Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 610

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ш-ийн Э-т холбогдох эрүүгийн 19030 0720 0338 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авснаар энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Уранбайгаль /томилолтоор/, шүүгдэгч Ш.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн программист мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны 8 дугаар хэсгийн ахлагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүү нарын хамт амьдрах, .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Ш-ийн Э /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ш.Э нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно, а/ согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэнд холбогджээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ш.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ажлын газрын хэсгийн ахлагч С.Г, А.У, М.У, Н.Б, Д.М, халамжийн мэргэжилтэн О.Г, нийгмийн ажилтан Э нарын хамт Дэлхийн зөнгийн хуралд явсан. Орой нь бид “Монголика” гэх зочид буудлын 307 тоот өрөөнд орж согтууруулах ундаа хэрэглэсэн. Надад Э 1 хундага, дараа нь О.Г 2 хундага архи өгснийг би уусан.

2019 оны 6 дугаар сарын 18-ны өглөө О.Г эгч надад “М.Уыг автобусны буудал хүртэл машинаараа хүргээд өг” гэхээр нь би зөвшөөрч хүргэж өгсөн. Харин автобусны буудал дээр ирэхэд О.Г эгч “У эгчийг гэрт нь хүргээд өгье” гэж хэлэхэд нь би үгэнд нь орж гэрт нь хүргэж өгсөн. Би У эгчийг гэрт нь хүргэж өгөөд буцах замдаа нарны гэрэлд зүүрмэглэж эгнээ алдаж осол гаргасан. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэмшиж байна.

Тухайн тээврийн хэрэгсэл халамжийн хэлтсийн дарга О.Ггийн машин юм. Би тухайн өдөр 3 хундага архи уусан. Би ядарсан, зүйрмэглэсэн, согтуу байсан учраас осол гаргасан. Би өөрийн гэсэн машингүй. Харин жолооны үнэмлэхээ 2018 оны 6 дугаар сард авч байсан.

Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргахгүй. Мөн согтуугаар машин жолоодож бодлогогүй шийдвэр гаргасандаа маш их харамсаж байна. Би О.Г эгчид 4.000.000 төгрөг, гараашийн эзэнд 1.582.000 төгрөгийг тус тус төлсөн. Хохирлоо өндөр настай ээжийнхээ группын мөнгөнөөс авч төлсөн юм. Одоо хохирогч О.Г-гийн бие эдгэсэн, ажилдаа ороод 1 сар болж байгаа.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19030 0720 0338 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 04-15х/,

 

2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 0.88% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан  тэмдэглэл баримт /хэргийн 16-17х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Г-гийн хохирогчоор өгсөн:

“...Би 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Дэлхийн зөн” байгууллагад хуралд оролцоод, орой 22 цаг өнгөрч байхад хамт ажилладаг Засаг дарга Н.Н, нийгмийн ажилтан н.Э, хэсгийн ахлагч С.Г, А.У, М.У, Н.Б, Д.М, Ш.Э, Баярмаа нарын хамт Биокомбинатад байрлах “Монголика” нэртэй зочид буудлын 307 тоот өрөөнд 3 шил 0.75 литрийн “Болор” нэртэй архи хувааж ууцгаасан. Тэгэхэд би ойролцоогоор 4-5 удаа 200 орчим грамм архи уусан.

Тэндээ байж байгаад үүрээр ойролцоогоор 05-06 цагийн орчимд 1 дүгээр хэсгийн ахлагч М.У нь “гэртээ харина, 2 хүүхдээ айлд унтуулчихсан байгаа, сэрэхээс нь өмнө гэртээ очмоор байна, урагшаа автобусны буудал хүргээд өг” гэхээр нь би “өглөөний 6 цагт автобус унаа явахгүй” гэж хэлсэн.

Тэгээд хамт ажилладаг хэсгийн ахлагч Ш.Эыг “чи миний авто машиныг жолоодоод яв, хоёулаа хамт явж Уыг хүргэж өгье” гэж хэлээд бид гурав миний хувийн эзэмшлийн Toyota-Prius-20 маркийн ххххУНҮ улсын дугаартай авто машиныг хэсгийн ахлагч Ш.Э жолоодон, би өөрөө жолоочийн хажуу талын урд суудалд, харин 1 дүгээр хэсгийн ахлагч М.У арын суудалд суугаад, бид гурав М.У-ыг Өлзийт хороололд байдаг гэрт нь хүргэж өгсөн.

Ш.Э бид хоёр буцаад Биокомбинатад байрлах “Монголика” нэртэй зочид буудал руу явсан. Тэр үед би сандалаа арагш нь хэвтүүлээд унтаж явсан болохоор юу болсон талаар сайн санахгүй байна, нэг мэдэхэд хамт ажилладаг хэсгийн ахлагч Ш.Э “Гэрэлмаа эгчээ сэрээрэй, босоорой” гэж хэлэхээр нь нүдээ нээгээд харахад авто машины маань урд талын салхины шил хагарсан байсан. Тэгээд би урд талаараа юм мөргөж дээ гэж бодоод босох гэтэл хөдөлж чадахгүй байсан болохоор хамт явж байсан хэсгийн ахлагч Ш.Эт “намайг авто машинаас гаргаад өгөөч” гэж хэлсэн юм.

Тэгэхэд Ш.Э намайг авто машинаас гаргах гээд өргөж чадаагүй, миний хамаг бие өвдөөд хэцүү байсан болохоор би ёолж орилсон. Уг зам тээврийн осол болсон газар гарч ирсэн хүмүүсийг Ш.Э гуйгаад, тэд намайг бөөнөөрөө өргөлцөөд авто машинаас гаргах гээд авто машины баруун хойд талын хаалгыг онгойлгон авто машин доторх эд зүйлийг зайчлан намайг өргөх гээд хүрэхэд миний бие өвдөөд, тэд гаргаж чадаагүй учир түргэн тусламжийн авто машин ирэхийг хүлээсэн.

Түргэн тусламжийн авто машин ирж, эмч нь тэнд байсан хүмүүстэй хамтарч намайг татаж гаргасан ба шууд Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тэр үед хамт ажилладаг хэсгийн ахлагч Ш.Э надтай хамт Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тэгээд намайг Гэмтлийн эмнэлэг дээр хүлээн авахын тасагт үзлэг оношилгоо хийлгэж байхад Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүүн ирж уулзан “зам тээврийн осол гарсан газарт үзлэг хэмжилт хийгээд буцаж явна” гэж хэлээд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалган драйгер багаж үлээлгэн шалгахад согтуурлын зэрэг 2,39% гарсан.

Тухайн үед би хамт ажилладаг хүмүүсийн хамт 3 шил 0.75 литрийн “Болор” нэртэй архи хувааж уусан юм. Би согтуу байсан нь үнэн. Миний хувьд хэсгийн ахлагч Ш.Э хэдэн км/цагийн хурдтай замын хөдөлгөөнд оролцож явсан талаар мэдэх зүйл байхгүй.

Тухайн үед би хэсгийн ахлагч Ш.Э-ыг архи, согтууруулах ундааны зүйл

хэрэглэсэн гэдгийг нь огт мэдээгүй, эрүүл байсан гэж бодоод “чи автомашин бариад яв” гэж хэлсэн нь үнэн юм. Яагаад гэхээр манай ажлын хамт олон “Ш.Эыг залуу хүн архи өгч хэрэггүй” гээд бүгд л архи уулгахгүй “чи битгий уугаарай” гэж хэлж байсан.

Зам тээврийн осолд орсон Toyota-Prius-20 маркийн “71-63” УНҮ улсын дугаартай авто машиныг би 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хадам ах Ж.Эрдэнэдаваагаас 8.900.000 төгрөгөөр худалдаж авсан миний хувийн эзэмшлийн авто машин байгаа юм, гэхдээ би худалдаж аваад нэрээ шилжүүлж амжаагүй байсан юм.

Тухайн зам тээврийн осол, хэргийн улмаас миний биед сээр нурууны 7, 9, 10, 12 дугаар үеүүд хугарсан, гавал тархины ясны хугарал, 1, 2 дугаар нугалмын хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт зэрэг гэмтэл, бэртэл үүссэн байсан. Тухайн үед би автомашин дотор унтаж явсан болохоор зам орчны нөхцөл байдал ямар байсан талаар сайн мэдэхгүй байна. Миний бие одоо хэвтэрийн дэглэм сахих шаардлагатай, шөнө унтаж амарч чадахгүй, тархи толгой, нуруугаар яс янгинаж өвдөөд зовиуртай хэцүү байгаа. Надад эмчилгээ болон хохиролдоо зарцуулсан мөнгөн дүнтэй баримт байгаа. Миний хувьд өөрт учирсан хохирлоо баримтын дагуу нэхэмжлэн төлүүлэх хүсэлттэй байна.

...Би өөрт учирсан хохирлын мөнгө болох баримтаар гаргаж өгсөн болон эмчилгээ хийлгэхэд шаардлагатай нийт 7.395.000 төгрөгийг нэхэмжилнэ. Өөр жолооч Ш.Эт холбогдуулан гаргах ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-27х, 28х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.А-ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 18-ны өглөө үүрээр 06 цагийн орчимд гэрээсээ гарч гадаа бие засаад эргэж орж ирээд унтах гэж байтал гадаа тас няс хийгээд, хүчтэй дуу чимээ гараад явчихаар нь гэрээсээ гараад харахад манай гэрийн тоосгон гараашийг Toyota prius 20 маркийн ххххУНҮ улсын дугаартай авто машин зорчих хэсгээс хурдтай гарч онхолдож хөрвөөн мөргөж зогссон байсан. Тэгээд би уг авто машинд сууж явсан хүмүүс авто машинаасаа бууж амжаагүй байхад хажууд нь очиж жолоочийн сандал дээр сууж явсан залууд хандан “ямар аймар юм бэ, яаж явж байгаад ийшээ орчихов” гэж хэлээд тэр дор нь уг авто машинд сууж явсан зорчигч эмэгтэйг авто машинаас буулгах гээд өргөж татах гэхэд зорчигч эмэгтэй орилоод байхаар нь би өөрийнхөө 99002623 дугаартай гар утсаар цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас руу болон түргэн тусламжийн 103 дугаар руу залгаж дуудлага мэдээлэл өгсөн.

Тэгээд ойролцоогоор 15-20 орчим минутын дараа түргэн тусламжийн авто машин ирж, эмч нь зорчиж явсан зорчигч эмэгтэйг үзээд авто машинаас татаж гарган, уг зам тээврийн осол гаргасан жолооч залуугийн хамт зорчигч эмэгтэйг авто машиндаа суулган Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Харин би уг зам тээврийн осол, хэрэг гарсан газарт замын цагдаагийн ажилтны хамт үлдэж, Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүүн ирж хэргийн газрын үзлэг хэмжилтийг хийхэд хамт байлцсан. Тухайн зам тээврийн осол гарах үед Toyota prius 20 маркийн ххххУНҮ улсын дугаартай авто машиныг намхан биетэй эрэгтэй жолоодож явсан.

Осол гарсан тухайн үед зам орчны нөхцөл байдлын хувьд үзэгдэх орчин чөлөөтэй, гадаа үүр цайж гэгээ орсон, хөдөлгөөний ачаалалгүй, замын түгжрэлгүй, цас бороо ороогүй, агаар дулаахан, зорчих хэсэг хуурай байсан.

Тухайн зам тээврийн ослын улмаас манай Сонгины 27 дугаар гудамжны 287 тоот хашааны зүүн урд талд байрлах тоосгон гараашийн баруун хана цуурсан, баруун талын хаалга цөмөрсөн, эвдрэл гэмтэл учирсан. Миний хувьд тоосгон гараашийнхаа эвдрэл, гэмтлийн мөнгийг зам тээврийн осол гаргасан буруутай жолоочоос нэхэмжлэх хүсэлттэй байна. Би өөрт учирсан хохирлын мөнгө болох баримтаар гаргаж өгсөн нийт 1.582.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 35-36х, 37-38х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.У-ийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 18-ны өглөө гарсан зам тээврийн ослын талаар надад мэдэх юм байхгүй. Харин урд өдөр нь буюу 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Дэлхийн зөн” байгууллагын хурал болоод манай хорооны ажилчид болох хэсгийн ахлагч С.Г, М.У, Н.Б, Д.М, Т.Б, Ш.Э, халамжийн мэргэжилтэн О.Г, нийгмийн ажилтан н.Э нарын хамт Биокомбинад байрлах “Монголика” нэртэй зочид буудлын 307 тоот өрөөнд байрлан амарсан.

Тэгээд нэг шил 0.75 литрийн “Болор” нэртэй архи задлаад манай халамжийн мэргэжилтэн О.Г аяганд хийгээд хүн болгонд өгөөд “уучих” гэж хэлээд шахаад байсан. Намайг хажуугийн өрөөнөөс орж ирэхэд манай хэсгийн ахлагч Ш.Эт аяганд архи хийж өгөөд, О.Г Ш.Эыг “наад архиа татчих” гээд Ш.Э О.Ггийн өгсөн архийг нь уучихсан юм.

Тэгэхэд манай хэсгийн ахлагч С.Г “хүүхдэд битгий архи өг” гэхээр нь би дэмжээд “тийм шүү дээ, битгий хүүхдэд архи өг, хүүхдүүдтэйгээ хамт архи ууснаас ялгаа байхгүй” гэж хэлсэн.

Өглөө эрт хэсгийн ахлагч Ш.Эын гар утаснаас хэсгийн ахлагч Т.Б руу дуудлага ирэхээр нь гар утсыг нь авахад “Зам тээврийн осолд орчихсон Гэмтлийн эмнэлэг дээр байна, та миний цүнхнээс жолооны үнэмлэх олоод Гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ирээч” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд хамгийн анх би зам тээврийн осол гарсан талаар мэдэж хамт ажилладаг хүмүүстээ хэлсэн юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 42-43х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны С.Ганчулуугийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 18-ны өглөө гарсан зам тээврийн ослын талаар мэдэх зүйл байхгүй. Харин урд өдөр нь буюу 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Дэлхийн зөн байгууллагын хурал болсон. Манай хорооны ажилчид хэсгийн ахлагч А.У, М.У, Н.Б, Д.М, Т.Б, Ш.Э, халамжийн мэргэжилтэн О.Г, нийгмийн ажилтан н.Э нарын хамт Биокомбинатад байрлах “Монголика” нэртэй зочид буудлын 307 тоот өрөөнд байрласан.

Хамт ажилладаг ажилчдын хамт 2 шил 0.75 литрийн “Болор” нэртэй архи задлан манай халамжийн мэргэжилтэн О.Г архи аягалаад тэнд байсан бүх хүмүүст өгөөд “уучих” гээд шахаад байсан. Тэр үед би хамт ажилладаг О.Гд хандан “наадах чинь жоохон хүүхэд, миний хүүхэдтэй нас чацуу, яах гэж архи өгөөд байгаа юм бэ” гэж хэлэхэд миний хажуунаас А.У бас “битгий хүүхдэд архи өг, хүүхэдтэйгээ хамт архи ууснаас ялгаа байхгүй” гэж хэлсэн.

...М.У “би гэртээ харьмаар байна, 2 хүүхэд гэрт байгаа, хүүхдүүдээ сэрэхээс өмнө очмоор байна” гэхээр нь би “чи яаж явах гэж байгаа юм” гэж асуухад “би автобусны буудал руу алхчихна” гэсэн. Тэгээд удалгүй би зочид буудлын өрөө рүүгээ орж унтаж амраад, маргааш өглөө нь 07 цаг өнгөрч байхад хэсгийн ахлагч А.У, Т.Б хоёроос Ш.Э, О.Г нар авто машинтай явж байгаад зам тээврийн осолд орсон талаар сонсож мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 45-46х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.У-ын гэрчээр өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 18-ны өглөө гарсан зам тээврийн ослын талаар мэдэх зүйл байхгүй. Харин урд өдөр нь буюу 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Дэлхийн зөнгийн хурал болоод, манай хорооны ажилчид А.У, С.Ганчулуу, Н.Б, Д.М, Т.Б, Ш.Э, халамжийн мэргэжилтэн О.Г, нийгмийн ажилтан н.Э нарын хамт Биокомбинатад байрлах “Монголика” нэртэй зочид буудлын 307 тоот өрөөнд орой 22 цаг өнгөрч байхад байрлаад амарсан.

Манай ажилчид хамт 2 шил 0.75 литрийн “Болор” нэртэй архи задлан О.Г аягалаад, тэнд байсан манай ажлын бүх хүмүүст өгөөд “ууна шүү, ууна шүү” гээд шахах маягтай байсан. Тэр үед би О.Гд хандан “наадах чинь жоохон хүүхэд, яах гэж архи өгөөд байгаа юм бэ, битгий хүүхдэд архи өг” гэж хэлэхэд О.Г “Ш.Э өнөөдөр 21 нас хүрч байгаа, төрсөн өдөр нь болж насанд хүрсэн залуу юм чинь уулгүй яадаг юм бэ” гэж хэлээд өгсөн архиа уулгачихаж байгаа харагдсан.

Тэгээд бид нар хоорондоо юм яриад нилээн сууцгааж байгаад ...гадаа гарч гурав гурваараа зайтай юм ярьж сууж байхад ...би гэр рүүгээ явлаа гэхэд С.Ганчулуу эгч “чи яаж явах юм бэ” гэхээр нь “би алхаад явчихна, автобусны буудал руу алхчихна” гэж хэлсэн.

Тэгээд би зочид буудлын өрөө рүү орж цүнхээ аваад гадаа гарч иртэл О.Г авто машиндаа ороод жолоочийн хажуу талын урд суудал дээр суучихсан “Уаа нааш ир” гэж хэлээд дуудахаар нь очиход “суучих явъя, чамайг хүргээд өгье” гэж хэлсэн. Би “хэрэггүй, автобусаар явчихъя” гэхэд “яах юм бэ, хүргээд өгье, маяглаад бай, би авто машин барихгүй, Ш.Эаар авто машинаа бариулаад явчихъя” гэж хэлсэн.

Тухайн үед ...би О.Ггийн авто машины арын суудалд орж суусан, тэгэхэд Ш.Э хэнээс авто машины түлхүүр авсныг сайн анзаараагүй. Тэгээд бид гурав авто машинтай хөдлөн ...би гэрийнхээ арын зам дээр хүргүүлээд машинаас буусан. Харин нөгөө хоёр маань буцаад явсан. Тэгээд би өглөө нь 8 цаг өнгөрч байхад хамт ажилладаг хэсгийн ахлагч Т.Бгаас “Ш.Э, О.Г нар авто машинтай явж байгаад зам тээврийн осолд орсон” талаар сонсож мэдсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 48-49х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Б-гийн гэрчээр өгсөн:

“... Миний хувьд 2019 оны 6 дугаар сарын 18-ны өглөө гарсан зам тээврийн ослын талаар мэдэх зүйл байхгүй. Харин урд өдөр нь буюу 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Дэлхийн зөн байгууллагын хурал болж, манай хорооны ажилчид болох А.У, С.Ганчулуу, М.У, Д.М, Т.Б, Ш.Э, халамжийн мэргэжилтэн О.Г, нийгмийн ажилтан н.Э нарын хамт Биокомбинатад байрлах “Монголика” нэртэй зочид буудлын 307 тоот өрөөнд орой 22 цаг өнгөрч байхад байрласан. Тэгээд ажилчдын хамт 2 шил 0.75 литрийн “Болор” нэртэй архи задлаад, манай халамжийн мэргэжилтэн О.Г хүн болгонд өгөөд “уучих, ууна шүү” гэж хэлээд архи өгч байсан. Тэгэхэд манай хэсгийн ахлагч Ш.Э архи аягалж өгтөл уучихаар нь “чи яагаад архи ууж байгаа юм бэ, жоохон хүүхэд байж” гэхэд Ш.Э “за эгчээ, өнөөдөр дүү нь 21 нас хүрлээ” гэж хэлэхээр нь би О.Гд хандан “наадах чинь жоохон хүүхэд, чи бас болохгүй шүү дээ” гэхэд хамт ажилладаг хэсгийн ахлагч А.У эгч, С.Ганчулуу нар “битгий өг” гэж хэлж байсан юм. ...Өглөө нь 08 цаг өнгөрч байхад хамт ажилладаг хэсгийн ахлагч А.У хаалга нүдэж сэрээгээд “нөгөө Ш.Э, О.Г хоёр М.Уыг автобусны буудал хүргэж өгөх гэж яваад зам тээврийн осолд орсон байна” гэж хэлээд мэдсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 51-52х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.М-ын гэрчээр өгсөн:

“...Миний хувьд 2019 оны 6 сарын 18-ны өглөө гарсан зам тээврийн ослын талаар мэдэх зүйл байхгүй. Харин урд өдөр нь буюу 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Дэлхийн зөн байгууллагын хурал болж, манай хорооны ажилчид болох А.У, С.Ганчулуу, М.У, Д.М, Т.Б, Ш.Э, халамжийн мэргэжилтэн О.Г, нийгмийн ажилтан н.Э нарын хамт Биокомбинатад байрлах “Монголика” нэртэй зочид буудлын 307 тоот өрөөнд орой 22 цаг өнгөрч байхад байрласан. Тэгээдажилчдын хамт 2 шил 0.75 литрийн “Болор” нэртэй архи задлаад, манай халамжийн мэргэжилтэн О.Г хүн болгонд өгөөд “уучих, ууна шүү” гэж хэлээд архи өгч байсан. Тэгээд хэсгийн ахлагч Ш.Эт архи аягалж өгөхөд нь Ш.Э уучих шиг болоход А.У эгч, С.Ганчулуу, Н.Б нар “яагаад архи ууж байгаа юм бэ, жоохон хүүхэд байж, наадах чинь жоохон хүүхэд, хүүхэд шиг хүнтэй хамт архи ууна гэж ямар юм байдаг юм, битгий хүүхдэд архи өг, хүүхэдтэйгээ хамт архи ууснаас ялгаа юу байсан юм бэ энэ тэр” гээд шуугиад байсан.

Бид нар хоорондоо юм ярьцгааж байгаад ...би хажуу талын 306 тоот өрөөнд орж унтаж амарсан. Өглөө нь 8 цаг өнгөрч байхад хамт ажилладаг хэсгийн ахлагч Н.Б, С.Ганчулуу эгч хоёроос “Ш.Э, О.Г хоёр цаана чинь бөөн юм болсон байна, зам тээврийн осолд орсон байна” гэж сонсож мэдсэн. ...Анх О.Г хамт ажилладаг хэсгийн ахлагч Ш.Эт архи хийж өгөхөд уучих шиг болсон. Тэрнээс өөр хэн хэсгийн ахлагч Ш.Эт архи хийж өгөөд, архиар шахсан талаар мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 54-55х/,

 

10. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7616 дугаартай:

1. Ш.Э-ын биед дагзны хуйханд цус хуралт, хавантай, баруун цавь, зүүн чихний дээд талд шалбаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 68х/,

 

11. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7623 дугаартай:

1. О.Г-гийн биед титэм заадас дайран дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, сээрний 7, 9, 10, 12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 1, 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, тархи доргилт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна” гэсэн дүгнэлт /хэргийн 72х/,

 

12. Зам тээврийн осол гарах үед шүүгдэгч Ш.Э-ын жолоодон явсан ххххУНҮ улсын дугаартай Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан техникийн эвдрэл хохирлын үнэлгээг тогтоосон хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ хийх эрх бүхий “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 654 дугаартай үнэлгээний тайланд: “...тээврийн хэрэгслийн солих, засварлах эд ангийн үнэлгээг шууд зардлын дүнгээр 5.845.000 төгрөг /таван сая найман зуун дөчин таван мянган төгрөг/, ажлын хөлс материалын зардал зэрэг шууд бус зардлын дүнгээр 720.000 төгрөг /долоон зуун хорин мянган төгрөг/, нийт үнэлгээгээр тогтоосон дүн 6.565.000 /зургаан сая таван зуун жаран таван мянга/ төгрөг” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 84-86х/,

 

13. Зам тээврийн осол хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Б.А-ийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгино 27-287А тоотод байршилтай 4 машины гараашид учирсан  эвдрэл, гэмтлийг сэргээн засварлахад гарах зардлын хэмжээг тооцсон хөрөнгийн өртгийн үнэлгээг нийт 1.497.000 /нэг сая дөрвөн зуун ерөн долоон мянга/ төгрөг гэж тогтоосон хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ДХҮ-055 дугаартай үнэлгээний тайлан, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 92-97х/,

 

14. “Техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн Т.Prius-20 маркийн ххххУНҮ улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл нь их хэмжээний эвдрэл гэмтэлтэй, асах боломжгүй тул техникийн бүрэн бүтэн байдалд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн Сонгинохайрхан Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 58 тоот албан бичиг /хэргийн 78х/,

 

15. Хохирогч О.Г-г иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай прокурорын 2019 оны 09 сарын 16-ны өдрийн 06 дугаартай тогтоол, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “согтууруулах ундаа ...хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлж” Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үндэслэлээр Тоёото приус-20 маркийн ххххУНҮ улсын дугаартай авто тээврийн хэрэгслийн өмчлөгч эзэмшигч О.Г-г 100.000 төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулсан шийтгэлийн хуудас баримт /хэргийн 151-152х, 153х/,

 

16. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ш.Э-ын яллагдагчаар өгсөн:

