| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 102/2023/05708/И |
| Дугаар | 210/МА2025/02139 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/02139
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/06212 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******-ын иргэн ******* нарт холбогдох,
*******, тус компанийн эцсийн өмчлөгч *******-ын иргэн ******* нараас Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 540,040,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. “…******* нь 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээг *******-ийн гүйцэтгэгч *******-тай байгуулсан.
1.2. Тус гэрээний дагуу 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд М150, М250, М300, М400 гэсэн маркийн нийт 5,115 м.куб буюу нийт 811,230,000 төгрөгийн бетоныг *******-д нийлүүлсэн.
1.3. Гэвч ******* нь төлбөрөө бүрэн гүйцэт төлж барагдуулаагүй ба төлөөгүй нийт үлдэгдэл дүн 550,000,000 төгрөг болно. Тиймээс бетон зуурмаг нийлүүлсэн Хөх мандал хотхоны үндсэн хөрөнгө оруулагч *******-тай хэлэлцээр хийхээр тохиролцож, гүйцэтгэх захирал *******-тай удаа дараа уулзаж, улмаар ******* болон ******* нар нь гүйцэтгэгч *******-ийн төлөх ёстой 550,000,000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр эхний 300,000,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 15-ны өдөр үлдэх 250,000,000 төгрөгийг ******* нь төлж барагдуулахаар 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тохиролцож, Бетон зуурмагийн өрийг төлөх тухай хэлэлцээр хийсэн.
Уг хэлэлцээрийн дагуу хариуцагч нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 30,000,000 төгрөг төлсөн. Учир нь *******-ийн хөрөнгө оруулалт, менежментээр бүтээн байгуулж буй Хан-Уул дүүрэг, Нисэхэд байрлах Хөх мандал хотхоны 3 блок барилга угсралтын ажлыг ******* нь гүйцэтгэж байсан. Тиймээс үндсэн захиалагч болох ******* нь менежментийг бүрэн хариуцаж барилгыг барьж дуусгахаар болсон гэж ойлгосон ба захирал *******болон үндсэн хөрөнгө оруулагч ******* нь гүйцэтгэгч компанийнхаа өр төлбөрийг тэдний өмнөөс барагдуулахаар болсон.
1.4. ******* болон захирал *******нар нь Хөх мандал хотхоныг үргэлжлүүлэн барихтай холбоотойгоор *******-тай шинээр 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээг байгуулж, тус гэрээгээр нийт 1,066 м.куб бетоныг 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл нийлүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсанаар 720 м.куб буюу 113,040,000 төгрөгийн бетон нийлүүлснээс 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 93,000,000 төгрөгийг төлж, үлдэх 20,040,000 төгрөгийг төлөөгүй.
Манай компани өнөөдрийн байдлаар бетон зуурмагийн өрийг төлөх тухай хэлэлцээрийн үлдэгдэл 520,000,000 төгрөг, Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 20,040,000 төгрөг, нийт 540,040,000 төгрөгийг авч чадаагүй хэвээр байна.
Иймд манай компани дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, 9,960,000 төгрөгөөр нэхэмжлэлээ багасгаж, хариуцагч нараас 540,040,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.5. Нэгдүгээр хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсанаар ******* нь хариуцагч *******-ийн барилгын ажлыг гүйцэтгэж байсан *******-тай бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, энэ гэрээний дагуу 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 07 оны 08-ны өдөр хүртэл хугацаанд 5,115 м.куб бетон зуурмагийг *******-д нийлүүлсэн. Энэ баримт нь 1 хавтас нотлох баримтаар нотлогддог.
Гэтэл төлбөр төлөх үүргээ ******* биелүүлээгүйгээс бетон зуурмаг нийлүүлсэн Хөх мандал хотхоны хөрөнгө оруулагч *******-ийн захиралтай хэлцэл байгуулсан. Уг гэрээгээр төлбөрийн үлдэгдэл 550,000,000 төгрөгийг 2 хувааж төлөхөөр тохиролцсон. Үлдэгдэл төлбөрийг тохиролцоод тооцоо нийлэх акт үйлдсэн. Гэрээ хийсэн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 30,000,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлсөн. 2015 оны 08 дугаар сарын 12-нд тусдаа Худалдах, худалдан авах гэрээ байгуулж 09 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчаас нэхэмжлэгчид 93,000,000 төгрөг төлсөн байдаг ба үлдэгдэл 20,040,000 төгрөгийг төлөөгүй байгаа учир энэ төлбөрийг мөн шаардаж байгаа...” гэжээ.
2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:
2.1. “...Mанай компани нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Хөх мандал хотхоны барилгыг *******-иар гүйцэтгүүлж, энэ компани нь *******-тай бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тэрхүү гэрээний дагуу нийлүүлсэн бетоны хэмжээ, төлсөн төлбөр тодорхойгүй, тооцоо нийлсэн актгүй, хэн нь хүлээн авсан нь тодорхойгүй байдаг.
Манай компани Барилгын ерөнхий гүйцэтгэгч *******-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн төлбөр нь хийсэн ажлаас илүү болсон тул *******-д төлбөр төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн гаргаж буй бетон зуурмагийн баримтууд нь хэзээ, хэнд хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, манай компаниас хүлээн авсан хүний гарын үсэггүй, нэг талын баримтаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн энэхүү баримт нь нэхэмжилж байгаа үнийн дүнд хүрэхгүй байгаа. Нэхэмжлэгч нь энэхүү тодруулсан шаардлагаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Зөвхөн захирлын хувьд гэрээнд гарын үсэг зурсан байна.
2.2. ******* захирал *******-ийн захирлын хувиар аливаа гэрээ хэлцэлд гарын үсэг зурж байгаа бөгөөд ямар үндэслэлээр компанийн захирал хувь хүнээс төлбөр нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Мөн ******* нь Монгол хэлээр ярьж ойлгох боловч крилл үсэг бичиг 2015 онд сайн мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй, тухайн үед багш хөлсөлж заалгаж байсан. 2015 оны 08 дугаар сарын 18-ны Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний дагуу ямар нэг бетон зуурмаг хүлээн аваагүй, баримтгүй, барилгын талбайд манай талаас ерөнхий инженер *******өдөр бүр ажиллаж байхад хүлээлгэн өгсөн баримт байхгүй, зөвхөн нөгөө тал бетон зуурмаг ачуулсан машин, баримтууд нь хэзээ, хэнд өгсөн нь тодорхойгүй баримтаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ хэргийг өмнө 2016 онд шийдвэрлэх үед шүүх хуралдаан дээр үйл баримт тодорхой харагдаж байгаа.
2.3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь бетон зуурмаг үйлдвэрлэх, худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүй болох нь компанийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Энэ хэлцлийн үндсэн дээр хийгдсэн 550,000,000 төгрөг төлөх тухай хэлэлцээр нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан учир Иргэний хуулийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байна.
2.4. Үр дагаврын хувьд өгсөн авснаа буцаах талаар ярихад бетон зуурмаг авсан эсэх талаар яригдана. ******* нь *******-аас бетон зуурмаг авсан. Хэрэгт байгаа баримтаас үзвэл *******-ийн үйлддэг баримт байгаа бөгөөд хаана нийлүүлж байгаа нь тодорхойгүй. *******-ийн хүлээж авсан гэх баримт “ягаан” баримт байсан. Энэ нь *******-ийн гаргасан баримттай тоо зөрөхгүй байвал нотолж болохоор байхад нотлогдохгүй байна.
Манайх *******-тай гэрээ байгуулсны дагуу түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гэрээ хийж, тус компанид нийт 1,677,688,840 төгрөг өгсөн. 2 сарын хугацаанд ажиллуулаад больсон нь манайхаас авсан мөнгөндөө хүрэхгүй хэмжээний ажил хийгээд, бусдад өр төлбөртэй болсон талаар хөрөнгө оруулагчтай хүмүүс ирж уулзах болсон. Манайх 714,000,000 төгрөгийн илүү төлбөрийг *******-д илүү төлсөн байгаа юм.
Одоо асуухаар 10 жилийн өмнөх зүйлийг санахгүй байна гэдэг. *******-тай манайх тооцоо хийгээгүй. *******-тай Худалдах, худалдан авах гэрээ хийх болсон шалтгааны хувьд өр төлбөр төлөх тухай хэлэлцээрийг хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж үзээд хүчин төгөлдөр бусaд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байсан. *******, *******гэх хоёр залуу өдөр болгон компани дээр ирээд ******* захирлын өрөөнд суучихдаг байсан. Өөрсдөө мөн вокзал дээр ******* захирлыг гаргаж өгсөн гэж тайлбарласан байдаг. *******-ын иргэн Ян вэй гэдэг хүн цаашид барилгын ажлыг хийж дуусгахаар болсон учраас хамтарч хариуцахаар оролцсон. Сүүлд байгуулсан гэрээгээр бетон зуурмаг авсан бол Ян вэй хариуцах ёстой. Нэхэмжлэгч талаас шинээр гаргасан нэг хавтас нотлох баримтуудыг харвал нэг өдөрт нийлүүлж байгаа бетоны хэмжээ заримдаа их хэмжээний, 100 машин орж гарсан мэт харагдаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 520,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 20,040,000 төгрөг болон хариуцагч *******-ын иргэн *******-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2,907,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 2,757,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэжээ.
4. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч компанийг барилгын материал худалдан борлуулах эрхтэй бөгөөд бусдаас бетон худалдан авч өөрийн ашиг нэмж зарах нь хууль бус гэж дүгнэлт хийсэн нь тухай үед мөрдөгдөж байсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.6-д заасан барилгын материал үйлдвэрлэл...” гэх зүйлд бетон зуурмаг үйлдвэрлэл хамаарахгүй, бетон зуурмагийг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээс худалдан авч нийлүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж тайлбарласан.
Гэвч барилга байгууламж барих, түүний түүхий эд материалыг үйлдвэрлэх үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр дамжуулан хэрэгжүүлж буй хуулийн цаад зорилго нь хүний амь нас эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болох аливаа эрсдлээс сэргийлэх зорилготой бөгөөд тухайн барилгын материал үйлдвэрлэх үйл явц, түүнийг үйлдвэрлэх арга технологид Барилгын норм дүрэмд заасан нарийн шаардлага тавьж, хянаж шалгаж байж эцсийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг онцлогтой. Бетон зуурмаг үйлдвэрлэх үйл явц, түүнийг барилгын талбайд нийлүүлэх үйл явц нь маш нарийн цаг хугацаатай, стандарттай, тусгай лаборторын шинжилгээний бичиг шаарддаг, хэрэв технологи зөрчсөн тохиолдолд барилгын хийц, чанарт хамгийн том сөрөг нөлөө үзүүлэх хэмжээний хамгийн чухал барилгын материал. Үүнийг үйлдвэрлэж борлуулах нь бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу шууд худалдан авагчид хүрч байх, цаашлаад зөвхөн тэрхүү үйлдвэрлэгчтэй тухайн бетоны чанар, нормын тухай хариуцлага тооцож болох тийм бүтээгдэхүүн...
Хэрэв бетон зуурмаг цутгалт хийж байгаад дуусаагүйгээр дараагийн зуурмаг ирэх цутгах хугацаа хэдхэн цаг нийлүүлэх /цутгах/ хугацаа алдах үед шууд өмнөх цутгалт царцаж дараагийн цутгалт шингэн байх хооронд зааг ялгаа үүсэх, цутгалын технологи алдагдах хүртэл тийм эрсдэлтэй, бетон зуурмагийн орц норм багахан хэмжээгээр өөрчлөгдөх үед л барилгын чанар яригдах хэмжээний чухал бүтээгдэхүүн...
Иймд нэхэмжлэгч компанийн барилгын материалын худалдаа эрхлэх зөвшөөрөл нь зөвхөн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөөр үйлдвэрлэж байгаа барилгын материалаас бусад төрлийн тусгай зөвшөөрөл шаардагдахгүй барилгын материалыг худалдах тухай ойлголт учир анхан шатны шүүхээс энэхүү тусгай зөвшөөрлөөр хийгдэх үйлдвэрлэл, үйл ажиллагааны чиглэлийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа "Бетон зуурмаг Худалдах, худалдан авах гэрээ” нь байгуулагдсан цагаасаа эхлэн Иргэний хуулийн 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно.
4.2. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 124.1 болон 123.8-д зааснаар Өр шилжсэн гэж дүгнэлт хийж, энэхүү өрийг шилжүүлэхдээ талуудын хооронд хэзээ байгуулагдсан нь тодорхойгүй “Бетон зуурмагийн өр төлөх тухай хэлэлцээр” гэх баримтад үндэслэн 124.1-д зааснаар өр шилжсэн гэж үзсэн. Гэвч 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй яг адилхан нөхцөл байдалтайгаар дүгнэлт хийсэн байна.
Тухайн шийдвэрт Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн магадлалаар “Нэхэмжлэгч хариуцагч компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулдсан гэх баримт байхгүй байна, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө өр төлөх үүрэг хүлээн авсан бол эрх мөн адил шилжих ёстой...” гэсэн дүгнэлт хийж энэ үндэслэлээр анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож хэргийг буцаасантай яг ижил нөхцөл байдал бий болгосон байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхээс буцаасан үндэслэл хэвээр байгаа.
4.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс эхлээд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан "Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ” нь *******-тай байгуулсан бетон зуурмаг худалдах худалдан авах гэрээний дагуу үүссэн өр төлбөрийг төлөх байсан учир Иргэний хуулийн 124.1, 123.8-д зааснаар яг адилхан нөхцөлтэй гэрээг шинээр байгуулж, мөн өр төлбөр төлөх гэрээг хамтад нь байгуулж үүний үндсэн дээр хариуцагч *******-иас 550,000,000 төгрөг нэхэмжилж байгаа гэсэн боловч сүүлд нэхэмжлэлийн шаардлага өөрчлөхдөө 2 төрлийн нэхэмжлэлийн шаардлага тавьж 1-т Зөвхөн Бетон зуурмагийн өр төлбөр барагдуулах хэлцлийн үндсэн дээр 520,000,000 төгрөг, 2-р 2015 оны 08-р сарын 18-ны өдрийн нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан "Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 20,040,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэж өөрчилсөн. Эндээс харах юм бол ******* нь *******-тай байгуулсан “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ”-ний эрх, үүргийг *******-тай шинээр гэрээ байгуулсан гэх үйл баримт үгүйсгэгдэж байгаа буюу өрийг шилжүүлж авч буй хариуцагчид ямар ч эрх шилжээгүй болох нь харагдаж байна.
Иймд Иргэний хуулийн 124.1, 123.8-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
4.4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа нотлох баримт нь талуудын хооронд хэзээ байгуулагдсан болох нь тодорхойгүй "Бетон зуурмагийн өр төлбөр төлөх хэлэлцээр” гэх баримт болон *******-ийн нягтлан н.Болормаа гэх хүний хэзээ үйлдсэн нь тодорхойгүй “Тооцоо нийлсэн акт" гэх баримтыг үндэслэн 550,000,000 төгрөгийн өр төлбөртэй байна гэх дүгнэлтийг хийсэн. Ингэхдээ нийтдээ 811,230,000 төгрөгийн 5,115 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн гэсэн боловч үүнийг санхүүгийн ямар анхан шатны баримтад үндэслэн тогтоосон нь ойлгомжгүй байна.
Санхүүгийн анхан шатны баримт гэж зөвхөн *******-ийн талаас үйлдсэн бетон зуурмагийн баримт нь хавтасны сүүлийн хэсэг дэх *******-ийн хүлээн авсан тухай санхүүгийн /баримтууд баларсан, бүдгэрсэн.../ баримтуудтай тохирохгүй, бүгд таарахгүй байгаа.
Энэхүү 5,115 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн гэх санхүүгийн анхан шатны баримт нь юу байсан бэ?, н.Болормаа гэж хүний “Тооцоо нийлсэн акт” гэх баримт нь ямар анхан шатны баримтад үндэслэж гарч ирсэн бэ? гэх эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн. Хэрэгт нэхэмжлэгч компанийн гаргаж өгсөн 1 хавтас санхүүгийн баримтыг нотлох баримтаар үнэлсэн эсэх нь тодорхойгүй, шүүхийн шийдвэр уншихдаа тухайн баримтыг нэг талын үйлдсэн баримт тул нотлох баримтаар үнэлээгүй зөвхөн н.Болормаа гэх хүний “Тооцоо нийлсэн акт” гэх баримтад үндэслэж шүүх шийдвэр гаргасан гэсэн боловч шүүхийн шийдвэр бичгээр гарах үед шийдвэрийн үндэслэх хэсэг 4.7-д ... гэрээ байгуулсанаас хойш 6 өдрийн турш 104 удаагийн хүргэлтээр бүгд 9,620 м.куб бетон нийлүүлсэн байна гэж дүгнэсэн боловч мөн 10.5-д “... 811,230,000 төгрөгийн үнэ бүхий 15,115м.куб бетон нийлүүлсэн байна...” гээд зөрүүтэй дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнээгүй байна.
4.5. Маргааны үйл баримтын хувьд хариуцагч компанийн зүгээс *******-ийн авсан бетоны үнэнд 30,000,000 төгрөг төлсөн нь үнэн боловч үүнийг төлөх болсон шалтгаан нь нэхэмжлэгч компанийн хүмүүс 2015 оны 7 дугаар сараас эхлэн өдөр бүр ******* дээр ирж энгийн ажилчид бид хүртэл ажил хийх боломжгүй нөхцөл байдал үүсгэж өглөөнөөс орой 22:00, 23:00 цаг хүртэл сууж, ******* захирлыг ажлаас гарах бүрт машинаар дагаж байснаас үүдэн зайлшгүй ажлын шаардлагаар 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр *******-руу явах болсон тул арга буюу 30,000,000 төгрөг өгөөд, Өр төлөх хэлэлцээр гэх баримтад гарын үсэг зураад Билгүүн, Болортайван нар төмөр замын вогзал орж вагонд суулгаж / энэ тухай өөрсдөө Цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг дээр дурьдсан байгаа/ өгсөн байдаг. Гэвч энэ нь тухайн өрийг хүлээн зөвшөөрөөд төлөх гэсэн биш бөгөөд 07 дугаар сараас хойш 09 дүгээр сарын 15-ныг хүртэл 2 сарын хугацаанд байнга дагаж, дарамталж байсны улмаас аргагүйн эрхэнд орж хийсэн үйлдэл, мөн эргүүлээд танайх баримтаа өг, манайх үнэхээр тийм хэмжээний бетон нийлүүлсэн эсэх хоёр талын баримт /******* болон Цотггаргамай / шаардаж, хамт сууж тооцоо нийлж, ******* нь хэдэн төгрөгийн бетон аваад хэдийг өгөөд хэдийг үлдсэн талаар санхүүгийн баримт шаардаж төлөх эсэхийг шийдвэрлэнэ, мөн манайх өөрөө *******-тай ч өөрийн өгсөн мөнгө, хийсэн ажлыг баталгаажуулсны дараа бусдад төлбөр төлөх эсэхийг тогтооно гэсэн шаардлага тавьж байсан боловч одоог хүртэл нэг ч тийм баримт байхгүй байгаа. ******* нь бусдыг манай компани руу мөнгө санхүүгээ шийдэж өгөөгүй гэж олон харилцагч, иргэн компанийг манайх руу чиглүүлж байсан бөгөөд бид тухайн компанийн өмнөөс нилээн хэдэн иргэн, аж ахуйн нэгжид төлбөр төлсөн боловч ямар ч баримтгүйгээр цаашид төлөөд байх боломжгүй болсон тул цаашид төлөөгүй. Тухайн компани нь манайхаас авсан мөнгө, хийсэн ажил хоёр нь эрс зөрүүтэй болж, манайхаас авсан мөнгөөрөө бусад компани, иргэнд өгөх төлбөрөө төлөөгүй гээд асуудал үүссэн. Гэвч бид *******-тай тооцоо хийх гэсэн боловч өөрсдөө *******-руу яваад олдохгүй болсон тул аргагүй байдалд хүрсэн. Энэ тухай цагдаагийн байгууллага болон шүүхийн байгууллагад удаа дараа тайлбар гаргаж байсан.
Нэхэмжлэгч *******-аас авлага үүссэн бол биднийг хамтран хариуцагчаар татаад асуудлыг шийдэх боломж байгаа боловч одоог хүртэл хариуцагчаар татаагүй, яг хэдэн төгрөг авсан, өгсөн, хэр хэмжээний бетон зуурмаг нийлүүлсэн талаар ямар ч баримтгүй, 2015-2017 оны татварын тайлангаар авлага, өглөг үүссэн эсэхийг шалгуулсан боловч Цогтгаргамай ХХК нь ямар ч авлага байхгүй төдийгүй тухайн жилүүдэд татварын тайлан ч тушаагаагүй, татвар төлөөгүй байхад 5,115 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн гэх дүгнэлтийг хийсэн нь анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй болох нь харагдаж байна.
Манай компанийн зүгээс *******-тай гэрээ байгуулан түрхүүр гардуулах нөхцөлтэйгээр 2015 оны 4 дүгээр сараас хамтран ажиллаж тухайн компанид гэрээний дагуу 1,677,688,840 төгрөгийг шилжүүлж, мөн тухайн компанийн өмнөөс 197,000,000 төгрөг төлсөн. Гэвч хийсэн ажлын үнэлгээгээр 1,160,000,000 төгрөгийн ажил хийсэн болох нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон тул бид *******-аас 714,688,840 төгрөг гаргуулахад хүрсэн боловч тухайн үед компанийг хариуцаж байсан *******-ын иргэн Сү хай жун нь өөрийн хамтран ажиллаж байсан иргэн аж ахуйн нэгжийг биднийг мөнгөө өгөхгүй байгаа гэж бидний эсрэг турхирч орхиод өөрсдөө *******-руу зугтаад явсан тул одоог хүртэл олж чадахгүй байгаа бөгөөд бид арга буюу зарим компани иргэний төлбөрийг төлсөн. Гэвч бид *******-тай асуудлаа шийдэж, тооцоо нийлээгүйгээр бусдад өр төлбөрийг төлөөд байх боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд нэхэмжлэгч *******-ийн хувьд компанийн удирдлагуудыг өдөр бүр дарамталж, өдөр бүр ажил дээр сахиж сууж, орой гэртээ харих зэрэг захирлыг байнга дагаж байсан тул арга буюу өр төлөх хэлэлцээрт гарын үсэг зурж, 30,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Гэвч үүнийгээ ашиглан компанийн нэр хүндийг унагаж Цагдаагийн байгууллагад хандаж эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгуулж, хилийн хориг хүртэл тавиулах дээрээ тулсан боловч гэмт хэрэг биш байсан тул хэрэг хэрэгсэхгүй болсон. Гэвч одоог хүртэл энэхүү өр төлөх бичиг гэх баримтаа үндэслэн түүгээр далайлгаж үргэлжийн дарамт үүсгэж энэхүү шүүхийн шатанд хүртэл Монгол Улсад орж ирвэл хилийн хориг тавина, Азийн Хуульчдын холбоонд мэдэгдэнэ / ******* нь Өвөр монгол улсын хуульч, өмгөөлөгч/ мэдэгдэнэ, гэмт хэрэгтэн, залилагч гэх зэргээр дарамталж байгаа болно. Манай комапани *******-д төлсөн төлбөрийг дахин “Цогтгаргамай” ХХК-д давхардуулан төлөх тийм нөхцөл байдал үүсээд байна.
Мөн нэхэмжлэгч компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өрөө тогтоож үнэн зөв тайлбар, нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй боловч нэхэмжлэлийн шаардлагын талаар үргэлж нэг мөр үнэн зөв тайлбар гаргахгүй, үргэлж өөрчлөгдөж байгааг 2016 оны иргэний хэрэгт гаргаж байсан нэхэмжлэл /...5119 м.куб буюу 1м.куб нь 160,000 төгрөг нийт 819,040,000 төгрөгийн бетон *******-д нийлүүлсэн/ гэх боловч одоогийн нэхэмжлэлд 5115 м.куб 811,230,000 төгрөгийн бетон нийлүүлсэн/ гэж гэж зөрүүтэй тайлбарладаг.
Иймд энэхүү иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Бетон зуурмаг худалдан борлуулах тусгай зөвшөөрлийн талаар гэж маргаж байна. Уг үндэслэлийг анхан шатны шүүх хуралдааны өмнө тайлбарлаагүй атлаа шүүх хуралдааны өдөр бетон зуурмаг худалдах эрхгүй этгээд нийлүүлсэн гэж маргасан. Гэвч бетон зуурмаг нийлүүлэх, худалдах нь Зөвшөөрлийн тухай хууль болон тусгай зөвшөөрлийн жагсаалт байхгүй. Зөвшөөрлийн дагуу эрхэлдэг үйл ажиллагаа биш. Бетон зуурмагийг зуурах үйл ажиллагаа тусгай зөвшөөрлийн дагуу явагддаг. Хариуцагч талд бетон зуурмагийг нийлүүлэх үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрлийн дагуу явагддаг үйл ажиллагаа мөн гэдгийг нотлох 2 жилийн хугацаа байсан боловч ямар ч нотлох баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй.
5.2. Нийт 9,620 м.куб бетон зуурмагийг 104 удаагаар 6 өдрийн туршид нийлүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байна. Бодит амьдрал дээр 2,000 м.куб бетон зуурмагийг 1 шөнийн дотор нийлүүлдэг бөгөөд 100 гаруй автомашин нийлүүлэлт хийдэг. Уг үндэслэлийг дурдаж байгаа тохиолдолд 6 өдрийн дотор нийлүүлэх боломжгүй, 100 гаруй автомашин Хөх мандал хотхонд багтах боломжгүй талаарх нотлох баримтыг ямар учраас гаргаж өгөөгүй гэдэг асуудал байна. Адил хуульч этгээдүүд шүүхэд мэтгэлцэж оролцдог. 6 өдрийн дотор нийлүүлэх боломжгүй байх тохиолдолд боломжгүй талаарх туршилт, үзлэг, шинжээч томилуулах бүрэн боломжтой атал аливаа байдлаар шинжээч томилуулаагүй. Иймд уг үндэслэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй.
5.3. Түүнчлэн *******-ийн өр төлбөрийг ******* хариуцахгүй гэж тайлбарлаж буйг гомдолд тодорхой дурдлаа. Эрх бүхий шинжээч буюу санхүүгийн аудитор томилоход ******* нь туслан гүйцэтгэгч нартаа өр төлбөрөө барагдуулахгүй байсан зөрчил илэрсэн учир тус компанитай байгуулсан ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг цуцалсан гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч тал мөн адил байдаг. *******-тай нэхэмжлэгч тал ерөнхий гүйцэтгэгчээр бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нийлүүлсэн. Нийлүүлсэн боловч төлбөрийн хугацаандаа авч чадаагүй. Ийм учир *******-д 400,000,000 гаруй төгрөгийн өр төлбөртэй байгаа. Үүнээс гадна бетон зуурмагийн эрх бүхий хуулийн этгээдээс худалдан авсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Цогтгарамгай ХХК бетон зуурмагийн хуулийн этгээдээс худалдан авч, ерөнхий гүйцэтгэгч *******-д нийлүүлсэн байдаг. Нийлүүлсэн тухай баримт хавтаст хэргээс гадна нийлүүлсэн огноо, жолооч, автомашин, бетон зуурмагийн ямар цехээс хаашаа нийлүүлсэн, хэдэн м.куб бетон зуурмаг нийлүүлсэн, нийт хэдэн төгрөг болсон тухай тодорхой баримт байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж нотлоогүй гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй. Нийлүүлсэн баримт болгоны урд товъёог байдаг. Нийлүүлсэн огноо, хэдэн м.куб бетон зуурмагийг, хэн гэх жолооч нийлүүлсэн тухай баримт байдаг. Уг асуудалд маргаж байгаа тохиолдолд жолооч болон *******, бусад этгээдүүдээс асууж үнэн эсэх талаар нотлоогүй. Нэг талын баримт гэж тайлбарлаж буй нь өрөөсгөл юм. Нийлүүлсэн бетон зуурмаг *******-ийн гүйцэтгэх захирал *******-ын иргэн ******* гэх этгээдийн гарын үсэг бүхий баримт хавтаст хэрэгт авагдсан. Нийт 550,000,000 төгрөгийн өр төлбөрийг төлж барагдуулах тухай баримт байдаг. Мөн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр бетон зуурмаг нийлүүлэх тухай Монгол хэл дээрх гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн бетон зуурмаг нийлүүлэх тухай хятад хэл дээрх гэрээнд тодорхой байдаг. Ямар маркийн бетон зуурмагийг хэдэн төгрөгөөр худалдаж авах, хэзээ нийлүүлэх тухай баримтууд хангалттай нотлогдсон. Иймд гомдол гаргаж буй үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
5.4. Татварын тайлан гаргаагүй гэж тайлбарлаж байна. Татварын тайлан гаргах тухай асуудал огт хамааралгүй. Хамгийн наад захын жишээгээр *******-д 400,000,000 гаруй төгрөгийн өр төлбөртэй. *******-ийн хувьцаа эзэмшигчид болох *******, *******нар 2016 оноос хойш хилээр нэвтэрч чадахгүй, дансаа хаалгасан байдалтай байгаа. Өдөр бүр *******-д өр төлбөрөө төлнө үү гэх өрийн дарамтад байгаа. Хий хоосон өр төлбөр үүссэн тухай асуудал байхгүй. Тухайн үеийн санхүүгийн ажилтан, нягтлан бодогч эсхүл нярав санхүүгийн тайлан гаргасан эсэх асуудал бодитоор нийлүүлсэн бетон зуурмагийн өр төлбөрийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
5.5. Хүч хэрэглэн өдөр болгон шахалт үзүүлж гэрээнд гарын үсэг зуруулсан гэж тайлбарлаж байна. Хэрэв хүч хэрэглэн гэрээнд гарын үсэг зуруулсан тохиолдолд ямар учраас өнөөдрийг хүртэл *******, *******нарт холбогдуулан эрүүгийн журмаар гомдол гарган шалгуулаагүй вэ гэх асуудал хөндөгдөнө. Шалгуулсан тухай баримт хавтаст хэрэг авагдсан эсэхийг асуумаар байна. Хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тохиолдолд өнөөдрийг хүртэлх 10 жилийн хугацаанд 2015 онд хятад болон монгол хэл дээр байгуулсан гэрээг яагаад хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээнээс татгалзаж, цуцлах талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй вэ гэх асуудал байна. Өнөөдрийн байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хүчин төгөлдөр бус гэж үзсэн тохиолдолд шаардах эрх хариуцагч талд байсан. Уг шаардах эрхийг хэрэгжүүлэлгүй тайлбарлаж буй нь үндэслэлгүй. Түүнчлэн *******гэх этгээд хариуцах ёстой гэж тайлбарлаж байна. Гэтэл *******гэх этгээд яагаад хариуцах болсон талаар анхан шатны шүүх хуралдааны асуулт, хариултын үед тодорхой хариулсан. *******нь болон ******* гэх *******-ын иргэд нь Хөх мандал хотхоны хөрөнгө оруулагч нар гэдэг. *******нь болон ******* нар гэрээ байгуулсан талаарх баримтыг тодруулахад баримтгүй гэдэг. *******хариуцах талаар баримтыг гаргаж өгсөн тохиолдолд *******хамтран хариуцагчаар татаж, төлөх ёстой төлбөрийг тодорхой хэмжээнд хуваан гаргуулах бүрэн боломжтой байсан. Гэтэл уг баримтыг огт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч талд *******-ийн гүйцэтгэх захирлын гарын үсэг, тамга бүхий өр төлбөр барагдуулах хэлэлцээр, бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байдаг. Уг баримтад хуулийн этгээд буюу *******-ийн тамга дарагдсан. Иймд *******хамтран хариуцагчаар татах үндэслэлгүй байсан. Үндэслэлтэй байсан бол уг асуудлын талаарх баримтыг хариуцагч тал гаргаж өгөх ёстой байсан. Уг тохиолдолд ******* *******нэхэмжлэх боломжтой байсан. Сүүлийн хавтаст хэргээс тусдаа байх баримтыг үнэлээгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл нотлох баримтаар судлуулж, хэзээ, хэдэн м.куб бетон зуурмагийг нийлүүлсэн талаарх баримт тодорхой авагдсан. Иймд эрхэм шүүх бүрэлдэхүүн оюун дүгнэлт хийж, шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******-ын иргэн *******-д тус тус холбогдуулан “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 540,040,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь “...гэрээгээр бетон зуурмаг худалдаж аваагүй учир төлбөр төлөх үүрэг хүлээхгүй” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. ******* нь *******-тай 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч ******* нь худалдан авагч *******-д *******маркийн бетон зуурмагийг 1 м.куб нь 105,000 төгрөг, М350 маркийн бетон зуурмагийг 1 м.куб нь 157,000 төгрөг байхаар тус тус тогтоож, нийт хэмжээг 28,000 м.куб гэж тооцохоор тохиролцсон;
3.2. ******* болон хариуцагч ******* нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ”-ээр ******* нь *******-д М350 маркийн бетон зуурмагийг 1 м.куб нь 157,000 төгрөг, М300 маркийн бетон зуурмагийг 1 м.куб нь 150,000 төгрөг, М250 маркийн бетон зуурмагийг 1 м.куб нь 157,000 төгрөгөөр тус тус нийлүүлэхээр тохиролцсон;
3.3. ******* болон хариуцагч ******* нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ”-ээр ******* нь *******-д М350 маркийн бетон зуурмагийг 1 м.куб нь 157,000 төгрөг, М300 маркийн бетон зуурмагийг 1 м.куб нь 150,000 төгрөг, М250 маркийн бетон зуурмагийг 1 м.куб нь 143,000 төгрөг байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан;
3.4. “Бетон зуурмагийн өрийг төлөх тухай хэлэлцээр”-ээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа *******-ийн “Хөх мандал хороолол”-д нийлүүлсэн бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 550,000,000 төгрөгийг ******* нь *******-д 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө 300,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 250,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож, компанийн захирал тус бүр гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна.
4. Анхан шатны шүүх ******* болон *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт өгчээ.
5. Нэхэмжлэгч талаас 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээгээр 93,000,000 төгрөгийг хүлээж авч үлдэгдэл 20,040,000 төгрөгтэй холбоотой хэсгийг “...тогтоогдохгүй, нотлоогүй байна...” гэдэг үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй учир эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
6. Талуудын хооронд байгуулсан 2015 оны 04 сарын 29-ний өдрийн болон 2015 оны 08 сарын 18-ны өдрийн гэрээний үүрэг маргааны зүйл болжээ.
6.1. Анхан шатны шүүх 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *******-аас *******-тай хийсэн гэрээний үүрэг буюу 811,230,000 төгрөгийн 5115 м.куб бетон зуурмагийн үлдэглэл төлбөр 550,000,000 төгрөгийг ******* нь шилжүүлж авсан талаар анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ. Энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.
6.2. *******, ******* нарын хооронд “Бетон зуурмагийн өрийг төлөх тухай хэлэлцээр” нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр “...бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр болох 550,000,000 төгрөгийг хоёр хувааж төлөхөөр тохиролцов” гэж баталгаажуулж, улмаар ******* нь дээрх гэрээний дагуу 2015 оны 09 сарын 15-ны өдөр 30,000,000 төгрөгийг “...өр төлөх гэрээний дагуу Цогтгарамгай ХХК-д” гэсэн гүйлгээний утгатайгаар төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
Хариуцагч нь “...хүч хэрэглэж гэрээ хэлцэл хийж, 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн” гэсэн тайлбар, татгалзал баримтаар тогтоогтохгүй байх тул энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
6.3. Нотлох үүргийн хуваарилалтын хувьд хариуцагч ******* нь гэрээний үүргийн шилжүүлэн авсан, мөн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөгийг төлсөн үйл баримтыг баримтаар нотлох үүрэгтэй.
Гэтэл, хариуцагч ******* нь 520,000,000 төгрөгийг хариуцан төлөх үүрэггүй талаар тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.
6.4. Анхан шатны шүүх хариуцагч *******-аас 520,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцжээ.
7. Хариуцагч талын дараах давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
7.1. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3.3-д зааснаар барилгын бетон зуурмаг үйлдвэрлэх нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэх ба харин тусгай зөвшөөрөл бүхий этгээдээс худалдаж байгаа бетон зуурмагийг бусдад дамжуулах худалдахад тусгай зөвшөөрөл шаардахгүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.
7.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг татан оролцуулах нь нэхэмжлэгчийн субьектив эрх тул нэхэмжлэгч нь *******-аас шаардах эрхийг шилжүүлэн авсан гэсэн үндэслэлээр хариуцагч *******-аас гэрээний үүрэг шаардаж байгааг буруутгах үндэслэлгүй байна.
7.3. Нэхэмжлэгч ******* болон *******-ийн тооцоо нийлсэн баримт, мөн шаардах эрх шилжүүлэх тухай хэлцэл зэргийг харьцуулан дүгнэхэр 819,040,000 төгрөгийн бетон зуурмагийн үнийг 550,000,000 төгрөг гэж ******* нь өрийг хүлээн авсан тул үнийн дүнгийн зөрүүгийн талаар гомдлыг хангахгүй.
8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/06212 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,757,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ц.ЦЭРЭНДУЛАМ