Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 604

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Ч-ын Ү-д холбогдох эрүүгийн 19080 3753 0642 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Ч.Ү нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Хөгжил Инержи” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3-7 насны хүүхдүүдийн хамт амьдрах, ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ч-ын Ү- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ч.Ү нь 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тоорил ван” амралтын газрын орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Т.Б-тай маргалдаж, улмаар зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                         

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Ү нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ч.Ү-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Би тухайн өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Одоо болсон явдалд харамсаж гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй. Би эхнэртэйгээ гэр бүл болоод 7 жил болж байна. Урьд өмнө эхнэртээ гар хүрч байгаагүй, энэ удаа эхнэртээ гар хүрч алгадсан нь үнэн. Тухайн өдөр манай эхнэр хүүхэд уйлуулаад байсан. Манай хүү ээждээ тэврүүлье гээд байсан боловч эхнэр маань завгүй гээд авахгүй байсан. Тэгээд би уураа барьж дийлэхгүй ийм зүйл болсон. Маш их харамсаж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19080 3753 0642 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Б-ийн хохирогчоор өгсөн:

“...Би Ч.Ү-той хамт амьдраад 7 жил болж байгаа юм. Бид 2 гэр бүлээ 2012 онд батлуулж байсан, дундаасаа Д, Дц, Дб гэсэн 3 хүүтэй. 2019 оны 7 сарын 12-ны өдөр хадам аав, ээж, түүний хамаатан садан нарын хамт бид хоёр, 3 хүүгээ аваад Хан-Уул дүүргийн “Тоорил ван” гэх амралтын газарт очсон.

Тэр өдрөө “Тоорил ван” гэх амралтын газарт хоноод, маргааш нь буюу 2019 оны 7 сарын 13-ны өглөө босоод байж байхад би нөхөр Ү-г “чи бага хүү Дбыг хараачээ” гэсэн боловч манай нөхөр утсаараа тоглоод хүүхдээ харахгүй байсан.

Удалгүй манай хүү Дб уйлаад байхаар нь би Ч.Үд “хүүхэд чинь уйлаад байна, хүүхдээ аваач” гэхэд манай нөхөр над руу уурлаад “ална шүү чамайг” гээд байсан. Тэгэхээр нь би 3 хүүхдээ аваад явах гэхэд Д, Дб нар уйлаад байхаар нь “та хоёр аавтайгаа үлд, би явлаа” гэхэд манай хоёр хүү үлдэхгүй гээд байсан. Тэгэхэд манай нөхөр миний хажууд ирээд “чи намайг өчигдөрөөс хойш бүтэн нэрээр дуудлаа, хүүхдүүдийн нулимс үзлээ” гээд шууд алгадсан. Тэгээд үсдээд газар унагаад толгой хэсэг рүү 4-5 удаа гараараа цохихоор нь би босоод зугтаасан юм. Ч.Ү урьд өдөр нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Харин тухайн өдөр архи хэрэглээгүй байсан.

Миний биед учирсан гэмтлийг манай нөхөр гараараа газар унагааж байгаад толгой руу 4-5 удаа цохиж учруулсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 08х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Д-ы гэрчээр өгсөн:

“...Би Ч.Ү, Т.Б- нарыг танина. Ч.Ү нь миний хүргэн хүү, Т.Б- нь миний охин байгаа юм. Энэ хоёр хүүхэд маань 2012 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Залуус 2-ын 104 тоотод тусдаа гараад одоог хүртэл 3 хүүхдийн хамт амьдарч байгаа.

Би 2019 оны 7 сарын 13-ны өдөр гэртээ байж байхад манай охин Т.Б- 10 цагийн үед чихнээс нь цус гарчихсан байдалтай орж ирэхээр нь “юу болсон” талаар асуухад “манай нөхөр намайг Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тоорил ван” гэх амралтын газарт зодчихлоо” гэсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан. Манай охин хаана, хэдэн удаа цохиж зодсон талаар яриагүй. Манай охин орж ирээд цустай футболкоо сольж байхыг нь харахад баруун гарын булчин хэсэг хөхөрсөн, чихний дэлбэн хэсгээс нь цус гарчихсан байсан.

Ч.Ү нь манай охиныг урьд өмнө цохиж зодож байсан удаа байхгүй. Уг нь манай хүргэн ааш зан сайтай, эхнэрээ зодож цохиж байсан удаа байхгүй. Тухайн өдөр ямар дайрлага нь таараад энэ хоёр хэрэлдэж маргалдсан юм бол гэж гайхаж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х/,

 

3. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, Сонгинохайрхан дүүргийн 19 дүүргийн хорооны Хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хэргийн 57-64х, 65-68х/,

 

4. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шинжилгээний 8602 дугаартай:

1. Т.Б--н биед зүүн чихний дэлбэнд шарх, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 27х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Ү-гийн яллагдагчаар өгсөн:

“...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...2019 оны 7 сарын 13-ны өглөө 08 цагийн үед намайг амралтын газарт утсаараа тоглоод сууж байхад гадаа манай бага хүүхэд уйлаад байхаар нь гараад авах гэхэд над дээр ирэхгүй, ээж дээрээ очих гээд байсан. Тэгэхээр нь би “ээж нь гадаа байгаа юм чинь ээж дээрээ оч” гэж хэлээд буцаад гэрт орсон.

Тэгтэл манай эхнэр Т.Б майхан дотроос “хөөе Ү- гуай, хүүхдээ ав. Би чиний юу юм” гээд хашгирахаар нь би майханд ороод “хүүхдээ ав аа, чи юундаа маяглаад байгаа юм, дарвайсан юм чинь” гэж хэлээд тоглоомын талбай руу явсан. Намайг тоглоомын талбай дээр сууж байхад манай эхнэр хамаг юмаа машиндаа ачаад байхаар нь “угаасаа ааштай хүн юм чинь, аашаа гаргаж байна” гэж бодоод сууж байхад удалгүй Т.Б- хүүхдүүдээ дуудаж байсан.

Манай том хүү миний хажууд сууж байсан болохоор “ааваа, ээж явъя гээд байна, гэртээ харих уу” гээд байж байтал цаанаас нь Т.Б “аав чинь явахгүй бол өөрсдөө над дээр хүрээд ир” гээд хашгираад байсан.

Тэгээд би хүүхдүүдээ дагуулж очоод “юу яриад байгаа юм бэ, би сайн ойлгохгүй байна, өрөвдөлтэй ч юмаа” гэж хэлээд амралтын гэрт буцаж ороход араас том хүү Д зөөлөвч гудас тэврээд ороод ирсэн. Би хүүхдээ “ээжтэйгээ хамт яв, гэртээ хариад эмээ, өвөө дээрээ очоод байж бай” гэж хэлээд эхнэрийн машинд суулгахаар хөтлөөд очиход эхнэр бага хүүг машинаас буулгаад газар ширүүн тавихад нь бага хүү Дб газар шургаж унаад уйлсан.

