Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 115/ШШ2017/0021

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Ч.А-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: “Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Эрдэнэ-Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.А миний бие 2002-2006 онд Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийг Нефтийн инженерийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй суралцан төгсөж, улмаар Дорноговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар 2015 оны 01 сарын 09-ний өдрөөс томилогдон ажиллаж, албан үүргээ биелүүлж ирсэн. 

Гэтэл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 01 сарын 23-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2016 оны 01/312 дугаар удирдамжийг баримтлан намайг үндэслэлгүйгээр ажлаас халах шийдвэр гаргасан. Тухайн шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны салбар зөвлөлд гомдлоо гаргасан боловч, Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбарын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг тус зүйлийн 25.1.1-25.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр төрийн албанаас халахаар хуульчилсан. Гэтэл дээрхи хуулийн үндэслэлийн аль нь ч надад тогтоогдохгүй байх бөгөөд миний бие удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх зөрчил дутагдал гаргаагүй, мөн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэгдээгүй, монгол улсын харъяатаас гараагүй. Миний бие төрийн албан хаагчийн шалгалтанд зохих журмын дагуу тэнцэж, миний боловсролын талаархи баримт бичгийн шалгалтыг эрх бүхий байгууллага хянан шалгасны үндсэн дээр намайг Мэргэжлийн хяналтын газарт хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ажил үүргийн биелэлт сайн дүгнэгдэж ирсэн төдийгүй, мэргэшүүлэх сургалтанд хамрагдаж ирсэн. 

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2016 оны 01/312 тоот удирдамжийг үндэслэн намайг ажлаас халсан гэх боловч ийм удирдамж гараагүй байдаг. Гэтэл дээрхи удирдамжийн дагуу гэх нэрээр Шинжлэх ухаан технологийн их сургуулиас дипломны дугаарын лавлагаа ирүүлэхдээ миний дипломны дугаар төгсөгчдийн мэдээллийн санд байхгүй гэж байгаа нь иргэн миний ямар нэгэн гэм буруутай үйлдлээс болсон буюу хуурамч диплом ашиглан төрийн албанд орсон гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд яагаад миний дипломны дугаар төгсөгчдийн санд байхгүй байгаад өөрөө ч гайхаж байна. Гэтэл дээрх асуудлыг шалган тогтоох ч боломж олгохгүйгээр намайг Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн ерөнхий шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй юм. 

Мөн түүнчлэн Мэргэжлийн хяналтын газрын даргын Б/03 дугаар тушаалаар намайг Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг буюу төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлагыг зөрчсөн гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасныг баримтлан ажлаас халсан. Гэтэл тус зүйл заалт нь 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс хэрэгжихээр заасан байх ба Төрийн албаны салбар зөвлөлөөс Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийг баримталсан нь буруу гэж дүгнэсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хулуийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй гэж үзэхэд хүрнэ. 

Иймд тус захиргааны акт нь илт хууль бус захиргааны акт болно. Иймээс миний эрх хууль ёсны ашиг сонирхолд халдан, намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 01 сарын 23-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан үеийн цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 дугаар ажлаас халах тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Ч.А-ийг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1,  25.1.2, 25.1.3 дахь хэсгээр зүйлчлэх байсан. Ч.А-д  энэ нь ямар ч хамааралгүй, гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийдэгдэж байгаагүй гэх зэрэг. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг буюу төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлагыг зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийг барьсан байдаг. Уг заалт нь 7 сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих хуулийг хэрэглэсэн байдаг. 

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 тоот захирамж хууль зөрчсөн, үндэслэлгүй гэж үзэж байна. Үндэслэлгүй гэж үзэж байгаа нь хэрэглэгдэх ёсгүй хуулийн заалтыг барьсан. Хавтаст хэргийн 8-9-р хуудсанд авагдсан маргаан хянан шийдвэрлэх комиссын дүгнэлтээр батлагдаж байгаа. Хавтаст хэргийн 22-23-р хуудсанд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өгсөн тайлбар байгаа. Нэгэнт хөдөлмөрлөх эрхийг зөрчсөнтэй холбоотой, Төрийн албаны тухай хуулийн заалт боловч хавтаст хэрэгт авагдсан материалыг үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгээр, гэтэл 40.5 дахь хэсэгт ажлаас урьдчилан халах мэдэгдлийг 45 хоногийн өмнө мэдэгдсэн байх ёстой байдаг. Гэтэл мэдэгдээгүй, тиймээс энэ нь хууль зөрчсөн байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын удирдамж, Ч.А-тэй ярилцсан тэмдэглэл байдаг. Тиймээс ажилгүй байсан хугацааны цалин 539997 төгрөг 3 сарын цалингийн дундаж болж байгаа. Үүнийг 8 сараар бодоод нэхэмжилж байна. Мөн нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах саналтай байна. Бид урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаад, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, ажлаас халсан тушаал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна. 

Хугацаа нь болоогүй хуулийн заалтыг хэрэглэж ажлаас халснаар хүний хөдөлмөрлөх эрхийн асуудал хязгаарлагдсан байна гэж үзэж байна. Бид нар урьдчилж мэдэгдсэн тиймээс хөдөлмөрийн хуулийг барих шаардлагагүй гэж яриад байна. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар зайлшгүй 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байсан. Хуулийг бид нэг мөр хэрэглэх үүрэгтэй. Эндээс хүний эрхийг зөрчсөн үү гэдгийг харах боломжтой. Манай дарга урьдчилж ярьсан мэдэгдсэн гэж байна. Бид нар хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлох учраас хэрэгт авагдаагүй баримтаар хүний эрхийг хязгаарлах ёсгүй. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа л гэнэ хэрэгт тэр талаар баримт байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээгээр Мэргэжлийн хяналтын газар үгүйсгэж чадахгүй байгаа учраас анхны саналаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга М.М шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Ч.А-ийн 2017 оны 05 сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ч-ын А нь 2015 оны 05 сарын 09-нд Мэргэжлийн хяналтын газрын даргын Б/03 дугаар тушаалаар Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар түр томилогдон ажиллаж байсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2016 оны 01/312 дугаар удирдамжийн дагуу мэргэжлийн хяналтын системийн хэмжээнд нийт албан хаагч, улсын байцаагчдын бакалаврын дипломыг шалгахад Шинжлэх ухаан технологийн их сургуулиас Ч.А-ийн дипломын дугаар төгсөгчдийн мэдээллийн санд байхгүй гэсэн лавлагааг ирүүлсэн байдаг. Төрийн албанд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй болох нь шалгалтаар тогтоогдсон тул МХЕГ-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хуурамч дипломтой албан хаагчийг ажлаас халах шийдвэр гаргасан. 

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэхийн тулд тухайн мэргэжлээр Их, Дээд сургууль төгссөн бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх шаардлагатай мөн тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай байхыг шаарддаг.  Ялангуяа улсын байцаагч нь хууль эрх зүйн болон тухайн хяналтын чиглэлээр зохих мэдлэгтэй, мэргэшсэн байх ёстой. Ч.А-ийн хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй, шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр ажлаас халах шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч Ч.А-д энэ тухай урьдчилан мэдэгдсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй, бакалаврын дипломыг дахин судалж хариу өгөх тухай “Захиргааны ерөнхий хууль”-д заасны дагуу сонсох ажиллагаа явуулж, хугацаа өгсөн боловч хариу тайлбар өгөөгүй учраас ажлаас халах шийдвэр гаргасан. 

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийг баримтлан ажлаас үндэслэлгүй халсан тухай Ч.А нэхэмжлэлдээ дурдсан байна. Хэдийгээр тус хуулийн 41.1 дэх заалтын хувьд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хуулийн хэрэгжих хугацаа нь  эхлэх боловч Ч.А нь  тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан Ерөнхий шаардлагыг хангаагүй энэ зүйл заалтыг зөрчсөн нь ажлаас халах үндэслэл болно.

 Ч.А нь  Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 25.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр төрийн албанаас халахаар хуульчилсан гэж нэхэмжлэлдээ дурджээ. Төрийн албан хаагчийг дээрх үндэслэлээр ажлаас халах ёстой. Ч.А-ийн хувьд  хуурамч дипломтой төрийн албанд  хуурч мэхлэх замаар орж ирсэн тул  Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлээр халах үндэслэлгүй харин тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас халах шийдвэр гаргасан болно. Иймд  Ч.А-ийг хуулийн байгууллагад хандаж шалгуулах болно. Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 01/312 дугаар удирдамжийн дагуу төв, орон нутгийн албан хаагчдын дипломыг шалгаад 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2/218 тоот албан бичиг ирүүлсэн. Тэр бичигт Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.А-ийн диплом зөрчилтэй болох нь тогтоогдсон тул ажлаас халах арга хэмжээ авна уу гэсэн. Үүнийг үндэслээд манай байгууллага халсан. Ч.А нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон 1 сард ирсэн албан бичгээс хуурамч дипломтой гэдэг нь тогтоогдож байна гэж үзэж байна. А-ийг хуурамч дипломтой гэдгийг хамт олон мэдээгүй байсан. Аймгийн тамгын газраас хуурамч дипломтой байна шүү гэж мэдэгдэж байсан. Мэргэжлийн хяналтын газрын дарга албан хаагчдад мэдэгдэлгүйгээр өөртэй нь уулзсан байдаг. Хэлтсийн дарга мөн адил уулзаад дипломынхоо үнэн худлыг нотлох хэрэгтэй байна гээд явуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл дарга нартай уулзаагүй, тухайн үед би дипломоо хуулийн дагуу авсан гэж хэлсэн мөртлөө тэрийгээ нотлоогүй байгаа юм. 2016 оны 8 сард газрын дарга өөртэй нь уулзаад албан ёсоор хариу өг гэж мэдэгдсэн байдаг. Тушаалыг шууд гаргасан юм биш өөрт нь хугацаа өгсөн. Тэгээд ажлаас халах шийдвэр гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 10.1 дэх хэсэгт зааснаар тушаалыг гаргасан байгаа. Гэтэл энэ хүн сургуулийг нь төгсөөгүй, төрийн албыг хуурч ажил хийсэн. Төрийн албаны шалгалтанд тэнцээд манай байгууллага түр томилоод ажилд авсан байдаг. Ажиллах хугацаандаа шаардлага хангаагүй ажилласан. Мэргэжлийн сургуулийг төгсөөгүй, манай байгууллага бүх л арга хэмжээг авдаг. Юу ч мэдэхгүй хүн ажилд ороод иргэн, аж ахуй нэгжийг хохироогоод явсан байдаг юм. Хүний амь нас хохирсон хэрэг дээр ахуйн осол гээд буруу дүгнэлт гаргасан байдаг. Ар гэрийнхэн нь гомдол гаргаж байж ахлах байцаагчаар актыг нь хүчингүй болгож, тэр хүн шүүхэд гомдол гаргах эрхтэй болж шүүхэд хандсан байдаг. Ч.А нь иргэдээс ирсэн гомдол болон албан бичгийг нуун дарагдуулаад өөрийнхөө сэтгэлийн хөөрлөөр акт гаргасан байдаг. Манай мэргэжлийн хяналтын газрын нэр хүндийг унагасан. Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн. А Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлагыг хангаагүй. Гэрчүүдийн мэдүүлэг ч байна. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах ёсгүй, энэ хүн 20-оод сая төгрөгөөр төрийг хохироосон гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 

Тухайн үед Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийг бариад, 41.1 дэх хэсгийг нэмж хэрэглэсэн. 2017 оны 1 сард гаргасан тушаал байгаа. Хуулийн заалтын хэрэгжих хугацааг харахгүйгээр энэ хуулийн заалтыг барьсан юм.  Энэ хуулийг барихдаа тус хуулийн 25, 26 дугаар зүйлийг зөрчсөн байгаа учраас 41.1 дэх хэсгийг барьсан. Агуулгаараа адилхан, хэрэгжих хугацааг нь л анзааралгүйгээр барьсан байсан. 2015 онд өөрчлөлт орсон байхыг харсан, тухайн үед манайх ажил ихтэй байснаас санамсаргүйгээр хууль хэрэгжих хугацааг хараагүй байсан. Лавлагаа буруу ирээд манай талын буруугаас халагдсан бол цалин гаргаж өгөх боломжтой байсан. Төрийн албыг хохироосон гэж үзэж байна. Төрийн албанд ажилласан цалинг нь буцаан нэхэмжлэх болно. Манай талаас Цагдаад гомдол гаргана гэж бодоогүй, энэ хүн албан байгууллагыг шүүхэд хандаж байгаа болохоор, хуурч мэхлэх аргаар төрийн албанд орно гэдэг залилангийн хэрэг гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.А нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгэх” гэж багасгасан байна.

1. Маргааны үйл баримтын талаар: 

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Боловсролын баримт бичигт шалгалт хийх тухай” 01/312 дугаар удирдамжийн  дагуу аймаг нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын нийт 1771 ажиллагсдын боловсролын баримт бичигт шалгалт хийжээ.

Шалгалтын явцад Монгол Улсын Шинжлэх ухаан, Технологийн их сургуулийн Сургалтын бодлого, чанарын албанаас “...Ч.А-ийг 2006 онд “Нефть, хийн хадгалалт тээвэрлэлт” мэргэжлээр суралцан төгсөөгүй бөгөөд “D200610191” дугаар бүхий бакалаврын диплом нь төгсөгчдийн санд байхгүй” тухай лавлагааг 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 02/17 дугаар албан бичгээр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газарт ирүүлсэн байх ба 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/312/05 дугаар Хяналт шалгалтын танилцуулгын “Бакалаврын диплом нь нотлогдоогүй улсын байцаагчдын нэрсийн жагсаалт”-ын гэх хавсралтын 12-т “Ч.А, Дорноговь МХГ, ШУТИС, нефтийн инженер, 200610191 дугаартай нефть, хийн хадгалалт, тээвэрлэлт” мэргэжлийн диплом олгогдоогүй байна”  гэжээ.

Үүний дараагаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд даргаас 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2/218 дугаар албан бичгийг Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад ирүүлсэн албан бичигт “Ч-ын А-ийн бакалаврын диплом зөрчилтэй болох нь тогдоогдсон байна, хуулийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авна уу” гэж дурдсан байх ба Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 дугаар “Ажлаас халах тухай” тушаалаар  /цаашид “маргаан бүхий 2017 оны Б/03 дугаар акт” гэх/ нэхэмжлэгч Ч-ын А-ийг “төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлагыг хангаагүй” гэж Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалтыг тус тус үндэслэн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн үүрэгт ажлаас нь халсан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...А-ийг халахдаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийг баримтлаагүй, хэрэгжих хугацаа нь болоогүй Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалтыг баримталсан нь хууль бус болсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар 45 хоногийн өмнө мэдэгдээгүйгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн” гэж тайлбарлан маргаж байгаа боловч, маргаан бүхий акт болох 2017 оны Б/03 дугаар тушаалын “...төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Харин хариуцагч, түүний төлөөлөгчийн зүгээс “А хуурамч баримт бичиг ашиглан төрийн албанд орсон, төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлагыг хангаагүй учраас төрийн албанд ажиллах эрхгүй, түүнийг ажлаас халсан тушаал эрх ашгийг нь зөрчөөгүй” гэх агуулгаар нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлийг үгүйсгэсэн болно.

2. Маргаан бүхий 2017 оны Б/03 дугаар актын “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлийн талаар:

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэж заасан байх ба хариуцагчаас нотлох баримтаар ирүүлсэн Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчийн “Ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолт”-ын  Ажлын байранд тавигдах шаардлагад боловсрол-“дээд боловсролын бакалаврын зэрэгтэй” мэргэжил-“инженер эдийн засагч”, мэргэшил-“хөдөлмөрийн харилцаа, аюулгүй ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх” гэжээ.

Монгол Улсын Шинжлэх ухаан, Технологийн их сургуулийн Сургалтын бодлого, чанарын албаны 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 02/17 дугаар , 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 42/17 дугаар  албан бичигт “...Ч.А-ийг 2006 онд “Нефть, хийн хадгалалт тээвэрлэлт” мэргэжлээр суралцан төгсөөгүй бөгөөд “D200610191” дугаар бүхий бакалаврын диплом нь төгсөгчдийн санд байхгүй” гэж тус тус дурдсанаар;

Мөн Монгол Улсын Шинжлэх ухаан, Технологийн их сургуулийн ректорын 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 170 дугаар “Төгсөгчдөд мэргэжил, мэргэжлийн зэрэг, диплом олгох тухай” тушаал ;

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8/5763 дугаар албан бичигт  “Монгол Улсын Шинжлэх ухаан, Технологийн их сургуулийн 2006 оны бакалаврын дипломын талаарх мэдээлэлд D200610191 дугаартай Ч.А-ийн мэдээлэл байхгүй тул лавлагаа гаргаж өгөх боломжгүй болно” гэж дурдсанаар;

Гэрч Д.Г-ын “...Ч овогтой А нь 2006 онд тус сургуулийг Нефьт, хийн хадгалалт, тээвэрлэлт мэргэжлээр төгссөн гэсэн мэдээлэл манай төгсөгчдийн мэдээллийн санд байхгүй болохыг мэдэгдсэн, ...2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Шинжлэх ухаан, Технологийн их сургуулийн ректорын тушаалын хавсралтад тухайн мэргэжлээр төгсөгчдийн дунд Ч.А-ийн нэр байхгүй байсан, ..:Ч.А-ийн диплом нь тус сургуулиас олгогдоогүй нь тогтоогдсон” гэх мэдүүлэг  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ч.А-ийг төрийн албан тушаалд тавих “тухайн албан тушаалыг эрхлэх, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх” ерөнхий шаардлагыг хангаагүй буюу дээд боловсрол эзэмшээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн төлөөлөгч нь маргаан бүхий актад хэрэгжих хугацаа нь болоогүй Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-ийг үндэслэсэн нь хууль бус, мөн актад Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.5-д заасныг тус тус үндэслэл болгоогүй нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 40.5-д “энэ хуулийн 40.1, 40,2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Ч.А-ийн эрхэлж байсан “Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч”-ийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д зааснаар “төрийн захиргааны албан тушаал”-д хамаарах ба энэ нь мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд багтаж байна. Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр бус төсвийн шууд захирагчтай “Үр дүнгийн гэрээ” байгуулан ажилладаг бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйлүүдийг баримтлаагүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл “төрийн албаны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавигдах шаардлага, ...төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгааг” нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-ийг үндэслэл болгон Ч.А-ийг төрийн албанаас халсан нь үндэслэлтэй, харин нэгэнт төрийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй буюу төрийн албанд ажиллах эрхгүй нь тогтоогдсон байхад төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй юм.

Маргаан бүхий актад 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-ийг үндэслэл болгосон талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн маргасан нь үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгч Ч.А нь төрийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй буюу дээд боловсрол эзэмшээгүй болох нь нэгэнт тогтоогдож байгаа тул түүний шаардаж буй “төрийн албанд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол” нь маргаан бүхий 2017 оны Б/03 дугаар актын улмаас хөндөгдөөгүй байна. Өөрөөр хэлбэл нэгэнт төрийн албан тушаалыг эрхлэх ерөнхий шаардлага, болзолыг хангаагүй иргэний тухайд төрийн албанд ажиллах эрх үүсэхгүй юм.

Иймээс нэхэмжлэгчийн “Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгэх” нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн бөгөөд хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй зарим баримтыг үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх зүйлд заасныг баримтлан Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан гаргасан “Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгэх” тухай Ч.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ОТГОНТУЯА