| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0616/Э |
| Дугаар | 613 |
| Огноо | 2019-10-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 613
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С овогт Г-ын О-д холбогдох эрүүгийн 19100 1854 0662 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Нарангэрэл, шүүгдэгч Г.О нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ц.Долгормаа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдрах, .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, С овогт Г-ын О- /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Г.О нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр үйлчилгээний төвийн орчимд хохирогч С.Цгийн гээгдүүлсэн “Samsung Galaxy S8 plus” маркийн гар утсыг авч завшин 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.О нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Г.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүхэд нэмж хэлэх зүйл байхгүй. Би орлогоо өдөр өдрөөр авдаг болохоор тооцох боломжгүй байдаг. Заримдаа их, заримдаа бага орлого ордог. Дунжаар сарын орлого 400.000-500.000 төгрөгийн хооронд хэлбэлздэг юм. Би 2-4 насны 2 хүүхэдтэй. Манай гэр бүлийн хүн ажил хийдэг. Өрхийн орлого 1.000.000 –1.200.000 төгрөг байдаг.
Би хохирогчийн гар утсыг олоод, нэг сар орчим хугацаанд ашигласан. Надад утас байх хугацаанд дуудлага ирээгүй бөгөөд намайг ажил дээр ирээд харахад утас унтарсан байсан. Сим картаа хийхээр Цагдаагаас залгадаг гэж сонссон учраас сим картаа хийгээд залгахыг нь хүлээж байсан. Хуулийн мэдлэггүйн улмаас гээгдсэн эд зүйлийг олмогц цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой гэж ойлгоогүй. Миний буруу. Улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 1854 0662 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Ц-гийн хохирогчоор өгсөн:
“...2019 оны 07 сарын 31-ний өдөр өөрийн 41-17 УНО улсын дугаартай автомашинаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр үйлчилгээний төвд очиж ногоо аваад, машиндаа очоод хажууд нь байдаг хүүхдийнхээ гэрт ороод гар утсаа үзэхэд байхгүй байсан. Мөн миний явсан зам дээр хяналтын камер байхгүй байсан юм. Би хамгийн сүүлд төмөр замын тэнд байдаг Ред булл хоолны газарт утсаа цүнхэндээ хийгээд, шууд машиндаа сууж, 19 дүгээр үйлчилгээний төв дээр ирсэн юм. Би гар утсаа Юнител ХХК-аас 2017 оны 7 сард 2.900.000 төгрөгөөр худалдаж авч байсан. 2017 оны загварын, саарал өнгийн, хар гэртэй, дэлгэц талдаа сэвтэй, Самсунг Галакси Эс 8+ маркийн гар утас байсан.
19 дүгээр үйлчилгээний төвд надтай зөрсөн хүн байхгүй, хүн цөөхөн байх шиг харагдсан. Мөн миний цүнх онгорхой байсан, хэзээ онгорхой үлдээснээ сайн мэдэхгүй байна. Үйлчилгээний төв дээр юм худалдан авч байхад миний хажууд 2-3 хүн байсан байх. Би гар утсаа хулгайд алдсан гэж үзэхгүй байна, өөрөө санамсаргүй унагаасан байх гэж бодож байна. тухайн үед би ганцаараа явж байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй.
...Би гар утсаа хүлээж авсан, надад гомдол санал байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 07-08х, 11х/,
2. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Хас үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 179 дугаартай:
“...Samsung Galaxy S8+ гар утас /хуучин/ зах зээлийн дундаж үнэ 600.000 /зургаан зуун мянга / төгрөг” гэж тогтоосон үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 14х/,
3. “3590....85 имей кодтой утсанд 89...96 дугаарыг 2019 оны 08 сарын 04-ны өдрөөс хийж ашигласан байна. 89...96 дугаар эзэмшигч нь Г-ын О, РД, оршин суух хаяг...” гэсэн “Unitel” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 25р/6399 дугаартай албан бичиг /хэргийн 25х/,
4. Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 16-17х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.О-ын яллагдагчаар өгсөн:
“...2019 оны 7 сарын 31-ний өдөр манай нөхөр урьд нь ажиллаж байсан “Юи би си ти” зочид буудлаас миний дипломыг аваад ир гэхээр нь 15 цагийн үед очиход захирал нь ажилдаа ирээгүй байсан. Тэгээд 19 дүгээр үйлчилгээний дунд байрлах банкны бэлэн мөнгөний машин орох гээд явж байхад хүнсний дэлгүүрийн зүүн хэсэгт буюу газарт хар өнгийн кейс хэвтэж байхаар нь очоод үзэхэд Самсунг эс-8 плас загварын гар утас байхаар нь авсан.
Уг утсыг аваад 1 цаг гаран болоход утас дуугараагүй, уг нь сүлжээтэй байсан юм. Тэгээд нөхөрийнхөө дипломыг аваад ажил руу явсан. Эс-8 плас маркийн гар утсанд өөрийнхөө юнителийн симийг хийж, мобикомын сим байхаар нь авчихсан. Ингээд уг утсыг ашиглаж байтал 2019 оны 9 дүгээр сарын эхээр Цагдаагийн байгууллагаас залгаж, “Самсунг эс-8 маркийн гар утас алдагдсан байна, та ирж уулзах хэрэгтэй байна” гэхээр нь би очиж уулзсан. Уг олсон гар утсыг эзэнд нь хүлээлгээд өгчихсөн байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24х/ мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 27х/, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 29х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 30х/, шүүгдэгч Г.О-аас өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 48х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, эд хөрөнгийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, эрх бүхий мэргэшсэн хөрөнгийн үнэлгээч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Г.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч С.Ц нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд алдагдсан гар утсыг биет байдлаар нь хүлээн авч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа илэрхийлсэн баримттай, шүүгдэгч нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 47х, 48х/ 2019 оны 10 сарын 02-ны өдрийн 192 дугаартай прокурорын тогтоолоор хангаж шийдвэрлэсэн ба прокуророос түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон, зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх мөн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.О-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Г.О нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр үйлчилгээний төвийн урд талд хохирогч С.Цгийн гээгдүүлсэн “Samsung Galaxy S8 plus” маркийн гар утсыг авч завшин 600.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн:
- хохирогч С.Ц-гийн: “...2019 оны 7 сарын 31-ний өдөр өөрийн 41-17 УНО улсын дугаартай автомашинаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр үйлчилгээний төвд очиж ногоо аваад, машиндаа очоод хажууд нь байдаг хүүхдийн гэрт ороод гар утсаа үзэхэд байхгүй байсан. Мөн миний явсан зам дээр хяналтын камер байхгүй байсан юм.
Би гар утсаа Юнител ХХК-аас 2017 оны 7 сард 2.900.000 төгрөгөөр худалдаж авч байсан. 2017 оны загварын, саарал өнгийн, хар гэртэй, дэлгэц талдаа сэвтэй, Самсунг Галакси Эс 8+ маркийн гар утас байсан. 19 дүгээр үйлчилгээний төвд надтай зөрсөн хүн амьтай байхгүй, хүн цөөхөн байх шиг харагдсан. Мөн миний цүнх онгорхой байсан, хэзээ онгорхой үлдээснээ сайн мэдэхгүй байна. Би гар утсаа хулгайд алдсан зүйл байхгүй, өөрөө санамсаргүй унагаасан байх гэж бодож байна. ...Би гар утсаа хүлээж авсан, надад гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 07-08х, 11х/,
- эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 16-17х/,
- хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Хас үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 179 дугаартай:
“...Samsung Galaxy S8+ гар утас /хуучин/ зах зээлийн дундаж үнэ 600.000 /зургаан зуун мянга / төгрөг” гэж тогтоосон үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 14х/,
- “3590....85 имей кодтой утсанд 89...96 дугаарыг 2019 оны 08 сарын 04-ны өдрөөс хийж ашигласан байна. 89...96 дугаар эзэмшигч нь Г-ын О, РД, хоршин суух хаяг...” гэсэн “Unitel” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 25р/6399 дугаартай албан бичиг /хэргийн 25х/,
- шүүгдэгч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 24х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хэргийн шүүгдэгч Г.О нь С.Ц-гийн гээгдүүлсэн 600.000 төгрөгөөр үнэ бүхий Samsung Galaxy S8+ гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч, өөрийн сим картыг хийж тодорхой хугацаанд ашигласан үйлдэл нь “гээгдэл эд хөрөнгө нь бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө, ...завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилан тогтоож тодорхойлсон.
Хэргийн шүүгдэгч Г.О нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр үйлчилгээний төвийн урд тал орчимд хохирогч С.Цгийн гээгдүүлсэн “Samsung Galaxy S8 plus” маркийн гар утсыг гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн үеийн байдлаар 600.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээ тогтоосон үнэлгээний тайлан хэргийн 14 дүгээр талд авагдсан, уг үнэлгээний дүгнэлтэд заасан хэмжээгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 600.000 төгрөг гэж тодорхойлсон нь үндэслэл бүхий байх ба энэ нь Эрүүгийн хуулиар тогтоосон бага хэмжээний хохирлоос дээш хэмжээнд хамаарах юм.
Хэргийн шүүгдэгч Г.О нь гээгдэл эд хөрөнгө нь бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримтын талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Г.О-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ... эд хөрөнгөд шууд учирсан үр дагавар гэмт хэргийн хохиролд тооцох бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Хэргийн шүүгдэгч Г.О нь хохирогч С.Ц-гийн гээгдүүлсэн 600.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси Эс 8+ эс маркийн гар утсыг нь биет байдлаар хүлээлгэн өгч, хохирлыг нөхөн төлсөн нь:
- хохирогч С.Ц-гийн: “...өөрийн гар утсыг буцааж авсан, гомдол саналгүй, нэхэмжилж зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 11х/,
- эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 16-17х/ баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч Г.О-аас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол уршигт тооцон гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Г.О нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 27х/ зэрэг тогтоогдож байна.
Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг биет байдлаар нөхөн төлснийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Г.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт Г.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, мөн хохирогч С.Ц нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. С овогт Г-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.О-ыг 450 /дөвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.О нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Г.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Ц нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД