| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0606/Э |
| Дугаар | 606 |
| Огноо | 2019-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Энхболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 606
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж овогт Б-ийн Д-т холбогдох эрүүгийн 19100 1748 0640 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 24-ний хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч П.Энхболд, шүүгдэгч Б.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Отгонсүрэн нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, .... оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Б-ийн Д- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Говь” ХК-ийн гадна талын автомашины зогсоол дээр байсан иргэн Д.Г-гийн эзэмшлийн ххххУНК улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашины 4 дугуйг нууцаар, хууль бусаар авч, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Д-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир нэмж хэлэх зүйл байхгүй. Би уг гэмт хэргийг ганцаараа үйлдсэн бөгөөд хохирогчид учирсан хохиролд нийт 760.000 төгрөг төлж барагдуулсан. Тухайн дугуйг нь обудын хамтаар хүлээлгэж өгсөн. Тухайн машины дугуй нь өндөр байсан болохоор өөрийнхөө машины дугуйгаар солихоор авсан юм. Үнэлгээгээр тогтоосон мөнгөн дүнгээс нь илүү төлсөн. Учир нь хохирогч “машинаа оношилгоонд оруулна” гэсэн юм. Би хэрэг үйлдэх үед эрүүл байсан. Одоо хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.“ гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 1748 0640 дугаартай хэргээс:
1. Хэрэг гарсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Говь” ХК-ийн ажилчдын автомашины зогсоолд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 07-12х/,
2. ххххУБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 12-14х, 15-16х/,
3. Хэрэг гарсан гэх “Говь” ХК-ийн автомашины зогсоолын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 18-20х/,
4. Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 22х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Г-гийн хохирогчоор өгсөн:
“...2019 оны 7 сарын 22-ны өдөр манай эхнэр С өглөөний 07 цагт миний эзэмшлийн ххххУНК улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашиныг унаад ажилдаа явсан. Орой 20 цагийн үед манай эхнэр над руу залгаж “машины 4 дугуй алга болсон байна” гэхэд нь “цагдаад дуудлага өгчих” гэж хэлсэн. Манай эхнэр 20 цаг 20 минутын үед цагдаад дуудлага өгсөн ба би 30 минутын дараа эхнэрийн ажил болох “Говь” компанид очиход миний машины зүүн урд талын урд дугуй байхгүй, бусад 3 дугуйг нь өөр жижиг дугуйгаар солиод тавьсан байсан. Ингээд би запас 1 ширхэг дугуйг нь тавиад, эхнэртэйгээ хамт Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирж мэдүүлэг өгсөн.
Би уг автомашиныг 2017 оны 6 сард 16.0 сая төгрөгөөр худалдан авч байсан. Миний автомашины 4 ширхэг дугуй, 4 обудын хамт хулгайд алдагдсан байсан. Би 2019 оны 02 сарын эхээр цагаан сарыг тохиолдуулан 4 ширхэг дугуйг нэг ширхэгийг нь 80.000 төгрөгөөр бодож, нийт 320.000 төгрөгөөр Да хүрээ захын дугуй худалдааны газраас худалдаж авсан. Мөн автомашины 4 ширхэг дугуйны 17-той обуд комоороо 500.000 төгрөг байдаг юм. Маргааш өдөр нь дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр нөгөө хулгай хийсэн хүнийг автомашинтай нь авчирсан байхаар нь өөрийн 4 дугуйг обудны хамтаар буцаан авч машиндаа тавьсан.
...Миний ххххУНК улсын дугаартай автомашины 4 дугуйг обудын хамт хулгай хийхдээ зүүн урд талын дугуйг хийлгүй үлдээж, автомашиныг хажуу талаас нь өргөдөг данхрадыг тавьж өргөхдөө машиныг хажуу талаар нь газарт унагааж доод хэсгийг цөмөлсөн байсан, ..мөн автомашины жолооны хүрд хажуу тал руугаа булаасан байдалтай, жолоодоход эвгүй болсон байсан. ...Сансарын тойргийн хойд талын “Ундрал сервис” дээр очиж машинаа оношлуулахад жолооны хүрд гэмтэлтэй, амортизатор гацсан, хормой цөмөрсөн, босоо тэнцүүлэгч эвдэрсэн зэрэг гэмтэл гарсан байсан. Уг гэмтлийг цагдаагийн байгууллагаас шинжээч томилж үнэлгээ хийлгэхэд хормой доод хэсэг цөмөрсөн, рулийн аппарат гэмтсэн, зүүн урд амартизатор гулзайж гацсан, баруун урд босоо тэнцүүлэгч солих шаардлагатай зэргээр нийт 700.500 төгрөгний хохирлын үнэлгээ гарсныг надад танилцуулсан. Уг үнэлгээний дагуу миний хохирлыг үнэлгээний ажлын хөлс 28.000 төгрөгийг тооцоод нийт 730.500 төгрөгийн хохирлыг барагдуулж өгсөн.
Би автомашиныхаа өөрийн 4 дугуйг нь обудын хамтаар буцаан авсан. Мөн эвдрэл гэмтлийн хохирлыг барагдуулж авсан. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25х, 26х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.С-ийн гэрчээр өгсөн:
“...2019 оны 7 сарын 22-ны өглөө миний бие Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь” ХК-д ажилдаа ирсэн. “Говь” компанийн зүүн талын ажилчдын авто машины зогсоолд машинаа тавиад, ажилдаа орсон. Орой 20 цагийн үед ажлаа тараад явах гээд машин дээрээ очиход машины зүүн урд дугуй байхгүй байсан тул ажил руу буцаж ороод харуулд “миний машины дугуй алга болсон байна” гэхэд харуул нь “албаны даргад мэдэгдвэл камер шүүж өгнө” гэхээр нь би утасны дугаарыг нь аваад залгахад утас нь болохгүй байсан. Тэгээд би энэ тухай нөхөртөө залгаж хэлээд дуудсан ба Цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн машин нь хххх УНК улсын дугаартай Тоёото приус-30 маркийн мөнгөлөг өнгөтэй автомашин байсан.
Автомашиныхаа 4 дугуйг “Да хүрээ” захаас Бриджистон маркийн үйлдвэрийн 215/55/17 размерийн 4 шинэ дугуй авч тавьж байсан ба обуд нь анх машинтайгаа цуг ирсэн, 17 инчийн дискэн обуд байсан юм. Уг дугуйнууд нь 4 улирлын дугуй байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28х/,
7. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Х-239 тоот дүгнэлтэд:
“...ххххУНК улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн автомашины 17-той G stock обуд 215 55 17 дугуйны үнийг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар, зах зээлийн үнэлгээгээр нийт 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг байна.” гэж үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 36-38х/,
8. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Х-281 тоот дүгнэлтэд:
“...Тоёота Приус-30 маркийн автомашины 15-той обуд дугуйны үнийг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар, зах зээлийн үнэлгээгээр нийт 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөг байна.” гэж үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 40-42х/,
9. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Х-274 тоот дүгнэлтэд:
“...Тоёота Приус-30 маркийн автомашины зүүн доод хормой, цахилгаан рулийн аппарат, зүүн урд амартизатор, баруун урд босоо тэнцүүлэгч зэргийг солих, засварлах ажлын хөлсний хамт нийт 700.500 /долоон зуун мянга таван зуу/ төгрөг байна.” гэж үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 45-47х/,
10. Шүүгдэгч Б.Д-ээс хохирогч Д.Г-д хохирол төлбөр төлж барагдуулсан талаарх Хаан банкны орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтууд /хэргийн 79х/,
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Д-ийн яллагдагчаар өгсөн:
“...Би 2018 оны 11 сард Да хүрээ захаас хххх УБИ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн усан цэнхэр өнгийн автомашиныг “Транс капитал” ББСБ-аар дамжуулан урьдчилгаа 5.0 сая төгрөгийг төлж, сар бүр 590.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай төлөхөөр авсан. 2019 оны 7 сарын 22-ны өдөр манай эхнэр М нь миний машиныг унаад ажилдаа буюу “Говь” ХК-д явсан. Би тухайн өдөр Налайхад байрлаж байгаад хот руу орж ирээд, эхнэртэйгээ яриад “Говь” ХК дээр машинаа авах гэж очсон.
