгинохайрхан дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн:

1. ISUZU маркийн ххххУНП улсын дугаартай автомашины тоормосны аппарат, жолооны механизм, явах эд анги, гар тоормосыг шалгахад Сонгинохайрхан техникийн хяналт үзлэгийн төвийн хаалга болон шугамаар багтахгүй учир шалгах боломжгүй, спидометр, дуут дохио ажиллахгүй, урд их гэрэл хол ойр дээр асахгүй, урд гуфер дээр стандарт бус нэмэлт гэрэл суурилуулсан байна, дохионы гэрэлнүүд асахгүй, салхины шил бүтэн, шил арчигч ажиллаж байна, дугуйнуудын марк өөр, дугуйнуудын хэмжээс ижил, хээ өөр хээний гүний хэмжээ жигд биш өөр өөр байна.

2. Урд их гэрэл хол, ойр дээр асахгүй стандартын бус нэмэлт гэрэлтэй, урд хойд дохионууд асахгүй, сигнал ажиллахгүй, хойд талын гэрэлнүүд, ухрах арааны гэрэл, дугаарын гэрэл асахгүй, спидометр ажиллахгүй байна. Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 0 мм-12 мм (стандарт ачааны автомашины дугуй хээний гүн газарт тулах хэсгээрээ 1,0 мм-ээс багагүй байх) байна.

3. Энэ эвдрэл, гэмтэл нь ослын өмнө үүссэн.

4. Ослоос өмнө үүссэн гэмтэл нь осол гарахад нөлөөлнө. Урд талын их гэрлүүд асахгүй стандартын бус нэмэлт гэрэлтэй стандартын шаардлага хангахгүй байгаа нь үзэгдэх орчин хязгаарлагдана. Спидометр ажиллахгүй байгаа нь тухай үед тээврийн хэрэгслийн хурдыг хянах боломжгүй. Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 0 мм-12мм (стандарт ачааны автомашины дугуй хээний гүн газарт тулах хэсгээрээ 1,0 мм-ээс багагүй байх) байгаа нь хээний гүн ижил биш байгаа нь тоормос гишгэх үед замтай барьцалдах чадвар буурна. Тухайн зам тээврийн осол гарахад хэрхэн яаж нөлөөлснийг тогтоох боломжгүй.

5. Тоормосны механизм нь хийн системтэй байна. Уг систем нь бүрэн ажиллаж байгаа эсэхийг тогтооход Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн хаалга болон шугамаар багтахгүй учир шалгах боломжгүй, тоормосны механизм хэвийн болон хэвийн бус, хэдийд эвдэрсэн байж болохыг тогтоох боломжгүй.

6. Тоормосны систем нь хийн дамжуулгатай, ABS-тэй замын нөхцөл байдал ачсан ачаа, тоормосны дөрөөн дээр дарах хүч зэрэгээс хамаарч тоормосны мөр тасалдах байдлаар үүснэ.” гэсэн дүгнэлт, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 76-82х/,

- Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 257 дугаартай тоот:

1. Хавтаст хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэг, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд, дүрс бичлэг, тээврийн хэрэгслийн байрлал, Автотээврийн үндэсний төв, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний №41880 тоот шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн Исузу маркийн ххххУНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Оюунбаатар овогтой Баябат нь:

- МУ-ын ЗХД-ийн 3.4а дахь заалт “Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ:

а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;  харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын гэрэл асахгүй болсон...бол хөдөлгөөнөө үргэлжүүлэхийг хориглоно.” гэснийг,

- мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.1 дэх заалт “дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурьдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн”,

- 6.1 дэх заалт “Хурд хэмжүүр ажиллахгүй болсон”,

- 6.2 “Дуут дохио ажиллахгүй болсон” бол ашиглахыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Б овогтой Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дахь заалт “Явган зорчигчид дараах зүйлсийг хориглоно:

а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр гарах”-ыг зөрчсөн байна.

3. Исузу маркийн ххххУНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөрөөр хурдыг тодорхойлох боломжгүй байна. Учир нь тус тээврийн хэрэгслийн тоормосны систем нь хийн дамжуулгатай, ABS-тэй тул томьёогоор бодох боломжгүй юм.

4. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн эсэх шалтгаан нөхцөл тогтоогдохгүй байна. Шинжилгээ хийх явцад уг хэрэгт ач холбогдол бүхий зүйл байхгүй болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 84-85х/,

- иргэний хариуцагч Г.Сын /хэргийн 45х/ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, гэрч Б.С- /хэргийн 50х, 51х/, М.Б- /хэргийн 47х, 48х/, А.М- /хэргийн 53х/, З.Б /хэргийн 60х/ нарын мэдүүлэг болон шүүгдэгч О.Бын үйлдсэн хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг /хэргийн 103х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бусад нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч О.Б нь 2019 оны 5 сарын 15-ны шөнө 02 цаг 45 минутын орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 19 дүгээр үйлчилгээний төвийн хойд замд Г.Сын эзэмшлийн “Исузу” маркийн ххххУНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “а” дахь заалт “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

- а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ... харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын гэрэл асахгүй болсон ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”,

- мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.1 дэх заалт “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн”,

- 6.1 дэх заалт “Хурд хэмжүүр ажиллахгүй болсон”, 6.2 “Дуут дохио ажиллахгүй болсон бол тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Ө-ыг мөргөсөн зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас явган зорчигч Б.Ө- биедээ “...гавлын орой суурь ясны хугарал, тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины баруун талын бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, толгойн хуйханд тархмал цус хуралт, хоёр талын чамархайн булчинд цус хуралт, зүүн зулайн хуйханд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацар, дээд уруул, баруун бугуй, сарвуу, зүүн гарын сарвуу, бүсэлхийд зулгаралт, хоёр гарын сарвуу, зүүн бугуй, зүүн шуу, зүүн гуя, зүүн өвдөг, шилбэ, зүүн тавхайд цус хуралт, баруун мөр, баруун бугалга, баруун шилбэнд цус хуралт, баруун шилбэний зулгаралт...” бүхий гэмтэл авч, улмаар дээрх гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь тогтоогдсон ба шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолвол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэлээ. 

 

 Түүнчлэн явган зорчигч /амь хохирогч/ Б.Ө- нь замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дахь заалт “Явган зорчигчид дараах зүйлсийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр гарах”-ыг зөрчсөн зохих буруутай байдал тухайн зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн гэж дүгнэх үндэслэл тогтоогдсон байна.

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч О.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, үндэслэл бүхий байна.

 

Хэргийн шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж заасан.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсаны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлд тус тус зааж хуульчилсан. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс зам тээврийн осол хэргийн улмаас амь хохирсон Б.Ө-ын оршуулгын зардалд 12.865.342 /арван хоёр сая найман зуун жаран таван мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч О.Б нь нөхөн төлж барагдуулсан болох нь хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-оос бичгээр гаргасан “О.Баас оршуулгын зардалд 12.865.342 төгрөг авсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзахгүй, амь хохирогчийн насанд хүрээгүй хоёр хүүхдийн тэтгэмж тэтгэлэгтэй холбоотой асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлт /хэргийн 198х/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх баримт бүхий хохирол, хор уршгийн нөхөн төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс амь хохирогчийн насанд хүрээгүй бага насны 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой гомдол, нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлнэ гэсэн хүсэлт гаргасныг шүүх нээлттэй орхиж шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч О.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МНБГ-ын ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 118х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.  

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.  

 

Шүүгдэгч О.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт баримт бүхий хохирлыг нөхөн төлсөн, мөн шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №832215 дугаартай үнэмлэх баримтыг түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.  

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.           

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                        ТОГТООХ нь:

 

1. Д овогт О-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар О.Б-ад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 02 /хоёр/ жилийн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан О.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмын дагуу ял оногдуулахыг анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн оршуулах ажиллагаатай холбоотой гарсан зардалд шүүгдэгч О.Б нь 12.865.342 /арван хоёр сая найман зуун жаран таван мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээн тэтгэхтэй холбоотой гомдлын шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож, хэрэгт хавсарган ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Хэрэгт хураагдсан О.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №832215 дугаартай үнэмлэх баримтыг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар гүйцэтгэх бичиг баримтын хамт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Арайд үүрэг болгосугай.

 

9. Энэ хэрэгт О.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

 

10. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, иргэний хариуцагч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тус тус давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд дотор гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

 

11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД