Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 615

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Г-ын Б-т холбогдох эрүүгийн 19100 1728 0650 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч П.Энхболд, шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Г-ын Б /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд иргэн С.А-тэй маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь “зүүн шуу ясны цууралт, баруун хөмсөгт шарх, баруун зовхи, цээж, зүүн тохойд цус хуралт, хэвлийд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                       

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг би хохирогчийн гарыг нь хойшоо өчих гэж байгаад учруулсан юм. Харин тэр газар унахдаа хөмсөгөндөө шарх авсан. Хохирогчид эмчилгээний зардалд нийт 4.200.000 төгрөг төлсөн. Би тухайн үед зуны амралтаараа Минт бааранд хамгаалагчаар ажиллаж байсан. Хохирогч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба баар хаасан байхад орох гээд байсан учир түүнийг оруулахгүй гэснээс маргаан үүссэн. Хохирогч нь тухайн үед биеэ авч явах чадвартай байсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 1728 0650 дугаартай хэргээс:

 

1. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 06х, 42-44х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.А-ийн хохирогчоор өгсөн:

“...2019 оны 7 сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Э, Ц, А, Б нарын хамтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд орж үйлчлүүлсэн. Шөнийн 03:30 цагийн үед би Цын хамтаар найз нарыгаа хайж гараад буцаж ариун цэврийн өрөө орох гээд баарны хамгаалагч Бт хэлэхэд зөвшөөрөөд үүдэнд зогсож байсан 3 хамгаалагчид үүрэг өгсөн.

Тэгээд би шатаар гараад явж байхад Б “наад пиздагаа бариад ав” гээд араас хэлэхэд 2 хамгаалагч нь миний гарыг мушгиж өчөөд татаад байсан. Тэгэхээр нь би “та нар яаж байгаа юм бэ, намайг бие зас гэж хэлээ биз дээ” гэж хэлсэн боловч тоохгүй байсан болохоор би зугтаах гэхэд улам өчөөд байсан. Тэгээд лифтны хажууд миний нүүрний зүүн тал руу Б цохисон. Би зугтаах гээд гараа сарвалзуулсан чинь нэг хамгаалагч нь миний зүүн гарнаас татаад байсан, мөн буланд аваачаад цээжээр газар унагаасан. Б миний өөдөөс явган сууж байгаад үснээс татаад “чи орж ирснээсээ хойш ямар овоо байна, би чамайг ална” гэх мэтээр сүрдүүлж, миний нүүр рүү нулимж байгаад гараараа 4-5 удаа цохисон.

Тэр үед намайг өчсөн байсан болохоор Б гараараа маш хүчтэй боогоод байсан. ...Тэгээд намайг 3 давхарын хяналтын камерийн өрөө рүү оруулаад нүүрэн хэсгээр газар шал руу хүчтэй савж унагаасан. Тэр үед би хөмсөгөндөө хүрэхэд цус гарч байсан юм. Би юу болсон талаар хэлэх гэхэд тэнд байсан хамгаалагчийн нэг нь намайг хана руу мөргүүлж, хүчлээд газар суулгаад байсан. Тэгэхээр нь би гар утсаа гаргаад ээж рүүгээ залгаж, баарны хамгаалагч нар намайг зодоод байна гэж хэлсэн. Тэр үед манай найзууд болох Ц, Б хоёр намайг авч гарах гэж хичээсэн боловч хамгаалагч нар мөн тэд нарт хүч хэрэглээд байсан юм.

...Би тухайн өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ биеэ хамгаалах чадвартай байсан, болсон үйл явдлыг санаж байна. Би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна.

...Г.Б 2019 оны 8 сарын 06-ны өдөр надтай уулзаж, эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-15х, 17х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.О-ын гэрчээр өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд хамгаалагч хийдэг юм. Тэгээд манай баар 2019 оны 7 сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 03 цаг 50 минут болж байхад гаднаас хүн оруулахгүй, хаалгаа бариад, дотор үйлчлүүлж байсан хүмүүсийг гаргаж дуусаад, би гадаа зогсож байхад үл таних 25-30 орчим насны согтуу эрэгтэй хүн “би ариун цэврийн өрөө ормоор байна” гэхээр нь “уучлаарай, манайх одоо оруулах боломжгүй байна, баар хааж байна” гэхэд миний хажуу талаар гүйгээд дотогшоо орохоор нь би араас нь гүйж очоод 1 давхарын шатан дээр барьж аваад “та гарчих, манайх дотогш ямар ч хүн оруулахгүй байгаа” гэхэд урдаас уурлаад муухай хараад байсан.

Тэгэхэд араас манай хамгаалагч Тэмүүжин “наад хүнээ оруулчих” гэхээр нь тэр хүнийг оруулахад над руу уурлаж агсарч эхэлсэн. Мөн хамгаалагч Буянаа, бид хоёр “наад агсам тавиад байгаа хүнийг оруулахгүй” гээд араас нь очиж гадагшаа гаргах гэхэд нөгөө залуу Буянааг гараараа 2 удаа нүүр рүү нь цохисон. Гэтэл бааранд үйлчлүүлж байсан үл таних эрэгтэй нөгөө залууг “яагаад байгаа юм бэ, наад хүмүүсийн ажлыг хүндлээч” гээд миний хажуугаар орж ирж агсам тавиад байгаа залууг цохих шиг болсон. Тэгээд бид тэр хоёрыг хоёуланг нь хяналтын камерийн өрөөнд оруулаад, цагдаад дуудлага өгсөн. Ийм л зүйл болсон, тэрнээс манай хамгаалагч нар тэр хүмүүст гар хүрээгүй, цохиж зодсон зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Т-гийн гэрчээр өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд хамгаалагч хийдэг юм. Тэгээд манай баар 2019 оны 7 сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 03 цаг 50 минут болж байхад гаднаас хүн оруулахгүй, хаалгаа бариад дотор үйлчлүүлж байсан хүмүүсийг гаргаж дуусаад, би гадаа нь зогсож байсан. Тэгтэл үл таних 25-30 орчим насны согтуу эрэгтэй хүн О- дээр очоод “ариун цэврийн өрөө ормоор байна” гээд зууралдаад байхаар нь би “наад хүнээ оруулчих” гэж хэлсэн.

Тэгэхэд нөгөө хүн “пизда” гээд орилохоор нь манай хамгаалагч Буянаа “тэгвэл наад хүнээ битгий оруул” гэтэл нөгөө залуу нь дээшээ шатаар зугтаахад араас нь О-, Буянаа хоёр гүйгээд явсан. Цааш нь юу болсон талаар мэдэхгүй, би гадаа үүдэнд зогсоод үлдсэн. Гэтэл удалгүй станцаар О- “хамгаалагч хэрэгтэй байна” гэхээр нь дээшээ гарч очоод нөгөө залууг камерийн өрөө рүү оруулаад буцаад гараад явсан. Өөр зүйл болоогүй, би ямар нэгэн зодоон хараагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Э-ий гэрчээр өгсөн:

“...2019 оны 7 сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө би өөрийн ажлын байр болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэсэн. Зааланд байгаа хүмүүсээ гаргаж байгаад хяналтын камерийн өрөөнд ороход шалан дээр үл таних 25-30 орчим насны эрэгтэй хүн, баруун хөмсөг нь сэтэрсэн байдалтай хэвтэж байсан.

Манай хамгаалагч Бын дух нь хавдсан байхаар нь “юу болсон” талаар асуухад шалан дээр хэвтэж байсан залуу цохисон гэсэн. Харин тэр залуу манай хамгаалагч нар руу дайраад байхаар нь “чи зүгээр байж бай” гэхэд “чи зайл” гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэр залуу босож ирээд Б руу дайраад байхаар нь би өөр нэг хамгаалагчийн хамт 2 гарыг нь өчихөд “би тайвширчихлаа” гэхээр нь бид хоёр гарыг нь тавьсан. Би цааш ажлаа хийх гээд баарны заал руу явсан.