Уг компанийн ажилчдын автомашины зогсоол дээр очоод машиндаа суугаад гарах гэж байхдаа хажуу талд нь байсан ххххУНК улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашины дугуйг хараад “өөрийнхөө машины дугуйг нь солих” санаа төрсөн. Уг тээврийн хэрэгслийн хажуу талд нь машинаа байрлуулаад өөрийн тээврийн хэрэгслийн 4 дугуйг нэг нэгээр нь тайлаад нөгөө тээврийн хэрэгслийн дугуйтай сольж тавьсан. Нийтдээ эхний ээлжинд 3 дугуйг нь солиод сүүлийн дугуйг нь сольж байхад данхараад нь мултраад зөв талын хажуу хэсгээр уг машиныг унахаар нь тэр чигт нь орхиод, дугуйг нь аваад явчихсан юм. Тэгээд гэртээ очоод байж байтал орой манай гэрт цагдаагийн ажилтнууд ирээд, намайг Цагдаагийн хэлтэст авчирсан.
...Би уг автомашинаас хулгайлсан 4 ширхэг дугуйг нь обудын хамтаар цагдаагийн алба хаагчид хүлээлгэж өгсөн. Би хөрөнгийн үнэлгээгээр гаргасан тайлан, дүгнэлтүүдтэй танилцсан, үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би урьд өмнө нь аливаа ямар нэг гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй. Анх удаа гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 54х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч М.М /хэргийн 32х/, Б.Мөнх /хэргийн 33х/ нарын мэдүүлэг, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 66х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 67х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 72х/, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 78х/, шүүгдэгч Б.Дээс өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 84х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн хөрөнгийн үнэлгээч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Д.Г- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг биет болон мөнгөн хэлбэрээс хүлээн авч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа илэрхийлсэн баримттай, шүүгдэгч нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 80х, 84х/ 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 189 дугаартай прокурорын тогтоолоор хангаж шийдвэрлэсэн ба прокуророос түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулж, Б.Дт холбогдох эрүүгийн 19100 1748 0640 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон, зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх мөн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Дийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Д нь 2019 оны 07 сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Говь” ХК-ийн гадна талын автомашины зогсоолд байрлуулсан иргэн Д.Г-гийн эзэмшлийн ххххУНК улсын дугаартай Тоёото приус-30 маркийн автомашинд өөрийн тээврийн хэрэгслийн 3 дугуйг сольж хийн, уг автомашины 4 дугуйг, обудын хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Д.Г-д 600.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, мөн уг автомашины дугуйг тайлж авах үедээ тээврийн хэрэгслийг хажуу талаар нь газарт унагаснаас ххххУНК улсын дугаартай Тоёото приус-30 маркийн автомашины хормой доод хэсэгт цөмөрсөн, рулийн аппарат гэмтсэн, зүүн урд амартизатор гулзайж гацсан, баруун урд босоо тэнцүүлэгч солих, засварлах шаардлагатай зэргээр нийт 700.500 төгрөгийн хор уршиг тус тус учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- хэрэг гарсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Говь” ХК-ийн ажилчдын автомашины зогсоолд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 07-12х/,
- ххххУБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 12-14х, 15-16х/,
- хэрэг гарсан гэх “Говь” ХК-ийн автомашины зогсоолын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 18-20х/,
- эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 22х/,
- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Х-239 тоот: “...ххххУНК улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн автомашины 17-той G stock обуд 215 55 17 дугуйны үнийг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар, зах зээлийн үнэлгээгээр нийт 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг байна.” гэж үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 36-38х/,
- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Х-281 тоот: “...Тоёота Приус-30 маркийн автомашины 15-той обуд дугуйны үнийг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар, зах зээлийн үнэлгээгээр нийт 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөг байна.” гэж үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 40-42х/,
- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Х-274 тоот: “...Тоёота Приус-30 маркийн автомашины зүүн доод хормой, цахилгаан рулийн аппарат, зүүн урд амартизатор, баруун урд босоо тэнцүүлэгч зэргийг солих, засварлах ажлын хөлсний хамт нийт 700.500 /долоон зуун мянга таван зуу/ төгрөг байна.” гэж үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 45-47х/,
- шүүгдэгч Б.Дээс хохирогч Д.Г-д хохирол төлбөр нөхөн төлж барагдуулсан талаарх Хаан банкны орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтууд /хэргийн 79х/,
- хохирогч Д.Г-гийн: “...2019 оны 7 сарын 22-ны өдөр манай эхнэр С өглөөний 07 цагт миний эзэмшлийн ххххУНК улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашиныг унаад ажилдаа явсан. Орой 20 цагийн үед манай эхнэр над руу залгаж “машины 4 дугуй алга болсон байна” гэхэд нь “цагдаад дуудлага өгчих” гэж хэлсэн. Манай эхнэр 20 цаг 20 минутын үед цагдаад дуудлага өгсөн ба би 30 минутын дараа эхнэрийн ажил болох “Говь” компанид очиход миний машины зүүн урд талын урд дугуй байхгүй, бусад 3 дугуйг нь өөр жижиг дугуйгаар солиод тавьсан байсан.
Би уг автомашиныг 2017 оны 6 сард 16.0 сая төгрөгөөр худалдан авч байсан. Миний автомашины 4 ширхэг дугуй, 4 обудын хамт хулгайд алдагдсан байсан. Би 2019 оны 02 сарын эхээр цагаан сарыг тохиолдуулан 4 ширхэг дугуйг нэг ширхэгийг нь 80.000 төгрөгөөр бодож, нийт 320.000 төгрөгөөр Да хүрээ захын дугуй худалдааны газраас худалдаж авсан. Мөн автомашины 4 ширхэг дугуйны 17-той обуд комоороо 500.000 төгрөг байдаг юм. Маргааш өдөр нь дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр нөгөө хулгай хийсэн хүнийг автомашинтай нь авчирсан байхаар нь өөрийн 4 дугуйг обудны хамтаар буцаан авч машиндаа тавьсан.
...Миний ххххУНК улсын дугаартай автомашины 4 дугуйг обудын хамт хулгай хийхдээ зүүн урд талын дугуйг хийлгүй үлдээж, автомашиныг хажуу талаас нь өргөдөг данхрадыг тавьж өргөхдөө машиныг хажуу талаар нь газарт унагааж доод хэсгийг цөмөлсөн байсан, ..мөн автомашины жолооны хүрд хажуу тал руугаа булаасан байдалтай, жолоодоход эвгүй болсон байсан. ...Сансарын тойргийн хойд талын “Ундрал сервис” дээр очиж машинаа оношлуулахад жолооны хүрд гэмтэлтэй, амортизатор гацсан, хормой цөмөрсөн, босоо тэнцүүлэгч эвдэрсэн зэрэг гэмтэл гарсан байсан. Уг гэмтлийг цагдаагийн байгууллагаас шинжээч томилж үнэлгээ хийлгэхэд хормой доод хэсэг цөмөрсөн, рулийн аппарат гэмтсэн, зүүн урд амартизатор гулзайж гацсан, баруун урд босоо тэнцүүлэгч солих шаардлагатай зэргээр нийт 700.500 төгрөгний хохирлын үнэлгээ гарсныг надад танилцуулсан. Уг үнэлгээний дагуу миний хохирлыг үнэлгээний ажлын хөлс 28.000 төгрөгийг тооцоод нийт 730.500 төгрөгийн хохирлыг барагдуулж өгсөн. Би автомашиныхаа өөрийн 4 дугуйг нь обудын хамтаар буцаан авсан. Мөн эвдрэл гэмтлийн хохирлыг барагдуулж авсан. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25х, 26х/, гэрч Ц.Сийн мэдүүлэг /хэргийн 28х/ болон шүүгдэгч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 54х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл эзэмшилд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, өөрийн эзэмшлийнх болгож захиран зарцуулах бодит бололцоо бий болсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох материаллаг болон хэлбэрийн шинжтэй байхаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан.
