Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/02177

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/07864 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох

 

*******-ийн Ерөнхий менежер, *******-н ажилтнаар эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, 2021 оны 12 сарын 15-ны өдрөөс 2022 оны 11 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах амралтын 168 хоногт ажилласан илүү цагийн цалин, хөлс 26,999,784 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Цэрэндуламын илтгэснээр хянан хэлэлцэв.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь *******-д 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Ерөнхий менежер, *******-н ажилтнаар ажиллаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахдаа 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаагаар, сарын үндсэн цалингийн хэмжээ 1,500,000 төгрөг байхаар тохиролцсон.

1.2. Би 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд *******гэх газарт тус компанийн нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд ерөнхий менежер, *******-н ажилтны үүргийг гүйцэтгэж, ямар нэгэн амралт эдлэлгүй 336 хоног ажилласан.

2022 оны 11 дүгээр сард Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Цагаан хад гэх газарт байх *******-ийн ажлын байранд Ковид-19 ханиадны халдвар илэрсэн. Цагаан хаданд халдвар хамгааллын тусгай дэглэм үйлчилдэг байсан тул би ковид тусаагүй боловч манай бусад ажилчдаас илэрсэн гэх шалтгаанаар тусгаарлалтын бүсээс гарахыг шаардсан. Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би болон манай компанийн ажилчид кэмпээс гарч гэр гэртээ харьсан.

Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр захирал *******тай утсаар холбогдоход “Та нар ажилдаа ирэх хэрэггүй, цаашид ажиллуулахгүй” гэх товч хариуг өгсөн ба ямар шалтгааны улмаас ажлаас чөлөөлөх болон халах шийдвэр гаргасан талаар албан ёсны шийдвэр, мэдэгдэл өгөөгүй.

1.3. Иймд *******-ийн Ерөнхий менежер, *******-н ажилтнаар эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд 336 хоног ажилласан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт зааснаар 168 хоног нь амрах ёстой байтал ажиллаж байсан тул энэ хугацааны дутуу олгосон цалин 26,999,784 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь манай компанид 2021 оны 12 дугаар сарын 15-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан Ерөнхий менежер, *******-н ажилтнаар ажилласан бөгөөд тухайн үед ******* нь хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч Цагаан хадны кемпд байрлан ажилласан. *******ыг уртын ээлжээр ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир 26,999,784 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

******* нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны орой эмээ өвдлөө гэж худлаа хэлж аймаг руу ажлаа орхиж ирээд ажилдаа эргэж очоогүй төдийгүй ажлаа хийгээч гэхэд тодорхой хариу өгөхгүй, ажилдаа очихгүй байсан учир ажил олгогчийн зүгээс цалинг олгохоо зогсоосон. Нэхэмжлэгч нь ажил олгогчийн зүгээс ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй байхад өөрөө ажил хаяж явчхаад одоо ажил олгогчийн буруу байсан мэтээр нэхэмжлэл гаргасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. Тус байгууллага нь *******тай хөдөлмөрийн харилцаанд ороогүй бөгөөд тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд болох ******* байгууллагын гүйцэтгэх захирал болон эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр, зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулсан ба *******ын ажиллаж байсан гэх хугацаанд байгууллагын данснаас цалин хөлс бодогдож гараагүй, нийгмийн даатгал болон холбогдох татвар хураамжийг суутгаагүй болно. Хөдөлмөрийн тухай хууль болон Нийгмийн даатгалын тухай, ХХОАТТХуулиадад зааснаар хөдөлмөрийн гэрээ болон түүнтэй ижил төрлийн гэрээний үндсэн дээр хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд цалин, хөлснөөс холбогдох даатгал татварыг суутган төсөвт төвлөрүүлэх үүргийг ажил олгогч хүлээдэг бөгөөд компанийн эрх бүхий албан тушаалтан аливаа этгээдийг ажилд авахтай холбоотой харилцаанд зөвшөөрөл олгон батлах чиг үүргийг хуулиар хүлээдэг тул нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн харилцаанд орсон гэж үзэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан *******ыг *******-ийн Ерөнхий менежер, *******-н ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 51,000,000 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 109 дүгээр зүйлийн 109.1-т зааснаар 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд амралтын 168 хоногт ажилласан цалин 26,999,784 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч *******ын төлбөл зохих ажилгүй байсан хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч *******-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 412,950 төгрөг гаргуулан улсын орлогод тус тус оруулахаар шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-тай 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс Ерөнхий менежер, *******-н ажилтанаар гэрээ байгуулан ажилласан бөгөөд тухайн үед ковидын цар тахал гарсан ба хорио цээрийн дэглэмийн улмаас тодорхойгүй хүнд нөхцөлд хүн бүхэн чадлаараа хичээж ажиллаж байснаас байгууллагын зүгээс санаатайгаар ажлын хүнд нөхцөлд хүчээр ажиллуулж байгаагүй ба ******* нь ажиллаж байх хугацаандаа захирлын гарын үсэг болон компанийн тамгыг хуулбарлан ашиглан баримт бичиг боловсруулж, өөртөө давуу байдал үүсгэх үйлдлүүдийг хийж байсныг мэдсэн боловч арга хэмжээ тооцолгүй *******ыг үргэлжлүүлэн ажиллуулсан. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 20-ны орой “Эмээ өвдлөө” гэх шалтгаанаар худлаа хэлж ажлаа орхиж яваад ажилдаа эргэж очоогүй, ажлаа хий гэхэд тодорхой хариу өгөхгүй, ажилдаа ирэхгүй байсан учраас ажил олгогчийн зүгээс цалинг зогсоосон бөгөөд ажил олгогчийн зүгээс тушаал шийдвэр гараагүй байхад ажилтан ******* болон түүний уриагаар ажлын байрыг бусад ажилтан орхиж явсан бөгөөд байгууллагын зүгээс ажилчид руу залгахад “очино оо” гэж хэлчихээд ирэхгүй байх зэрэг эс үйлдэл гаргаж байсан. Иймээс ажилтан өөрөө ажлын байраа дур мэдэн ажлын байраа орхиж явсан, ажлаа хийхгүй байсан үйлдэлд ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй, мөн тус байгууллага нь *******тай хөдөлмөрийн харилцаанд ороогүй бөгөөд компанийн төлөөлөх эрхгүй этгээд болох ******* байгууллагын гүйцэтгэх захирал болон эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр, зөвшөөрөлгүйгээр гэрээг байгуулсан, *******ын ажиллаж байсан гэх хугацаанд байгууллагын данснаас цалин хөлс бодогдож гараагүй нийгмийн даатгал болон холбогдох татвар хураамжийг суутгаагүй. Хөдөлмөрийн гэрээ болон түүнтэй ижил төрлийн гэрээний үндсэн дээр хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд цалин хөлснөөс холбогдох татварыг суутган төвлөрүүлэх үүргийг ажил олгогч хүлээдэг бөгөөд компанийн эрх бүхий албан тушаалтан аливаа этгээдийг ажилд авахтай холбоотой харилцаанд зөвшөөрөл олгон батлах чиг үүргийг хуулиар хүлээдэг тул нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн харилцаанд орсон гэж үзэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан *******-ийн Ерөнхий менежер, *******-н ажилтнаар эргүүлэн тогтоолгох, , ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, 2021 оны 12 сарын 15-ны өдрөөс 2022 оны 11 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах амралтын 168 хоногт ажилласан илүү цагийн цалин, хөлс 26,999,784 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, нэхэмжлэгч *******ыг *******-ийн Ерөнхий менежер, *******-н ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй байна.

3.1. Талуудын хооронд 2021 оны 12 сараас хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсч,******* нь *******-д Ерөнхий менежер, *******-н ажлын байранд ажиллаж байсан.

3.2. Хариуцагч ******* нь “…*******ыг Ковид-19 халдварын улмаас гэртээ харьж тусгаарлагдсаны дараа ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгээгүй, ажилдаа эргэж ирээгүй тул ажил олгогчийн зүгээс цалин олгохыг зогсоосон, иймээс ажилтан өөрөө ажлаа дур мэдэн ажлын байраа орхиж явсан, ажлаа хийхгүй үйлдэлд ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй...” гэж тайлбарласан.

3.3. Ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 79, 80 дугаар зүйлийн зохицуулалтыг баримтласан эрхийн актыг гаргах учиртай.

Хариуцагч байгууллагаас ажлаас халсан тушаал гаргаагүй атлаа ажилтныг үүрэгт ажлыг гүйцэтгүүлээгүй эс үйлдэхүйг ажлаас чөлөөлсөнтэй адилтган үзнэ гэж дүгнэсэн  анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

3.4. Хариуцагч байгууллага нь *******ыг ажлаас чөлөөлсөн, эсхүл хөдөлмөрийн гэрээг цуцалсантай холбоотой шийдвэр, эдгээрт холбогдох аливаа баримтыг шүүхэд гаргаагүй тул татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж үзнэ.

3.5. Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлийг баримтаар нотлоогүй тохиолдолд ажилтныг үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэх тул анхан шатны шүүх *******ын хөдөлмөрлөх эрхийг сэргээж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон зөв.

 

4. Анхан шатны шүүх *******ын ажиллаж байсан нэг сарын дундаж цалин хөлсийг 1,500,000 төгрөгөөр тогтоож, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 71,428 төгрөгөөр тооцож, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 51,000,000 төгрөгийг ажил олгогч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, дээрх хугацаанд тооцогдох *******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцжээ.

 

5.  Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд амралтын 168 хоногт ажилласан цалин 26,999,784 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

 

6. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

6.1. Хариуцагч нь “...******* нь дур мэдэн ажлын байраа орхиж явсан, ажлаа хийхгүй байсан” гэсэн давж заалдах гомдол хэргийн баримтаар нотлогдохгүй байхын зэрэгцээ ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн хууль зүйн фактыг тогтоож, зохих сахилгын шийтгэлийг Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан үндэслэл, журмаар аваагүй тохиолдолд ажилтны хөдөлмөрлөх үндсэн эрхийг шүүх хамгаална.

6.2. Хариуцагч байгууллагаас *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд компанийн төлөөлөх эрхгүй этгээд болох ******* байгууллагын гүйцэтгэх захирал болон эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр, зөвшөөрөлгүйгээр гэрээг байгуулсан үйл баримтад ажилтныг буруутгах үндэслэлгүй ба ******* нь уг гэрээг үндэслэн ажил үүрэг гүйцэтгэж байсан үйл баримтад талууд маргаангүй тул хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд орсон гэж үзнэ. Энэ үндэслэлээр гаргасан гомдол үндэслэлгүй.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/07864 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        С.ЭНХБАЯР

 

 

                                          ШҮҮГЧИД                                         М.БАЯСГАЛАН

 

 

                                                                                                   Ц.ЦЭРЭНДУЛАМ