Намайг хяналтын камерийн өрөө рүү хэн ч дуудаагүй, би ахлахаас чөлөө авах гэж орсон. Тэгэхэд Б, Мөнх-Эрдэнэ, Төмөрхуяг, Тэмүүжин, О-, Очирбат нар болон газар хэвтэж байсан үл таних залуу байсан. Тэр залуугийн хөмсөг нь сэтэрсэн байсан, өөр ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Надад өөр хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Э-гийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 7 сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө би Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд орж үйлчлүүлсэн. Тэгээд орой хаах үед гарах гээд 2 давхарт зогсож байхад үл таних залуу нилээн согтсон байдалтай, баарны хамгаалагч бариад зогсож байхаар нь “ах нь хүргэж өгөх үү” гэхэд намайг хэл амаар доромжлон миний өөдөөс нулимахаар нь би хацар руу нь нэг удаа алгадсан.

Тэгээд удалгүй намайг хяналтын камерийн өрөө рүү оруулсан ба намайг ороход нөгөө залуу намайг хараад “энэ биш” гээд байсан. Тэгтэл удалгүй цагдаа нар ирээд бид хоёрыг аваад явсан. Би тэр залууг танихгүй. Шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан, уг дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг би учруулаагүй. Надад өөр хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 34х/,

 

7. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 7 сарын 16-ны өдрийн 8640 дугаартай:

1. С.А-н биед зүүн шуу ясны цууралт, баруун хөмсөгт шарх, баруун зовхи, цээж, зүүн тохойд цус хуралт, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 45х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч О.Болороог асуусан тэмдэглэлд:

“...Дээрх гэмтлээс зүүн шуу ясны цууралт, баруун хөмсөгний шарх, баруун зовхинд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн шуу ясны цууралт, баруун хөмсөгт шарх, баруун зовхинд цус хуралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн боломжтой шинж гэмтэл байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 50-51х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн:

“...Би яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 7 сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд ажлаа хийгээд байж байсан ба шөнийн 04 цагийн орчимд үл таних залуу “Ариун цэврийн өрөө орно” гэхээр нь “манайх хааж байна, оруулах боломжгүй” гэж хэлсэн.

Тэгэхэд тэр залуу манай хамгаалагч О-ыг түлхээд дээшээ гарахаар нь 2 давхарт бариад байж байтал өөр нэг үйлчлүүлэгчтэй муудалцсан. Би үл таних залууг гаргах гэтэл нөгөө үйлчлүүлэгч түүнийг цохих шиг болсон. Тэгэхэд А- доошоо буучихаар нь түүнийг камерийн өрөөнд оруулах гээд 1 давхараас лифтэнд суулгах гэтэл лифтний үүдэнд хөл алдаж унасан.

Би А-ийг хяналтын камерийн өрөө рүү оруулах гэж ноцолдож байх явцад түүний биед гэмтэл учруулсан. Би шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учир хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 60-61х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Э.А /хэргийн 38х/, Г.Л /хэргийн 40х/ нарын мэдүүлэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 62х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 66х/, Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 67х/, бакалаврын дипломын хуулбар /хэргийн 58х/ баримт, шүүгдэгч Г.Б-оос өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 88х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч С.А- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөр хүлээн авч, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлж, хохирогч нь яллагдагчтай сайн дураар эвлэрснээр тэдгээр нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт тус тус гаргасныг /хэргийн 87-88х/ 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 193 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх прокурорын саналыг хохирогч, шүүгдэгчид тус тус танилцуулан Г.Бт холбогдох эрүүгийн 19100 1728 0650 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Б-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд иргэн С.А-ийг “бие засах гэсэн юм” гэхэд нь “баар хаасан оруулахгүй” гэснээс маргаж, таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүнтэй ноцолдох, өчих зэргээр эрх чөлөөнд нь халдаж цохиж зодон эрүүл мэндэд нь “зүүн шуу ясны цууралт, баруун хөмсөгт шарх, баруун зовхи, цээж, зүүн тохойд цус хуралт, хэвлийд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 06х, 42-44х/,

- хохирогч С.А-ийн: “...2019 оны 7 сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Э, Ц, А, Б нарын хамтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд орж үйлчлүүлсэн. Шөнийн 03:30 цагийн би Цын хамтаар найз нарыгаа хайж гараад буцаж ариун цэврийн өрөө орох гээд баарны хамгаалагч Бт хэлэхэд зөвшөөрөөд үүдэнд зогсож байсан 3 хамгаалагчид үүрэг өгсөн. Тэгээд би шатаар гараад явж байхад Б “наад пиздагаа бариад ав” гээд араас хэлэхэд 2 хамгаалагч нь миний гарыг мушгиж өчөөд татаад байсан. Тэгэхээр нь би “та нар яаж байгаа юм бэ, намайг бие зас гэж хэлээ биз дээ” гэж хэлсэн боловч тоохгүй байсан болохоор би зугтаах гэхэд улам өчөөд байсан. Тэгээд лифтны хажууд миний нүүрний зүүн тал руу Б цохисон, ...мөн буланд аваачаад цээжээр газар унагаасан. Б миний өөдөөс явган сууж байгаад үснээс татаад “чи орж ирснээсээ хойш ямар овоо байна, би чамайг ална” гэх мэтээр сүрдүүлж, миний нүүр рүү нулимж байгаад гараараа 4-5 удаа цохисон. Тэр үед намайг өчсөн байсан болохоор Б гараараа маш хүчтэй боогоод байсан. ...Тэгээд намайг 3 давхарын хяналтын камерийн өрөө рүү оруулаад нүүрэн хэсгээр газар шал руу хүчтэй савж унагаасан. Тэр үед би хөмсөгөндөө хүрэхэд цус гарч байсан юм. Би юу болсон талаар хэлэх гэхэд тэнд байсан хамгаалагчийн нэг нь намайг хана руу мөргүүлж, хүчлээд газар суулгаад байсан. Тэгэхээр нь би гар утсаа гаргаад ээж рүүгээ залгаж, “баарны хамгаалагч нар намайг зодоод байна” гэж хэлсэн. 

...Би тухайн өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ биеэ хамгаалах чадвартай байсан, болсон үйл явдлыг санаж байна. 

...Г.Б 2019 оны 8 сарын 06-ны өдөр надтай уулзаж, эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо гадад номдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-15х, 17х/,

- гэрч Т.О /хэргийн 23-24х/, Т.Т /хэргийн 27х/, Б.Э- /хэргийн 29х/, Б.Э нарын мэдүүлэг /хэргийн 34х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 7 сарын 16-ны өдрийн 8640 дугаартай:

1. С.А-н биед зүүн шуу ясны цууралт, баруун хөмсөгт шарх, баруун зовхи, цээж, зүүн тохойд цус хуралт, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 45х/,

- шинжээч эмч О.Болороогийн: “...Дээрх гэмтлээс зүүн шуу ясны цууралт, баруун хөмсөгний шарх, баруун зовхинд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн шуу ясны цууралт, баруун хөмсөгт шарх, баруун зовхинд цус хуралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн боломжтой шинж гэмтэл байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 50-51х/,

- шүүгдэгч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 60-61х/ бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч С.А-ийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...зүүн шуу ясны цууралт, баруун хөмсөгт шарх, баруун зовхи, цээж, зүүн тохойд цус хуралт, хэвлийд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Г.Б түүнийг цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос Г.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний дээрх гэмт үйлдэлд нь тохирсон ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч С.А-ийн биед учирсан “...зүүн шуу ясны цууралт, баруун хөмсөгт шарх, баруун зовхи, цээж, зүүн тохойд цус хуралт, хэвлийд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.    

 

Хэргийн шүүгдэгч Г.Б нь хохирогч С.А-ийн эмчилгээний болон бусад зардалд нийт 4.079.259 төгрөг нөхөн төлснийг хохирогч нь хүлээн авсан, “гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” талаархи хүсэлтээ илэрхийлсэн баримттай /хэргийн 75х, 84х/ тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.    

 

Шүүгдэгч Г.Б нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 62х/ баримттай байна.

 

Г.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг хохирогчид нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахт заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.     

    

Шүүгдэгч Г.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Ингэхдээ шүүх, Г.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлснийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв. 

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.А нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон    

                                                

                                                             ТОГТООХ нь:

 

1. Х овогт Г-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Г.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.А- нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД