| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 181/2024/05033/И |
| Дугаар | 210/МА2025/02207 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/02207
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/06755 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэг, хохиролд нийт 50,113,125 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн *******байрандаа ресторан, караоке, оффис түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манайх ресторан, караоке, оффисоо *******-д түрээслүүлэхээр тохирч 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Вива центрийн 2 давхарт байрлах снукер, караокены хэсэг, 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Вива центрийн 1-р давхарт байрлах ресторан, караокены хэсэг мөн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 2-3 давхарт байрлах оффис, амралтын хэсгийг тус тус түрээсийн гэрээ байгуулан түрээслүүлсэн.
1.2. Түрээсийн гэрээ байгуулснаас хойш түрээсийн төлбөр дутуу үлдэгдэлтэй явсан ба удаа дараа түрээсийн төлбөрөө төлөх талаар шаардаж 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэрээ дүгнэсэн Акт үйлдэж 29,830,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны төлөхөөр тохиролцсон. Гэтэл хугацаандаа төлөхгүй, удахгүй төлнө зээл хөөцөлдөөд байна түрдээ хүлээж бай гэсээр 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр менежер *******ажлын байрны түлхүүр хүлээлгэн өгч явсан.
1.3. Ажлын байрны түлхүүр хүлээлгэж өгөх үед доторх тоног төхөөрөмж, тавилга эд хогшлоо хэзээ хүлээлгэж өгөх вэ бүгдийг нь хүлээлгэж өгөөд яваарай гэхэд захирал байхгүй байна маргааш захиралтай ирж хүлээлгэж өгье гэсэн юм. Маргаашаас нь утсаар холбогдоход удахгүй очиж хүлээлгэж өгнө гээд цаг тохирсон боловч удаа дараа ирнэ гэсэн боловч алга болсон. Ирэхгүй болохоор нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ажлын байр руугаа нэвтэрч тоног төхөөрөмж, тавилга эд хогшлоо бүртгэж авахад 11,979,900 төгрөгийн тоног төхөөрөмж, эд хогшил дутсан мөн ороход цэвэрлэгээ үйлчилгээ огт хийгээгүй, хамаг бохироо овоолсон байсан. Бид 14 хоногийн турш ямар ч үйл ажиллагаа явуулалгүй цэвэрлэгээ үйлчилгээ хийгээд хохироод байна.
1.4. Гэрээ дүгнэсэн актаар 29,830,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөр хүлээлгэж өгөх хүртэлх 11 хоногийн түрээсийн төлбөр 8,303,225 төгрөг, тоног төхөөрөмж тавилга эд хогшлын хохиролд 11,979,900 төгрөг буюу нийтдээ 50,113,125 төгрөг болж байна.
Иймд түрээсийн төлбөрт 38,133,225 төгрөг болон тоног төхөөрөмж, тавилга эд, хогшлын хохиролд 11,979,900 буюу нийт 50,113,125 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, үндэслэлийн агуулга:
2.1. Тухайн үед Вива центрийн 2 давхарт байрлах снукер, караокены хэсгийг санал болгосны дагуу 2 жилийн түрээсийн гэрээ байгуулж, түрээслэн орохдоо барьцаа төлбөр болох мөнгийг байршуулж, хүлээн авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
2.2. Тухайн үед явуулж байсан үйл ажиллагааны эд хогшил хүлээн авсан. Хүлээн авсан эд хогшил миний явуулж байгаа үйл ажиллагаанаас хоцрогдмол байсан учраас өөрийнхөө тоног төхөөрөмжийг авч ирж, үлдэгдэл хэрэггүй болсон төхөөрөмжийг *******гэх *******-ийн захирал н.Цэцгээгийн нөхөр аваад явчих уу гээд аваад явсан.
2.3. Би засан сайжруулалт, цэвэрлэгээ хийж, дээд зэргийнх болгосон. Түрээсийн хоцрогдол байгаагүй. Би нэг давхарт байрлах ресторан, караокены хэсгийг хүлээн авсан. Түрээсийн төлбөрийг өгөхдөө 2 талын гэрээгээр тохиролцож өөрсдийнх нь шаардлагаар барьцаа мөнгө байршуулж, хүлээн авсан акт байдаг. Нэхэмжлэгч өөрсдөө авах зүйлээ авч, би засан сайжруулалт гал тогооны тавилга хийж үйл ажиллагаа, өндөр зэрэглэлийн үйл ажиллагаа явуулж, тоног төхөөрөмж авч ирсэн. Тохиролцоо бол энэ объектыг ...захиралтаа танилцуулж зарах гэж байгаа худалдан авах боломжтой юу... гэсэн саналыг зөвшөөрч, явцын дунд худалдан авъя гэхдээ Худалдах худалдан авах гэрээ хийсний дараа түрээсийн гэрээг зогсоохыг хоёр тал мэдэж байсан.
2024 оны 06 сард Худалдан худалдан авах гэрээ байгуулсан. Ямар ч баримтгүйгээр урьдчилгаа 1,2 тэрбум төгрөгийг бэлнээр өгнө үү тэрний дараа нэр дээр шилжүүлэх эрх авч, миний нэр рүү шилжүүлж өгч банктай харьцана гэж байсан. Урьдчилгаа төлбөрийг шууд өгөхөд эрсдэлтэй байсан. Нотариатаар орж гэрээ хийсний дараа мөнгийг шууд бэлнээр өгье гэж байсан. Нотариат орж үйлдэл хийлгэх гэхэд ямар нэгэн төлөөлөх эрхгүй байсан. Төлөөлөх эрхгүй захиралд 1,2 тэрбум төгрөгийг өгөх байсан. Нотариат зөвлөсөн учраас больсон. 06 сараас эхлэн өдөр болгон 1,2 тэрбум төгрөгийг надаас шаардаж байсан. Үйл ажиллагаа явуулж байхад хугацаанд буюу наадмын дараа оффист болон саун нарыг суллаж надад хүлээлгэн өгөх байсан.
2.4. Өмнөх түрээслэгч нарын түрээсийн гэрээ дуусаж байсан. Гэвч хүлээлгэн өгөөгүй. Өмнөх түрээслэгч нар урьдчилгаа буюу барьцаа төлбөр байршуулсан байсан тэр мөнгийг хэрэглэсэн байсан надаас тэр мөнгө гарсан. Сауныг түрээсэлж байсан хүн 5,000,000 төгрөгийн барьцаа өгсөн байсан. Би тухайн барьцааны мөнгийг өгсний дараа саун суллаж өгсөн.
2.5. Тухайн байрыг зочид буудал болгох сонирхолтой учраас засварын бригадтай гэрээ хийсэн байсан. Намайг 08 дугаар сарын 25-ны өдөр Лондон явах байсныг мэдэж байсан. 08 дугаар сарын 14-ний өдөр гэрээг шинэчилсэн хир нь 08 дугаар сарын 26-ны өдөр манай ажилчдыг хөөж цоожны гол сольж орох боломжгүй болгосон байсан. Би явах гэж байсан учраас 5,000,000 төгрөгийн бараа материал дээр 10,000,000 төгрөгийн архи, пиво, ус, ундаа зэрэг бараа материал татан авсан байсан. Зарим тоног төхөөрөмжийг агуулахад хийж үлдээсэн байсан. Надтай холбогдох боломжгүй байсан гэдэг нь би гадаадад байсан талаар мэдэж байсан.
2.6. Намайг байхгүй хооронд орж ирсэн гэдэг нь 08 дугаар сарын 26-ны өдрийн камерын бичлэг дээр *******болон *******нар орж ирсэн нь харагддаг. Би өөрийн 3 машиныг хашаанд оруулан тавьсан байсан. Түүнийг хүртэл гаргасан байсан. Намайг гадаадад байх үед шүүхэд өгсөн байсан. Нэхэмжлэл дээрх нь эд хогшлын хохирол 11,000,000 төгрөг гэснийг гайхаж байна. Миний эд хогшлыг буцааж өгөөгүй байж надаас мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Түрээсийн төлбөрийг ойлгохгүй байна. Түрээсийн гэрээг дуусгавар болгож байгаа бол сарын өмнө надад мэдэгдэх байсан. Мөнгө хэрэгтэй байсан бол барьцаа төлбөрөөс суутгаж авах боломжтой байсан. Миний тоног төхөөрөмж болон бараа материал хаана байгааг мэдэхгүй байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар хариуцагч *******-аас төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч 24,378,386 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,734,739 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59.5-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 408,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 279,841 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсанаар хариуцагч *******нь тухайн объектын өмчлөгч болсон гэж нэхэмжлэгч нь хариуцагчид ойлгуулж байсан тул тухайн цаг хугацаанаас хойш түрээсийн төлбөрийг төлөөгүй болно.
Тодруулбал энэ хугацаанд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах эрх бүхий этгээдтэй холбогдох зэргээр ажиллагаа хийгдэж байсан болно.
Гэтэл анхан шатны шүүхээс "Зохигчдын хооронд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 101/24 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Загвар гэрээ/-г байгуулсан байх боловч тухайн гэрээнд заасан нөхцөлийн дагуу худалдах, худалдан авах хэлцэл нь хүчин төгөлдөр болсон гэх үйл баримт тогтоогдоогүй” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлтэй нийцэхгүй байгаа болно.
Өөрөөр хэлбэл миний бие нь тухай үл хөдлөхөд хөрөнгийг одоог хүртэл худалдан авах хүсэлтэй байгаа бөгөөд 2024 оны 06 дугаар сараас 08 дугаар сарыг дуусталх хугацаанд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болж байгаа гэсэн бодолтой байсан. Шүүхээс тогтоогдсон гэж үзэж байгаа баримт нь бодит байдалд нийцэхгүй байгаа болно.
4.2. Манай компанийн үйл ажиллагаа тухайн үл хөдлөх эд хөрөнгөд хэвийн үргэлжилж байсан бөгөөд нэхэмжлэгч *******ямар нэг урьдчилан сануулалгүйгээр хариуцагч *******-ийн шийдвэр гаргах эрх бүхий этгээдүүдийг эзгүй байхад тухайн үл хөдлөх хөрөнгөд байрлаж байсан бараа бүтээгдэхүүнийг тухайн үл хөдлөх эд хөрөнгөд үлдээн ажилчдыг орохыг болиулсан байсан.
Нэхэмжлэгч *******-аас тухайн үл хөдлөх эд хөрөнгөд манай компанийг үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах байсан бол урьдчилан мэдэгдсэн бол тухайн газарт байсан бараа бүтээгдэхүүн болон бусад эд зүйлийг бусад салбар руу нүүлгэн авч эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болох байсан.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/06755 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүх хуулийг зөвөөр хэрэглэж, шударгаар шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг болон тоног төхөөрөмж тавилга эд хогшлын хохиролд нийт 50,113,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...түрээсийн үйл ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар тохирсон, гэрээний үнийн дүн, төлөх хугацааг тодорхой болгох хүртэл түрээсийн гэрээ байгуулж байя, урьдчилгаа төлбөр төлөх хүртэл түрээсийн гэрээ хийгээд худалдах, худалдан авах гэрээний үнийг тодорхой болгож зөвшилцсөний дараа түрээсийн төлбөрт төлсөн төлбөрийг суутгаж тооцно гэж ярьсан, түрээсийн гэрээ байгуулах санаа зорилго байгаагүй, түрээслэгч тал зарим зүйлээ буцаан авсан, зарим тоног төхөөрөмж, эд хогшил манай үйл ажиллагаанд шаардлагагүй байсан тул бид өөрсдөө тохижуулсан, манай өмчлөл, эзэмшлийн бараа бүтээгдэхүүнийг өнөөг хүртэл буцааж өгөөгүй, түрээсийн гэрээг цуцлах талаар манайд 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй байсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэх агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлан, маргажээ.
2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний барьцаа болгож 13,000,000 төгрөг хүлээн авсан тул уг мөнгөн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.
4. Талууд 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр №10/24 дугаартай түрээсийн гэрээ, 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр №11/24 дугаартай түрээсийн гэрээ, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №12/24 дугаартай түрээсийн гэрээг тус тус байгуулсан.
4.1. 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр, түрээслүүлэгч “Вива” цогцолбор барилгын 2 давхрын снукер биллиардын м.кв талбай бүхий снукер, караокены хэсгийг үйлчилгээний зориулалтаар, нэг сарын түрээсийн төлбөр 5,000,000 төгрөгөөр,
4.2. 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гэрээгээр, “Вива” цогцолбор барилгын 1 давхрын снукер, караокены хэсгийг үйлчилгээний зориулалтаар, нэг сарын түрээсийн төлбөр 6,500,000 төгрөгөөр,
4.3. 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр, “Вива” цогцолбор барилгын 2 болон 3 давхрын офиссын 14 өрөөний нийт 356 м.кв талбай бүхий амралт үйлчилгээний 218 м.кв төвийг үйлчилгээний зориулалтаар, нэг сарын түрээсийн төлбөр 11,900,000 төгрөгөөр тус тус түрээслэхээр тохиролцсон, гэрээ тус бүрд эд хөрөнгийн жагсаалт үйлдэж түрээслүүлэгчээс түрээслэгчид хүлээн өгсөн байна. /1хх-9-27, 28-43, 44-68/
5. Талууд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах загвар гэрээ гэж байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 5,000,000,000 /5 тэрбум/ төгрөгөөр тогтоож, урьдчилгаа төлбөр 1,200,000,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний дотор шилжүүлснээр худалдах худалдан авах гэрээг нотариатаар баталгаажуулж хүчин төгөлдөр гэрээ хийгдэнэ, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор үлдэгдэл 3,800,000,000 төгрөгийг бэлэн төлснөөр компанийн эрх шилжүүлэх гэрээ хийгдэж бүрэн дуусна гэж тохиролцсон.
Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үнийг хариуцагч төлөөгүй, гэрээ хэрэгжээгүй байх тул үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах хүсэл зориг хэрэгжээгүй гэж үзнэ.
6. Талуудын хооронд байгуулсан “Түрээсийн гэрээ”-ний зорилго, агуулга, эд хөрөнгө хүлээлцсэн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн “Вива” цогцолбор барилгын снукер биллярьд, караоке, ресторан, офиссын зориулалттай өрөө, тайлбай, үйлчилгээний хэсгийг үйлчилгээний зориулалтаар хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж, гэрээний хугацаанд дээрх үйл ажиллагаа явуулж түүний үр шимийг хүртэх боломж олгосон, хариуцагч нь үүнд тохирсон хөлсийг төлөх үүрэг хүлээсэн байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон байх тул “талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн” гэх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
7. 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр түрээсийн төлбөрийн үлдэгдлийн талаар “Гэрээ дүгнэсэн акт”-ийг үлдсэн ба энэхүү актаар 2024 оны 03 дугаар сарын 10, 31, 08 дугаар сарын 01-ний өдрүүдэд тус тус байгуулсан түрээсийн гэрээг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөр дүгнэж түрээсийн төлбөрийг үлдэгдэл 29,830,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн, энэхүү актын хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй тул хариуцагчийг түрээсийн төлбөрөө бүрэн төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Мөн талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээнүүдийн 8.4-т Түрээслүүлэгч энэ гэрээг нэг талын санаачилгаар цуцалж байгаа бол энэ тухай гэрээг цуцлахаас 1 сарын өмнө Түрээслэгчид бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэж заасан боловч талууд түрээсийн гэрээний үүргийг тооцоо нийлж акт үйлдсэн, түрээсийн байрны түлхүүрийг хүлээлгэн өгч гэрээ талууд гэрээг дуусгавар болгож байгааг бодит үйлдлээр хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
8. Тооцоо нийлсэн актыг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөр дүгнэснээс хойш 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр түрээсийн байрыг хариуцагч чөлөөлсөн тул 10 хоногоор тооцож 7,548,386 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар болсон нь үндэслэл бүхий болсон.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/06755 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
Ц.ЦЭРЭНДУЛАМ