Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 1364

 

“Ургамал-Од” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/04150 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Ургамал-Од” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Их бодонч” ХХК-д холбогдох

Гэрээнээс учирсан хохиролд 700 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбатын гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Санжхүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч “Ургамал-Од” ХХК-ийн төлөөлөгч С.Санжхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2009 оноос “Их бодонч” ХХК-ийн захиралтай борцны үйлдвэр байгуулан ажиллуулахаар тохиролцож хамтран ажиллах гэрээ байгуулсан, гэрээгээр миний өмчлөлийн улсын бүртгэлийн 2204021590 дугаартай, Баянзүрх дүүргийн, 10 дугаар хороо, Амгалан-1, ХД-80, ХД-84 хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай барилга, эзэмшлийн нэгж талбарын 3020/0406 дугаартай газар эзэмших эрх, өмчлөлийн улсын бүртгэлийн 2206008197 дугаартай ХУД, 12 дугаар хороо, Мал бригадын 1 дүгээр гудамж, 27А тоот хаягт байрлах, фермийн зориулалттай барилга, өмчлөлийн 2206002183 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөлийн 2205002184 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний газар, эзэмшлийн талбарын 18671295831513 дугаартай Налайх дүүрэг, 4 дүгээр хороо Үйлдвэрлэлийн бүс хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх зэрэг гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг банкны барьцаанд тавьж жижиг дунд үйлдвэрлэлийг дамжих сангаас 400 000 000 төгрөгийн зээл авч, зээлийн хөрөнгөөр “Их бодонч” ХХК, түүний захирал Л.Дашрэнцэн борцны үйлдвэр байгуулан дангаараа ажиллуулж, 5 жил шахам хугацаанд тодорхой хэмжээний ашиг орлого олсон ч  гэрээний үүргээ үл биелүүлэн манайд ашиг өгөөгүй. Банкны зээлийн хөрөнгөөр борцны үйлдвэр барьж, ашиглаж, ашиг олсон мөртлөө банкны зээлээ төлөхгүй явсаар шүүх “Их бодонч” ХХК-иас 459 732 212,9 төгрөг гаргуулж банкинд олгох, нэхэмжлэлийн шаардлагыг барьцааны хөрөнгөөс гаргуулахаар 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1805 тоот шийдвэр гаргасан. “Их бодонч" ХХК төлбөрөө төлөхгүй байсаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага миний нэр дээрх Амгалангийн гурилын үйлдвэрийн объектыг худалдан банкны төлбөрийг төлүүлж, намайг хохироогоод байна. Шүүх барьцааны хөрөнгөөр банкны хохирлыг төлсний дараа хохирлоо “Их бодонч” ХХК-иас жич нэхэмжил гэсэн. “Их бодонч” ХХК-ийн захирал Л.Дашрэнцэнгийн залилан мэхэлсэн санаатай үйлдлийн улмаас барьцаанд тавьж хураагдан зарагдсан объектын үнэ 513 000 000 төгрөг, надаас авсан 27 000 000, борцны үйлдвэр ажиллаж эхэлсэн хугацаанаас ашгийн ногдох 327 000 000 төгрөг, 1 цагт 2 тонн борц үйлдвэрлэх хүчин чадалтай тоног төхөөрөмж оруулан ирсэн бөгөөд жилдээ 2 тэрбум гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажиллах тооцоо хийгдсэн/ нийт 867 000 000 төгрөг болж байна. Дээрх хохирлоос “Их бодонч” ХХК-иас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн 100 000 000 төгрөг, намайг авсан гэх 67 000 000 зэргийг хасаж тооцвол 700 000 000 төгрөгийн хохирлыг “Их бодонч” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Их Бодонч” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Ургамал од” ХХК нь манай компаниас 700 000 000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй, манай компани 2-ын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний асуудал болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас авсан 400 000 000 төгрөгийн зээлийн гэрээний асуудлаар урьд нь цагдаа, шүүхээр удаа дараа шийдвэрлэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол шийдвэрүүд гарсан. Барьцаанд тавьж хураагдсан объектын үнэ 513 000 000 төгрөгийн тухайд 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1805 дугаартай шүүхийн шийдвэрээр Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас авсан зээл, хүүгийн төлбөрт 439 851 962 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн.Банкнаас авсан зээлийн 166 544 066 төгрөгийг манай компани авч үйл ажиллагаанд хэрэглэсэн, 187 792 806 төгрөгийг С.Санжхүү авсан болохыг тогтоосон шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гарсан. Үүний дагуу манай компани зээлийн мөнгөнөөс авч үйл ажиллагаандаа хэрэглэсэн зээл, хүүд 170 000 000 төгрөгийг төлсөн, одоо манай компанид зээлийн гэрээтэй холбоотой хэн нэгэнд төлөх төлбөр байхгүй болно. “Их бодонч” ХХК болон Л.Дашцэрэн миний хувьд С.Санжхүүгээс 27 000 000 төгрөг авч байгаагүй тул энэхүү мөнгийг нэхэмжлэх үндэслэлгүй. Борцны үйлдвэрт 2009 онд тоног төхөөрөмж худалдан авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч ямар нэгэн ашиг олоогүй, дандаа алдагдалтай ажилласан. Үүнийг мэдээд С.Санжхүү нь тус үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2010 онд ажлаа хаяад явсан тул ашиг гэж 327 000 000 төгрөг нэхэмжилсэн нь ямар ч үндэслэлгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Их бодонч” ХХК-иас /РД:5254906/ гэрээнээс учирсан хохиролд 346 000 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Ургамал-Од” ХХК /РД 2843161/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 354 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 887 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.  

Хариуцагч “Их бодонч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Шүүх шүүх хуралдаанд хэргийн оролцогчийг байлцуулалгүйгээр хэлэлцэн шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан "шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох" эрхийг хязгаарлах санаатай үйлдэл гаргаж хэргийг шийдвэрлэсэн. Мөн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх захирамж гарсаны дараа хэргийн материалыг танилцуулаагүй, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн. Банкнаас авсан зээлээс 187 792 806 төгрөгийг С.Санжхүү авсан талаар шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон өмнө тус асуудлаар эрүүгийн журмаар хянан шийдвэрлэгдсэн хэргийн материал холбогдох баримтуудыг гаргаж өгөх цаг хугацааны боломж олгоогүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Ургамал-Од” ХХК нь “Их бодонч” ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээнээс учирсан хохиролд 700 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “…манай компани банкнаас зээл авснаас 166 544 066 төгрөгийг үйлдвэртээ зарцуулаад 170 000 000 төгрөгийг буцаан төлсөн, зээлээс 187 792 806 төгрөгийг нэхэмжлэгч авч хувьдаа ашигласан, нэхэмжлэгчээс 27 000 000 төгрөг аваагүй, үйлдвэр ашиглалтад орсон ч ашиг олоогүй” гэж маргажээ.

Зохигчид 2009 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мах боловсруулах үйлдвэр барихаар, “Их бодонч” ХХК нь Биокомбинатын махны үйлдвэрийн барилга, газрыг, “Ургамал-Од” ХХК нь Амгалангийн үйлдвэр, агуулах, конторын барилга, 200 м.кв газар, Биокомбинатын фермерийн аж ахуй, Налайхын төмөр зам бүхий 6 га газар, тариалангийн 200 га газрыг тус тус 2009 оны 10 сард бэлэн болгож, хувь нийлүүлсэн хэлбэрээр 3 жилийн хугацаанд хамтран ажиллахаар гэрээ байгуулжээ.

“Их бодонч” ХХК-ийн нэр дээр үйл ажилагааг явуулахаар, 1 жилээр ээлжлэн хувь тэнцүү удирдлагаар хангаж, гэрээний хэрэгжилтэд талуудын хэн аль нь хяналт тавьж, хамтын үйл ажиллагаанд оруулсан эд хөрөнгө нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхаар, хөрөнгийг оруулсан эзнийх нь зөвшөөрлөөр захиран зарцуулахаар тохиролцсон боловч талууд 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нэмэлт гэрээг бичгээр байгуулж, “Их бодонч” ХХК-ийн болон төслийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх эрх, үүргийг Ерөнхий захирал С.Санжхүү, хяналт тавих эрх, үүргийг гүйцэтгэх захирал Л.Дашрэнцэнд олгож, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд барьцаанд тавьсан 611 300 000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн 568 800 000 төгрөг нь С.Санжхүүгийнх, 42.500 000 төгрөг нь Л.Дашрэнцэнгийнх болохыг тодорхойлон гарын үсэг зуржээ.

Хариуцагч “Их бодонч” ХХК нь хамтын ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас 400 000 000 төгрөгийн зээл  авч, өөрийн хөрөнгө болон “Ургамал-Од” ХХК-ийн захирал С.Санжхүүгийн 6 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан, зээлдэгч зээлийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс банк хугацаанаас өмнө гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хариуцагч “Их бодонч” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 459 732 212,59 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч банкинд олгох, хариуцагч нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасан Баянгол дүүргийн 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1805 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/01-1200 тоот албан бичгээр “төлбөр төлөгдөхгүй нөхцөл болон төлбөр төлөгчийн хүсэлтийн дагуу урт хугацааны туршид хуваарь гарган төлүүлэхээр тохиролцон бага, багаар төлүүлэх шаардлагатайн үүднээс гүйцэтгэлийн ажиллагааг зогсоолгох” хүсэлт гаргаснаар 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг буцаасан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч “Ургамал-Од” ХХК нь ганц гишүүнтэй, тэр нь С.Санжхүү болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон, түүний өмчлөлийн улсын бүртгэлийн 2204021690 дугаартай,Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Амгалан-1/13260/, ХД-80, ХД-84 хаягт байрлах контор, үйлдвэрийн агуулахын зориулалттай 782 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө болон нэгж талбарын 3020/0406 дугаартай газар эзэмших эрхийн хамт худалдаж, зээлийн гэрээгээр “Их бодонч” ХХК-ийн хариуцан төлбөл зохих 513 670 000 төгрөгийн үүргийг биелүүлсэн үйл баримтад талууд маргахгүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Санжхүү нь зээлээс 187 792 806 төгрөгийг авсан гэж хариуцагч маргасан ч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Хариуцагч нь эрүүгийн хэргийн баримтуудаас иш татаж байгаа боловч эрүүгийн байцаан шийтгэх ажиллгааны явцад бүрдүүлсэн баримтуудыг иргэний хэргийн маргаанд хамааралтай үйл баримтыг шууд нотлох баримт гэж үнэлэх боломжгүй бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын тэгш эрх, мэтгэлцэх зарчимд нийцэхгүй юм.  

Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний хүрээнд хамтын үйл ажиллагааг явуулах зорилгоор нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйлийг барьцаанд шилжүүлсэн боловч хамтын үйл ажиллагаа цаашид үргэлжлээгүй, гэрээний хүрээнд олгох ашиг, үр шимийг хувиарлаагүй, хамтын үйл ажиллагааны хүрээнд авсан зээлийг гэрээний нэг тал дангаар ашиглан эргэн төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулж зардал, алдагдал хүлээсэн байна.

Иймд нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасны дагуу барьцааны үл хөдлөх хөрөнгийг худалдаж хариуцагчийн төлбөрийг барагдуулсан 513 000 000 төгрөгөө хохиролд тооцож, үүнээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 100 000 000 төгрөг болон Л.Дашрэнцэнгээс авсан 67 000 000 төгрөгийг хасаж, нийт 346 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй, анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Анхан шатны шүүх хуралдааны товыг 2016 оны 05 дугаар зүйлийн 24-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Лхагвабаяр, өмгөөлөгч Л.Жавзмаа нарт утсаар мэдэгдэж баталгаажуулсан баримт  хэргийн 136 дугаар талд авагджээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт “… мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно” гэсэнтэй нийцжээ. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагч нь энэ үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/004150 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Их бодонч” ХХК-ийн төлсөн 1 887 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                     ШҮҮГЧИД                               А.МӨНХЗУЛ

                                                                                    Ш.ОЮУНХАНД