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Говь” ХК-ийн гадна талын автомашины зогсоол дээр байсан Д.Г-гийн эзэмшлийн ххххУНК улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашины 4 дугуйг, обудын хамтаар нууцаар, хууль бусаар авч, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон ба шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Б.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг тус тус өгсөн болно.
Прокуророос Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэмт үйлдэлд тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Дийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г-гийн эд хөрөнгөд учирсан хохирлыг 600.000 төгрөг гэж тогтоосон Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Х-239 дугаартай үнэлгээний дүгнэлт, тайлан /хэргийн 36-38х/ хэрэгт авагдсан ба уг үнэлгээний тайлан дүгнэлтийг эрх бүхий хөрөнгийн үнэлгээчин гаргасан, хохирогч болон шүүгдэгч нь талууд дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрч маргаагүй байх тул хууль ёсны үндэслэл бүхий гэж дүгнэсэн болно.
Түүнчлэн шүүгдэгч нь хохирогч Д.Г-гийн автомашины дугуйг тайлж авах үедээ тээврийн хэрэгслийг хажуу талаар нь газарт унагаснаас ххххУНК улсын дугаартай Тоёото приус-30 маркийн автомашины хормой доод хэсэгт цөмөрсөн, рулийн аппарат гэмтсэн, зүүн урд амартизатор гулзайж гацсан, баруун урд босоо тэнцүүлэгч солих, засварлах шаардлагатай зэргээр нийт 700.500 төгрөгийн хор уршиг учирсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан “...Тоёота Приус-30 маркийн автомашины зүүн доод хормой, цахилгаан рулийн аппарат, зүүн урд амартизатор, баруун урд босоо тэнцүүлэгч зэргийг солих, засварлах ажлын хөлсний хамт нийт 700.500 /долоон зуун мянга таван зуу/ төгрөг байна.” гэсэн Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Х-274 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 45-47х/, хохирогч, шүүгдэгч нарын мэдүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Д нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох 4 дугуйг, обудын хамт хохирогч Д.Г-д биет байдлаар бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт тооцон уг автомашины эвдэрсэн эд ангийг засварлах солих зардал зэрэгт нийт 730.500 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан нь:
- хохирогч Д.Г-гийн “...Би автомашиныхаа 4 дугуйг, обудын хамтаар буцаан авсан. Мөн ...хохирлыг үнэлгээний ажлын хөлс 28.000 төгрөгийг тооцоод нийт 730.500 төгрөгийн хохирлыг барагдуулж өгсөн. ...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 26х/,
- эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 22х/,
- шүүгдэгч Б.Дээс хохирогч Д.Г-д хохирол төлбөр төлж барагдуулсан талаарх Хаан банкны орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримт /хэргийн 79х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Д нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байгаагүй нь “ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай хэргийн 67 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтааар нотлогдсон ба энэхүү нөхцөл байдал нь түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.
Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгч нь хорих ял шийтгүүлж болох Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлж арилгасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Д.Г- нь “хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг болон эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг тус тус харгалзан Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх, шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг гарсан өдрийн “Говь” ХК-ийн автомашины зогсоолын камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг /хэргийн 18-20х/ эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Г- нь “хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ж овогт Б-ийн Д-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Б.Д-т мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасныг баримтлан Б.Д-т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Д нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нэг жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг анхааруулж мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт Б.Д нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Д.Г нь “хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД