Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 201/МА2026/00012

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 309/ШШ2025/01635 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******өд холбогдох

“Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт  31 060 000 төгрөг гаргуулахтухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтохын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2018 онд *******ийн хүсэлтээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж өөрийн ******* УБН улсын дугаартай Норд бенз маркийн машиныг чиргүүлийн хамт 70 000 000 төгрөгөөр тохиролцон аман гэрээ байгуулж өгсөн. Тухайн үед 16 000 000 төгрөг авсан. 2022 оны 5 сарын 24-ний өдөр 1 740 000 төгрөг, 2021 оны *******ийн эхнэрийн ах ******* 10 000 000 төгрөг, ******* нь өвс тээвэрлэлтийн хөлсөнд 11 200 000 төгрөг хасуулсан бөгөөд 38 940 000 төгрөгийг авсанд тооцсон. Амаар байгуулсан гэрээг 2022 оны 10 сарын 02-ны өдөр төлбөр барагдуулах тухай гэсэн бичиг хийж өгсөн. Иймд зээлийн гэрээний үүрэгт хүү төлбөр бодохгүйгээр 31 060 000 төгрөгийг *******өөс гаргуулж өгнө үү.” гэжээ.

 2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... *******аас 2018 оны 11 сард Норд бенз маркийн ачааны машиныг чиргүүлийн хамт 70 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Тухайн үедээ Дорноговь номертой байсан ба уг номероор явж болохгүй зөрчилтэй байсан. Би тэгээд яах юм бэ гэхэд зохицуулж өгнө гэж байсан. Би машинаа хөдөлгөх болж хүнээс номер бичиг баримт асуухад 15 000 000 төгрөг, засуулж янзлуулахад 2 000 000 төгрөг орчим болно гэж байна гээд энэ тухай *******ад машиныхаа үнэндээ суутгаж тооцно гэж хэлэхэд ийм үнэтэй байдаг юм уу, одоо тэгнэ биз дээ гэж байсан. Тэгээд би ******* УБН дугаарыг 17 000 000 төгрөгөөр авч машиндаа тавьж ажилд гарахаас өөр аргагүй болсон. ...Анх машин авахдаа *******ад 2018 оны 11 сарын 05-ны өдөр 20 000 000 төгрөгийг харилцах дансанд нь шилжүүлсэн. Эхнэрийн ах ******* *******тай уулзан 10 000 000 төгрөг өгч үлдэгдэл тооцоог чинь дуусгалаа гэж хэлж байсан. Машиныхаа өртөгт өвс болон бусад ачаа тээвэр хийж 60 500 000 төгрөг төлсөн. Үүнийгээ буруу тооцож орхигдуулан 11 200 000 төгрөгөөр тооцсон байна. Би тухайн үеийн ханшаар л тээврийн зардлаа бодож үлдэгдэл мөнгөө суутгаж байсан. *******ад нийт 90 500 000 төгрөг төлж түүнд төлбөргүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч *******өөс 31 060 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ын төлсөн 313 250 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 313 250 төгрөгийг нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч Д.Галтогтох давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хэргийн материалд авагдсан нотлох баримтаас харахад нэхэмжлэгч ******* нь *******ийн данс руу 2022 оны 05 сарын 31-ний өдөр 1 500 000, С.Батхүүгийн данс руу 2022 оны 05 сарын 24-ний өдөр 1 760 000 төгрөгийг шилжүүлсэн байна. Харин хариуцагч *******ийн зүгээс нэхэмжлэгч *******ын данс руу 2022 оны 05 сард нийт 3 260 000 төгрөгийг шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.” гэж заасан. Хариуцагч ******* нь дээрх хэм хэмжээнд заасан эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгосон, хүү төлсөн, баталгаа гаргасан буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн баримт хэрэгт авагдаагүй. Харин ч би аль эрт *******ын тээвэрт яваад машины төлбөрийн үлдэгдлээ төлөөд дуусгасан гэдэг тайлбар өгдөг юм.

Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй тул хууль зүйн үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж, 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.”, 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ.” гэж тус тус заасан.

*******, ******* нар нь 2018 оны намар тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээг амаар байгуулсан. Тухайн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ бөгөөд талуудын хооронд эрх, үүрэг үүссэн. Мөн талууд нь тээврийн хэрэгслийн төлбөрийг хэзээ төлөх талаар тусгайлан хугацаа тогтоогоогүй.

Иймд худалдагч ******* худалдсан зүйл болох тээврийн хэрэгслийг худалдан авагч *******өд шилжүүлмэгц гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх эрх, Худалдан авагч *******өд тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг тус тус үүссэн.

Төлөөлүүлэгч ******* нь тухайн үед тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрийг нүүрс тээвэрт явж олсон мөнгөөрөө төлнө гэж тохиролцсон боловч уурхайн нүүрс тээвэрт явж чадаагүй тул *******ын тээвэрт явж төлбөрөө суутгуулаад дууссан гэж тайлбарладаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдлыг манай талаас огт үндэслэлгүй гэж үзэж байна. Машин худалдах, худалдан авах гэрээ болон шилжүүлсэн мөнгөний талаар талууд огт маргадаггүй. Бэлнээр 20 сая төгрөг авсан. 10 гаруй сая төгрөгийн адуу өгөхөөр тохиролцсон. Мөн 8 сая гаруй төгрөгөөр ажил гүйцэтгэж, тээвэрт явж өгсөн байдаг. Энэ баримтуудтай бол талууд маргадаггүй. Уг нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө уулзахад хугацаа л өгчих ямартай ч боломжоороо төлөх болно гэж илэрхийлж байсан. ... Анхнаасаа л буцаан төлөх хугацааг талууд тохироогүй байсан. Сүүлд харин уулзах үедээ 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцсон. Гэвч мөн л төлбөрөө төлөөгүй. Ингээд сүүлд 2022 онд хоёр эхнэр, хоёр нөхөр 4-үүлээ хамт сууж байгаад төлбөр төлсөн баримтуудаа тулгасан байдаг. Ингээд 31 060 000 төгрөг төлөх ёстой гэдэг тооцоо гаргасан. ... Гарын  үсэг зурах үед ******* чи дансаараа тооцоо хийдэг юм чинь чи зурчих гээд өөрөө эхнэр *******ээрээ гарын үсэг зуруулсан гэдгийг нэхэмжлэгч хэлдэг. ... Ер нь бол тээвэрт явуулах үедээ бензиний зардлыг төлсөн баримтыг хараад үзэх хэрэгтэй. Энэ бүгдэд дандаа *******ийн дансаар мөнгийг шилжүүлж байсан. Төлбөр барагдуулах хэлцэл нь хоёр талаас нийлсэн тооцоо нийлсэн баримт юм. Хамгийн сүүлд 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “зээлээр түлш авчихсан” гэж хэлээд мөнгө авсан. Сүүлд 31-нд “өвсөндөө явж байна. Түлшний мөнгө хийчих” гэж хэлээд мөнгө аваад өвсөндөө ч явахгүй таг чиг алга болсон байна. Ер нь бол мөнгө төлсөн хамгийн сүүлийн хугацаагаар хөөн хэлэлцэх хугацааг тоолох боломжтой. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******өд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******өөс авто машин худалдах худалдан авах гэрээний үүрэгт 31 060 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “.... 2018 оны 11 сард *******ийн хүсэлтээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж өөрийн ******* УБН улсын дугаартай Норд бенз маркийн машиныг чиргүүлийн хамт 70 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцон аман гэрээ байгуулж өгсөн. Тухайн үед 20 сая төгрөгийг урьдчилж өгөөд үлдэгдэл төлбөрийг уг машинаар тээвэр хийж олсон мөнгөөрөө төлөхөөр тохирсон. Ингээд машины төлбөрөөс бэлнээр 20 сая төгрөг өгсөн бөгөөд хадам ахаас нь 10 сая төгрөгт тооцон адуу авахаар тохирсон, ингээд 2020 оноос эхлэн 2022 оны 05 сар хүртэл надад өвс тээвэр хийж нийт 8 824 000 төгрөгийг төлбөртөө суутгуулан нийт 38 824 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл нь 31 176 000 төгрөг үлдэж байгаа боловч 31 060 000 төгрөг дээр тооцоо нийлсэн тул уг мөнгөн дүнгээр нэхэмжлэлээ гаргасан. Үлдэгдэл төлбөрийн тооцоог бид эхнэрүүдтэйгээ хамт сууж байгаад хийсэн ба үлдэгдэл төлбөрийг төлнө гэсэн хэлцлийг 2022.10.02-ны өдөр хийсэн. ... ” гэж тайлбарладаг.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч , татгалзлын үндэслэлээ: “... 2018 оны 11 сард би *******аас 70 сая төгрөгөөр Норд бенз маркийн автомашиныг 70 сая төгрөгөөр худалдан авсан нь үнэн. Авто машины төлбөрөөс 20 сая төгрөгийг төлсөн ба үлдэгдэл төлбөрийг тээвэр хийж олсон орлогоороо төлж барагдуулахаар тохирсон боловч цар тахлын улмаас тээвэр хийж чадаагүй.  Тиймээс үлдэгдэл төлбөрийг түүний өвс болон бусад ачаа тээвэр хийж төлбөртөө тооцуулан, нийт өвс болон ачаа тээврийн хөлс 60 500 000 төгрөгийг суутгуулсан ба хадам ахаас 10 сая төгрөгөнд тооцон адуу өгч, машины төлбөрийг бүрэн төлж дуусгасан тул одоо төлөх төлбөргүй, мөн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. ...төлбөр барагдуулах хэлцэлд би гарын үсэг зураагүй, манай эхнэрээр гарын үсэг зуруулсан байсныг мэдээгүй. ...” гэх үндэслэлээр тайлбарлан маргадаг.

4. Анхан шатны шүүх тухайн хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын хооронд үүссэн авто машин худалдах худалдан авах гэрээний харилцаатай холбоотой болон гэрээний үүргийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

5. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас үзэхэд хариуцагч ******* нь 2018 оны 11 сард нэхэмжлэгч *******аас ******* УБН улсын дугаартай Норд бенз маркийн машиныг чиргүүлийн хамт 70 000 000 төгрөгөөр худалдан авахаар, автомашины төлбөрөөс 20 000 000 төгрөгийг өгч, үлдэгдэл төлбөрийг ачаа тээвэр хийж олсон орлогоос төлж барагдуулах тухай харилцан тохиролцсон байх ба ******* нь авто машиныг *******ийн өмчлөлд шилжүүлсэн, ******* нь авто машины үнээс  20 сая төгрөгийг 2018.11.05-ны өдөр дансаар шилжүүлсэн, 2021 онд *******ийн хүргэн ахаас 10 сая төгрөгийн үнэ бүхий адуу авч авто машины үнэд тооцуулсан гэх үйл баримтууд тогтоогдсон байна.

Зохигч талууд өөрсдийн дунд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан хүчин төгөлдөр худалдах худалдах гэрээний харилцаа аман хэлбэрээр үүссэн болон дээрх үйл баримтуудын талаар тус тус маргаагүй, харин авто машины төлбөрийн үлдэгдлийг өвс болон бусад ачаа тээвэрлэсний хөлсөөр төлж барагдуулсан эсэх, мөн тэдний гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний гол зорилго нь нэг тал буюу худалдагч хөрөнгөө бүр мөсөн шилжүүлэх гол үүргийг, нөгөө тал буюу худалдан авагч хөрөнгийн үнийг төлөх хариу үүргийг хүлээж байдаг хоёр талт гэрээ бөгөөд худалдан авагч ******* гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үндсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Тухайлбал, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан: “...*******өөр 2020 оноос эхлэн тээвэр хийлгэж байсан ба 2021 оны 01 сард тээвэр хийлгэж, тээврийн хөлснөөс нь 1 530 000 төгрөг, мөн оны 02 сард 4 050 000 төгрөг, 2022 оны 05 сард 3 240 000 төгрөгийг тус тус суутган, нийт 8 824 000 төгрөгийг авто машины төлбөрт суутгасан. Бусад хугацааны тээврийн хөлснөөс нь суутгаж байгаагүй ...” гэх тайлбарыг хариуцагч ******* “ ... би энэ хугацаанд 14 удаагийн тээвэр хийж өгч нийт 60 500 000 төгрөгийн суутгуулсан, нийтдээ 90 500 000 төгрөгийг төлсөн тул одоо үлдэгдэлгүй ...” гэж үгүйсгэн маргасан боловч энэ талаарх нотлох бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох үүргийн хуваарилалтын хувьд хариуцагч өөрийн татгалзлыг шүүхэд нотолж чадаагүй байна.

Иймд хариуцагч гэрээний үүрэгт төлбөл зохих авто машины төлбөрийн үлдэгдэл 31 060 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасанд нийцсэн байна.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй талаар дүгнэхдээ *******ын хариуцагч *******өөр хамгийн сүүлд 2022 оны 05 сард тээвэр хийлгэж, тээврийн зардал шилжүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор дүгнэсэн нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д тус тус заасанд нийцсэн байна.

Тухайлбал, талууд 2018 оны 11 сард гэрээ байгуулахдаа авто машины үлдэгдэл төлбөрийг тээвэр хийж олсон орлогоороо төлөхөөр тохиролцсон боловч хэзээ төлж дуусгах талаар харилцан тохироогүй болохыг, мөн хариуцагч 2020 оноос 2022 оны 05 сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгчид тээвэр хийж орлого олж байсан, уг орлогоос гэрээний үүргийг суутгаж байсан талаараа тус тус үгүйсгээгүй зэргээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг 2022 оны 05 сарын 24-ний өдрийг хүртэл дуусаагүй байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 208.3-т тус тус зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг нэн даруй, эсхүл үүргийн шинж чанараас шалтгаалан ийнхүү шаардсанаас хойш 10 хоногийн дотор үүргээ тус тус гүйцэтгэх үүрэгтэй.    

 Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2020 оноос 2022 оны 5 сарын 31-ний өдөр хүртэл тээврийн зардал болон хөлсийг хариуцагчийн эхнэр *******ийн ХААН банкин дахь харилцах дансаар шилжүүлдэг байсан талаар талууд маргаагүй бөгөөд анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс тасалдсан ба гэрээний үүргийн шаардах эрхийн 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

8. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан “ ... гэрээний үүргийг бүрэн төлж дууссан, ... шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн төлөөлөгч Д.Галтогтохын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 309/ШШ2025/01635 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313 250 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.ЭРДЭНЭЗУУ

         ШҮҮГЧИД                                                                     С.ГАНЧИМЭГ           

                                                                                                    Г.УРТНАСАН