Тэгээд би уурлаад “чи ямар их хүүхдийн нулимс үздэг юм” гэж хэлээд 2 удаа хацар руу нь алгадаад, мөр хэсэгт нь 3-4 удаа алгадаж цохиод, үснээс нь зулгааж газар дарсан. Бага хүү уйлаад байхаар нь тэвэрч авахад эхнэр машиндаа суугаад шууд хөдлөөд яваад өгсөн. ...Би өөрийн буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Д.Чулуунболор /хэргийн 21-22х/, Ч.Уламбаяр /хэргийн 24-25х/ нарын мэдүүлэг, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 44х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 45х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 47х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 48х/, “Эко алтан заамар” ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 49х/, Ү-гийн Д, Ү-гийн Дц, Ү-гийн Дб нарын төрсний гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 50-52х/, шүүгдэгч Ч.Ү-гоос өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухайн Прокурорт гаргасан хүсэлт /хэргийн 80х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Ч.Ү нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Т.Б- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа илэрхийлж, хохирогч нь яллагдагчтай сайн дураар эвлэрснээр тэдгээр нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт тус тус гаргасныг /хэргийн 79-80х/ 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 190 дугаартай прокурорын тогтоолоор хүсэлтийг хангаж, хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх прокурорын саналыг хохирогч, шүүгдэгч нарт тус тус танилцуулж, Ч.Үд холбогдох эрүүгийн 19080 3753 0642 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Ү-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ч.Ү нь 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тоорил ван” амралтын газрын орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Т.Б-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргаж, улмаар “бага хүү Дб-ыг машинаас буулгаж газарт ширүүн тавьж уйлууллаа, бүтэн нэрээр дуудлаа” гэх шалтгаанаар түүнийг алгадах, цохих зэргээр зодож биед нь “...зүүн чихний дэлбэнд шарх, зүүн бугалганд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн:

 - хохирогч Т.Б-ийн: “...Би Ч.Ү-той хамт амьдраад 7 жил болж байгаа юм. Бид 2 гэр бүлээ 2012 онд батлуулж байсан, дундаасаа Д, Дц, Дб гэсэн 3 хүүтэй. 2019 оны 7 сарын 12-ны өдөр хадам аав, ээж, түүний хамаатан садан нарын хамт бид хоёр 3 хүүгээ аваад Хан-Уул дүүргийн Тоорил ван гэх амралтын газарт очсон. Тэр өдрөө “Тоорил ван” гэх амралтын газарт хоноод, маргааш нь буюу 2019 оны 7 сарын 13-ны өглөө босоод байж байхад би нөхөр Ү-г “чи бага хүү Дб-ыг хараачээ” гэсэн боловч манай нөхөр утсаараа тоглоод хүүхдээ харахгүй байсан. Удалгүй манай хүү Дб уйлаад байхаар нь би Ч.Ү-д “хүүхэд чинь уйлаад байна, хүүхдээ аваач” гэхэд манай нөхөр над руу уурлаад байсан.

Тэгээд би 3 хүүхдээ аваад явах гэтэл Д, Дб нар нь уйлаад байхаар нь “та хоёр аавтайгаа үлд, би явлаа” гэхэд манай хоёр хүү үлдэхгүй байсан. Тэгэхэд манай нөхөр миний хажууд ирээд “чи намайг өчигдөрөөс хойш намайг бүтэн нэрээр дуудлаа, хүүхдүүдийн нулимс үзлээ” гээд шууд алгадсан. Тэгээд үсдээд газар унагаад толгой хэсэг рүү 4-5 удаа гараараа цохисон.

...Миний биед учирсан гэмтлийг манай нөхөр гараараа газар унагааж байгаад толгой руу 4-5 удаа цохиж учруулсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 08х/,

- гэрч А.Д-ы: “...Би 2019 оны 7 сарын 13-ны өдөр гэртээ байж байхад манай охин Т.Б- 10 цагийн үед чихнээс нь цус гарчихсан байдалтай орж ирэхээр нь юу болсон талаар асуухад “манай нөхөр намайг Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тоорил ван” гэх амралтын газарт зодчихлоо” гэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан. Манай охин хаана, хэдэн удаа цохиж зодсон талаар яриагүй. Манай охин орж ирээд цустай футболкоо сольж байхыг нь харахад баруун гарын булчих хэсэг хөхөрсөн, чихний дэлбэн хэсгээс нь цус гарчихсан байсан.

Ч.Ү нь манай охиныг урьд өмнө цохиж зодож байсан удаа байхгүй. Уг нь манай хүргэн ааш зан сайтай, эхнэрээ зодож цохиж байсан удаа байхгүй. Тухайн өдөр ямар дайрлага нь таараад энэ хоёр хэрэлдэж маргалдсан бол гэж гайхаж байна. ...Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х/,

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, Сонгинохайрхан дүүргийн 19 дүүргийн хорооны Хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хэргийн 57-64х, 65-68х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шинжилгээний 8602 дугаартай:

1. Т.Б--н биед зүүн чихний дэлбэнд шарх, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 27х/ болон шүүгдэгч Ч.Үгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Прокуророос шүүгдэгчийн энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргээр зүйлчлэн ирүүлснийг шүүх хөнгөрүүлэн өөрчилж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Учир нь: Шүүгдэгч Ч.Ү, хохирогч Т.Б- нар нь 2011 оны 10 сарын 10-ны өдөр гэр бүл болж, дундаасаа 2012 оны 11 сарын 03-нд төрсөн Ү-гийн Д, 2014 оны 10 сарын 11-нд төрсөн Ү-гийн Дц, 2016 оны 11 сарын 25-нд төрсөн Ү-гийн Дб нарын эцэг, эх болон гэр бүлийн хамтын амьдралаар амьдрах эхнэр, нөхрийн хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах субьект мөн хэдий ч шүүгдэгч Ч.Үгийн зүгээс хохирогч Т.Б-тай хамт амьдрах хугацаанд гэрлэгчдийн эрх тэгш байх эрхийг зөрчсөн, хязгаарласан, гэр бүлийн хүрээнд өөртөө илтэд давуу байдлыг тогтоох зорилгоор түрэмгий авирлах зэргээр “гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй” гаргаж байсан гэх нөхцөл байдал  тогтоогдоогүй, энэ талаар тодорхой үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байна.

Тодруулбал: Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий хандах, дошин авирлах, зовоон тарчлаах, эдийн засгийн эрхшээлд байлгах зэргээр бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн хүчирхийллийн шинжтэй аливаа үйлдлийг байнга үйлдэж зовиур шаналал учруулдаг, уг үйлдэл тогтсон хэвшмэл шинжийг агуулж тодорхой нэг хүний /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай/ эсрэг байнгад, эсхүл удаан хугацаанд үргэлжилсэн санаатай үйлдлийн улмаас Эрүүгийн хууль болон Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь хохирол, хор уршиг учирсныг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэх хуулийн зохицуулалтай.  

 

Хэрэг гарсан тухайн өдөр шүүгдэгч нь хохирогч буюу өөрийн эхнэр Т.Б-ийг “бага хүү Дбыг машинаас буулгаж газарт ширүүн тавьж уйлууллаа, бүтэн нэрээр дуудлаа” гэх шалтгаанаар ахуйн хүрээнд гарсан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргаж, эхнэр Т.Б-ийг алгадах, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд үйлдэгдсэн үндэслэл тогтоогдсон гэж дүгнэхээр байна.   

 

Иймд прокуророос Ч.Ү-гийн эхнэр Т.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу мөн зүйл хэсгийн  2.8 заалт дахь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл  мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өөрчлөх үндэслэлтэй гэж дүгнэв.  

 

Дээр дурьдсан үндэслэлээр “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмыг баримтлан шүүгдэгч Ч.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.  

 

Хэргийн шүүгдэгч Ч.Ү нь нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан. 

 

Хэргийн хохирогч Т.Б нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө: “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” хэмээн мэдүүлж /хэргийн 08х/ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй байна.

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч Ч.Ү-гоос гаргуулах төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.Ү нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 44х/ байх тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч Т.Б нь “гомдол саналгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд шүүгдэгч Ч.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.    

 

Энэ хэрэгт Ч.Ү нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.Б- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                    

                                                             ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн прокуророос Б овогт Ч-ын Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Б овогт Ч-ын Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Ү-г 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Ү нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт Ч.Ү нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.Б нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       С.БАЗАРХАНД