“...Би тэр өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр орой 22 цагийн орчимд Дэлхийн зөнгийн хуралд ороод, хамт ажилладаг хэсгийн ахлагч С.Г, А.У, М.У, Н.Б, Д.М, халамжийн мэргэжилтэн О.Г, нийгмийн ажилтан Э нарын хамт Биокомбинатад байрлах “Монголика” нэртэй зочид буудлын 307 тоот өрөөнд 3 шил 0.75 литрийн “Болор” нэртэй архи хувааж ууцгаасан. Би ойролцоогоор 150 орчим грамм архи уусан, тэгээд тэндээ байж байгаад үүрээр 05 цаг 30 минутын орчимд халамжийн ажилтан О.Г “өөрийнхөө авто машиныг жолоодоод 1 дүгээр хэлтсийн ахлагч М.У-ыг гэрт нь хүргэж өгнө” гээд явах гэхээр нь би “авто машиных нь түлхүүрийг өгөхгүй” гэхэд О.Г эгч “чи өөрөө миний авто машиныг бариад явчих” гээд би хамт ажилладаг О.Г эгчийн “Toyota-Prius-20” маркийн “71-63” УНҮ улсын дугаартай авто машиныг нь жолоодон М.У болон О.Г нарын хамт явж, 1 дүгээр хэсгийн ахлагч М.Уыг Өлзийт хороололд гэрт нь хүргэж өгөөд буцаад О.Ггийн хамт Биокомбинатад байрлах “Монголика” нэртэй зочид буудал руугаа явсан. Би архи уучихсан байсан болохоор тэрхэн зуур зүүрмэглэчихсэн байсан, гэнэт тас хийх чимээ гарч авто машин зорчих хэсгийн хойд талын хашлага мөргөж зорчих хэсгээс гарч хурдтай яван яах ийхийн зуургүй онхолдож хөрвөөн айлын хашааны гадна талд барьсан байсан улаан тоосгон авто машины гараашийг мөргөж зогссон. Би авто машинаасаа буух гэтэл уг айлын хүн бололтой эрэгтэй хүн хажууд гарч ирээд “ямар аймар юм бэ, яаж явж байгаад ийшээгээ орчихов” гэхэд нь би жолоочийн суудал дээрээс хамгаалах бүсээ тайлж авто машинаас буусан. Тэгэхэд О.Г эгч “намайг авто машинаас гаргаад өгөөч” гэхээр нь би О.Г эгчийг авто машинаас гаргах гэтэл өргөж татаж дийлээгүй, мөн О.Г эгч орилоод байсан. Би тэнд байсан хүмүүсийг гуйгаад “та нар хамжаад өргөлцөөд авто машинаас гаргаад өгөөч” гээд тэнд байсан эрэгтэйчүүд нийлэн авто машины баруун хойд талын хаалгыг онгойлгон авто машин доторх эд зүйлийг зайчлан О.Г эгчид хүрэхэд О.Г эгч орилоод байхаар нь хүмүүс айгаад ойртож чадахгүй, хий дэмий түргэн тусламжийн авто машин ирэхийг хүлээцгээсэн. Тэгээд түргэн тусламжийн авто машин ирж О.Г эгчийг татаж гаргаад, намайг О.Г эгчийн хамт Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. ... Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүүн тааралдан ...намайг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалган драйгер багаж үлээлгэн шалгахад 0.88% гарсан. ...О.Г эгчийг Гэмтлийн эмнэлэг дээр авч үлдсэн, харин би Тээврийн цагдаагийн албаны жижүүр рүү явсан.

Тухайн үед би хамт ажилладаг хүмүүсийн хамт 3 шил 0.75 литрийн “Болор” нэртэй архи хувааж уусан, тэр үед би ойролцоогоор 150 орчим грамм архи уусан, согтуу байсан нь үнэн. Мөн би ойролцоогоор 80-90 км цагийн хурдтай хөдөлгөөнд оролцож явсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох “B” ангиллын хүчинтэй жолооны эрхийн үнэмлэхтэй, 2018 онд анх жолооч болж байсан.

...Тухайн зам тээврийн ослын улмаас миний жолоодож явсан “Toyota-Prius-20” маркийн ххххУНҮ улсын дугаартай авто машинд их хэмжээний эвдрэл, гэмтэл учирсан байх, тийм болохоор би уг авто машины эвдрэл, гэмтлийн үнэлгээг хийлгэнэ. Тухайн үед зам орчны нөхцөл байдал үзэгдэх орчин чөлөөтэй, гадаа үүр цайж, гэгээ орсон, хөдөлгөөний ачаалалгүй, замын түгжрэлгүй, цас, бороо ороогүй, цаг агаар дулаахан, зорчих хэсэг хуурай байсан.

...Надад автомашины түлхүүрийг халамжийн ажилтан О.Г өөрийн гараар өгсөн. О.Г надад өөрөө архи хундаглаж өгсөн болохоор намайг архи уусан байсан гэдгийг мэдэж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 108-109х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Ж.Ч /хэргийн 57х/, Б.Б /хэргийн 59х/, Г.Ш /хэргийн 61х/ нарын мэдүүлэг, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 111х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 113х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 120х/, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 125х/, Ш.Э-ын гаргасан амжилт, бүтээлийг тодорхойлсон баримтууд /хэргийн 126-135х/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон хөрөнгийн үнэлгээний тайланг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжилтэн /үнэлгээчин/, шинжээчид гаргасан байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Түүнчлэн тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдэж хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.Э-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ш.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 18-ны 06 цаг 45 минутын орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 27 дугаар гудамжны урд замд “Тоёота Приус” маркийн ххххУНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно, а/ согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

- 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож Б.А-ийн эзэмшлийн гараашийг мөргөсөн зам тээврийн осол гаргасан,

уг ослын улмаас тээврийн хэрэгсэлд зорчин явсан иргэн О.Ггийн эрүүл мэндэд “...титэм заадас дайран дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, сээрний 7, 9, 10, 12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 1, 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, тархи доргилт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт”  гэмтэл бүхий хүнд хохирол,

иргэн Б.А-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 27 дугаар гудамжны 287 тоот хашааны зүүн урд талд байрлах тоосгон гараашид шууд зардлын дүнгээр нийт 1.582.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг тус тус гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааж хуульчилсан.

 

Шүүгдэгч Ш.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 18-ны 06 цаг 45 минутын орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 27 дугаар гудамжны урд замд “Тоёота Приус” маркийн ххххУНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

- 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно, а/ согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

- 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас онхолдож Б.А-ийн эзэмшлийн гараашийг мөргөсөн зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдсон ба уг ослын улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан О.Ггийн эрүүл мэндэд “...титэм заадас дайран дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, сээрний 7, 9, 10, 12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 1, 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, тархи доргилт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт” гэмтэл бүхий хүнд хохирол учирсан гэмт үйлдэл нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” болон “энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн” гэх  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад  тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.    

 

Тухайн хэргийн хохирогч О.Г нь өөрийн өмчлөлийн Тоёота Приус-20 маркийн ххххУНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоог согтууруулах ундаа хэрэглэсэн Ш.Эт шилжүүлэн өгсөн, шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашиныг жолоодсон нь тухайн зам тээврийн осол хэрэг гарахад шууд нөлөөлөх  шалтгаан нөхцөл болсон нь хэрэгт авагдсан жолооч болон зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 0.88%, 2.38% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоосон тэмдэглэл баримт /хэргийн 16х 17х/, гэрч А.У, С.Ганчулуу, М.У, Н.Б, Д.М нарын мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Мөн дээрх зам тээврийн осол хэргийн улмаас Б.А-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 27 дугаар гудамжны 287 тоот хашааны зүүн урд талд байрлах тоосгон гараашид шууд зардлын дүнгээр нийт 1.582.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь тогтоогдсон тул түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож /хэргийн 34х/ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан  журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Ш.Э нь зам тээврийн осол гаргах үедээ жолоодон явсан “Тоёота Приус” маркийн ххххУНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг уг тээврийн хэрэгслийн өмчлөгч О.Ггийн зөвшөөрлөөр жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, О.Г нь шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг мэдэж байсан атлаа түүнд автомашины жолоог /руль/ шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул автомашины өмчлөгч, эзэмшигч О.Гг 2019 оны 9 сарын 16-ны өдрийн 06 дугаартай Прокурорын тогтоолоор иргэний харицагчаар тогтоож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуулийн үндэслэл бүхий байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч О.Г, иргэний нэхэмжлэгч Б.А нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

 

Шүүгдэгч Ш.Э нь гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон хохирогч О.Г-гийн эмчилгээ болон эд хөрөнгөд учирсан хохиролд тооцон нийт 4.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.А-ийн эд хөрөнгөд учирсан хохиролд 1.582.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, хохирогч О.Г нь “өөрт учирсан хохирол төлбөрт 4.0 сая төгрөгийг Энхбаяраас хүлээн авч хохирлоо барагдуулсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлтийг, иргэний нэхэмжлэгч Б.А- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохиролд 1.582.000 төгрөгийг хүлээн авч гомдол саналгүй болохоо тодорхойлсон” хүсэлтийг тус тус шүүхэд бичгээр гаргасан /хэргийн 174х, 175х/ баримттай байна.

 

Иймд шүүгдэгч Ш.Э-аас энэ тогтоолоор гаргуулвал зохих гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцон нөхөн төлүүлэх баримт бүхий хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

Хэргийн шүүгдэгч Ш.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон байна.   

 

Шүүх, дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Ш.Э-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ш.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 111-р талд авагдсан урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн “хөнгөн” ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Шүүх, шүүгдэгч Ш.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийг нөхөн төлснийг тус тус  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан, “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хрих ял оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг журамлан хэрэглэх боломжтой гэж үзэв.   

 

Шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар Ш.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус заасныг баримтлан Ш.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэн хугацаанд “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох” албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ш.Эт мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, хэрэгт хураагдаж ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №1ххххх дугаартай үнэмлэх баримтыг эрх хасах нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.  

 

Энэ хэрэгт Ш.Э нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.Г, иргэний нэхэмжлэгч Б.А нар нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

                                                                ТОГТООХ нь:

 

1. Т овогт Ш-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар Ш.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг баримтлан Ш.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэн хугацаанд “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох” албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ш.Э нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн болон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмын дагуу ял оногдуулахыг анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ш.Э-т мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирсэн Ш.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №1ххххх дугаартай үнэмлэх баримтыг түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар гүйцэтгэх бичиг баримтын хамт Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Арайд үүрэг болгосугай.

 

7. Энэ хэрэгт Ш.Э нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.Г, иргэний нэхэмжлэгч Б.А нар нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ш.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                 С.БАЗАРХАНД