Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2020/0415

 

 

 

 

 

                                                                                                                               

 Г.С, С.Т нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б, нэхэмжлэгч С.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нарыг оролцуулан,  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 277 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын дагуу Г.С нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 277 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.С, С.Т тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 0.008 га газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 189 дүгээр захирамжийн 8 дахь хэсэг хууль бус байсан болохыг тогтоож,

2 дахь заалтаар: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгтзаасны дагуу нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод  хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2020/0277 шийдвэрт гомдол гаргаж байна.

Учир нь нэхэмжлэгч Г.С, С.Т нарт газар эзэмшүүлэх ямар нэгэн захирамж шийдвэр гараагүй байдаг. Дүүргийн Газрын алба нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7-д “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”-ыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох ёстой гэж заасан байхад ийм үйл баримт хэрэгт байдаггүй.

Газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр үндэслэсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 109 дүгээр захирамж нь ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй зохион байгуулалтын шинжтэй захирамж юм. Иймд Г.С, С.Т нарт хуульд заасан газар эзэмших эрх үүсээгүй болох нь тодорхой нотлогдож байна.

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх, гэж заасан. Харин бодит байдал дээр Г.С, С.Т нар нь газрыг эзэмшиж ашиглаж байгаагүй байдаг бөгөөд уг газрыг өөрсдөө ч эзэмшиж байгаагүйгээ хэлдэг. Иймээс Засаг даргын шийдвэр байгаагүй учраас кадастрын зураг мэдээллийн санд авагдаагүй тул өмчилсөн 208 кадастрт 135-аар орсон зураг, хууль ёсны зураг эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байна.

Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан  шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг  үндэслэн  иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль  тогтоомжид   заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ” гэж заасан байхад иргэн Г.С газар өмчлөх эрхээ баталгаажуулаагүй учраас газар өмчлөх эрх үүсээгүй байна гэж үзэж байна.

Мөн хуулийн 27.2-т Газар өмчлөгч иргэний үүргийг тодорхойлсон бөгөөд 27.2.1-д “Газрын тухай болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх ”-д гэж заасан тул иргэн хуулиа биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг манай байгууллага хариуцахгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгох давж заалдах ... гомдлыг хангаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Г.С, С.Т нарын “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 189 дүгээр захирамжийн 8 дахь хэсгээр Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст олгосон 0.008 га газар нэхэмжлэгч нарт Нийслэлийн Засаг даргын 2003 оны 524 дүгээр захирамжаар өмчлүүлсэн 208 м.кв газартай давхцуулан олгосон нь хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 109 дүгээр захирамж[1]-ийг /иргэд газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор дүүргийн газар нутаг дэвсгэрт бүртгэлтэй, газрын тооллого бүртгэлд хамрагдсан, газар эзэмших гэрчилгээгээ шинэчилж аваагүй иргэдийн гэрчилгээжүүлэг шинэчлэн баталгаажуулах, тодорхой шалтгааны улмаас гэрчилгээ аваагүй, газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдийг гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүргийн Газрын албанд даалгасан/ үндэслэн 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 25 дугаар гудамж 586 тоот газрыг иргэн Г.С-д хашааны зориулалтаар 2 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж 0101004130 дугаар гэрчилгээ[2] олгосон байна.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 524 дүгээр захирамжаар тухайн хаягт Г.С (түүний хүү С.Тхамтран өмчлөгч)-д 208 м.кв газрыг өмчлүүлсэн болох нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02-04/1658 дугаар албан бичиг[3] болон түүнд хавсарган ирүүлсэн баримтууд, хэмжилтийн акт[4] зэргээр тогтоогдож байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Г.С, С.Т нарт хуульд заасан газар эзэмших эрх үүсээгүй болох нь тодорхой ... Засаг даргын шийдвэр байгаагүй учраас кадастрын зураг мэдээллийн санд авагдаагүй тул өмчилсөн 208 кадастрт 135-аар орсон зураг, хууль ёсны зураг эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байна ...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн тухайн үед нэхэмжлэгч Г.С-д эзэмшил газрын хэмжээ, байршлыг заасан кадастрын зураг үйлдэгдээгүй, энэ талаарх баримт авагдаагүй байх боловч анх 2004 оны 03 дугаар сарын 20-ны өдөр газрын мэдээллийн санд нэгж талбарын 18638312925236 дугаартайгаар 135.89 м.кв хэмжээтэйгээр бүртгэгдсэн, газрын хэмжээг 208 м.кв гэж тэмдэглэгдсэн хэмжилтийн акт гэх баримт, мөн нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Г.С, С.Т нарын өмчилсөн газрын кадастрын зураг дээрх нэгж талбарын 18638312925236 тоот 135.89 м.кв хэмжээгээр тухайн үед хэрэглэгдэж байсан Автокад программд бүртгэгдсэн гэх 02-04/1658 дугаар албан бичиг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Гуравдагч этгээдийн газар эзэмшлийн тухайд, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс 2003 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрх олгохыг хүссэний дагуу Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Барилгын байршил тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох тухай” 189 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гэмтэл согогийн клиникийн нэгдсэн эмнэлгийн баруун хойд дэнж, Горькийн гудамжинд дахь 0,008 га газрыг цагдаагийн хэлтсийн кобаны барилга барих зориулалтаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст эзэмшүүлсэн, улмаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 296 дугаар захирамж[5]-аар дээрх газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгаж, 2008 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ[6] олгосон байна.

Ийнхүү гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа Баянгол дүүргийн 09 дүгээр хороонд байрлах  газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нэрийг Цагдаагийн хэлтсийн 48 дугаар хэсэг, газрын хэмжээг 99 м.кв гэж, мөн хавсралтын 50-д 11 дүгээр хороонд байрлах Цагдаагийн 49 дүгээр хэсгийн байрны газрын хэмжээг 574 м.кв гэж газрын хэмжээ болон Цагдаагийн хэсгийн дугаарыг сольж бичсэн алдаа гаргасан байх бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Гуравдагч этгээдэд олгосон Нийслэлийн Засаг даргын 2004 оны 189 дүгээр захирамжийн үйлчлэл дуусч, 2008 оны 296 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгасан байх бөгөөд түүнээс хойш эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас уг газар эзэмших эрхийн хугацааг сунгасан захирамж гараагүй, гуравдагч этгээдийн зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулах талаар хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдсон байх тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу газар эзэмших эрх нь дуусгавар болсон байна.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргахаар, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар газар эзэмших хүсэлт гаргасан иргэний хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлага хангагдсан тохиолдолд эрх бүхий этгээд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаар тус тус хуульчлагдсаны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх талаар шийдвэр гаргахдаа газар эзэмшлийн давхцал үүсэх эсэх, тухайн этгээдэд газар эзэмшүүлж, өмчлүүлэхэд харшлах шалтгаан нөхцөл байгаа эсэхийг бүх талаас нь шалган тогтоох үүрэгтэй.

Гэтэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга гуравдагч этгээдэд  2004 оны 189 дүгээр захирамжаар 573.7 м.кв газар эзэмших эрх олгохдоо уг газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай эсэхийг шалгаж, тогтоолгүйгээр нэхэмжлэгч нарын өмчлөлийн газартай давхцуулан газар олгосон болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02-04/1658 дугаар албан бичиг[7]-т хавсарган ирүүлсэн зурган мэдээллээр тогтоогдож байх тул уг захирамжийн 8 дахь хэсгийг шүүх хууль бус байсан болохыг тогтоосон нь үндэслэлтэй зөв байна.

Эрх бүхий төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр нэхэмжлэгчид 208 м.кв газрыг өмчлүүлсэн, уг шийдвэр хүчин төгөлдөр байх тул улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэсэн үндэслэлээр тэдний газар өмлчөх эрх үүсээгүй гэж үзэх хууль зүйн боломжгүй, тухайн газраа бодитоор ашиглаагүй гэсэн шалтгаар нэхэмжлэгч нарын газартай давхцуулан бусдад газар эзэмшүүлсэн хариуцагчийн буруутай үйл ажиллагааг зөв гэж үзэх үндэслэлгүй.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.Б

 

ШҮҮГЧ                                                                       А.С

 

ШҮҮГЧ                                                                       Н.Х

 


[1] 1-р хавтаст хэргийн 174 дэх тал

[2] 1-р хавтаст хэргйин 50 дахь тал

[3] 2-р хавтаст хэргийн 11 дэх тал

[4] 1-р хавтаст хэргийн 51 дэх тал

[5] 1-р хавтаст хэргийн 99 дэх тал

[6] 1-р хавтаст хэргийн 144 дэх тал

[7] 1-р хавтаст хэргийн 11-16 дахь тал