Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 601

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Н-ийн М-д холбогдох эрүүгийн 19100 1477 0619 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Н.М нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Г.Энхтуул шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Төв аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Алтайн бор нуруу ХХК-д бригадын ахлах ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н-ийн М /РД:,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Н.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын М-12 дугаар байрны үүдэнд эхнэр Д.З-той маргалдан, улмаар зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь зүүн чамархай, дагзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зүүн хацар, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                       

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Н.М-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүхэд нэмж хэлэх зүйл байхгүй. Манай эхнэр Д.З-гийн биед үүссэн гэмтлийг би учруулсан, согтуудаа эхнэрээ гэмтээсэн үйлдэл гаргасан байна. Тухайн үед манай ах хөдөөнөөс ирээд, би 1 шил архи уусан байсан. Үйл явдал гэрийн гадаа машин дотор болсон.

Одоо манай эхнэрийн биеийн байдал зүгээр байгаа, надаас хохирол нэхэмжлээгүй. Эхнэр маань 6 сартай жирэмсэн байсан юм. Тухайн үед “эхнэр намайг гэртээ ор” гэхэд нь би орохгүй байснаас болж маргаж муудалцсан. Бид хоёр гэр бүл болоод 10 жил хамт амьдарч байна. Энэ хугацаанд би эхнэртээ огт гар хүрч байгаагүй. Би согтууруулах ундаа байнга хэрэглээд байдаггүй. Миний буруу, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм асуудал гаргахгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 1477 0619 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.З-гийн хохирогчоор өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хотхоны М-12-5-3 тоот гэртээ байж байхад 15 цагийн үед манай нөхрийн найз Өлзийбаатар утсаар “танай нөхөр М-г гэрийн гадаа аваад ирлээ, архи уусан байгаа болохоор гарч ирээд авчих” гэхээр нь би гараад Өлзийбаатарын машинд суусан.

Тэгээд би нөхөр М-г “гэртээ ор” гэж хэлэхэд “орохгүй” гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би түүнийг машинаас буулгах гэж түлхэхэд арын сандал дээр хэвтэх гээд намайг налаад, гэдсийг маань дэрлээд байсан.

Би тухайн үед жирэмсэн байсан болохоор “гэдсэн дээр дараад байна” гэж хэлэхэд “гэдэс чинь ямар хамаатай юм бэ” гэхээр нь миний уур хүрээд, хэрүүл маргаан хийсэн. Тэгтэл миний нүүрлүү гараараа цохихоор нь би зөрүүлээд цохитол үснээс татаж, толгой тонгойлгож байгаад 2-3 удаа цохиж зодсон. Тэгээд би цагдаа дуудах гээд утсаа гаргахад миний утсыг булаацалдаж байгаад эвдэлчихсэн. Тэр үед манай дүү охин Ж ирэхээр нь би түүнийг “цагдаа дууд” гээд цагдаад дуудлага өгүүлсэн юм.

М цагдаа ирэхээс өмнө зугтаах гээд байхаар нь би машинаас буулгахгүй гээд барихад намайг тавиулах гэж хоолой боож түлхсэн. Мөн манай дүү Ж машины хаалга онгойлгохгүй байхад хүчээр түлхэж онгойлгоод дүүг маань цохиод зугтаагаад явчихсан юм. Бид хоёр гэрлэлтээ батлуулсан, 2010 оноос хойш цуг амьдарч байна.

Тухайн хэрэг болох үед М- нь нилээн согтуу байсан, бараг ухаан мэдрэлгүй болтлоо согтсон байсан. М миний нүүр рүү 4-5 удаа, толгойны дагз руу 2-3 удаа цохисон. Мөн машинаас буулгахгүй гэсэн чинь хоолой боосон. Тухайн үед нөхрийн найз Өлзийбаатар машины урд суудал дээр сууж байсан ба “болиоч” гэж хэлж байсан.

Шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлийг манай нөхөр М надад учруулсан. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд суухгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Ж-гийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 6 сарын 12-ны өдөр гэртээ байж байхад манай эгч З-гийн нөхөр М- ахыг найз нь “авч ирлээ” гэхээр нь эгч бид хоёр цуг гарсан. Тэгээд М- ахыг машинаас буулгах гэхэд арын суудалд унтаад босохгүй болохоор нь би буцаад гэртээ орчихсон юм.

Тэгээд гэртээ байж байхад цонхоор манай эгчийн орилж байгаа дуу сонсогдохоор нь би буцаж гараад иртэл эгч “цагдаа дууд” гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн юм. Тэгэхэд машин дотор эгч З-, ах М- хоёр хэрүүл маргаан хийгээд байсан. М- ах машинаас бууж зугтаах гэхээр нь би гарнаас нь барьж авахад намайг түлхээд зугтаачихсан.

М- ах З- эгчийг зодож байхыг би хараагүй. Машин дотор хоёулаа хоорондоо хэрүүл маргаан хийгээд байсан. З- эгч машинаас бууж ирэхэд дух хэсгээс нь цус гарсан байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15х/,

 

3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 6 сарын 18-ны өдрийн 7327 дугаар:

1. Д.З--н биед зүүн чамархай, дагзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зүүн хацар хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 19х/,

 

4. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээгээр үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дүгнэлтээр эрсдэл нь “хөнгөн” гэж үнэлсэн мэдээлэл баримт /хэргийн 40-48х/,

 

5. Хүчирхийллийн аюулын зэргийг үнэлэх асуулгын хариу эрсдлийн түвшинг “дунд” гэж тогтоосон үнэлгээний баримт /хэргийн 49х/,

 

6. 2019 оны 08 сарын 04-ний өдөр төрсөн М-гийн Ивээлийн төрсний гэрчилгээний хуулбар баримт /хэргийн 51х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.М-гийн яллагдагчаар өгсөн:

“...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 6 сарын 12-ны өдөр би Баянхошуунд байрлах ах Гэзгээгийн гэрт цуг архи ууж байгаад үдээс хойш Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива ситид байрлах гэртээ найз Өлзийбаатараар өөрийн эзэмшлийн хххх УНУ улсын дугаартай “Toyota Sai” гэх машиныг бариулж гэрийн гадаа хүргүүлсэн. Тэгээд найз Өлзийбаатар намайг машинд үлдээгээд явсан.

Намайг машинд байж байхад манай эхнэр Д.З- гарч ирээд “гэртээ ор” гээд байсан. Би тухайн үед их согтолттой байсан болохоор сайн санахгүй байна. Намайг машинаас буух гэхэд буулгахгүй, тэлээнээс бариад тавихгүй байсан болохоор би гарыг нь тавиулах гээд гараараа хойшоо цохисон. Д.З-гийн хаана нь цохисон гэдгээ бол сайн санахгүй байна. Тухайн үед болсон асуудал бол миний буруугаас болсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан, уг дүгнэлтэд дурьдагдсан гэмтлүүдийг би эхнэртээ учруулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 33х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 34х/, “Алтайн бор нуруу” ХХК-д бригадын ахлагч ажилтай гэх тодорхойлолт /хэргийн 35х/, шүүгдэгч Н.М-гээс өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 57х/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Н.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Д.З- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа илэрхийлж, хохирогч нь яллагдагчтай сайн дураар эвлэрснээр тэдгээр нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 56-57х/ 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 187 дугаартай прокурорын тогтоолоор хангаж шийдвэрлэсэн ба шүүгдэгчид хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх прокурорын саналыг хохирогч, шүүгдэгч нарт тус тус танилцуулснаар прокуророос Н.М-д холбогдох эрүүгийн 19100 1477 0619 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.М-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.     

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын М-12 дугаар байрны гадна автомашин дотор эхнэр Д.З- нь түүнийг “гэртээ ор” гэхэд нь “орохгүй” согтуурхан эсэргүүцэж, маргаснаас хувийн таарамжгүй харилцаа үүссэн, улмаар цагдаад дуудлага өгсөн шалтгаанаар эхнэр Д.З- нь түүнийг машинаас буулгахгүй гэхэд нь эсэргүүцэн, өөрийн эхнэр Д.З-г жирэмсэн болохыг нь мэдсээр байж нүүр, дагз тус газарт нь гараараа цохиж зодон биед нь “...зүүн чамархай, дагзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зүүн хацар хүзүүнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хохирогч Д.З /хэргин 12-13х/, гэрч Д.Ж /хэргийн 15х/ нарын мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 6 сарын 18-ны өдрийн 7327 дугаартай “Д.З-н биед зүүн чамархай, дагзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зүүн хацар хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна, дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 19х/, шүүгдэгч Н.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч Н.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын М-12 дугаар байрны үүдэнд эхнэр Д.З-той маргалдан, улмаар зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчилж ирүүлснийг тухайн гэмт хэргийн шинжийг агуулаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.

 

Учир нь: Шүүгдэгч Н.М, хохирогч Д.З нар нь гэр бүлийн хамтын амьдралаар амьдардаг, дундаасаа төрсөн үр хүүхэдтэй, эхнэр нөхөр болохын хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах субьект мөн хэдий ч шүүгдэгч Н.М-гийн зүгээс хохирогч Д.З-той хамт амьдрах хугацаанд гэрлэгчдийн эрх тэгш байх эрхийг зөрчсөн, хязгаарласан, “гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй” гаргаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар хэрэгт гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, аюулгүй байдлын дүгнэлтээр эрсдэл “хөнгөн” гэсэн мэдээлэл баримт /хэргийн 40-48х/, хүчирхийллийн аюулын зэргийг үнэлэх асуулгын хариу эрсдлийн түвшинг “дунд” гэж тогтоосон /хэргийн 49х/ зөрүүтэй дүгнэлтээр шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл: Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий хандах, догшин авирлах, зовоон тарчлаах, эдийн засгийн эрхшээлд байлгах зэргээр бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн хүчирхийллийн шинжтэй аливаа үйлдлийг байнга үйлдэж зовиур шаналал учруулдаг, уг үйлдэл тогтсон хэвшмэл шинжийг агуулж тодорхой нэг хүний /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай/ эсрэг байнгад чиглэсэн санаатай үйлдлийн улмаас Эрүүгийн хууль болон Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь хохирол, хор уршиг учирсныг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэх хуулийн зохицуулалтай. 

 

Хэрэг гарсан тухайн өдөр шүүгдэгч нь хохирогч буюу өөрийн эхнэр Д.З-г “гэртээ ор” гэхэд “орохгүй” согтуурхан эсэргүүцэж, маргаснаас хувийн таарамжгүй харилцаа үүссэн, улмаар “цагдаад дуудлага” өгсөн шалтгаанаар эхнэр Д.З нь түүнийг машинаас буулгахгүй гэхэд нь эсэргүүцэн, хохирогчийг жирэмсэн болохыг нь мэдсээр байж нүүр, дагз тус газарт нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон гэж шүүх дүгнэв. 

 

Прокуророос шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийн ..., жирэмсэн болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгч Н.Мгийн гэмт үйлдэлд тохирсон байна.  

 

Хэргийн шүүгдэгч Н.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч Д.З нь Н.М-д “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрч хамт амьдарч байгаа тухай” хэрэгт бичгээр гаргасан хүсэлт болон хавтаст хэргийн материал танилцуулсан баримтад тэмдэглэж /хэргийн 52х, 56х/ илэрхийлсэн баримттай байна.

 

Шүүх, дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Н.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу мөн зүйлийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж” үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.   

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан. 

 

Хэргийн хохирогч Д.З нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгтээ “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” хэмээн мэдүүлж /хэргийн 13х/ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй байна.

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч Н.М-гээс гаргуулах төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч Н.М нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 34х/ нь түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.  

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн хохирогч Д.З- нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд шүүгдэгч Н.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.    

 

Энэ хэрэгт Н.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.З- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                    

                                                             ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн прокуророос Б овогт Н-н М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Б овогт Н-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.М-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт Н.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.З- нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.    

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БАЗАРХАНД