Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/02140

 

                              

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/06273 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, *******нарт холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 41,214,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2021 оны 08 дугаар сард орж ирсэн *******маркийн цэнхэр өнгийн зүтгүүр машиныг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр *******гэх хүнээс 54,000,000 төгрөгөөр худалдан авч, *******улсын дугаар авсан.

1.2. Тээврийн хэрэгслийн үнэ 54,000,000 төгрөгийн 22,000,000 төгрөгийг 3 хувааж төлсөн ба үлдсэн 32,000,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр *******улсын дугаартай *******маркийн зүтгүүр машиныг барьцаалж надад зээл гарах боломжгүй байсан тул нагац ах *******ы нэр дээр *******-аас 30 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлийн болон фидуцийн гэрээ байгуулан зээл авч төлсөн.

1.3. Тээврийн хэрэгслийг анх ******* түүний нөхөр ******* нартай ярилцан би зүтгүүрийн машинаа авч, тэднийх хагас чиргүүл аван *******-ын Эрээн хотоос том машинаар ачаа тээвэр хийцгээж өөрсдийн гэсэн орлогын эх үүсвэр бий болгохоор ярилцаж би дээрх зүтгүүр машиныг авсан ба хаанаас яаж авсан болохыг хариуцагч нар бүгд мэднэ.

1.4. Машинаа авснаас хойш 2021 оны 08 дугаар сарын 21-нд хил дээр том машины оочирт зогсож байхад 2021 оны 10 дугаар сарын эхээр ковид-19 цар тахал гарч хил хаагдсанаас болж ачаа тээвэр зогссон. Би банк бус санхүүгийн байгууллагаас авсан үндсэн зээлээ хэдэн сараар урьдчилаад төлсөн байсан тул зээлийн хүүг төлөх гээд *******гоос 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1,600,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 805,800 төгрөг, хүү *******аас нь 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 1,300,000 төгрөг, нийт 3,705,800 төгрөг авсан.

Би машины төлбөрт 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 22,920,000 төгрөгийг төлсөн бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр *******, *******, *******нар нь *******улсын дугаартай*******маркийн цэнхэр өнгийн зүтгүүр машиныг манайх авъя, мэддэг банк бусаас манай хүүгийн нэр дээр байдаг гээд зээл авахаар боллоо, машинаа *******ын нэр дээр шилжүүлчих би үлдэгдэл зээлийг чинь төлж хаагаад машины урьдчилгаа төлбөр, зээлийн төлбөрт төлсөн бүх мөнгийг чинь өгье гэж ярилцаж тохиролцон *******-д очиж зээлээ хаахаар уулзахад 22,920,000 төлсөн байсан ба үлдэгдэл 16,404,197 төгрөгийг төлж хаагаад өөрийн машиныг *******ын нэр дээр шилжүүлэн өгч, урьдчилгаанд төлсөн 22,000,000 төгрөг, зээлийн төлбөрт төлсөн 22,920,000 төгрөг, нийт 44,920,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон.

1.5. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр миний машиныг авснаасаа хойш одоог хүртэл мөнгөө төлөөгүй, мөнгөө өгөхийг шаардахад элдэв янзаар доромжилж, утсаа авахаа больсон. Иймд хариуцагч нараас тээврийн хэрэгсэл худалдан авсан үнэ болох 44,920,000 төгрөгөөс цар тахлын үед хариуцагч нараас авсан 3,705,800 төгрөгийг хасч 41,214,200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, үндэслэлийн агуулга:

2.1. Хариуцагч *******, *******, *******нар нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, *******, *******нараас 41,214,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,021 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагч нараас 364,021 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдагч тал эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй хөрөнгө зүтгүүрийг худалдан авагчид хүлээлгэн өгсөн, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөөгүй тул худалдагч төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагч нар гэр бүлийн хүмүүс, бүгдээрээ ярилцан тээврийн хэрэгслийг худалдан авч хүү *******ын нэр дээр шилжүүлсэн, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцуулна гэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Иймд хариуцагч *******, *******, *******нараас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 41,214,200 төгрөг гаргуулан *******д олгох нь зүйтэй гэж үзлээ гэж шийдвэрлэсэн.

4.2. Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, үүнийг нотолсон ямар нэгэн гэрээ байхгүй. Мөн уг автомашиныг 41,214,200 төгрөгөөр хариуцагч нар худалдан авсан талаарх баримт байхгүй. Хэрэв уг автомашиныг худалдан авсан бол гэрээ хэлцэл хийх учиртай.

4.3. Банк бус санхүүгийн байгууллагын барьцаанаас чөлөөлөхдөө хариуцагч тал мөнгө шилжүүлж чөлөөлж авч байгааг шүүх анхаарч үзээгүй. ******* миний бие *******-д 6 жил ажиллаж байгаад 2024 оны 08 сард эх орондоо ирсэн. Намайг *******-д байхад 2021 онд ******* нь танд мөнгө байна уу, энд машин авч тээвэрт явбал ашигтай байна гэж ятгаж олон удаа залгасан. Ингээд та байгаа мөнгөө өгчих том тэрэг аваад зээлийг нь төлөөд байж байя, юун хүний нутагт ажиллах гэж ятгаад байсан. Таныг ирэхэд машин бэлэн байр асуудалгүй авна шүү дээ гэж хэлсэн. Миний бие итгэж хүүдээ байрны урьдчилгаанд өгөх байсан 36,000,000 төгрөгөө эхний ээлжинд *******д шилжүүлсэн. Мөн дугуй нь муу гэхээр нь хүүгээрээ зээл авхуулж 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Дөрвөн удаагийн зээлийн төлбөрт гэж 5,705,000 төгрөгийг төлсөн.

4.4. Ковидын үе ч байсан ******* нь нэг жил гаруй тээвэрт явж маш их ашиг орлого олж байсан боловч надад мөнгө нэг ч орж ирээгүй бөгөөд зээлээ төлж байна гэдэг байсан. Тээвэр үнэтэй байсан нь нийтэд илэрхий байсан бөгөөд хамаатнууд ч надад тээвэрт байнга явж байгааг нь хэлж байсан.

Гэвч надад ашиг орлого гэж мөнгө өгөхгүй байсан. Нэг жил гаруй хугацааны дараа миний бие эгч нь болъё надад нэг ч төгрөг орж ирэхгүйн байна. Эгчийнхээ өгсөн мөнгөнүүдийг өгчихөө дугуйны мөнгөний зээлийн хүү гээд нийт 50,000,000 төгрөг өгчихөө гэхэд надад мөнгө байхгүй гэх зүйл ярьж байснаа сүүлдээ маргаан гарсан. Ингээд ББСБ-д 16,0 сая орчим төгрөгийн үлдэгдэл байгаа тэрийг төлөөд наад машинаа зараад мөнгөө гаргаж ав гэж хэлсэн. Ингээд хүүгийнхээ машиныг заруулан байж уг машины өрийг төлөөд авсан. Нийт 66,000,000 гаруй төгрөг би төлсөн.

Машиныг зарж мөнгөө гаргаж авах гэсэн боловч зарагдахгүй, эвдрэл ихтэй машин байсан. Мөн бүх дугуйнуудыг сольсон, засвар их хийсэн. *******тэй холбогдох гэхэд намайг блоклосон нэг ч удаа надтай холбогдоогүй. Засварт маш их зардал орсон бөгөөд одоо ч мотор нь болохгүй 16,600,000 төгрөгөөр мотор сольж тавьж их хохирсон.

******* нь энэ хугацаанд надаас нэг ч төгрөг нэхэж байгаагүй. Нэхэх байсан бол 2022 оноос хойш нэхэх бүрэн боломжтой байсан. Одоо ч тааралдахаараа дугардаггүй. Шүүхээс талуудын хооронд ямар нэгэн худалдах худалдан авах гэрээ байхгүй байхад нэхэмжлэгчийн тайлбараар худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Мөн гэр бүлийн хүмүүс учраас харилцан тохирч хүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн авсан байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж байгаа нь үндэслэлгүй болсон. Мөн 3 хүн хариуцна гэж байгаа нь ч үндэслэлгүй.

4.5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй, хэн нэгнээс мөнгө авна гэж хэлээд л тайлбар ирүүлээгүй шалтгаанаар хангаж байгаа нь үндэслэлгүй. Нэг жил гаруй хугацаанд тээвэрт явсан авто машин биет байдлын доголдолгүй байна гэж байхгүй. Миний бие мөнгөө гаргаж авах гэж уг машиныг авсан боловч үнэндээ огт хүрэхгүй, эвдрэлтэй байсан. Авах мөнгөндөө бодож авсан тул тухайн үед ямар нэгэн оношилгоонд оруулж хүлээж аваагүй.

4.6. Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхийн цахим хаягаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн хүрээнд гаргахад хүсэлтийг хүлээн аваагүй нь үндэслэлгүй....

Монгол Улсын Үндсэн Хуулийн 16-р зүйлийн 11 дэх хэсэгт ...гэр бүл, эх нялхас, хүүхдийн эрх ашиг сонирхлыг төр хамгаална. Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т.эцэг эхийн үүргийг ... эцэг эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж тус тус заасан. Миний хувьд хүүхдийн эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болж холбогдох баримтыг цахимаар илгээсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Гэтэл шүүхээс өмгөөлөгчөөс ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна, мөн хариуцагч цаашид өмгөөлөгчөөр оролцуулах эсэх нь тодорхойгүй гэх шалтгаанаар шүүх хуралдааныг үргэлжлүүлж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34-р үйлийн 34.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно.

4.7. Хариуцагч ******* нь хэргийн 49 дүгээр талд 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өөрийн өмгөөлөгчөөр *******ийг сонгон авсан тул цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцуулж өгнө үү гэх хүсэлтийг өгсөн байдаг.

Мөн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулсан байх бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд хариуцагч нарыг биечлэн оролцуулах хүсэлтийг тус тус хангаж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч тал хариуцагч талыг биечлэн оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзсан эсэх нь тодорхойгүй, мөн нэмэлтээр нотлох баримт өгсөн, гэрч асуусан байх бөгөөд хариуцагч талд танилцуулаагүй, мэтгэлцэх боломжоор хангалгүй шүүх хуралдааныг хийсэн байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна.

4.8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан шүүх хуралдааны тэмдэглэлийг албан ёсны байдлаар бичээгүй. Шүүх хуралдааны тэмдэглэлд “...шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга...”-ыг бичнэ гэж заасан. Гэтэл шүүхийн шийдвэрийн агуулгад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн учир шүүх хуралдааныг хойшлуулсан гэж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Шүүх хуралдааны тэмдэглэл үнэн зөв, нотлох баримтын хүрээнд үнэлэгддэг байх ёстой. Дээр дурдсан асуудлыг шүүхээс хязгаарлахгүйгээр, анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Давж заалдах журмаар гаргасан гомдолдоо дэлгэрэнгүй дурдаж тайлбарласан учир тодруулах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох эсхүл анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдах, худалдан авах гэрээг зайлшгүй бичгээр хийх тухай хуулийн шаардлага тавиагүй. Худалдах, худалдан авах гэрээг амаар буюу бичгээр байгуулж болно гэж заасан. Зохигчид ах дүү, төрөл садны холбоотой этгээдүүд байдаг учир амаар тохиролцсон үйл баримт тогтоогддог. Нэхэмжлэгч *******гийн эхнэр *******нь хариуцагч *******ийн төрсөн дүү юм. Хариуцагч *******, ******* нар нь түүний нөхөр, хүүхэд юм. Хамаарал бүхий этгээдүүд учир амаар тохиролцож, гэрээг байгуулсан. Үйлдлээр зохигчид гэрээ байгуулсан үйл баримт тогтоогддог. Тухайн тээврийн хэрэгслийг өмчлөлдөө шилжүүлэн авч, эзэмшиж ашиглан захиран зарцуулсан. *******-д *******очиж, зээлийн үлдэгдлийг асууж тодруулж, төлж барагдуулсан. ******* “зээлийн үлдэгдэл 19,200,000 гаруй төгрөг үлдсэн, үүнийг асууж тодруулан төлж барагдуулаарай, зээл хаах үед үлдэгдэл ихсэх, багасах тохиолдол байдаг” гэж хэлж байсан. Мөн *******, ******* нар өмнө нь тус *******-аас  зээл авч, автомашин авч байсан учир зааж өгч, санал болгосон байдаг. Үүний дагуу ******* *******-аас зээл авсан.

5.2. Гомдолд хариуцагч ******* *******-д байхад нэхэмжлэгч ******* “36,000,000 төгрөг өгчих” гэж хэлээд уг мөнгөөр том оврын автомашин худалдаж авсан гэж тайлбарладаг. Гэвч хавтаст хэргийн 8 дахь талын доод талд *******улсын дугаартай чиргүүл бичигдсэн байдаг. Маргаан бүхий тээврийн хэрэгсэл нь *******улсын дугаартай байдаг. *******улсын дугаартай чиргүүлийг ******* 36,000,000 төгрөгөөр *******-д байхдаа худалдаж авхуулсан бөгөөд түүний дүүгийн Замын-Үүдэд байрлах хашаанд чиргүүл байрладаг. Тухайн үед ******* “чиргүүл зарагдах эрсдэлтэй тул худалдагчаас яаралтай худалдан аваарай” гэж хэлсний дагуу ******* өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Уг чиргүүлийг хариуцагч *******т шилжүүлэн өгсөн бөгөөд маргаанд хамааралгүй асуудал юм. 36,000,000 төгрөгөөр чиргүүлийг худалдан авсан учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******, түүний өмгөөлөгч нар 36,000,000 төгрөгт холбогдох нотлох баримтыг өгөх гэсэн боловч чадаагүй гэж үзэж байна. Биет байдлын доголдолгүй, 4 дугуй сольсон зэрэг асуудлыг хөнддөг. Өдийг хүртэл нэхэмжилж ирсэн бөгөөд зохигчид ах, дүүгийн харилцаагаа алдах дээр тулсан. Үүний талаар бүх ах, дүү нар нь мэддэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үйл баримыг нотлуулах бүрэн боломжтой байсан.

5.3. Биет байдлын доголдолтой учир мөнгийг буцаан авах тухай шаардлага гаргадаг. Үүгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан үйл баримтыг хүлээн зөвшөөрч байна. Ашиг олох зорилгоор автомашиныг худалдан авсан атал ашиг орлого олоогүй гэж тайлбарладаг. Хариуцагч тал гаргасан тайлбараараа худалдах, худалдан авах гэрээ, хэлцэл байгуулагдсан гэх үйл баримтыг хүлээн зөвшөөрдөг. ******* хариуцагчаас өгсөн 36,000,000 төгрөгөөр автомашиныг худалдаж аваагүй. Урьдчилгаа 3,000,000 төгрөг, 9,000,000 төгрөг болон 12,000,000 төгрөгийг тус тус *******гэх этгээдэд төлж, үлдэгдэл 32,000,000 төгрөгийг нагац ах *******ы нэрээр банк бус санхүүгийн байгууллагаас зээлж төлсөн. Тухайн үед ******* утсаар ярьж, *******, *******нартай биечлэн  уулзсан. *******, *******Е ангилал буюу том оврын автомашин жолоодох эрхээ аваад удаагүй байсан бөгөөд *******гээс “чадахгүй байна, зааж өгөөч” гэж гуйн түүний хамт тээвэрт явж байсан. Е ангиллын автомашиныг хил хооронд яаж жолоодох талаар зааж сургасан. *******, ******* нар Замын-Үүдын хилээр ачаа, тээвэр зөөхдөө *******гийнд буудалдаг бөгөөд ******* Улаанбаатар хот руу орохдоо *******ын гэрт буудалдаг. Чиргүүлийг өмнө нь шилжүүлсэн. *******д ажил явдал гарсан учир банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үлдэгдлийг төлснөөс хойш гэрчилгээний нэр шилжсэн. Банк бус санхүүгийн байгууллагад 44,920,000 төгрөг төлсөн, зээлийн үлдэгдэл 16,200,000 гаруй төгрөг байгааг төлж автомашиныг авах талаар талууд тохиролцсон. Ковид-19 цар тахлын үед 3,700,000 төгрөг буцааж төлөхөөр тохиролцож, тухайн үед зээл нэхэгдэж байсан учир 3 удаа төлсөн. 36,000,000 төгрөгөөр худалдан аваагүй гэх нь нотлогдож байна.

5.4. Шүүх хуралдаан 05 дугаар сарын 28-ны өдөр товлогдсон. Шүүх хуралдаанд болох өдрийн өглөө өмгөөлөгч хуулбар эмнэлгийн магадалгаа авчирдаг. 08 дугаар сарын 13-ны өдрийн өглөө мөн адил хуулбар эмнэлгийн магадлагаа авчирсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. ...” гэж заасан. Эмнэлгийн магадалгаа, өвчний түүх нь нотлох баримтад хамаарах бөгөөд хавтаст хэрэг өгч буй нотлох баримт бүр ач холбогдолтой, түүнийг үнэлэх эсэх, нотлох баримтад үндэслэн эрх зүйн үр дагавар үүсгэж, шүүх хуралдааныг хойшлуулах эсэх асуудал хөндөгддөг. Удаа дараа шүүхэд хүндэтгэлгүй хандаж, идэвхгүй байдаг бөгөөд хуулбар эмнэлгийн магадалгаа өгч орхидог. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдаан болох өдрийн өглөө бүр утсаар холбогддог. Гэтэл “надад хамаагүй” гэх байр сууринаас ханддаг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариу тайлбар гаргах хугацаанд уг үүргээ гүйцэтгээгүй учир хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эзгүйд шийдвэрлүүлж өгнө үү гэх хүсэлтийг удаа дараа гаргасан. Уг хүсэлтийн дагуу хариуцагч талын эзгүйд хавтаст хэргийн материалд үндэслэн шийдвэрлэсэн.

5.5. Хариуцагч талаас нэмэлт нотлох баримт гаргасан тухай дурдаж байна. Хариуцагч талыг эзгүйд чухал ач холбогдолтой нотлох баримт гарган өгч, хариуцагч талд танилцуулалгүйгээр шийдвэрлэсэн мэт тайлбарлаж байна. ******* -д төлсөн 10,000,000 төгрөгийг *******шилжүүлсэн байдаг. *******нь *******гийн эхнэр бөгөөд хариуцагчийн төрсөн дүү юм. Нотлох баримтад *******, ******* нарыг эхнэр, нөхөр болохыг нотлох гэрлэлтийн баталгааг гарган өгсөн. Мөн 16,000,000 төгрөгийг **************-д төлсөн баримтыг гаргаж өгсөн. Үүнээс өөр тогтоогдоогүй үйл баримтын талаарх баримтыг хавтаст хэрэгт гарган өгөөгүй. Шүүх хуралдаанд гэрч оролцуулах тухай хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шийдвэрлэсэн. Шүүх хуралдаан зарлагдах болгонд гэрч ирдэг байсан. Өмгөөлөгч уг хэргийн эхлэл цагаас хууль зүйн туслалцаа үзүүлж буй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан эрх үүргийг үйлчлүүлэгчдээ зөвлөж, нотлох баримтыг цуглуулж, эрх үүргээ хэрэгжүүлэх ёстой. Гэтэл эрх, үүргээ хэрэгжүүлээгүй атлаа гомдолдоо үндэслэл, баримтгүй тайлбар гаргадаг. 36,000,000 төгрөгийн чиргүүлд холбогдох баримтыг гаргаж өгч чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул тус шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү…” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, *******нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 41,214,200 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр хариуцагч нар хамтран хариуцахыг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

4. Мөн анхан шатны шүүх хэргийг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/06273 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба уг хэргийг хянан шийдвэрлэсэн мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 3 дахь хуудсанд *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, *******, *******нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 41,214,200 төгрөг гаргуулах хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар бичигдээгүй, шүүх хуралдааныг хойшлуулсан тухай өөр үйл баримт бичигдсэнээс үзэхэд талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдохгүй, зөрүүтэй байдал үүссэн байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй. Энэ талаар гаргасан хариуцагч талын гаргасан гомдол үндэслэлтэй байна.

 

5. Харин хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан “шүүх хуралдаанд биечлэн оролцуулах боломжоор хангаагүй” гэх агуулгатай гомдлыг хүлээн авах боломжгүй.

Учир нь 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг шүүх хүлээн авч хуралдаан хойшилсон, 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй, хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргах үүргээ шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй, хариу тайлбар гаргаагүй, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээж аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т нийцсэн үндэслэл бүхий болсон.

Шүүгч эрх хэмжээнийхээ хүрээнд хуралдаан хойшлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шүүх хуралдааныг үргэлжлүүлэн шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

6. Дээрхийг нэгтгэн дүгнэхэд анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байхаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/06273 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,021 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН

 

 

                 ШҮҮГЧИД                                 Б.УУГАНБАЯР

 

 

                                                                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