Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00026

 

Р.Гы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01450 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2017/01902 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Р.Гы нэхэмжлэлтэй

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдох,

Бололцооны дагуу өөр ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндоржийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга, нарийн бичгийн даргаар Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа ...Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд... гэснийг хасч, шаардлагаа тодруулсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд захирлаас өөр албан тушаалд томилох эрхгүй учраас бололцооны дагуу өөр ажилд томилох эсэхийг хариуцагчийн эрх хэмжээнд үлдээсэн. Р.Г 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/18 дугаар Хөдөлмөрийн сайдын тушаалаар Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар томилогдон ажиллаж байсны дараа Хөдөлмөрийн сайд солигдож, 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/69 дүгээр тушаалаар Р.Гыг ажлаас нь чөлөөлж, И.Жанболатыг тус төвийн захирлаар томилсон. Дээрх тушаалыг эс зөвшөөрч Р.Г нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхийн шатанд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/69 дүгээр тушаалаа хүчингүй болгож, Р.Гыг ажилд нь эгүүлэн авсан.

Гэтэл И.Жанболат Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх түүнийг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар эгүүлэн тогтоосон шийдвэрт давж заалдах гомдол гаргасан боловч уг шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны Б/196 тоот тушаалаар Р.Гыг ажлаас нь чөлөөлж, И.Жанболатыг томилсон нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу хийгдсэн үйлдэл юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ажилтны ажлын байрыг өмнө нь эрхэлж байсан албан тушаалтныг зохих ёсны ажлын байраар хангах нь ажил олгогчийн үүрэг гэж үзэж байна. И.Жанболатыг ажилд томилохдоо Р.Гд шинээр ажлын байр санал болгоогүй шууд ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч ажлын байраар хангахыг үүрэг болгосон учраас Р.Г бололцооны дагуу өөр ажлын байранд орох эрх нь байгаа. Ажлаас чөлөөлөгдөх үед Р.Г нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн захирамжаар 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүүхдийг үрчилж авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар ...3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж, ахуй нэгж байгууллага татагдсан буугдсан болон энэ хуулийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас чөлөөлөхийг хориглосон байдаг. Нярай хүүхэд үрчлэн авсан ажилтанд чөлөө олгох зохицуулалтыг харгалзахгүйгээр ажлаас чөлөөлсөн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан.

Иймд Р.Гыг бололцооны дагуу өөр ажилд томилох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны Б/196 дугаар тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь хэсэгт заасанд холбогдох шүүхийн шийдвэр магадлалыг үндэслэсэн. Нэхэмжлэгч төрийн үйлчилгээний албан тушаалтан. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасан заалтуудыг баримталсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь дараах тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй гэж, мөн хуулийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, мөн хуулийн 37.1 дэх хэсэгт зааснаар дараах үндэслэлээр дуусгавар болгоно гэж заасан. Мөн хуулийн 37.1.5 дахь хэсэгт ажлаас буруу халагдсан ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болно гэж тус тус заасан байдаг. И.Жанболатыг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас шүүхийн шийдвэрийг биелүүлж, түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Р.Гыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу, сонгон шалгаруулалтад орж томилогдсон И.Жанболатыг ажилд нь эгүүлэн тогтоох хууль зүйн шаардлага, үүрэг бий болсон. Ажил эрхэлж байсан ажилтны ажил албан тушаалд шинээр орсон ажилтны ажиллах нь ажил олгогчийн хүсэл зориг хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэлд хамаарал байдаггүй. Шүүхийн шийдвэрийн дагуу И.Жанболат томилогдсон гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн ...бололцооны дагуу өөр ажилд томилох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй.

2013 онд Р.Гыг Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар томилоогүй, харин захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Энэ талаар Захиргааны хэргийн шүүх дүгнэлт хийсэн ба нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт явуулж тэнцсэн хүнийг Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан. Харин нэхэмжлэгч талаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ажилд эгүүлэн тогтоох, цалин хөлс олгох шийдвэр гарах боломжгүй. И.Жанболатыг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон. Харин Р.Гы ажилд эгүүлэн тогтоох тухай шаардлага биелэх боломжгүй ба нэг ажлын байран дээр хоёр шийдвэр гарах боломжгүй учир ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох боломжгүй. Р.Г Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад ороогүй, Төрийн албан тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагчид тавигдах ерөнхий болон хуульд заасан тусгай шаардлага хангасан нь тогтоогдоогүй мөн дээд боловсролгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь өөр албан тушаалд томилогдохыг хүссэн бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, яамны төрийн нарийн бичгийн даргын хувьд харьяа байгууллагын зөвхөн удирдах албан тушаалтныг томилж, чөлөөлдөг. Төрийн албаны тухай болон Боловсролын тухай хуульд төрийн албан хаагч зайлшгүй дээд боловсролтой, бусад хуульд заасан тусгай шаардлага хангасан, төрийн албаны сонгон шалгаруулалтад орсон этгээдийг томилдог. Гэтэл Р.Г дээд сургууль төгссөн баримтгүй, төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад ороогүй. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал нь Төрийн албаны тухай хуульд заасан тусгай шаардлага хангасан этгээд байна. Р.Г шаардлага хангаагүй, нөөцөд бүртгэгдээгүй учраас бололцооны дагуу өөр ажил албан тушаалд томилох боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01450 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь нэхэмжлэгч Р.Гыг бололцооны дагуу өөр ажлын байраар хангахыг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 6 730 360 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Гд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь нэхэмжлэгч Р.Гы нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2017/01902 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01450 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүх нь иргэн Р.Гы нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагаасаа өөрчилж, тодруулаагүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэртээ ...нэхэмжлэгч Р.Г нь хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан бололцооны дагуу өөр ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” гэж нэхэмжлэгч бус шүүхүүд тодорхойлж, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/196 дугаар тушаалыг хүчингүй болгуулах үндсэн шаардлагыг орхигдуулж, уг асуудлаар дүгнэлт хийгээгүй нь процессын хуулийн ноцтой зөрчил болно.

Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “МСҮТ-д бололцооны дагуу ажлын байраар хангуулах” гэснийг “бололцооны дагуу ажлын байраар хангуулах” гэж өөрчилснийг буруу үнэлсэн байна. Уг тодруулгад “тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагаа өөрчилсөн, татгалзсан зүйл байхгүй байхад анхан шатны шүүх орхигдуулж, давж заалдах шатны шүүх “...тушаал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах тул тусдаа шаардлага гэж үзэхгүй юм.” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй ажлаас чөлөөлсөн тушаалын талаар “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх...” тухай дүгнэсэн байна.

Бололцооны дагуу өөр ажилд томилохыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах ЭМД болон НД-ын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагын тухайд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар н.Жанболатыг эгүүлэн тогтоосон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна. Энэ дагуу нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймаг дахь МСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилуулах шүүхийн шийдвэр гаргах боломжгүй, бүтэц, орон тооны хязгаарын хувьд Я.Гүлстаныг ажлын байраар хангах боломжгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Р.Гы хувьд Баян-Өлгий аймгийн МСҮТ-ийн захирлаар сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогдоогүй, харин хууль тогтоомж зөрчиж хууль бусаар түр орлон гүйцэтгэгч гэсэн статустайгаар ажиллаж байсан билээ. Энэхүү түр орлон гүйцэтгэгч гэсэн статусын хувьд тухайн албан тушаалд сонгон шалгаруулалт явагдаж өөр этгээд жинхлэн томилогдох эсхүл өмнөх ажиллаж байсан хүн шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн тогтоолгох нөхцөлд ажлаас чөлөөлөгдөх хууль зүйн зохицуулалттай, жинхэлсэн албан хаагчид олгогддог баталгаагаар хангагддаггүй билээ.

Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “хариуцагч нь нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд өөр ажилд томилох эрх зүйн зохицуулалтгүй тул бололцооны дагуу өөр ажилд томилохыг даалгуулья” гэжээ. Нэхэмжлэгчийн талын тавьж буй энэ үндэслэлээр бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын томилдог албан тушаалуудад бололцооны дагуу ажлын байраар хангуулах гэж ойлгогдохоор байна. Эдгээр албан тушаалууд нь аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Мэргэжлийн сургалт, үйлдвэрийн төвийн захирал, харьяа Улсын төсөвт үйлдвэрийн газрын дарга буюу төсвийн шууд захирагч нарыг л сайд томилдог билээ. Гэтэл төрийн албаны хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэж заасан. Энэхүү хуулийн шаардлагын хүрээнд төрийн албаны сонгон шалгаруулалтыг явуулж, тэдгээрт тэнцсэн иргэдийг томилох эрх бүхий этгээд албан тушаалд томилох шийдвэрийг гаргадаг. Мөн сайд, яамны ТНБД нь удирдах албан хаагчдыг томилдог бөгөөд уг ажиллагааг сонгон шалгаруулалтын үндсэн дээр хэрэгжүүлдэг. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгчийн шаардлага тодорхойгүй маш өргөн хүрээнд байхад шүүх хүлээн авч, шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх нь ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэг, түүнийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбар, уг хуулийн заалтыг хэрэглэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд, судлаачдын тайлбараас үзвэл уг хуулийн зохицуулалт нь ажил олгогч, хуулийн этгээдэд бүтэц, зохион байгуулалт орон тооны хувьд боломжтой, сул орон тоо байгаа, төрийн албаны хувьд ажилтан тухайн сул ажлын байрны шаардлагад тэнцэхүйц байсан тохиолдолд л үйлчлэх урьдчилсан нөхцөл бүхий хуулийн зохицуулалт байна. Гэтэл анхан шатны шүүх МСҮТ-өөс ирүүлсэн ажлын байр, орон тооны талаарх нотлох баримтыг үнэлээгүй, нөхцөл байдлыг буруу тодорхойлж, материаллаг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлгүй болно.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн ажлын байрны бололцооны талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй гэжээ. Хариуцагчийн тайлбар, харьяа байгууллага болох Баян-Өлгий аймаг дахь МСҮТ-өөс ирүүлсэн албан бичгүүд нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа. Орон тоо байхгүй, орон тоо хэтрүүлж байснаа тухайн сургуулийн ажилтныг томилдог албан тушаал дээр ажиллаж байсан Р.Г мэдэхгүй байсан мэтээр хэт өрөөсгөл дүгнэлтийг шүүхүүд хийлээ.

Мөн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэдэг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан. Гэтэл Р.Гыг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгох боломжгүй, ийм шаардлага гаргаагүй, ажлаас буруу халагдсан гэж үзэхгүй, шүүхийн шийдвэрийн дагуу захиргааны байгууллага хууль ёсны шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн учир нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг мөн л хангах үндэслэлгүй юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Р.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                             ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг үндэслэл муутай хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Р.Г нь хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б\196 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд бололцооны дагуу өөр ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамаар сольжээ.

Нэхэмжлэгч Р.Г нь Хөдөлмөрийн сайдын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б\12 дугаар тушаалаар Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б\196 дугаар тушаалаар төвийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгджээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 244 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221\МА2016\0445 дугаар магадлалаар Баян-өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрийн төвийн захирлын албан тушаалд И.Жанболат эгүүлэн тогтоогдсон үйл баримт нэхэмжлэгч Р.Гыг ажлаас чөлөөлөх үндэслэл болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажил олгогч нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар ажил олгогч нь ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгөх ёстой байна.

Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан “бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэсэн нь хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа шинээр томилогдсон ажилтны зөвшөөрлөөр, хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой гэж үзнэ.

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс нэхэмжлэгч Р.Гд ямар нэг ажлыг санал болгосон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч хуульд заасан боломжийг хэрэгжүүлэхийг шаардах нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байна. Ажлаас буруу халагдсан ажилтан шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсоноос түүний ажилд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан хууль ёсны ажиллагаа тул цалин хөлстэй тэнцэх нөхөх олговрын зохицуулалт тухайн тохиолдолд хамаарахгүй юм.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар ажилтанд бололцооны дагуу өөр ажил олж өгөх ажиллагаа явуулаагүй тохиолдолд ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор олгох тухай зохицуулалт хуульд байхгүй байна.

Боломжтой бол хэрэгжүүлэх буюу альтернатив шинжтэй үүргийн эрх зүйн үр дагаврыг хуулиар зайлшгүй биелэгдэх императив шинжээр тодорхойлогдсон “ажилд эгүүлэн тогтоох” үүргийн эрх зүйн үр дагавартай адилтган үзэж болохгүй юм. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулахаар шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2017/01902 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01450 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар нэхэмжлэгч Р.Гд бололцооны дагуу өөр ажил олж өгөхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтын “...дурдаж, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 122 635 төгрөг гаргуулж, улсын төсвийн дансанд олгосугай” гэснийг “дурдсугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН